Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 03 сарын 26 өдөр

Дугаар 259

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Баярмаа,

улсын яллагч Г.Билгүүжин,

шүүгдэгч Б.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар:

              

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Б.Бд холбогдох эрүүгийн 1905009550279 тоот дугаартай, 1 хавтас хэргийг 2019 оны 3 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, _____ дугаарын регистртэй, Б.Б.

 

Холбогдсон хэргийн талаар

Шүүгдэгч Б.Б нь 2019 оны 02 дугаар сарын 16-наас 02 дугаар сарын 17-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 50-р байрны 03 тоотод гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хамтран амьдрагч Д.Хтай маргалдан улмаар түүнийг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдснээр/

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Б мэдүүлэхдээ:

“...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

 

            Мөн хавтаст хэргээс мөрдөн байцаалтанд шүүгдэгч болон хохирогч, гэрч нарын мэдүүлсэн мэдүүлэг болон бусад баримтууд болох:

 

Мөрдөн байцаалтад шүүгдэгч Б.Бы өгсөн:

“...2019 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр хамаатан Бынд очиж дүү нарын цайллаганд очсон. Тэгээд гэртээ буюу БГД-н 19-р хороо 50-03 тоотод шөнийн 00 цагийн үед ирсэн. Тэгээд хүүхдүүдтэйгээ унтаж амрах гэж байтал эхнэр Хтай маргаан хийж хэрүүл хийсэн. Манай эхнэр бас согтуу байсан бөгөөд хэрүүл маргаан хийгээд манай эхнэр унтахгүй байсан болохоор нь хөлнөөс нь өргөсөн тэгсэн чинь манай эхнэр орны толгой мөргөсөн. Тэгээд манай эхнэрийн нүүр хавдчихсан чинь манай эхнэр чи намайг зодчихлоо гэхээр нь би хувцсаа өмсөөд гарах гэж байх үед манай эхнэр Х гаргахгүй гээд надтай ноцолдоод байхаар нь би хөлрүү нь өшиглөсөн. Тэгсэн чинь манай эхнэр газар суусан тэр үед би гэрээс гарч зугатсан.

Би Д.Хыг цохиж гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрч байна. Энэ үйлдэлдээ харамсаж байна. Би эмчилгээний зардлаа барагдуулсан...” гэх мэдүүлэг /хх-н 25, 50-51/,  

 

Мөрдөн байцаалтад хохирогч Д.Хын өгсөн:

“...2019 оны 02 дугаар сарын 16-ны орой 00:30 цагийн орчим гэрт ах эгч 2 манайд ирэхээр нь дайлаад бид 4 сүүлдээ нэг шил архи хувааж уусан. Тэгээд ах эгч гэрлүүгээ гараад явсан. Би нөхөр хүүхдийн хамтаар үлдээд нөхөр халамцуу байсан. Тэгээд би тамхи татдаг байж байгаад тамхинаас гарсан чинь нөхөр намайг тамхинаас гарах гэлээ гэж уурласан. Тэгэхээр нь би юу яриад байгаа юм гээд хэлсэн чинь нөхөр босч ирээд намайг хүүхдийн орны дээд хэсэгт байдаг хувцасны шкаф баруун талын шанаа хэсгээр мөргүүлэхээр нь би чи яаж байгаа юм бэ гэхэд миний амыг гараараа дараад дуугүй бай гэж хэлээд миний баруун гарын дунд хурууг хойш нь дарж гэмтээсэн, баруун талын хөл гуя, нурууны доод хэсэг рүү 2-3 түүнээс их өшиглөж зодсон. Тэгээд гэрээс гараад явсан. Одоо болтол гэртээ ирээгүй, утсаар нь залгахад утас нь холбогдохгүй байна. Шүүх эмнэлэгт үзүүлнэ. Надад эмчилгээний зардалд 900.000 төгрөг өгсөн. Гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй, хуулийн дагуу арга хэмжээ авч өгнө үү...” гэх мэдүүлэг /хх-н 15-16, 55/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 2 дугаар сарын 20-ны өдрийн шинжээчийн 2474 тоот: 

1.Д.Х-н биед баруун зовхи, шанаа, баруун гуянд цус хуралт, гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хоёр удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдэх боломжтой.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонгид нөлөөлөхгүй гэх дүгнэлт /хх-н 22/,

  • Хохирогчийн хүсэлт /хх-н 61/,

 

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд болох:

- иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 26/

- оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-н 27/

- ажлын байрны тодорхойлолт /хх-н 30-32/

- эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-н 56/ зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цугларч, бэхжүүлэгдсэн, нотлох баримтууд нь агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул нотлох баримтаар үнэлж, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж дүгнэсэн болно.

 

            Шүүхээс шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэрэг, гэм буруугийн талаар хийсэн хууль зүйн дүгнэлт:

 

Шүүгдэгч Б.Б нь 2019 оны 02 дугаар сарын 16-наас 02 дугаар сарын 17-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 50 байрны 03 тоотод гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хамтран амьдрагч Д.Хтай маргалдан улмаар түүнийг зодож, биед баруун зовхи, шанаа, баруун гуянд цус хуралт, гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

 

шүүгдэгч Б.Бы “...2019 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр ...Хтай маргаан хийж хэрүүл хийсэн. Манай эхнэр бас согтуу байсан бөгөөд хэрүүл маргаан хийгээд манай эхнэр унтахгүй байсан болохоор нь хөлнөөс нь өргөсөн тэгсэн чинь манай эхнэр орны толгой мөргөсөн. Тэгээд манай эхнэрийн нүүр хавдчихсан чинь манай эхнэр чи намайг зодчихлоо гэхээр нь би хувцсаа өмсөөд гарах гэж байх үед манай эхнэр Х гаргахгүй гээд надтай ноцолдоод байхаар нь би хөлрүү нь өшиглөсөн...” гэх мэдүүлэг,  

 

хохирогч Д.Хын “...2019 оны 02 дугаар сарын 16-ны орой 00:30 цагийн орчим ... би юу яриад байгаа юм гээд хэлсэн чинь нөхөр босч ирээд намайг хүүхдийн орны дээд хэсэгт байдаг хувцасны шкаф баруун талын шанаа хэсгээр мөргүүлэхээр нь би чи яаж байгаа юм бэ гэхэд миний амыг гараараа дараад дуугүй бай гэж хэлээд миний баруун гарын дунд хурууг хойш нь дарж гэмтээсэн, баруун талын хөл гуя, нурууны доод хэсэг рүү 2-3 түүнээс их өшиглөж зодсон...” гэх мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 2 дугаар сарын 20-ны өдрийн шинжээчийн 2474 тоот дүгнэлт зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.

Хэргийн хохирогч Д.Х, шүүгдэгч Ж.Б нар нь хамтран амьдарч, дундаасаа үр хүүхэдтэй эцэг, эх болохын хувьд Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлд заасан хуулийн үйлчлэлд хамаарах гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай этгээдүүд мөн юм.

Нөгөөтэйгүүр гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай аливаа этгээд нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай бусад хүний сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг “гэр бүлийн хүчирхийлэл” гэж Гэр бүлийн Хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.1.1-д тодорхойлсон.

 

Шүүгдэгч Б.Б нь өөрийн хамтран амьдрагч Д.Хыг “хувцасны шкаф мөргүүлж, баруун талын хөл гуя, нурууны доод хэсэг рүү 2-3 удаа өшиглөх зэргээр бие махбодын хүчирхийлэл үйлдэж, түүний эрүүл мэндэд хөнгөн зэргийн гэмтэл бүхий хохирол учруулсан гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж буюу хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй байна.

 

Иймд Баянгол дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Б.Бд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байх тул шүүгдэгч Б.Быг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Хохирлын талаар

“Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол” гэж, мөн “...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг....” гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд тус тус тодорхойлж хуульчилсан бөгөөд “Хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр бусдын амь нас, эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд уг гэмт хорыг хариуцан арилгах, гэмт хор учруулсантай холбогдон гарсан зайлшгүй бүх зардлыг хохирогчид нөхөн төлөх үүрэгтэй” талаар Иргэний хуулийн 497 дугаар зүйл болон 505 дугаар зүйлд тус тус зааж зохицуулсан.

 

Хэргийн хохирогч Д.Хын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь тухайн гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар буюу гэмт хэргийн хохирол болох бөгөөд учирсан гэмтлийн улмаас эмчилгээ үйлчилгээ хийлгэх зэрэг болон бусад зайлшгүй зардал нь гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн дагавар буюу хор уршигт тооцогдох юм.

 

Хавтаст хэрэгт хохирогч нь мөрдөн байцаалтын болон шүүхийн шатанд “...Б.Баас нэхэмжлэх зүйл, гомдол санал байхгүй...” /хх-н 61/ гэх хүсэлт гаргасан байх тул шүүгдэгч Б.Быг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Эрүүгийн хариуцлага оногдуулах талаарх шүүхийн дүгнэлт:

Шүүгдэгч Б.Бд холбогдох хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх хэрэгт хамаарч байгаа, мөн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг бүрэн хангасан, прокуророос Б.Бд 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялын саналаа танилцуулж, гарын үсэг зуруулсан нь шүүгдэгч эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсгүүдэд заасан шаардлагад нийцсэн байх тул шүүх хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж дээрх торгуулийн ялыг оногдуулж шийдвэрлэлээ.

 

Шүүхээс шүүгдэгч Б.Бд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөлд тооцсон ба ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

            Хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдав. 

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31.3 дугаар зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 17.5 дугаар зүйлийн 8, 9, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Б.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Быг 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ял,

 

   3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бы торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс хойш хуульд заасан хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, энэ хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

 

4. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Ц.МӨНХ-ЭРДЭНЭ