Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 12 сарын 19 өдөр

Дугаар 1044

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Энхтуул,

улсын яллагч Д.Пүрэвдагва,

шүүгдэгч М.М,

хохирогч П.О-э нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар:

              

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М.Мт холбогдох эрүүгийн _____ тоот дугаартай, 1 хавтас хэргийг 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, _____ дугаарын регистртэй, М.М.

 

Холбогдсон хэргийн талаар

Шүүгдэгч М.М нь 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Фаяр” баарны гадна П.О-ийг үсдэж газар унагаах, нүүрэн тус газар нь маажих, цохих зэргээр зодож эрүүл мэндэд нь баруун нүдний зовхи, баруун шанаа, хамар, зүүн хацар, уруул, эрүү, баруун тохой, хэвлийд зулгаралт, баруун шилбэнд цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдснээр/

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.М мэдүүлэхдээ:

“...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

 

            Мөн хавтаст хэргээс мөрдөн байцаалтанд шүүгдэгч болон хохирогч, гэрч нарын мэдүүлсэн мэдүүлэг болон бусад баримтууд болох:

 

Мөрдөн байцаалтад шүүгдэгч М.Мийн өгсөн:

“...2019 оны 10 дугаар сарын 25-ны орой 20 цагийн үед найз Г-тэй уулзсан. Г-ийн төрсөн өдөр болсон юм. Тэгээд бид хоёр Модны 2-т караокед суугаад 1 шил архи уусан. Г- утсаар С-г дуудсан. Бид гурав нийлээд БГД-н 7-р хорооны нутаг дэвсгэрт байрлах Фаяр баар руу 23 цагийн үед орсон. Бааранд ороод бид гурав 2 пиво нэг ундаа аваад дижийн урд ширээнд 2 эгчийн хажууд шахаж суугаад пивоо уугаад бүжиглэсэн. Ширээнд хамт шахаж суусан 2 эгч бид гурав руу муухай хараад байхаар нь бид гурав зайгаа бариад бүжиглэсэн. Нөгөө хоёр эгч муухай хараад байхаар нь би баарны хамгаалагч руу очиж энэ хоёр эгч над руу муухай хараад байна гэж хэлэхэд хамгаалагч нь би очоод хэлнэ гэж байсан. Тэгээд удалгүй Г-ийн хөл дээр халимаг үстэй эгч гишгээд маргаан үүссэн. Гомдол гаргасан О надтай текний дэргэд маргалдаад хамгаалагч нар нь бид гурвыг эхлээд гаргасан. Араас О хамт халимаг үстэй хүүхэнтэй хамт гарч ирсэн. О энэ бааранд жоохон хүүхдүүд надтай хэрэлдээд намайг хөөдөг болсон уу гээд гараад ирсэн. О бид нарыг хэл амаар доромжлоод С- алгадаад авсан чинь О надруу дайраад үснээс зулгаагаад бид хоёр дээр доороо ороод газар зодолдоод байж байхад Г- ирээд О-ийг алгадаад хамгаалагч нар бид хоёрыг салгасан. Тэр үед цагдаа ирж таараад Г-, О нарыг аваад явсан.

О миний үснээс зуураад би эргээд үснээс нь зуурсан бид хоёр газар ноцолдсон тэр үед нүүрийг нь маажсан байх. Би дүгнэлттэй танилцсан санал хүсэлт байхгүй. Би зөвшөөрч байгаа. Бүжиглэж байхад Г-ийн хөлөн дээр гишгээд тэгээд би Отэй учраа олох гээд текний дэргэд очоод бид хоёр хэрэлдээд барилцаад авсан тэгээд О бид хоёрыг гаргасан. Тэрнээс болж маргаан үүсээд бид баарны гадаа үснээсээ зуураад ноцолдсон. Буруу зүйл хийсэн өөрөө ухамсарлаж ойлгосон. Хохирлыг барагдуулна...” гэх мэдүүлэг /хх-н 31-32/,

 

Мөрдөн байцаалтад хохирогч П.О-ий өгсөн:

“...Манай найз Ү 2019 оны 10 дугаар сарын 25-ны орой гадуур явж байгаад надруу шөнө 91998808 дугаараас яриад би маргааш гадагш явах гэж байгаа чи завтай бол 2-лаа уулзах уу гэхээр нь би тэгье гээд гэрээсээ гараад хорооллын Моксва рестораны автобусны буудал дээр 02 цагийн үед уулзаад шууд БГД-7 хороо Фаяр баар руу орсон. Үүрээ бид хоёр бааранд ороод 2 пиво аваад суусан. Бид хоёр бүжиглэж байхад 2-3 охин бүжиглэж байгаад хөл дээр гишгээд найз Үүрээг өдөөд байсан тэгэхээр би боль боль хэрэггүй гээд тоохгүй бүжиглэсэн, миний араас нэг охин түлхээд байхаар нь аргагүй эрхэнд болиоч зайтай бүжиглээч гэхэд цаанаас туранхай охин гарч ирээд юу юу гэнээ гэхээр нь би танай найзтай чинь юм ярьж байна гэж хэлсэн. Тэгээд махлаг биетэй охины гарнаас нь базаад танай найз ойлгохгүй байна 2-лаа гарч байгаад ярья гэхэд текний дэргэд би очсон. Махлаг охин бид хоёр текний дэргэд байхад араас туранхай охин ирээд надруу дайрахаар нь би чи зүгээр бай би танай найзтай чинь юм ярьж байна учрыг нь ойлгоогүй байж битгий оролцоод бай гэж хэлсэн.

Туранхай охин надруу дайрч орж ирээд үснээс татах үед баарны хамгаалагч нар бид нарыг салгасан. Нэг хамгаалагч нь намайг бариад чи байж бай энэ 3 охиныг гаргаад явуулна дараа нь гараарай гэсэн. Нөгөө 3 охин бид гурав гарахгүй хамт нь гарга гээд хэрүүл хийгээд байсан. Тэгэхээр нь би хамгаалагчид хэлээд хүмүүсийн анхаарал татаж байхаар бид хоёр ч гэсэн гаръя гээд баарнаас гарсан. Бид хоёрын урд нөгөө 3 охин гарсан. Нөгөө 3 охины махлаг биетэй хар хувцастай нь намайг ална гээд хэл амаар доромжлоод байсан. Баарны үүдэнд олон хүмүүс байхаар нь махлаг охиныг 2-лаа эндээс холдоод эв зүйгээ олоод салах уу гээд цааш хорооллын эцсийн шуудангийн урд руу явсан, араас махлаг охин чамтай эв зүй олохгүй гээд амандаа үглээд байсан. Тэгээд би эргэж хараад та 3 битгий надруу дайраад бай эмэгтэй хүн гэхээр заавал хэл амаар доромжлох шаардлагагүй гэхэд боловсон яриатай гичий вэ гээд хэрүүл хийсэн. Туранхай охин нь өмдтэй байсан байх, хувцсыг анзаараагүй намайг жийгээд ороод ирэхэд би тэр охиныг үстээд авсан, би газар унасан. Тэр охинтой дээр доороо оролцоод цохиод авахад хажуунаас хамгаалагч нар салгасан байх. Тэр охин миний үснээс тавихгүй байсан. Цагдаа нар ирэхэд хамгаалагч нар махлаг охиныг зааж өгсөн, махлаг биетэй хар бэлтгэлийн хувцастай охин эрүүлжүүлэхэд орсон. Шинжээчийн дүгнэлттэй санал нийлж байна...” гэх мэдүүлэг /хх-н 11-12/,

 

Мөрдөн байцаалтад гэрч М.Г-ийн өгсөн:

“...2019 оны 10 сарын 25-ны орой гадуур явж байгаад Мтэй 100 айлын ойролцоо 20 цаг өнгөрч байхад уулзсан. Бид 2 Модны 2-т байрлах караокед сууж байхад араас С- ирсэн. Тэгээд бид 3 нийлээд 1 шил архи уусан. Караокед сууж байгаад шөнийн 02 цаг өнгөрч байхад гараад Фаяр нэртэй бааранд орсон. Бааранд суухад манай ширээн дээр 2 эгч сууж байсан. Тэгээд босоод бүжиглэж байтал урт үстэй эгч нь намайг ирээд түлхсэн. Тэгэхээр нь би уурлаад яагаад байгаа юм бэ гэхэд манай найз М хажуугаар орж ирээд яасан юу болсон одоо боль гэтэл тэр эгч хэрүүлийн чанартай юм яриад дайраад байсан. Тэрнээс хойш би нэг их анзаараагүй буцаад бүжиглэж байтал нэг охин ирээд найз чинь гадаа зодолдоод байна гэсэн. Тэгэхээр нь гадаа гараад хартал байхгүй байсан. Буцаад баар луу ортол текний хажууд 2 хамгаалагч дижи залуу зодуулсан гээд байгаа эгч, Мөнхжаргал нар байсан. Тэгээд би уурлаад тэр эгч дээр очоод яагаад байгаа юм бэ гэсэн чинь гаръя гэсэн. Тэгээд М бид 2 тэр эгчтэй хамт гадаа гарсан. М тэр эгч 2 маргалдаад зогсож байсан. Тэгтэл С- араас гарч ирээд тэр эгчийн нүүрэн тус газар нь алгадсан. Тэгтэл М О гээд байгаа эгчтэй үсдэлцэж аваад газар унаад зодолдсон. Би очоод салгах гэтэл намайг хамгаалагч түлхсэн. Тэгээд газар зодолдож байгаад босч ирээд зодоон намжсан. Тэгснээ О гээд байгаа эгч надруу дайраад байхаар нь баруун хацар хэсэгт нь 2 удаа алгадсан. Бааран дотор маргалдах үед О-ий нүүр, царай нь зүгээр байсан. Гадаа Мтэй зодолдсоны дараа нүүр нь маажуулаад 2 газар их шалбарсан байсан...” гэх мэдүүлэг /ххн- 16-17/,

 

Мөрдөн байцаалтад гэрч А.С-гийн өгсөн:

“...2019 оны 10 дугаар сарын 25-ны орой 23 цагийн үед БГД-ийн модны 2-ын дунд замд караокед байна гэж Г- намайг дуудаад би очсон. Г-, М хоёр байсан тэр хоёр 1 шил архи авчихсан ууж байсан би очоод архинаас нэг их уугаагүй караокед 2 цаг дуулаад тэгээд хорооллын эцэс БГД-7 хороо Фаяр баар луу бид гурав явсан. Бааранд 2 шил пиво нэг кола авч уусан. Манай ширээн дээр хоёр эмэгтэй байсан. Бид гурав бүжиглэж байхад М текний дэргэд ширээн дээр байсан нэг хүүхэнтэй нь маргалдаад байсан. Би очоод юу болоод байгааг асуух гэхэд хамгаалагч нар нь Г-, М бид гурвыг баарнаас гарсан. Баарны гадаа байхад ширээнд суусан 2 эмэгтэй гараад ирсэн. Тэр хоёр хүүхний нэг тайрмал үстэй, нөгөө нь урт үстэй байсан. Тэр хоёр эмэгтэй бид гуравтай хэрэлдээд хэл амаар доромжлоод байхаар нь би урт үстэй эмэгтэйг алгадаад авахад хамгаалагч намайг холдуулсан. Дараа нь урт үстэй хүүхэн Мтэй маргалдаад тэр үснээсээ зулгааж газар унаад хоорондоо өшиглөж байсан. Хамгаалагч нар ирээд салгасан. Г- урт үстэй хүүхнийг зогсож байхад нэг удаа алгадаад авсан. Цагдаа ирээд Г- болон урт үстэй эмэгтэй нарыг аваад явсан. Урт үстэй хүүхнийг О гэдгийг цагдаа дээр ирээд нэрийг нь мэдсэн.

...М,Отэй хэрэлдэж байгаад нэг нэгнийгээ үснээс зуурч газар унасан, хоёулаа газар байхдаа хөлөөрөө нэг нэгнийгээ өшиглөөд байсан. Тэр хоёрыг хамгаалагч нар салгасан тэр үед О-ий хацар дээр 2 маажсан байсан, М гайгүй харагдаж байсан...” гэх мэдүүлэг /хх-н 18/,

 

 Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжээчийн 12977 тоот:

1. П.О-ий биед баруун нүдний доод зовхи, баруун шанаа, хамар, зүүн хацар, уруул, эрүү, баруун тохой, хэвлийд зулгаралт, баруун шилбэнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3.Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй.

5. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх хугацаанд үүсэх боломжтой гэх дүгнэлт /хх-н 24/,

 

 - Хохирогч П.О-ий “...нэхэмжлэх зүйл байхгүй, гомдол саналгүй...” гэх хүсэлт /хх-н 39/,

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд болох:

- иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 19/,

- эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-н 38/ зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цугларч, бэхжүүлэгдсэн, нотлох баримтууд нь агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул нотлох баримтаар үнэлж, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж дүгнэсэн болно.

 

            Шүүхээс шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэм буруугийн талаар хийсэн хууль зүйн дүгнэлт:

 

Шүүгдэгч М.М нь 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Фаяр” баарны гадна П.О-ийг үсдэж газар унагаах, нүүрэн тус газар нь маажих, цохих зэргээр зодож эрүүл мэндэд нь баруун нүдний зовхи, баруун шанаа, хамар, зүүн хацар, уруул, эрүү, баруун тохой, хэвлийд зулгаралт, баруун шилбэнд цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

 

шүүгдэгч М.Мийн “...Бүжиглэж байхад Г-ийн хөлөн дээр гишгээд тэгээд би Отэй учраа олох гээд текний дэргэд очоод бид хоёр хэрэлдээд барилцаад авсан тэгээд О бид хоёрыг гаргасан. Тэрнээс болж маргаан үүсээд бид баарны гадаа үснээсээ зуураад ноцолдсон...” гэх мэдүүлэг,

 

хохирогч П.О-ий “...Туранхай охин надруу дайрч орж ирээд үснээс татах үед баарны хамгаалагч нар бид нарыг салгасан. ...Туранхай охин нь өмдтэй байсан байх, хувцсыг анзаараагүй намайг жийгээд ороод ирэхэд би тэр охиныг үстээд авсан, би газар унасан...”гэх мэдүүлэг,

 

гэрч М.Г-ийн “...М тэр эгч 2 маргалдаад зогсож байсан. Тэгтэл С- араас гарч ирээд тэр эгчийн нүүрэн тус газар нь алгадсан. Тэгтэл М О гээд байгаа эгчтэй үсдэлцэж аваад газар унаад зодолдсон...” гэх мэдүүлэг,

 

гэрч А.С-гийн “...урт үстэй хүүхэн Мтэй маргалдаад тэр үснээсээ зулгааж газар унаад хоорондоо өшиглөж байсан.

...М, Отэй хэрэлдэж байгаад нэг нэгнийгээ үснээс зуурч газар унасан, хоёулаа газар байхдаа хөлөөрөө нэг нэгнийгээ өшиглөөд байсан. Тэр хоёрыг хамгаалагч нар салгасан тэр үед О-ий хацар дээр 2 маажсан байсан, М гайгүй харагдаж байсан...” гэх мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжээчийн 12977 тоот дүгнэлт зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.

 

Баянгол дүүргийн прокурорын газраас шүүгдэгч М.Мт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байх тул шүүгдэгч М.Мийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Хохирлын талаар

Хэргийн хохирогч П.О-ий эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь тухайн гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар буюу гэмт хэргийн хохирол болох бөгөөд учирсан гэмтлийн улмаас эмчилгээ үйлчилгээ хийлгэх зэрэг болон бусад зайлшгүй зардал нь гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагавар буюу хор уршигт тооцогдох юм.

 

  Мөрдөн байцаалтын шатанд хохирогч П.О-э “...нэхэмжлэх зүйл байхгүй, гомдол саналгүй...” гэх хүсэлт /хх-н 39/ гаргасан байх тул шүүгдэгч М.Мийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Эрүүгийн хариуцлага оногдуулах талаарх шүүхийн дүгнэлт:

Шүүгдэгч М.Мт холбогдох хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх хэрэгт хамаарч байгаа, мөн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг бүрэн хангасан, прокуророос М.Мийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялын саналаа танилцуулж, гарын үсэг зуруулсан нь шүүгдэгч эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсгүүдэд заасан шаардлагад нийцсэн байх тул шүүх хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж дээрх торгуулийн ялыг оногдуулж шийдвэрлэлээ.

 

Шүүхээс шүүгдэгч М.Мт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөлд тооцсон ба ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

            Хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдав. 

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31.3 дугаар зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч М.Мийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Мийг 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

   3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Мийг торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс хойш хуульд заасан хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, энэ хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

 

4. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд хөрөнгө хураагдаж ирээгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол М.Мт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Ц.МӨНХ-ЭРДЭНЭ