Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 04 сарын 20 өдөр

Дугаар 001/ХТ2018/00653

 

“Х” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

         Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн         

          2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 102/ШШ2017/03029 дүгээр шийдвэр,

    Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 

          2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 193 дугаар магадлалтай,

          Нэхэмжлэгч: “Х” ХХК

          Хариуцагч: Д.Ут холбогдох

     Зээлийн гэрээний үүрэгт 57.503.812 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

          Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

          Шүүгч Б.Ундрахын илтгэснээр хянан хэлэлцэв.

     Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, хариуцагчийн төлөөлөгч Ц.Н, өмгөөлөгч Б.Б, нарийн бичгийн даргад Ш.Мөнхжаргал  нар оролцов.

         Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Д.У Х ХХК-тай 2013-11-30-ны өдөр 13/423 тоот кредит картын зээлийн гэрээг 1 жилийн хугацаатай байгуулсан. Гэрээнд зээлийн эрхийн хэмжээ 30 сая төгрөг, сард бэлнээр ашиглавал 30 хувь, бэлэн бусаар ашиглавал 24 хувийн хүү тооцох болзолтой зээлжих эрхийн хугацаа нэг жил байхаар кредит карт нээсэн. Гэрээнд үүргийн гүйцэтгэлийн барьцаанд Налайх дүүрэг 3 дугаар хороо үйлдвэрлэлийн зориулалттай 20 000 м.кв бүхий газар эзэмших эрхийг барьцаалсан. Кредит картын гэрээний үндсэн нөхцөл нь нэг жилийн хугацаанд зээл авч зээлээ төлөөд ногдох төлбөрийг тухайн сардаа төлсөн тохиолдолд авсан хэмжээгээрээ дахин ашиглах эрхтэй буюу зээлжих эрхийн нөхцөлтэй байхаар гэрээ байгуулсан. Зээлдэгч зээлийн гэрээний үүргийг сар сардаа биелүүлж, зээл авах байдлаар ашигласан байдаг. Зээлдэгчийн зүгээс Ханд нийт 6 163 942.96 төгрөгийн төлөлт хийсэн. Энэ төлөлт нь хүү, хугацаа хэтэрсэн шимтгэл, бэлэн зарлагын шимтгэлд тооцогдсон. Үүнийг 2017-10-18-ны өдөр нэхэмжлэлийн нэмэлт тодруулгад тайлбарласан. Зээлдэгч 30сая төгрөгийн кредит картнаас нийт 29 989 742.97 төгрөгийг зээл хэлбэрээр авч хэрэглэсэнч буцаан төлөөгүй. Кредит карт нь тухайн сардаа төлөлт хийсэн буюу хүү, хугацаа хэтэрсэн шимтгэл, ашигласан шимтгэлээ төлсөн тохиолдолд үлдэх төлсөн дүнгээрээ зээл авч ашиглах эрхтэй байдаг. Нийт 29 989 742.97 төгрөг авч ашигласан боловч зээл хэлбэрээр банкинд 250 000 төгрөг буцаан төлсөн. Үндсэн нэхэмжилсэн төлбөрөөс төлөлт хийсэн 250 000 төгрөгийг хасч үндсэн үлдэгдэл нь 29 739 742 төгрөг болсон. Зээлдэгч нь зээлийг бэлнээр авч ашигласан учир 30 хувиар хүү тооцсон. Хариуцагч нь 2014 оны 10 дугаар сарын 27-ны өдрөөс хойш төлбөр төлөөгүй учир хүү хуримтлагдаж эхэлсэн. 2017 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар 26 854 211 төгрөгийн хүү хуримтлагдсан. Үүнийг 30 хувиар тооцсон учир нь зээлдэгч зээлийг байнга бэлнээр авч байсан. 2014 оны 10 дугаар сараас эхэлж сар бүрийн хугацаа хэтэрсэн шимтгэл 25 000 төгрөгийг кредит картны гэрээнд зааснаар тооцсон. Бид хугацаа хэтэрсэн төлбөрийг гэрээний бусад нөхцөлд оруулан тооцсон. Үүнийг хуулиар хориглоогүй учир сар бүр 25 000 төгрөгийн шимтгэл тооцож, нийт 900 000 төгрөг болсон. Иймд хариуцагч Д.Уээс 57 503 812 төгрөгийг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангаж өгнө үү гэжээ.

         Хариуцагч  хариу тайлбартаа: Х ХХК-с удаа дараа утастаж манай харилцагч болооч манайх зээлийн боломжтой санал тавина. 5 жилийн хугацаатай кредит карт нээлгэж зээлийн гэрээ байгуулъя гэснээр гэрээ байгуулсан боловч зээлийн хугацааг 1 жилийн хугацаатай байгуулж хариуцагчийг мэхэлсэн. Хариуцагч нь зээлийн гэрээг 5 жилийн хугацаатай гэж ойлгож бизнесээ товлосон боловч нэхэмжлэгч талаас жилийн хугацаатай гэрээ байгуулсан байсан. Хариуцагч нь удаа дараа гэрээний хугацааг сунгах хүсэлт гаргаж байсан боловч Х ХХК-с манай журам өөрчлөгдсөн 5 жилээр гэрээ хийх боломжгүй гэсэн нэрийдлээр зээлийн гэрээг сунгаагүй. Кредит картны зээл авсны дараа бизнесээ өргөжүүлнэ гэж бодоод 1 500 000 төгрөгийн зээл авахаар материал бүрдүүлж өгсөн. Эдийн засагч нь тухайн үед найдвартай зээлдэгч тул зээл бүтнэ гэж хэлж байсан боловч 5, 6 сарын дараа зээл өгөх боломжгүй гэсэн хариу өгсөн. Худалдаа хөгжлийн банк болон Голомт банкинд хандсан боловч та нар манай харилцагч биш болсон учир зээл өгөх боломжгүй гэсэн хариу өгсөн. Талууд хоорондоо зээл өгч, авалцсан тул аль аль нь ашигтай байх ёстой боловч Хны зүгээс гэрээ сунгаагүй, зээлийг бизнесийн зээл рүү шилжүүлэх санал тавьсан байсан боловч шилжүүлээгүй. Богино хугацаанд зээл олгочхоод зээлээ төлөхийг шаардсан. Одоогийн улс төр, нийгмийн байдлаас шалтгаалж хариуцагчийн бизнес ч зогсонги байдалд орж орлого буурч бизнес зогссон. Хариуцагчийн хувьд барьцаа хөрөнгөөр зээлийг хаасан гэж бодож байтал 2 жил 10 сарын дараа өндөр хүү нэхэмжилж байгааг зөвшөөрөхгүй. Зээлдэгч Д.У нь 2014-08- 31-ний өдөр хүртэл гэрээний хүүг тогтмол төлж, гэрээний үүргээ биелүүлж байсан ч дахин үүрэг гүйцэтгэх боломжгүй болсон. Банк гэрээнд заасны дагуу 2014-10- 30-ны өдрөөр гэрээг цуцалж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах үүрэгтэй байсан. Банк жилийн 30 хувийн хүү бодож байгаа нь ямар ч үндэслэлгүй. Гэрээний 6.2.1-д зааснаар зээлдэгч нь 2014 оны 9 дүгээр сарын хүүд 764 000 төгрөг, 10 дугаар сарын хүүд 764 000 төгрөг, нийт 1 528 000 төгрөгийн хүү, үндсэн зээл 29 739 742 төгрөг, нийт гэрээний үүрэгт 31 267 742 төгрөгийг төлөх үүрэгтэй байгаа тул нэхэмжлэлийн үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

        Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 102/ШШ2017/03029 дүгээр шийдвэрээр Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар хариуцагч Д.Уээс 57 503 812 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Х ХХК-д олгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар Налайх дүүрэг 3 дугаар хороонд байрлах нэгж талбарын 18667291528709 дугаар бүхий 20 000 м.кв газраар үүргийн гүйцэтгэлийг хангаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 515 669 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Д.Уээс 515 669 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Х ХХК-д олгож шийдвэрлэсэн байна.

       Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 193 дугаар магадлалаар Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 102/ШШ2017/03029 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар хариуцагч Д.Уээс 31 267 742 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Х ХХК-д олгож, нэхэмжлэлээс үлдэх 26 236 070 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчлөн, тогтоох хэсгийн 3 дахь заалтын “515 669” гэснийг “314 288” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээжээ.

        Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Байгалмаа хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “...Шүүх шийдвэрийн үндэслэлдээ “Банк эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж төлбөр тооцоо зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 25.2 дахь хэсэгт “хугацаа хэтэрсэн хүүгийн хэмжээг энэ хуулийн 24.3 дахь хэсэгт заасан хэмжээнээс хэтрүүлэхгүйгээр гэрээнд тусгана.” гэж мөн хуулийн 24.3 дахь хэсэгт “Зээлийг заасан хугацаанд төлөөгүй бол зээлийн гэрээний үүргээ бүрэн биелүүлж дуусах хүртэл хугацаанд зээлийн үндсэн хүү, гэрээнд заасан бол түүний 20% хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлнө.” гэж заасан хуулиар хэтэрсэн хугацаанд хүү тооцох талаар тохиролцох эрх талуудад нээлттэй боловч зээлийн гэрээнд тусгахыг хуулиар шаардсан байна” гээд талуудын хооронд байгуулсан кредит картын гэрээнд хэтэрсэн хугацааны хүүг гаргуулах талаар болон гэрээний 1.3.9-д хугацаа хэтрүүлсэн тохиолдолд тооцох шимтгэлийн хэмжээг тохиролцоогүй тул нэхэмжлэлийн шаардлагаас хэтэрсэн хугацааны хүү, хугацаа хэтрүүлсэн шимтгэлийг шаардах эрх нэхэмжлэгчид үүсээгүй бөгөөд Иргэний хуулийн 453.1 дэх хэсэгт заасан үндэслэл бүрдээгүй тул нэхэмжлэлээс 26.236.070 төгрөгийг хасаж шийдвэрлэсэн. Шүүх дээрх хуулийн заалтуудыг буруу тайлбарлан хэрэглэсэн. Үүнд: Иргэний хуулийн 453.1 дэх хэсэг, Банк эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24.3 дахь хэсэгт зааснаар зээлдэгч зээлийн гэрээний хугацаа дууссанаас хойш зээлийн гэрээний үүргээ бүрэн биелүүлж дуусах хүртэлх хугацааны хүүг төлөх үүрэгтэй. Банк шаардах эрхтэй. Энэ хүүгийн хэмжээ нь зээлийн гэрээнд тусгасан хүү юм. Гэтэл шүүх хугацаа хэтэрсэн хүүгийн хэмжээг гэж зээлийн гэрээнд тусгасан тохиолдолд шаардах эрх үүсэх мэтээр тайлбарлажээ. Дээрх хуулийн 24.3 дахь хэсэгт “Зээлийг заасан хугацаанд төлөөгүй бол зээлийн гэрээний үүргээ бүрэн биелүүлж дуусах хүртэл хугацаанд зээлийн үндсэн хүү, гэрээнд заасан бол түүний 20% с хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлнө.” гэж заасан бөгөөд зээлийн үндсэн хүү гэсний дараа таслал аваад гэрээнд заасан бол ... нэмэгдүүлсэн хүү төлнө” гэж заасан, зээлдэгч хугацаа хэтрүүлсэн тохиолдол нэмэгдүүлсэн хүүг тооцон авах бол үндсэн хүүгийн 20% с хэтрүүлэхгүйгээр зээлийн гэрээнд тусгах талаар 25.2 дахь хэсэгт заасан байна. Түүнээс “хугацаа хэтэрсэн хүү”-г гэж гэрээнд заавал хэмжээ заан тусгасан тохиолдолд хэтэрсэн хугацааны хүүг шаардах эрхтэй гэж үзэх ёсгүй. Банкны кредит картын зээлэнд “нэмэгдүүлсэн хүү” тооцдоггүй тул гэрээнд нэмэгдүүлсэн хүү авах талаар заалт байгүй харин хугацаа хэтэрсэн тохиолдолд “хугацаа хэтрүүлсний шимтгэл” авах талаар гэрээний 1.3.9 болон 3.3 дахь хэсэгт заасан. Гэтэл нэмэгдүүлсэн хүүг гэрээнд заагаагүй нь “хэтэрсэн хугацааны хүүг” тооцохгүй байх үндэслэл биш бөгөөд зээлдэгч зээлийн гэрээний үүргээ бүрэн биелүүлж дуусах хүртэл гэрээнд заасан үндсэн хүүгийн хувь хэмжээгээр хугацаа хэтрүүлснээс хойших буюу хэтэрсэн хугацааны хүүг төлөх үүрэгтэй болно. Банк хэтэрсэн хугацааны хүүг зээлийн гэрээнд заасан үндсэн хүүгийн хэмжээгээр шаардах эрхтэй байна. Иймээс магадлалыг хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.” гэжээ.

ХЯНАВАЛ:

         Х ХХК 2017 оны 09 дүгээр сарын 08ны өдөр Д.Ут холбогдуулан нэхэмжлэл гаргаж, зээлийн гэрээний үүрэгт 57,503,812 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг  барьцааны  хөрөнгөөр  хангуулахыг шаарджээ. 

        Анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүрэн хангасныг давж заалдах шатны шүүх өөрчилж, хариуцагчаас гаргуулах мөнгөний хэмжээг багасгасан байна.

       Хяналтын шатны шүүхэд гаргасан нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв. 

       2013 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 13/423 дугаар гэрээгээр Д.У   30,000,000 төгрөгийг, нэг жилийн 30 хувийн хүүтэй, 1 жилийн хугацаатай Х ХХК зээлэх эрхтэй болсон, 2013 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн БГҮ-13/423 дугаар   гэрээгээр үүргийн гүйцэтгэлд Налайх, /Чойр явдаг зам дагуу/ 3 дугаар хороонд байрлах нэгж талбарын 18667291528709 дугаар бүхий 20 000 м.кв газрыг барьцаалсан нь тогтоогдсон байна.

      Зохигчдын хооронд зээл болон барьцааны гэрээ байгуулагдсан талаар давж заалдах шатны шүүх дүгнэлт хийхдээ Иргэний хуулийн 451, 156 дугаар зүйлийн зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэжээ.    

      Хариуцагч 30,000,000 төгрөгийг хүлээн авсан боловч гэрээнд заасан хугацаанд уг мөнгийг хүүгийн хамт буцааж бүрэн төлөөгүй нь нотлогдсон тул Х ХХК нь  гэрээний үүргийг Д.Уээс шаардах эрхтэй юм.

      Талуудын хооронд байгуулсан кредит картын гэрээний 1.3.9-д хугацаа хэтрүүлсэн тохиолдолд тооцогдох шимтгэлийн хэмжээг тодорхой заагаагүй байх тул шийдвэрт өөрчлөлт оруулахдаа хийсэн давж заалдах шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах үндэслэлгүй байна.

       Давж заалдах шатны шүүх хэрэгт байгаа баримтын хэмжээнд нэхэмжлэлийн талаар дүгнэлт хийсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.3 дахь хэсгийг зөрчөөгүй тул нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхив.

      Харин давж заалдах шатны шүүх шийдвэрт өөрчлөлт оруулахдаа хариуцагч барьцааны зүйлийг эзэмших эрхтэй байгааг анхаараагүй нь дутагдалтай байх тул энэ үндэслэлээр магадлалд өөрчлөлт оруулна.

        Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ :

        1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 193 дугаар магадлалыг тогтоох хэсгийн нэг дэх заалтад “...шийдвэрийн 2 дахь заалтын “газраар” гэснийг “газар эзэмших эрхийг зохих журмын дагуу”...” гэсэн нэмэлт оруулж, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхисугай. 

        2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2018 оны 02 дугаар сарын 02-ны өдөр төлсөн 289.131 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

                                 ТАНХИМЫН ТЭРГҮҮН                           Х.СОНИНБАЯР

                                  ШҮҮГЧ                                                     Б.УНДРАХ