Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 03 сарын 14 өдөр

Дугаар 316

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Мөнхбаатар даргалж,

нарийн бичгийн дарга Б.Эрхэс,

Улсын яллагч Э.Энхбат,

шүүгдэгч Х.Э,

хохирогч Т.Э нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Э.Энхбатаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ........ овогт Х.Э-д холбогдох эрүүгийн .................. дугаартай 1 хавтаст хэргийг 2019 оны 3 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

          Х.Э, Монгол Улсын иргэн,  бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эцэг, эх, дүүгийн хамт, .........тоотод оршин суудаг гэх, /РД:.............. /,

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд дурдсанаар/

Шүүгдэгч Х.Э нь Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Азура” нэртэй уушийн газар 2018 оны 9 дүгээр сарын 03-ны өдрөөс 04-нд шилжих шөнө 03 цагийн үед хохирогч Т.Э-г хэл амаар доромжилж, усны сав шидэж биед нь халдсан шалтгаанаар маргаж, улмаар түүний нүүрэн тус газар цохиж, зүүн нүдний дээд, доод зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт, нүдний дотор салстын цус хуралт бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Талуудын хүсэлтээр хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэхэд:

Шүүгдэгч Х.Э нь Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Азура” нэртэй уушийн газар 2018 оны 9 дүгээр сарын 03-ны өдрөөс 04-нд шилжих шөнө 03 цагийн үед хохирогч Т.Э-н эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйлдлийг,

Нэг. Гэм буруутайд тооцох талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүйг дурдаж, талуудаас шинжлэн судалсан болон шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтуудын агуулга:

1. Хохирогч Т.Э-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2018 оны 09 сарын 03-ны өдөр “Азура” бааранд 22 цагийн орчим халамцуу ороод пиво уугаад сууж байхад хойд талын ширээн дээр 2 залуу сууж байсан ба “наашаа ирээд суучих” гэхээр нь өөрөө ирж суу гэхэд, нэг залуу ирж суугаад босож яваад ширээндээ суусан. Ингээд гарах гэхэд бармен хүүхэн жоохон суулдаа гээд 2 залуугийн сууж байсан ширээг заахаар нь очиж суугаад пиво ууж байхад гаднаас өндөр залуу орж ирээд хар бор царайтай залуутай архи уусан. Би сууж байгаад уусан пивондоо халаад манараад сууж байхад гэнэт зүүн талын нүд тас хийтэл цохисон. Би харахад нөгөө хар бор царайтай залуу намайг цохисон байсан. Түүнд цохиулсанаас болж зүүн талын нүд цус хурж хавдсан, битүү хөх эрээн болсон. Би цохиулсанаас болж нийт 850.000 төгрөг нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг (хх21-22-р тал),

2. Гэрч Б.Ж-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Э нэлээн согтуу манайхаар орж ирдэг Т /шүүгдэгч/ гэдэг залууг түлхээд цохиод байхаар нь би хажууд нь байсан зөөврийн караокег холдуулаад нэг харсан чинь Э ёо ёо гээд нүүрээ гараараа дараад сууж байсан. Т гэх залуу намайг учиргүй өшиглөөд цохиод байхаар нь би цохисон юм гэж хэлсэн..” гэх мэдүүлэг /хх23-24-р тал/

3. “Азура” баарны хяналтын камерын бичлэг, Камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл “...Уг камерын цагаар 2018 оны 9 дүгээр сарын 04-ний 03 цаг 08 минутанд Т.Э нь тус баарны үүдэн талын булангийн ширээнд хажуудаа сууж байгаа цагаан цамцтай эрэгтэй хүнийг босоод цохиод авахад уг хүн түүний гараас нь бариад цааш нь сандал дээр дарж сууж байгаад буцаад босоход хохирогч Т.Э уг хүн рүү хоёр гараараа самардаж дайрахад хоорондоо уг эрэгтэй хүн Т.Э-н нүүрэн тус газар баруун гараараа нэг удаа цохиход хохирогч Т.Э нь нүүрээ даран доошоо ширээн дээр тонгойгоод сууж байгаа...” /хх14-15/,

4. Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн акт №11136 дугаартай "...Т.Э-н биед зүүн нүдний дээд, доод зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт, нүдний дотор салстын цус хуралт бүхий гэмтлүүд тогтоогдлоо...гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна..." гэх дүгнэлт /хх30-р тал/,

5. Яллагдагч Х.Э-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр би танил дүү Э-н хамт Сонгинохайрхан дүүргийн Эрүүл мэндийн төвийн хажууд байдаг “Аэура” гэх паабад ороод уулзахаар цаг тохирсон хүнээ хүлээгээд сууж байсан. Тэнд сууж байхад дүү Э надад ахаа 2- лаа пиво ууя гээд бид хоёр пиво уугаад сууж байтал нэлээн хол ширээнд ганцаараа сууж байсан хүүхэн бид хоёр дээр ирээд та хоёр манай ширээнд хамт суучхаач гэж гуйж урьсан. Тэгээд эмэгтэй хүн гуйсан учир бид хоёр ширээн дээр нь очиж жаахан ярьж сууж байгаад би босоод өөрийнхээ сууж байсан ширээн дээр буцаж очиж суусан. Би удалгүй дүүгээ дуудаад одоо эндээ суу. Уулзах хүнтэйгээ уулзая гэсэн. Удалгүй миний уулзах хүн болох А гэх залуу ирсэн. Бид гурав ажлаа яриад сууж байтал нөгөө хүүхэн чинь бид нар дээр ирээд манай ширээнд суучих гэж гуйсан. Бид нар ажилтай байна гэтэл тэр хүүхэн явахгүй байсан. Бид нарын хажууд янз бүрийн юм яриад явахгүй суугаад байсан. Та одоо яваа гэхэд явахгүй сүүлдээ нэг вино аваад өгчих тэгвэл явлаа гэсэн. Тэгээд тэр хүүхэнд 1 шил вино авч өгтөл хундаглаад өг гэсэн. Түүнд хундаглаад өгсөн. Ууж сууж байснаа “ намайг бос надтай хамт манайх руу явья” гэсэн. Би явахгүй гэтэл. Хамт яв гээд уурлаад байсан. Би тэгээд түүнийг салахгүй болохоор нь чи гадаа гараад хүлээж бай. Би араас чинь гараад очьё гээд тэр хүүхнийг аргалаад гаргасан. Би гарахгүй болохоор тэр хүүхэн буцаж орж ирээд хажууд суугаад явахгүй гэтэл баахан доромжлоод над руу сав авч чулуудаад тэгэхээр нь би чамайг яахаараа дагаж явдаг юм. Танихгүй хүүхэн би юу гэж чамайг дагаж явдаг юм гээд уурлаад тэр хүүхнийг босоод цохиод авсан...” гэх мэдүүлэг. (хх41-43),

6. Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх44/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх51/, шийтгэх тогтоолын хуулбар /хх54/, Хохирогч Т.Э-н Голомт банк дахь ......... дугаар дансанд 10,000 /арван мянган/ төгрөг төлсөн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Мөн шүүгдэгчийг яллагдагчаар, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

 

Шүүгдэгч Х.Э болон хохирогч Т.Э нар нь 2018 оны 09 дүгээр сарын 03-аас 04-нд шилжих шөнө нь Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Азура” нэртэй уушийн газарт тааралдан согтууруулах ундааны зүйл нийлж уусан, улмаар маргалдан хохирогч Т.Э шүүгдэгч Х.Э-ыг цохин самардан, дайрсан, мөн түүний өмсөж байсан цагаан цамцыг өөдөөс нь шидсэн, шүүгдэгч нь хохирогчийн нүүрэн тус газар гараараа нэг удаа цохиж гэмтэл учруулсан үйл баримт нь хохирогч, шүүгдэгч нарын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, гэрч Б.Ж-н мэдүүлэг, хяналтын камерын бичлэгийн үзлэгийн тэмдэглэл зэргээр тогтоогдож байна. Шүүгдэгчийн энэхүү үйлдэл нь гэм буруугийн шууд санаатай хэлбэртэй бөгөөд түүний энэхүү үйлдлийн улмаас хохирогч Т.Э-нэрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь шинжээч эмчийн дүгнэлтээр тогтоогдсон байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

Иймд шүүгдэгч Х.Э-г гэм буруутайд тооцуулах талаар прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Т.Э нь шүүхэд хандан мэдүүлэг өгөхдөө тархины томографикийн шинжилгээ нийлгэсэн зардал 120.000 /нэг зуун хорин мянган/ төгрөг, толгойгоо 3-н удаа бариулсаны төлбөрт 60.000 /жаран мянган/ төгрөг, сэтгэл санааны хохиролд 500.000 /таван зуун мянган/ төгрөг, унаа таксины бусад зардалд нийтдээ 850.000 /найман зуун тавин мянган/ төгрөг нэхэмжилж байна тайлбарлах боловч шүүхэд хохирол төлбөртөй холбоотой баримт гаргаж өгөөгүй болно. Түүнчлэн хохирогчийн хувьд эрүүл мэндэд учирсан хохирлын талаарх баримт гаргаж өгөх боломжтой талаар мөрдөн байцаалтын шатанд болон прокурорын хяналтын шалтанд эрхийг тайлбарлаж өгсөн боловч баримтыг гаргаж өгөөгүй талаар хохирогч шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэнийг тэмдэглэх нь зүйтэй байна.

Харин хохирогчийн шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнд үзүүлэхдээ 8.000 /найман мянган/ төгрөг төлсөн баримт хэрэгт хавсаргагдсан байх бөгөөд шүүгдэгч Х.Э нь шүүх хуралдаан эхлэхээс өмнө хохирогч Т.Э-н Голомт банк дахь .......... дугаар дансанд 10,000 /арван мянган/ төгрөг төлсөн тухай 1 хуудас баримт гаргаж өгсөн тул хохирогч Т.Э-д 10,000 /арван мянган/ төгрөгний хохирол төлөгдсөн гэж үзнэ.

Харин хохирогчийн хувьд дээр дурдсан эмнэлэгт үзүүлсэн, эмчилгээ хийлгэсэн зэрэг зардлын талаар баримт гаргаж шүүхэд ирүүлээгүй тул хохирол, хор уршигийн асуудлыг зөвхөн хохирогчийн мэдүүлгээр тогтоох боломжгүй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу хохирогч нь холбогдох баримтыг бүрдүүлэн иргэний хэргийн шүүхэд хандан хохирлоо барагдуулах эрхтэй болохыг дурдан хохирол, төлбөртэй холбоотой хэсгийг хэлэлцэхгүй орхих нь зүйтэй гэж үзлээ.

 

Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирогчийн үйл ажиллагаа, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Эрүүгийн хариуцлагын талаар улсын яллагчаас шүүгдэгч Х.Э-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм буруутай үйлдэлд нь  800 /найман зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 /найман зуун мянган/ төгрөгөөр  ял оногдуулах дүгнэлт гаргасан бөгөөд шүүгдэгч Х.Эыг гэмт хэрэг үйлдэхэд хохирогч Т.Э-н хэрүүл маргаан үүсгэн цамцыг нь шидсэн, шүүгдэгчрүү цохих, самардах байдлаар дайрч давшилсан зэрэг хууль бус үйл ажиллагаа нөлөөлсөн гэж дүгнэлээ. 

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасан хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн гэж эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөлд тооцсон ба шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүхээс шүүгдэгч Х.Э нь эрүүгийн хариуцлага оногдуулахдаа шүүгдэгчийн хувийн байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалтай, хохирогчид учирсан зардлыг баримтын хүрээнд нөхөн төлөхөө илэрхийлж байгаа зэрэг нөхцөл байдлыг харгалзан улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 550 /таван зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 /таван зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ял оногдуулах, ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлөх боломжтой байхаар тогтоох нь зүйтэй гэж үзэв. Мөн шүүгдэгч Х.Э-д торгуулийн ял оногдуулсантай холбогдуулан торгох ялыг хуульд заасан хугацаанд буюу гурван сарын хугацаанд биелүүлэхийг даалгаж, хэрэв биелүүлээгүй бол оногдуулсан торгох ялыг хорих ялаар сольж болохыг анхааруулах нь зүйтэй. 

 

Эрүүгийн хэрэгт эд мөрийн баримтаар хяналтын камерын бичлэг бүхий CD 1 ширхэг хураагдаж ирсэнийг хэргийг хадгалах хугацааг дуусах хүртэл хэрэгт хавсаргах, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч  Х.Э-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Э-г 550 /таван зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 /таван зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Э нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солиж болохыг анхааруулсугай.

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн нэг ширхэг Сиди (хяналтын камерын бичлэгтэй)-г хэргийн хадаглах хугацааг дуусах хүртэл хэрэгт хавсаргасугай.

6. Шүүгдэгч Х.Э-аас хохирогч Т.Эд 10.000 /арван мянган/ төгрөгний хохирол төлсөн ба хохирогч Т.Э-н иргэний нэхэмжлэлтэй холбоотой хэсгийг хэлэлцээгүй орхиж, гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирлыг иргэний хэргийн шүүхийн журмаар нэхэмжлэл гаргах эрх нээлттэй болохыг дурдсугай.

7. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчид цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, тус тус  дурдсугай.

8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

9. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

10. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      М.МӨНХБААТАР