| Шүүх | Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэнд-Очирын Мөнх-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 106/2019/0243/Э |
| Дугаар | 236 |
| Огноо | 2019-03-18 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Бямбадагва |
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 03 сарын 18 өдөр
Дугаар 236
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Буянхишиг,
улсын яллагч Б.Бямбадагва,
шүүгдэгч Б.Ц нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар:
Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Б.Цт холбогдох эрүүгийн 1805055680228 дугаартай, 1 хавтас хэргийг 2019 оны 3 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, __ дугаарын регистртэй, Б.Ц.
Холбогдсон хэргийн талаар
Шүүгдэгч Б.Ц нь 2018 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Баянгол дүүргийн 21 дүгээр хороо, Горькийн 21 дүгээр гудамжны 730 тоотод Б.С-тэй маргалдан зодож биед нь баруун хацарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун шуу, цээжинд цус хуралт, тархи доргилт бүхий хөнгөн хохирол учруулах гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдснээр/
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Ц мэдүүлэхдээ:
“...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.
Мөн хавтаст хэргээс мөрдөн байцаалтанд шүүгдэгч болон хохирогч, гэрч нарын мэдүүлсэн мэдүүлэг болон бусад баримтууд болох:
Мөрдөн байцаалтад шүүгдэгч Б.Цын өгсөн:
“...Би 1982 оны 08 сарын 02-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн. Эхээс долуулаа бөгөөд айлын 6 дахь хүүхэд. Манай ах эгч нар бүгд тусдаа амьдардаг. Манай талийгаач ах Птой С- нь гэр бүл байсан юм. Талийгаач ах П С- хоёр 2 хүүхэдтэй бөгөөд 2010 оны үед гэр бүл болж хамт амьдарсан санагдаж байна. Гэтэл ах маань 2017 онд хорт хавдар тусаад байнгын эмчилгээ хийлгэх болсон. Тэгээд 2018 оны 06 сарын сүүлээр бие нь муудаад хэвтэрт орсон. Тэр цагаас хойш эхнэр С- нь таксинд явна гээд машинтай гарч яваад орой үдэшгүй ирэхээ байсан. Ингээд ахын хоол унд муудаад би эхнэртэйгээ талийгаач ахыг авчираад ээжийн гэрт асрах болсон. Тэрнээс хойш С- ирэн очин байж байгаад 2018 оны 10 сараас хойш ирэхээ больсон. Тэр байдалд нь бага зэрэг дургүйцэж явдаг байсан. Гэтэл 2018 оны 10 сарын 20-ны өдөр ээжийн гэрт талийгаач ах П, том ах Ц, ээж бид нар байж байтал гаднаас С- 2 хүүхэдтэйгээ ирсэн. Тэр өдөр 5 дахь өдрийн орой байсан учир хонох байх гэж бодсон. Тэр үед би хашаан дотроо машин засаад зогсож байсан. Тэгтэл С- 20 цаг өнгөрч байхад гэрээс хүүхдүүдээ дагуулаад гарсан. Тэгтэл ээж А надад хандан ээж нь С- юм хэлээд ойлгодоггүй ээ. Ах чинь хүүхдүүдтэйгээ хамт баймаар байна гээд уйлаад үлдлээ гэсэн. Тэгэхээр нь С-ийг дуудаад байж байхгүй яасан юм гэтэл "гэртэй очоод хүүхдийнхээ хувцасыг сольчихоод маргааш ирье" гэсэн. Тэгэхээр нь чи ядаж бага хүүхдээ үлдээгээд яваач маргааш амралтын өдөр юм чинь гэтэл " би хүүхдээ үлдээхгүй" гээд маргаан болсон. Тэгэхээр нь би гадаа маргалдаад яахав орьё гээд гэртэй дагуулж орсон. Ингээд С- ээжтэй хэрэлдээд би уурандаа С-ийг барьж аваад ажлын бээлийтэй гараар баруун талын хацар хэсэгт 1 удаа алгадсан. Тэгтэл С- би хүүхдээ үлдээхгүй гээд орилоод байхаар нь ээж яадаг шулам бэ гэж хэлээд хэрэлдсэн. Тэгэхээр нь би ээжийгээ өмөөрөөд шал нь дээр байсан хүүхдийн хуванцар ванн аваад шидсэн чинь баруун гарын шуу хэсэгт оносон. Тэгтэл хүүхдийн ванн хагарчихсан. Дахиж цохиж зодоогүй. Би С-ийг цохиж биед нь гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хх-н 28-29/,
Мөрдөн байцаалтад хохирогч Б.С-ий өгсөн:
“...Би П гэх хүнтэй 2009 онд гэр бүл болон дундаасаа 5 настай охин, 2 настай хүүтэй болсон. Нөхөр маань 2014 онд бүдүүн гэдэсний хорт хавдартай гэж оношлогдон 2017 оны 12 сараас хойш бие нь нилээн муудаад ерөнхийдөө хэвтэрт орсон. 2018 оны 08 сарын сүүлээр хүүхдийн цэцэрлэг сургууль эхлэх болоод дээрээс нь би таксинд явж гэр бүлээ тэжээдэг учир нөхрийгөө төрсөн эхийнх нь асаргаанд ээжтэй нь ярилцаж байгаад өгсөн юм. Мөн нөхөр П нь надтай хамт байхдаа намайг элэг бариад архи уугаад байдаг байсан юм. Би өдөр болгон очиж нөхрийгөө эргэдэг байсан боловч 10 сарын эхээр хэд хоног машин эвдрээд засуулсаар байгаад 4-5 хоносон. Мөн миний бие өвдөөд гэртээ 4-5 хоног халуурч хэвтэж байгаад 2018 оны 10 сарын 10-д гараад Баянгол дүүргийн 21-р хорооны нутаг дэвсгэрт байрлах Горькийн 21-р гудамжны 07 тоотод хадам эх Аийн гэрт очиход хадам дүү Ц нөхөр Пийн хамт байсан ба намайг арчаагүй алцайсан банзал янхан гичий, ахыг минь өвчтэй зовлонтой байхад доромжилж өөр хүнтэй явлаа гээд хэл амаар доромжлоод байхаар нь чи юу яриад байгаан нүдээрээ харсан юмуу гээд бид 2 маргаад 2 давхарт нөхрийн хэвтэж байгаа орны хажууд гутлаа тайлаад зогсож байтал миний нүүрлүү гараараа нэг удаа цохихоор нь би түлхэж өрөөсөө холдуултал чи ямар том болцын гээд үгээр идэж байгаад гараад явсан. Энэ өдрөөс хойш өдөр болгон очиж нөхрийгөө эргэсэн. 2018 оны 10 сарын 20-ны өдөр 14 цаг 30 минутын үед 2 настай хүүгээ дагуулж очоод өдөржингөө нөхрийгөө харсан. Орой 19 цаг өнгөрөөгөөд манай эцэг эх ажлаа тараад харих замд нь хүүгээ өгч явуулах гээд гарах гэтэл хадам эх А чи нөхрийгөө хаяж явах гэлээ гээд уурлаад байхаар нь хүүгээ хүргэж өгчихөөд эргээд ирнэ ш дээ гэтэл чи миний хүүг зовоосныхоо хариуг амсанаа гээд байсан. Би хүүгээ хүргэж өгчихөөд ирье гээд хүүгээ тэврээд гэрээс нь гартал эх А гадаа машин янзалж байсан хүү Цыг дуудаад энийг хардаа ингээд явах гэж байна гэтэл Ц намайг хүрээд ир ярилцъя гэхээр нь юу ярихын наанаа ярьчих гэтэл ороод ир 2-лаа орж байгаад яръя гэхээр нь зодож магадгүй гэж айгаад орохгүй наанаа ярь гэтэл хадам эх А Ц 2 намайг хүчээр түлхээд гэрлүүгээ оруулаад Ц намайг чи ямар овоо гичий вэ гээд баруун талын хацарлуу гараараа нэг удаа цохихоор нь чи надад яасан гэж гар хүрч байгаан би хүүгээ хүргэж өгчихөөд ирнэ гэж хэлээ биз дээ ямар тэр чигтээ явах гэж байгаа биш гээд ууралтал чи харанхуй болсон хойно хайчдаг юм чи банзалдах гэж байгаа биз дээ гээд 2 давхарлуу түлхэж гаргаад хүүхдийн хуванцар ваннаар толгойруу цохиход миний ухаан хэсэг балартсан. Дахиад миний нурууруу цохихдоо хүүг давхар цохичих шиг харагдсан. Би хүүхэд цохичихлоо гээд хүүгээ тэвэртэл хадам эх А хүүхдийг чинь цохиогүй намайг цохисон гээд байсан. Дахиад намайг цохиход ванн хагартал хагархайгаар нь миний гар луу цохиод байсан. Би хүүгээ тэврээд доошоо өвдөглөөд сууж байхад хөл рүү өшиглөөд байсан. Мөн хадам эх А ирээд миний нүүр лүү алгадаад толгой руу цохиод байсан. Надад учирсан гэмтлийг Ц учруулсан. Би ямар ч эмчилгээ хийлгээгүй, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-н 12-15/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн шинжээчийн 12695 тоот:
1. Б.С-ий биед баруун хацарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун шуу, цээжинд цус хуралт, тархи доргилт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн тус бүр нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
4. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэх дүгнэлт /хх-н 19/,
Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд болох:
- эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-н 32/
- оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-н 55/
- иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 56/
зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цугларч, бэхжүүлэгдсэн, нотлох баримтууд нь агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул нотлох баримтаар үнэлж, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж дүгнэсэн болно.
Шүүхээс шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэм буруугийн талаар хийсэн хууль зүйн дүгнэлт:
Шүүгдэгч Б.Ц нь 2018 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Баянгол дүүргийн 21 дүгээр хороо, Горькийн 21 дүгээр гудамжны 730 тоотод Б.С-тэй маргалдан зодож биед нь баруун хацарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун шуу, цээжинд цус хуралт, тархи доргилт бүхий хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн болох нь:
шүүгдэгч Б.Цын “...2018 оны 10 сарын 20-ны өдөр ээжийн гэрт талийгаач ах П, том ах Ц, ээж бид нар байж байтал гаднаас С- 2 хүүхэдтэйгээ ирсэн. ...С- 20 цаг өнгөрч байхад гэрээс хүүхдүүдээ дагуулаад гарсан. ... С- ээжтэй хэрэлдээд би уурандаа С-ийг барьж аваад ажлын бээлийтэй гараар баруун талын хацар хэсэгт 1 удаа алгадсан... би ээжийгээ өмөөрөөд шал нь дээр байсан хүүхдийн хуванцар ванн аваад шидсэн чинь баруун гарын шуу хэсэгт оносон. ...Би С-ийг цохиж биед нь гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг,
хохирогч Б.С-ий “...2018 оны 10 сарын 20-ны өдөр 14 цаг 30 минутын үед 2 настай хүүгээ дагуулж очоод өдөржингөө нөхрийгөө харсан. Орой 19 цаг өнгөрөөгөөд манай эцэг эх ажлаа тараад харих замд нь хүүгээ өгч явуулах гээд гарах гэтэл хадам эх А чи нөхрийгөө хаяж явах гэлээ гээд уурлаад байхаар нь хүүгээ хүргэж өгчихөөд эргээд ирнэ шүү дээ гэтэл чи миний хүүг зовоосныхоо хариуг амснаа гээд байсан. Би хүүгээ хүргэж өгчихөөд ирье гээд хүүгээ тэврээд гэрээс нь гартал эх А гадаа машин янзалж байсан хүү Цыг дуудаад энийг хардаа ингээд явах гэж байна гэтэл Ц намайг хүрээд ир ярилцъя гэхээр нь юу ярих юм наанаа ярьчих гэтэл ороод ир 2-лаа орж байгаад яръя гэхээр нь зодож магадгүй гэж айгаад орохгүй наанаа ярь гэтэл хадам эх А Ц 2 намайг хүчээр түлхээд гэрлүүгээ оруулаад Ц намайг чи ямар овоо гичий вэ гээд баруун талын хацарлуу гараараа нэг удаа цохихоор нь чи надад яасан гэж гар хүрч байгаа юм би хүүгээ хүргэж өгчихөөд ирнэ гэж хэлээ биз дээ ямар тэр чигтээ явах гэж байгаа биш гээд ууралтал чи харанхуй болсон хойно хайчдаг юм чи банзалдах гэж байгаа биз дээ гээд 2 давхарлуу түлхэж гаргаад хүүхдийн хуванцар ваннаар толгойруу цохиход миний ухаан хэсэг балартсан. Дахиад миний нурууруу цохихдоо хүүг давхар цохьчих шиг харагдсан. Би хүүхэд цохьчихлоо гээд хүүгээ тэвэртэл хадам эх А хүүхдийг чинь цохиогүй намайг цохисон гээд байсан. Дахиад намайг цохиход ванн хагартал хагархайгаар нь миний гар луу цохиод байсан. Би хүүгээ тэврээд доошоо өвдөглөөд сууж байхад хөл рүү өшиглөөд байсан. Мөн хадам эх А ирээд миний нүүр лүү алгадаад толгой руу цохиод байсан. Надад учирсан гэмтлийг Ц учруулсан...” гэх мэдүүлэг /хх-н 12-15/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн шинжээчийн 12695 тоот дүгнэлт зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.
Баянгол дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Б.Цт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байх тул шүүгдэгч Б.Цыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Хохирлын талаар
“Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол” гэж, мөн “...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улсаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг....” гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд тус тус тодорхойлж хуульчилсан бөгөөд “Хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр бусдын амь анс, эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд уг гэмт хорыг хариуцан арилгах, гэмт хор учруулсантай холбогдон гарсан зайлшгүй бүх зардлыг хохирогчид нөхөн төлөх үүрэгтэй” талаар Иргэний хуулийн 497 дугаар зүйл болон 505 дугаар зүйлд тус тус зааж зохицуулсан.
Хэргийн хохирогч Б.С-ий эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь тухайн гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар буюу гэмт хэргийн хохирол болох бөгөөд учирсан гэмтлийн улмаас эмчилгээ үйлчилгээ хийлгэх зэрэг болон бусад зайлшгүй зардал нь гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн дагвар буюу хор уршигт тооцогдох юм.
Хавтаст хэрэгт хохирогч нь мөрдөн байцаалтын шатанд “...Надад нэхэмжлэх зүйл байхгүй...” /хх-н 15/ гэх мэдүүлгүүд өгч байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Эрүүгийн хариуцлага оногдуулах талаарх шүүхийн дүгнэлт:
Шүүгдэгч Б.Цт холбогдох хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх хэрэгт хамаарч байгаа, мөн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг бүрэн хангасан, прокуророос Б.Цт 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ялын саналаа танилцуулж, гарын үсэг зуруулсан нь шүүгдэгч эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсгүүдэд заасан шаардлагад нийцсэн байх тул шүүх хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж дээрх торгуулийн ялыг оногдуулж шийдвэрлэлээ.
Шүүхээс шүүгдэгч Б.Цт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөлд тооцсон ба ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдав.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31.3 дугаар зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 17.5 дугаар зүйлийн 8, 9, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч Б.Цыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б. Цт 800 /найман зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 /найман зуун мянган/ төгрөгөөр торгох ял,
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б. Цын торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс хойш хуульд заасан хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, энэ хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.
4. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Цт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.МӨНХ-ЭРДЭНЭ