| Шүүх | Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Борын Дэнсмаа |
| Хэргийн индекс | 226/2017/0020/Э |
| Дугаар | 35 |
| Огноо | 2017-06-21 |
| Зүйл хэсэг | 181.3., |
| Улсын яллагч | Ц.Цэен-Ойдов |
Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2017 оны 06 сарын 21 өдөр
Дугаар 35
2017.6.21 №35
Д.Бат-Эрдэнэд холбогдох
эрүүгийн хэргийн талаар
226/2017/0020/Э
Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Б.Сүхгомбо даргалж, шүүгч О.Баатарсүх, Б.Дэнсмаа нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдааны “А” танхимд,
Нарийн бичгийн дарга: Н.Болор-Уянга
Ялтны өмгөөлөгч: Ж.Батбаатар,
Ялтан: Д.Бат-Эрдэнэ нарыг оролцуулан,
Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Ц.Мөнхтулгын даргалж, шүүгч Д.Ганзориг, Л.Уянга нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2017 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн 49 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч, ялтан Д.Бат-Эрдэнийн давж заалдах гомдлоор түүнд холбогдох эрүүгийн 201723000050 дугаартай хэргийг 2017 оны 5 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Дэнсмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Сүхбаатар аймагт 1965 онд төрсөн, 52 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр хүүхдүүдийн хамт, Хэнтий аймгийн Хэрлэн сум 4 дүгээр баг Хэрлэнгийн 6 дугаар гудамж 3 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгэлгүй гэх Арт овогт Дашнямжаагийн Бат-Эрдэнэ, /РД: СЮ65122616/ нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2017 оны 02 дугаар сарын 28-ны орой Хэнтий аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр баг Хэрлэнгийн 6-8 тоотод өөрийн гэртээ нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж Г.Алтангэрэлийг илтэд үл хүндэтгэн, хүч хэрэглэн архины шилийг зэвсгийн чанартай хэрэглэн толгойн тус газар нь цохиж зулайн хэсгийг нь ярж, духанд нь зүсэж, бие махбодид нь хөнгөн гэмтэл учруулж танхайрсан гэмт хэрэгт холбогджээ.
Д.Бат-Эрдэнийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3-т зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017оны 5 дугаар сарын 01-ний өдрийн 49 дүгээр шийтгэх тогтоолоор: Шүүгдэгч Арт овогт Дашнямжаагийн Бат-Эрдэнийг танхайрах гэмт хэргийг зэвсгийн чанартай зүйл хэрэглэн үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дугаар зүйлийн 551.1-д заасныг журамлан мөн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.3-д зааснаар шүүгдэгч Д.Бат-Эрдэнийг 03 жил 05 сарын хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10-д заасныг журамлан, мөн хуулийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар шүүгдэгч Д.Бат-Эрдэнэд оногдуулсан 03 жил 05 сарын хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1-д зааснаар шүүгдэгч Д.Бат-Эрдэнийн цагдан хоригдсон 13 хоногийг ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцож, хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгчийн биеийн байцаалттай холбоотой баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.
Ялтан Д.Бат-Эрдэнэ нь давж заалдах гомдолдоо: Би анхан шатны шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Хохирогч Алтангэрэл 2012 онд намайг зодож байсан. Би хэрэг болдог өдөр урьд зодуулж байснаа санаад уур хүрээд Алтангэрэлийн толгой руу шилээр цохисон юм. Энэ хэргийг үйлдсэндээ маш их гэмшиж байна. Иймд хэргийг дахин хянуулахаар анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй байх хуулийн шаардлагыг хангасан байна.
Д.Бат-Эрдэнэ нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2017 оны 02 дугаар сарын 28-ны орой Хэнтий аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр баг Хэрлэнгийн 6-8 тоотод өөрийн гэртээ нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж Г.Алтангэрэлийг илтэд үл хүндэтгэн, хүч хэрэглэн архины шилийг зэвсгийн чанартай хэрэглэн толгойн тус газар нь цохиж зулайн хэсгийг нь ярж, духанд нь зүсэж, бие махбодид нь хөнгөн гэмтэл учруулж танхайрсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:
Хохирогч Г.Алтангэрэлийн мөрдөн байцаалтанд өгсөн: 2017 оны 2 дугаар сарын 28-ны орой Зоригтбаатарын хамт Бат-Эрдэнийхээр шинэлэх гэж орсон юм. Намайг гэрлүү нь орох гэж байхад Бат-Эрдэнэ эхнэртэйгээ муудаад байгаа бололтой гэртээ нилээн чимээтэй байсан. Гэр рүү ортол Бат-Эрдэнэ гэрийнхээ зүүн талд орон дээрээ сууж байсан. Бат-Эрдэнэ “Зайл пизданууд минь” гээд босч ирээд хаанаас ч авсан юм мэдэхгүй нэг архины шил гартаа бариад над руу далайгаад миний толгойны зүүн дээд тал руу 1 удаа цохисон. Архины шил нь хагарч, бутраад би газар унасан. Бид хоёр өр авлага, өс хонзонтой зүйл байхгүй ... гэх /хх-11-13 х/,
Гэрч П.Зоригтбаатарын мөрдөн байцаалтанд өгсөн: ... Найз Алтангэрэлийн хамт Галшар сумын Бат-Эрдэнийнхээр шинэлэх гэж ортол Бат-Эрдэнэ гэрийнхээ зүүн талд орон дээрээ сууж байсан нилээн халамцуу байдалтай байсан. Гэнэт Бат-Эрдэнэ босч ирээд хаанаас авсан юм мэдэхгүй архины шил гартаа бариад Алтангэрэл рүү далайгаад толгойны хэсэгт нь 1 удаа цохисон. тэгтэл архины шил хагарсан ... гэх /хх-17 х/,
Гэрч Л.Ариунаагийн мөрдөн байцаалтанд өгсөн: Манай нөхөр Алтангэрэл нь Бат-Эрдэнэд толгойгоо хагалуулчихлаа гээд толгойгоо бариад цусаа гоожуулаад орж ирсэн ... гэх /хх-19-20 х/
Гэрч Б.Нэргүйн мөрдөн байцаалтанд өгсөн::. ...Орой 23 цагийн үед Г.Алтангэрэл нь бусдад зодуулсан гэх дуудлага ирүүлсэн. Гэр доторх байдал нь ерөнхийдөө цэвэрлэсэн байдалтай ямар нэгэн цус нөж, архины шилний хагархай байгаагүй. Тэгээд гэрээс нь гараад Бат-Эрдэнийг гудамжиндаа явж байхад олж авсан. Цагдаагийн газрын албадан саатуулах байранд согтуурал хэмжигч драгер багажаар хэмжихэд 1.77 хувьтай гарч байсан ... гэх мэдүүлгүүд /хх-24-25 х/ Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 101 дугаартай Г.Алтангэрэлийн биед толгойн зулайн ярагдсан шарх, духны зүсэгдсэн шарх бүхий гэмтэл тогтоогдлоо. Гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэх дүгнэлт зэрэг хэрэгт хамааралтай, хуульд заасан арга хэрэгслээр авагдаж шүүх хуралдаанаар хэлэлцэгдэн шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон бөгөөд мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг зөрчөөгүй, эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, анхан шатны шүүхээс ялтанд гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг нь харгалзан хорих ялын доод хэмжээнээс доогуур ял оногдуулсан байх тул ялтны давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй байна.
Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.1, 325 дугаар зүйлийн 325.1-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн 49 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, ялтны гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
Давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн, эсхүл Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзвэл магадлалыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор ялтан, хохирогч болон тэдгээрийн өмгөөлөгч нар хяналтын журмаар гомдол гаргах, Улсын Ерөнхий прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.СҮХГОМБО
ШҮҮГЧИД О.БААТАРСҮХ
Б.ДЭНСМАА