| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Түмэндэлгэрийн Батсүх |
| Хэргийн индекс | 102/2016/04297/и |
| Дугаар | 1110 |
| Огноо | 2016-10-07 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 10 сарын 07 өдөр
Дугаар 1110
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Батсүх даргалж, шүүгч Б.Хишигбаатар, Ч.Нямсүрэн нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: *****
Хариуцагч: ***** /РД:
Гэм хор учруулсны хохиролд 2 470 636 /хоёр сая дөрвөн зуун далан мянга зургаан зуун гучин зургаа/ төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *****, хариуцагч *****, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Одончимэг нар оролцов.ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч байгууллага шүүхэд гаргасан нэхэмжлэл, итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2014 оны 8 дугаар сарын 1-ний өдрийн 11 цаг 23 минут орчимд OSN8 Морион төхөөрөмж дохиолсны дагуу очиж шалгаж үзэхэд Сайншанд-Түшлэг хоорондох шилэн кабель тасарсан байсан. Газар дээр нь очиж шалгахад ажил удирдагч***** нар нь оптик шилэн кабелийн трассын орчноос шороо авах ажил хийж байгаад тасалсан байна. Оптик шилэн кабель тасалсны анхны актыг бичиж ***** нарт танилцуулсан. Манай байгууллага 14 хүний бүрэлдэхүүнтэй баг гарч, 2014 оны 8 дугар сарын 1-ний өдрийн 17.00 цаг гэхэд шилэн кабелийг бүрэн сэргээсэн. Байгууллагаас гарсан зардал, төлбөл зохих төлбөрийн 3 470 636 төгрөгийн нэхэмжлэх бичиж нэг хувийг С.Баасансүрэнд танилцуулсан. Дээрх төлбөрөөс 2014 оны 12 дугаар сарын 4-ний өдөр 1 000 000 төгрөгийг барагдуулсан, үлдэгдэл төлбөр болох 2 470 636 төгрөгийг одоо хүртэл барагдуулаагүй тул хариуцагчаас гаргуулж өгнө үү.
Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2014 оны 8 дугаар сард “*****” ХХК-ийн талбайн инженер албан тушаалтай тус компанийн Шатахуун түгээх станц /ШТС/-ын угсралтын ажлыг хариуцаж байсан. “*****” ХХК компани нь иргэн *****тэй гэрээ хийж, ШТС-ын газар шорооны ажлыг хийж гүйцэтгүүлэхээр тохиролцсон бөгөөд миний үүрэг бол түүний хийж гүйцэтгэж байгаа ажлын тоо, хэмжээ ажлын чанарт хяналт тавих үүрэгтэй байсан. Иймд төмөр зам орчмоос шороо авч, шилэн кабель тасалсан хэрэг нь надад хамааралгүй, “*****” ХХК, болон иргэн ***** нартай холбоотой асуудал юм. Би шороог хаанаас авч байгаа тухай болон хэрхэн тасалсан тухай мэдэхгүй, кабель тасласан гээд Төмөр замаас хүмүүс ирсэн байна гээд дуудахад нь очсон, дараа нь 1 000 000 төгрөгийг компаниас авч шилжүүлсэн. Ийм хэмжээний хохирол учирсан талаар мэдэхгүй, хохирлын акт үйлдэхэд байсан хүний хувьд гарын үсгээ зурсан.
Шүүх хэрэгт авагдсан баримт, зохигчдын хүсэлт, тайлбар зэргийг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ***** нь *****нд холбогдуулан гэм хор учруулсны хохиролд 2 470 636 /хоёр сая дөрвөн зуун далан мянга зургаан зуун гучин зургаа/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргажээ.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгч байгууллага шаардлагын үндэслэлээ хариуцагч ***** төмөр замын хориотой бүсэд газар шорооны ажлыг удирдан хийлгэснээс 2014 оны 8 дугаар сарын 1-ний өдөр Сайншанд-Түшлэг хоорондын Оптик шилэн кабель тасарч, 3 470 636 төгрөгийн хохирол учирсан гэж, хариуцагч татгалзаж байгаа үндэслэлээ би “*****” ХХК-д Талбайн ахлах инженерээр ажиллаж, “*****” ХХК-ийн шатахуун түгээх станцын барилгын ажлын суурийн хэсгийг хариуцан ажилласан, харин шороо нийлүүлэх ажлыг иргэн ***** нар хариуцаж байсан, миний үүрэг бол түүний хийж гүйцэтгэж байгаа ажлын тоо, хэмжээ ажлын чанарт хяналт тавих үүрэгтэй байсан гэж тус тус тайлбарлаж байна.
Зохигчид газар шорооны ажлын явцад Төмөр замын Оптик шилэн кабель тасарсан, нэхэмжлэгч талаас шуурхай бүрэлдэхүүн ирж кабелийг засварласан, мөн өдөр кабель таслагдсан тухай анхны акт болон кабелийг бүрэн сэргээсэн тухай акт үйлдсэн, актад хувиараа хөдөлмөр эрхлэгч***** хэмээн гарын үсэг зурсан, төлбөрөөс 1 000 000 төгрөгийг 2014 оны 12 дугаар сарын 4-ний өдөр хариуцагч төлсөн талаар маргахгүй байна.
Хэдийгээр хариуцагч ***** нь газар шорооны ажлыг хариуцаж хийлгээгүй гэж тайлбарлаж байгаа ч хэрэгт авагдсан 2014 оны 8 дугаар сарын 1-ний өдөр үйлдсэн ***** шилэн кабель таслагдсан тухай анхны акт, таслагдсан кабелийг бүрэн сэргээсэн тухай актуудад ажил хариуцагч хэмээн гарын үсэг зурсан, мөн таслагдсан кабель түүний хариуцан ажиллаж байсан барилгын ажлаас 2 километрийн зайд байсан, учирсан хохирлоос 1 000 000 төгрөгийг төлсөн зэргээс үзэхэд нэхэмжлэгч байгууллагад учирсан хохирлыг хариуцах үндэслэлтэй гэж дүгнэлээ. Учир нь хариуцагчийн тайлбарт дурдагдсан иргэн ***** “*****” ХХК-тай байгуулсан гэрээний дагуу газар шорооны ажил хийж байсан, хариуцагчийн ажил үүргийн хувиарт газар шорооны ажилд хяналт тавих үүрэг байгаагүй гэх нөхцөл байдлууд нь хэрэгт авагдсан “*****” ХХК-иас 2016 оны 9 дүгээр сарын 13-ны 16/1405 тоот албан бичиг, кабель таслагдсан 2014 оны 8 дугаар сарын 1-ний өдөр үйлдэгдсэн актууд, талуудын тайлбараар үгүйсгэгдэж байна.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт бусдын эд хөрөнгөд нь хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлөхөөр зохицуулжээ.
Хариуцагч ***** нь Төмөр замын тээврийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, Засгийн газрын 2011 оны 6 дугаар тогтоолоор батлагдсан “Төмөр замын зурвас газрын болон аюулгүйн бүсийн дэглэм”,
"Төмөр замын зурвас газарт тавигдах шаардлага" МNS 6060:2010 стандартаар тогтоосон зурвас газарт буюу Оптик шилэн кабелийн трассын орчмоос шороо авах ажлыг хийж байхдаа кабелийг гэмтээсэн байх тул нэхэмжлэгч байгууллагад учирсан хохирлыг хариуцан арилгах үүрэгтэй байна.
Нэхэмжлэгч байгууллагаас учирсан хохирлоо тодорхойлсон 2014 оны 8 дугаар сарын 1-ний өдрийн хохирлын актаас үзэхэд сэргээн босгох ажилд оролцсон ажилтны цалинд 1 129 846 төгрөг, зарцуулсан материалын зардалд 686 273 төгрөг, тээврийн зардалд 163 460 төгрөг, хоол болон томилолтын зардалд 261 000 төгрөг, интернэт болон бусад зардал 1 220 057 төгрөг, нийт 3 470 636 төгрөгийн зардлыг гаргасан байх бөгөөд үүнээс хариуцагчийн 2014 оны 12 дугаар сарын 4-ний өдөр төлсөн 1 000 000 төгрөгийг хасч 2 470 636 төгрөгийг нэхэмжилжээ.
Учирсан хохирлоос ажилтнуудын цалин гэх 1 129 846 төгрөгийн зардлын тухайд оптик шилэн кабелийг сэргээн засах ажилд орлцсон нэр бүхий 14 ажилтнуудад сарын үндсэн цалингаас гадна тухайн ажилд тусгайлан цалин олгосон эсэх, ажилтнуудын ажил үүрэгт гэмтсэн шугамыг засварлахад нэмэгдэл цалин олгодог эсэх нь тодорхойгүйгээс гадна томилолтын зардлыг олгосон хэмээн нэхэмжилсэн байх тул ажилтнуудын цалинд холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.
Иймд хариуцагч *****гээс 1 340 790 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ***** олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1 129 846 төгрөгт холбогдох хэсгийг хэрэсэхгүй болгон шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь :
1. Иргэний хуулийн 497 дүгээр 497.1, 510 угаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч *****гээс 1 340 790 төгрөг гаргуулан нэхэмжлэгч***** олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1 129 846 төгрөгт холбогдох хэсгийг хэрэсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хурамжид төлсөн 54 480 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас 36 403 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.БАТСҮХ
ШҮҮГЧИД Б.ХИШИГБААТАР
Ч.НЯМСҮРЭН