Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 03 сарын 21 өдөр

Дугаар 337

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Мөнхбаатар даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Энх-Учрал,

улсын яллагч Б.Дэлгэрмаа,

хохирогч Н.Н,

шүүгдэгч Н.Г нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Тээврийн прокурорын газрын хяналтын прокуророос Н.Г-т холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, эрүүгийн ................ дугаартай хэргийг 2019 оны 3 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Н.Г, Монгол Улсын иргэн, бүрэн дунд боловсролтой, сантехникч мэргэжилтэй, “Наадам центр”-т байрлах “Bull” ресторанд зөөгч ажилтай, ам бүл 4, эх, дүү нарын хамт .............. тоотод оршин суух, ял шийтгэлгүй /РД:............../,

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

Яллагдагч Н.Г нь 2018 оны 12 дүгээр сарын 24-ний өдөр 19 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хороо, Баянхошууны хөтлийн замд “Toyota Sai” маркийн 45-51 УНЕ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.9-д заасан “Уулзвараас бусад газарт жолооч зүүн гар тийш буюу буцаж эргэхдээ өөдөөс чигээрэй яваа болон баруу гар тийш эргэх тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөний улмаас Х.А-н жолоодож явсан “Hyundai Grace” маркийн ......... улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж, зорчигч Н.Н ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Н.Г нь 2018 оны 12-р сарын 24-ний өдөр 19 цагийн Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хороо, Баянхошууны хөтлийн замд “Toyota Sai” маркийн .......... улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.9-д заасан “Уулзвараас бусад газарт жолооч зүүн гар тийш буюу буцаж эргэхдээ өөдөөс чигээрэй яваа болон баруу гар тийш эргэх тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөний улмаас Х.А-н жолоодож явсан Hyundai Grace маркийн ......... улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж, зорчигч нь Н.Н-ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан үйлдлийг,

 

Нэг. Гэм буруутайд тооцох тухайд:

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан шүүгдэгчийг гэм буруутайд тооцох үндэслэл болсон нотлох баримтуудын агуулга:

1. 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдөр хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгээр тогтоосон байдал, хэмжилтийн бүдүүвч болон гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх6-12/,

2. Хохирогч Н.Н-ын "...зорчих хэсгийн 2 дугаар эгнээд явж байтал эсрэг урсгалаас нэг цагаан өнгийн машин зүүн гар тийшээ эргэж байсан гэтэл миний сууж явсан микроны жолооч... тойрох гэж байгаад мөргөсөн... Би маш их гомдолтой байна... би ажилгүй байх хугацааны цалин болон эмчилгээ хийлгэх хохирлоо барагдуулж авмаар байна...” гэх мэдүүлэг /хх25-27/,

3. Гэрч Н.М-н "...Миний сууж явсан микро автобус нилээн хурдтай явж байсан, би микро автобусны голын сандал дээр хойшоо хараад сууж байсан, жолооч гэнэт тоормоз гишгэх шиг болсон, нэг зүйл мөргөсөн, тэгээд микро автобуснаас бууж ирээд хартал нэг цагаан өнгийн авто машинтай мөргөлдчихсөн байсан...” гэх мэдүүлэг /хх65/,

4. Гэрч Б.С-н"... нэг цагаан өнгийн суудлын автомашин миний сууж явсан машины урдуур эргээд ороод ирсэн, миний сууж явсан автомашин зогсож амжихгүй нөгөө цагаан машиныг очоод мөргөсөн... Би тухайн үед жолоочийн хажууд хамгийн урд сууж явсан... гомдол санал, нэхэмжлэх хохирол байхгүй...” гэх мэдүүлэг /хх66-67/,

5. Гэрч Г.Ө-н "...машинаасаа буугаад хартал нэг цагаан өнгийн "Сай" маркийн автомашинтай, миний сууж явсан микро автобус мөргөлдсөн байсан, машин дотор миний хажууд сууж явсан эмэгтэйгийн нүүрнээс нь цус гарчихсан байсан, тэгэхээр нь би 103 руу дуудлага өгсөн... Миний сууж явсан микро маркийн автомашин ойролцоогоор 60 км/цаг орчим хурдтай явж байсан байх... Миний биед ослоос учирсан гэмтэл, бэртэл байхгүй. Миний бие одоо зүгээр хэвийн байгаа...” гэх мэдүүлэг /хх69-70/,

6. Иргэний нэхэмжлэгч Х.А-н"... засварын буудал руу дөхөж явтал миний машины урд талаар “Тоёота Сай” маркийн цагаан өнгөтэй автомашин гэнэт эргээд ороод ирсэн, тэгэхээр нь би тоормозоо гишгээд машинаа зогсоож чадалгүй, гулгаж очоод мөргөсөн..." гэх мэдүүлэг /хх39-42/,

7. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлэгийн шинжилгээ №711 дугаартай “... Н.Н-ын биед зүүн гайморовын хөндийн урд хана, дотор хананы хугарал, зүүн нүдний ухархайн дотор ханын хугарал, хамрын ясны хугарал, нүдний салстын цус харвалт, зовхины цус хуралт, хацрын няцарсан шарх бүхий гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.  Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул “гэмтлийн хүндэвтэр” зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой...” гэх дүгнэлт /хх77/,

8. “Хөрөнгө Эстимэйт” ХХК-ийн №5921 “...Эзэмшигчийн нэр: З.А  ...Hyundai Grace, улсын дугаар ........... ... үнэлгээгээр тогтоогдсон дүн 1.622.500 ... авто машин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээний тайлангийн хавсралт /хх83-84/,

9. 2019 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 49 дугаартай техникийн шинжээчийн “...Toyota Sai маркийн ......... УНЕ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч Н.Г нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.9-д "Уулзвараас бусад газарт жолооч зүүн гар тийш буюу буцаж эргэхдээ өөдөөс чигээрээ яваа болон баруун гар тийш эргэх тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө” гэснийг зөрчсөн байх үндэслэлтэй байна. Hyundai Grace маркийн    .........  улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч Х.А нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалт зөрчсөн гэх үндэслэлгүй байна. Зам тээврийн осол гарахад замын тэмдэг, тэмдэглэгээ нөлөөлсөн гэх үндэслэлгүй бөгөөд замын бусад байгууламжийн эвдрэл гэмтэлгүй байна. Уг зам тээврийн осол нь Toyota Sai маркийн ....... улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч Н.Г-н буруутай үйлдлийн улмаас гарсан байх үндэслэлтэй байна..." гэх дүгнэлт /хх100-101/

10. Гэрч Р.Э-н “... хоорондоо ярилцаж тохиролцсоны үндсэн дээр л мөнгө төгрөгөө өгч авсан юм. Одоо Хьюндай Грейс маркийн ........ улсын дугаартай автомашин нь талийгаач нөхрийн маань нэр дээр байдаг боловч Х.А-н өөрийнх нь машин байгаа юм...” гэсэн мэдүүлэг /хх51/ зэрэг нотлох баримтууд болон шүүгдэгчийн хувийн байдал, хохирол төлбөр төлсөнтэй холбоотой баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Мөн шүүгдэгчийг яллагдагчаар, хохирогч, иргэний нэхэмжлэгч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, шинжээчийн дүгнэлт, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

Улсын яллагчаас шүүгдэгч Н.Г-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулах, бусдад төлөх төлбөргүй гэх дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгч нь улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлттэй мэтгэлцээгүй, гэм буруу дээр маргаагүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч шүүх хуралдаанд оролцсон болно.

Шүүгдэгч Н.Г нь ......... УНЕ улсын дугаартай “Toyota Sai” маркийн автомашиныг жолоодон замын хөдөлгөөнд оролцож, буцаж эргэх үйлдэл хийх үедээ Замын хөдөлгөөний дүрмийн 10.9-д заасан “Уулзвараас бусад газарт жолооч зүүн гар тийш буюу буцаж эргэхдээ өөдөөс чигээрээ яваа болон баруун гар тийш эргэх тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө” гэснийг баримтлалгүй эргэснээс болж жолооч Х.А-н жолоодож явсан Hyundai Grace маркийн ............. улсын дугаартай автомашинтай мөргөлдөн зам тээврийн осол гаргасан нь хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, хохирогч Н.Н-ын мэдүүлэг, гэрч Н.М, Б.С, Г.Ө нарын  мэдүүлэг, иргэний нэхэмжлэгч Х.А-н мэдүүлэг, шинжээч цагдаагийн ахмад Н.Ш-н 2019 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн №49 дүгээр дүгнэлтээр тус тус тогтоогдож байна.

Уг үйл явдлын улмаас Х.А-н жолоодож явсан тээврийн хэрэгслийн зорчигч Н.Н-ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан нь Шүүх шинжилгээ Үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2018 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн №711 дугаартай дүгнэлтээр тогтоогдож байна. 

Иймд шүүгдэгч Н.Г нь замын хөдөлгөөнд оролцож, буцаж эргэх хөдөлгөөн хийх үедээ эсрэг урсгалаас ирж байгаа тээврийн хэрэгслийн урдуур амжиж гарна гэсэн байдлаар үйлдэлдээ хандаж, гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн байх бөгөөд улсын яллагчаас шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хууль зүйн үндэслэлтэй байх тул тус зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох нь зүйтэй байна.

Шүүгдэгч нь хохирогч Н.Н-ын эмчилгээний зардалд 3.050.000 төгрөгийн төлбөр төлсөн /хх110-111/,  иргэний нэхэмжлэгч Х.А-н Hyundai Grace маркийн .............улсын дугаартай тээврийн хэрэгслийн эвдрэлд 1.635.000  төгрөг, нийт 4.685.000 төгрөгийн хохиролыг бүрэн төлсөн байна.

Харин хохирогч Н.Н-ын хувьд одоогоор хийлгэсэн байгаа эмчилгээний зардлыг төлсөн, цаашид эмчилгээ, хагалгаа хийлгэх шаардлагатай гэсэн тайлбар хэлэлцүүлгийн шатанд өгсөн бөгөөд Эрүүгийн хуулийн зорилтод нийцүүлж хохирогчийн зөрчигдсөн эрх ашиг, сонирхлыг хамгаалах үүднээс гэмт хэргийн улмаас учирсан хор уршиг бүрэн арилаагүй гэж үзэж хохирогч нь цаашид эрүүл мэндэд учирсан гэм хор, хор уршгийн зардлыг нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

 

Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон дээр дурдсан нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан дараах байдлаар эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэлээ.

Улсын яллагчаас шүүгдэгч Н.Г-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах, эрх хасах нэмэлт ял оногдуулах шаардлагагүй гэсэн дүгнэлтийг гаргасан болно. Шүүгдэгчийн хувьд улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын дүгнэлтэд тайлбар хэлээгүй болно.

Шүүгдэгч Н.Г нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, мөн зүйлийн 1.2 дахь заалтад зааснаар “гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид шууд эмнэлгийн, бусад туслалцаа үзүүлсэн, учруулсан хохирлыг төлсөн зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгчийн хувьд хохирогч Н.Н, иргэний нэхэмжлэгч Х.А-т учруулсан хохирлыг нөхөн төлсөн, гэм буруугаа ухамсарласан, ажил хөдөлмөр эрхэлдэг нөхцөл байдлыг харгалзан улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг хүлээн авч 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж үзэв.

Эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Н.Г-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар замын хөдөлгөөний дүрэм зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулж Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Г-г 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй. 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Г-т оногдуулсан 500 нэгж буюу 500.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс хойш 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Н.Г нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, тэрээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг тус тус дурдсугай.

6. Шүүгдэгч Н.Г нь хохирогч Н.Н-д эмчилгээний зардалд 3,050,000 /гурван сая тавин мянга/ төгрөгний хохирол, иргэний нэхэмжлэгч Х.Алтанзулд 1,635,000 /нэг сая зургаан зуун гучин таван мянга/ төгрөгний хохирол тус тус төлсөнг дурдаж, хохирогч Н.Н өөрт учирсан гэм хор, хор уршгийн зардлыг Иргэний хэргийн шүүхийн журмаар нэхэмжлэх эрх нээлттэй болохыг мэдэгдсүгэй.

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

8. Шийтгэх тогтоолыг, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

9. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      М.МӨНХБААТАР