Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 03 сарын 17 өдөр

Дугаар 317

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Мөнхбаатар даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Энх-Учрал,

улсын яллагч Х.Анхцэцэг,

шүүгдэгч Б.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Х.Анхцэцэгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, Б.Б-д холбогдох эрүүгийн ...........  дугаартай хэргийг 2019 оны 03 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Б.Б, Монгол Улсын иргэн, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, Приус засварын газарт засварчин ажилтай гэх, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт ........................ тоотод оршин суух бүртгэлтэй, урьд

 

Холбогдсон гэмт хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

Шүүгдэгч Б.Б2019 оны 01 дүгээр сарын 08-наас 09-ны өдрүүдэд үргэлжилсэн үйлдлээр Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо, Толгойтын 51-34 тоот гэртээ гэр бүлийн хамаарал бүхий этгээд болох хамтран амьдрагч Ц.Ж-гзодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулах гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Талуудын хүсэлтээр хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэхэд:

 

Шүүгдэгч Б.Б 2019 оны 01 дүгээр сарын 08-наас 09-ны өдрүүдэд үргэлжилсэн үйлдлээр Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо, Толгойтын 51-34 тоот гэртээ гэр бүлийн хамаарал бүхий этгээд болох хамтран амьдрагч Ц.Ж-г зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйлдлийг

 

Нэг. Гэм буруутайд тооцох талаар:

1. Хохирогч Ц.Ж-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Б.Б-тэй 2016 онд танилцаад тэр ондоо нэг гэрт орж дундаасаа нэг охинтой одоо 1 нас 6 сартай. Би Б-тэй гэр бүл болох үед 2 настай охинтой байсан ба дөрвүүлээ амьдарч байгаад Б-н архи дарс уудаг асуудлаас болж салчихсан. Тэгтэл Б архи уухаа больсон амьдралаа бодмоор байна гээд 2018 оны 08 сараас хамтдаа байгаа. 2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр 12 цагийн үед Б машины номер шилжүүлнэ гээд гараад явсан. Тэгтэл 17 цаг хүртэл гар утсаа аваагүй. Тэгтэл 17 цагийн үед ......... гэсэн дугаар луу ......... дугаарын утаснаас танихгүй эмэгтэй залгаад чи наад хүүхдээрээ Б-г дарамталдаг гэсэн гичий минь намайг барж идэхгүй энэ тэр гээд намайг баахан доромжилсон. Тэгтэл Б гаднаас орж ирэхээр нь над руу утсаар ярьсан эмэгтэйг хэлээд бид хоёр баахан хэрэлдсэн. Ингээд виза картыг чинь шалгах хэрэгтэй байна гэхэд өөдөөс хэрэлдээд миний энгэр цээжийг маажаад хаячихсан. Ингээд Б надаас картаа булааж аваад машиндаа суугаад явах гэхээр нь машин дотор нь орж суугаад явуулахгүй гээд хэрэлдсэн чинь миний энгэр болох хөхний хэсэг рүү олон удаа өшиглөсөн. Ингээд Б гарч яваад 22 цагийн үед гэртээ ирж хоносон. Маргааш өглөө би Б-с тос авч түрхэх хэрэгтэй байна мөнгө өг гээд түрийвчийг нь булааж авсан чинь зүүн талын хавирга руу гараараа хэд хэдэн удаа цохиод зүүн талын хөл рүү нэг удаа өшиглөөд ална шүү пизда минь гай болов гэж хэлсэн. Намайг Б зодоод байхаар нь би пийшингийн хажууд байсан галын дэгээ төмөр аваад Б-н нуруу нь цохиж авсан. Тэр үеэр Б галын дэгээ төмрийг булааж аваад намайг цохих гэж далайснаа гараад явчихсан. Намайг урд зодож байгаагүй юм... гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг /хх14-17/,

2. Хүний биед хийсэн Шүүх эмнэлгийн №1323 тоот “...Ц.Ж-н биед цээжний зөөлөн эдийн няцрал, цээж, баруун зүүн бугалга, баруун шуу, зүүн гуянд цус хуралт, цээжинд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадвар алдалтанд хамаарахгүй. Дээрхи гэмтэл нь хэрэг болсон гэх нэг цаг хугацаанд үүсэх боломжтой...” гэх дүгнэлт /хх19/

3. Аюулгүй зэргийн үнэлгээний “Аюулын зэргийн үнэлгээ Бага” маягт /хх30/

4. Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хорооны хамтарсан багийн хурлын “Хамтарсан багийн гишүүдийн 100 хувийн саналын дагуу иргэн Б.Б-д хуулийн дагуу арга хэмжээ авахуулах зүйтэй гэж үзэж байна" гэх тэмдэглэл /хх37/

5. Гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын “Хохирогчид аюул учруулах эрсдлийн түвшин Дунд зэрэг” гэх үнэлгээний хуудас /хх32/,

6. Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хорооны Засаг даргын тодорхойлолт “...Б.Б ам бүл 4 оршин суудаг...” гэх /хх52/, Б.Б, Ц.Ж нарын охин Б-н Н гэсэн төрсний бүртгэлийн лавлагаа /хх29/, шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа хорооны тодорхойлолт /хх28/, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх53/, “Ган од авто” сервист засварчинаар ажилладаг тухай тодорхойлолт /хх77/ зэрэг хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Мөн шүүгдэгчийг яллагдагчаар, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

Шүүгдэгч Б.Б нь хохирогч Ц.Ж-тэй 2016 оны 7 дугаар сараас эхлэн хамтран амьдарсан бөгөөд дундаасаа нэг охинтой болох нь мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн тэдний мэдүүлэг болон хүүхдийн төрсний гэрчилгээ, оршин суугаа засаг даргын тодорхойлолт зэрэг баримтаар тогтоогдож байна.

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1-д зааснаар “гэр бүлийн хүчирхийлэл” гэдэгт эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүд, хамтран амьдрагч ..., тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа зэрэг этгээдүүд нь нэгнийхээ сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг ойлгоно. Мөн зүйлийн 5.1.6-д “хамтран амьдрагч” гэж гэрлэлтээ бүртгүүлээгүй ч харилцан тохиролцсоны үндсэн дээр гэр бүлийн харилцаа үүсгэн хамтран амьдарч байгаа этгээдийг ойлгохоор заажээ. Өөрөөр хэлбэл гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай болох нь тогтоогджээ. 

Шүүгдэгч нь Б.Б нь 2019 оны 01 дүгээр сарын 08-наас 09-ны өдрүүдэд Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо, Толгойтын 51-34 тоот гэртээ эхнэр Ц.Ж-тэй маргалдан хүч хэрэглэн зодож эрүүл мэндэд нь үргэлжилсэн үйлдлээр хохирол учруулсан болох нь хохирогчийн мэдүүлэг, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн дүгнэлт, шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, гэм буруугийн талаар маргахгүй зэрэг мэдүүлэг, баримтаар тогтоогдож байна.

Иймд шүүгдэгчийг гэм буруутайд тооцуулах талаар прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дах хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэгт шүүгдэгч Б.Б-г гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэв.

Шүүгдэгч нь шүүх хуралдаанд гэм буруугийн талаар маргаагүй бөгөөд хохирогч Ц.Ж нь нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэсэн байх тул шүүгдэгч Б.Б нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзэв.

Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүхээс шүүгдэгч Б.Б-г гэм буруутайд тооцсон нотлох баримт болон гэр бүлийн маргааны улмаас хохирогчийн эрүүл мэндэд халдсан  хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хохирогч гомдол саналгүй, нэхэмлэх зүйлгүй болон гэмт хэргийн хор уршгийн шинж чанар арилсан,  эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Улсын яллагчаас шүүгдэгч Б.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэлд нь 700 /долоон зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 /долоон зуун мянган/ төгрөгөөр торгох ял оногдуулах, ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх дүгнэлтийг гаргасан бол, шүүгдэгчийн зүгээс гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна, үйлдсэн хэрэгтээ гэмшиж байна, эхнэртэйгээ эвлэрсэн, дахиж ийм үйлдэл гаргахгүй торгуулийн ялын хэмжээг багасгаж өгнө үү гэсэн хүсэлтийг гаргасан болно. 

Шүүгдэгч Б.Б-н үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Иймд шүүгдэгч Б.Б нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогчтой эвлэрсэн гэх хувийн байдал болон тэрээр хөдөлмөр эрхэлдэг зэрэг нөхцөл байдлыг харгалзан улсын яллагчийн торгуулийн ял оногдуулахаар гаргасан эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 600 нэгж буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулах, ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлөх боломжтой байхаар оногдуулах нь зүйтэй гэж үзэв.

Шүүгдэгч Б.Б-д торгох ял оногдуулсантай холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлд зааснаар оногдуулсан торгох ялыг хуульд заасан хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоож, тэрээр торгох ялыг биелүүлээгүй бол оногдуулсан ялыг хорих ялаар сольж болохыг анхааруулав. Эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-г 600 (зургаан зуун) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 (зургаан зуун мянган) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солиж болохыг анхааруулсугай.

5. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч нь гомдол, саналгүй, шүүгдэгч нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, тэрээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус  дурдсугай.

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

7. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, түүний өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

8. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  М.МӨНХБААТАР