Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 09 сарын 24 өдөр

Дугаар 221/МА2020/0555

 

 

 

 

 

 

 

 

 

“Ү” ХХК нэхэмжлэлтэй

захиргааны хэргийг хянасан тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Д.Баатархүү даргалж, шүүгч Н.Хонинхүү, Э.Лхагвасүрэн нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Гантогтох, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А, хариуцагч Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б, Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Н, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Д.Х нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 7 дугаар сарын 2-ны өдрийн 456 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А гаргасан давж заалдах гомдлоор “Ү” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд, Нийслэлийн Засаг даргад тус тус холбогдох захиргааны хэргийг шүүгч Э.Лхагвасүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцээд,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А 2019 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэл, нэхэмжлэлийн тодруулсан шаардлагадаа:

““Т” ХХК-д газар ашиглах эрх олгосон Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2015 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн А/222 дугаар тушаалын “Ү” ХХК-ийн эзэмшил газартай давхцах хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох, Нийслэлийн Засаг даргын 2020 оны 4 дүгээр сарын 8-ны өдрийн А/485 дугаар захирамжийг хүчингүй болгуулах”-ыг хүсчээ.

Хоёр. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 7 дугаар сарын 2-ны өдрийн 456 дугаар шийдвэрээр:

“Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.8, 24 дүгээр зүйлийн 24.1, 24.2, 24.4-т заасныг тус тус баримтлан “Ү” ХХК-ийн ““Т” ХХК-д газар ашиглах эрх олгосон Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2015 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн А/222 дугаар тушаалын “Ү” ХХК-ийн эзэмшил газартай давхцах хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох, Нийслэлийн Засаг даргын 2020 оны 4 дүгээр сарын 8-ны өдрийн A/485 дугаар захирамжийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.

Гурав. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А дээрх шийдвэрийг эс зөвшөөрч 2020 оны 7 дугаар сарын 22-ны өдөр Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо:

“...Нэхэмжлэгчээс “Т” ХХК-д газар ашиглах эрх олгосон Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2015 оны А-27 дугаар тушаалын “Ү” ХХК-ийн эзэмшил газартай давхцах хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан.

1.Нийслэлийн Засаг даргын 2017 оны 10 дугаар сарын 4-ний өдрийн А/726 дугаар шийдвэрээр “Ү” ХХК-д “Амины орон сууц”-ны зориулалтаар 3.5 га талбайг 15 жилийн хугацаатайгаар эзэмших эрхтэй болсон. Гэвч тухайн газартай давхцуулан Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2015 оны А-27 дугаар тушаалаар “Т” ХХК-д ашиглуулах эрх олгожээ.

Эндээс уг газар нь Нийслэлийн Засаг дарга эсвэл Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын эрх хэмжээнд хамаарах тухай маргаан үүссэн. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 1-д зааснаар Байгаль орчин, аялал жуулчлалын сайд нь “...дархан цаазат газрын болон байгалийн цогцолборт газрын хязгаарлалтын бүс”-д “аж ахуйн нэгж, байгууллагад газар ашиглуулах тухай шийдвэрийг ...гаргах, эрхтэй”. Богдхан уулын дархан цаазат газрын хилийн заагийг Монгол Улсын Их Хурлын 1995 оны 26 дугаар тогтоолоор тогтоосноос үзэхэд маргаан бүхий газар нь дархан цаазат газарт хамаарахгүй, хилийн зурвасаас гадна оршиж байгаа тул тухайн газрыг Нийслэлийн Засаг дарга эзэмшүүлэхээр байна.

Энэ нь мөн “Т” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд холбогдох захиргааны хэргийг хянан шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрт хилийн цэсийг “1338” цэг хаана байгаа болох баримтыг тогтоосноор нотлогдоно. Үүнийг Газрын харилцаа, геодези зураг зүйн газраас ирүүлсэн зурагт тодорхой тусгасан байгаа тул Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын тушаал Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.3-т заасан илт хууль бус акт болно.

Захиргааны албан тушаалтны эрх хэмжээнд хамаарах эсэхийг тогтоосны дараа тухайн шийдвэрээ хуульд заасны дагуу цаг хугацааны дарааллаар шийдвэрлэсэн эсэхийг хянахаар байхад анхан шатны шүүхээс хэргийн оролцогчдын маргаантай гол асуудлыг шийдвэрлээгүй, харин хариуцагч, гуравдагч этгээд нараас ч дурдаагүй Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т заасныг баримтлан хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болсон.

2.Дээрх байдлаар газрын асуудлаар маргаантай байхад Нийслэлийн Засаг даргаас 2020 оны 4 дүгээр сарын 8-ны өдрийн А/485 дугаар захирамжаар газар эзэмших эрхийг хүчингүй болгосон. Ингэхдээ Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6-д заасныг үндэслэжээ.

“Ү” ХХК газар эзэмших гэрээгээ 2018 оны 10 дугаар сард байгуулсан бөгөөд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй гэх хугацаа болоогүй байхад Нийслэлийн Засаг дарга хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн.

Түүнчлэн захирамж гарахдаа нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоогүй нь Захиргааны ерөнхий хуулийн 26, 27 дугаар зүйлд заасныг зөрчсөн. Хариуцагчаас сонсох ажиллагааг явагдахыг шуудангаар мэдэгдсэн гэсэн ч нэхэмжлэгчтэй хамааралгүй хаягаар илгээсэн болох нь шуудангаас ирүүлсэн лавлагаагаар тогтоогдсон тул “ажиллагааг зохих ёсоор явагдаагүй” гэж үзэх үндэслэлтэй байна.

Дээрх байдлаар анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй тул шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Шүүх маргааныг үндэслэлтэй зөв шийдсэн байх тул давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, харин шийдвэрийн тогтоох хэсэгт хууль хэрэглээний зохих өөрчлөлт оруулав.

Цаг хугацааны хувьд нэхэмжлэгчээс өмнө буюу 2015 онд Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын А-27 дугаар тушаалаар гуравдагч этгээд “Т” ХХК-д олгогдсон 3.8 га, үүнээс 2 жилийн дараа буюу 2017 онд Нийслэлийн Засаг даргын А/726 дугаар захирамжаар нэхэмжлэгчид олгосон 3.5 га газрууд байршлын хувьд 21840 м.кв буюу ойролцоогоор 2.2 га-аар давхцалтай болох нь Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газрын 2020 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 2/746 дугаар албан бичгээр ирүүлсэн зургаар тогтоогджээ.

Хэрэгт авагдсан баримтуудаар Хан-Уул дүүргийн 8 дугаар хороонд хамаарах маргаан бүхий газар Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Тусгай хамгаалалттай газар нутгийн мэдээллийн санд Богдхан уулын дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд хамаарахаар тусгагдсан; /хх-ийн 33, 230 дахь тал/

-Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газраас Нийслэлийн Газрын албанд хүргүүлсэн 2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 1/2171 тоотод “...“Ү” ХХК-д эзэмшүүлсэн 3.5 га газар Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын бүсэд орохгүй...” гэж, харин “Т” ХХК-д хүргүүлсэн 2019 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 1/499 тоотод уг талбайг “...Байгаль орчин, аялал жуулчлалын яамны ашиглаж буй Богдхан уулын дархан цаазат газрын хил заагт орж байна” гэх байдлаар зохих хэмжээгээр давхцалтай газрын талаар өөр өөр тайлбар гаргасан;

-мөн тус газраас анхан шатны шүүхэд ирүүлсэн 2020 оны 1 дүгээр сарын 24-ний өдрийн 2/195 албан хариунд “Улсын Их Хурлын 1995 оны 26 дугаар тогтоолоор тогтоосон Богдхан уулын дархан цаазат газрын хил зааг зарим хэсэгтээ маргаантай байгаа тул үүнийг шийдвэрлэх зорилгоор ажлын хэсэг томилогдон ажиллаж байгаа талаар, ажлын хэсгийн шийдвэр эцэслэн гараагүй тул “Ү” ХХК, “Т” ХХК-ийн эзэмшил, ашиглалтын газрыг Богдхан уулын дархан цаазат газрын хил заагтай давхцуулан гаргах боломжгүй” гэсэн байх тул энэ тохиолдолд Сайдаас Байгаль орчин, аялал жуулчлалын яамны мэдээллийн санд үндэслэн Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуульд заасан эрх хэмжээний хүрээнд газар ашиглах эрхийг гуравдагч этгээдэд олгосныг илт хууль бус буюу эрх хэмжээгээ хэтрүүлсэн гэж үзэхгүй.

“Т” ХХК-ийн нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан шийдвэрлэсэн Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 130 дугаар шийдвэр Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 239 дүгээр магадлалд хяналтын журмаар гомдол гаргаагүй тул хуулийн хүчин төгөлдөр болж, уг шийдвэр, магадлалд тус компанийн эзэмшил бүхий газрын зарим хэсгийг Байгаль орчин, аялал жуучлалын яамнаас Богдхан уулын дархан цаазат газар нутгийн хилийн заагт хамааруулан мэдээллийн санд бүртгэснийг хууль бус болохыг тогтоож хүчингүй болгон, Улсын Их Хурлын 1995 оны 26 дугаар тогтоолоор тогтоосон “... Айц уул /1735,2/, түүнээс хойш орших 1624,0, 1338,0 тоотууд, 1338,0 тоотоос зүүн хойш орших Яармаг, Нисэхийн чиглэлээс Нүхтийн ам руу салсан замын уулзварын баруун урд талын 1 тоот шон, ...” гэсэн цэгийн дагуу Богдхан уулын дархан цаазат газрын хилийн заагийг мэдээллийн санд зөвөөр оруулахыг яаманд даалгасан боловч одоогоор хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийн дагуу зохих өөрчлөлт ороогүй, өөрөөр хэлбэл дээр дурдсанчлан ажлын хэсгийн шийдвэр эцэслээгүй байхад байршлын хувьд хил залгаа төдийгүй шүүхийн шийдвэрийг хэрэгжүүлж ирээдүйд хийгдэх “хил зааг”-аар гуравдагч этгээдэд ашиглах эрх олгосон газар нь Сайдын эрх хэмжээнд хамаарахгүй гэж дүгнэн, энэхүү шийдвэр, магадлалыг үндэслэн нэхэмжлэлийн эхний шаардлагыг хангах үндэслэлгүй.

Шүүхээс 2 дахь шаардлагын тухайд “хууль зүйн дүгнэлт өгөх шаардлагагүй” гэж үзсэн нь хангалтгүй боловч энэ нь шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл биш байх тул нийслэлийн Засаг даргын 2020 оны 4 дүгээр сарын 8-ны өдрийн А/485 дугаар захирамжтай холбогдуулан давж заалдах шатны шүүхээс дүгнэлт өгөх боломжтой гэж үзлээ.

Нэхэмжлэгчид газар эзэмших эрх анх 2017 оны 10 дугаар сарын 4-ний өдөр үүссэн талаар өмнө дурдсан, харин газар эзэмшүүлэх гэрээ, гэрчилгээ үүнээс жилийн дараа буюу 2018 оны 10 дугаар сарын 8-ны өдөр олгогдсон байна.

Гэрээнд зааснаар газрын төлбөрт нэг жилд 7.7 сая төгрөг, үүнээс улирал тутам 1.925.000 төгрөг төлөхөөр байхад өнгөрсөн хугацаанд газрыг төлбөрийг ямарваа хэлбэрээр огт төлөөгүй, ийнхүү төлөөгүй үндэслэлээ газрын давхцалтай, мөн газраа ашиглах боломжгүй байсантай холбож тайлбарлах боловч энэ нь төлбөр төлөхгүй байх шалтгаан биш.

Газрын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт газар эзэмшиж, ашиглаж байгаа иргэн, аж ахуйн нэгж, байгууллага Газрын төлбөрийн тухай хуулийн дагуу газрын төлбөр төлнө, 31.3-т газар эзэмшүүлэхэд тавигдах шаардлагын нэгэнд хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна, 35.3.3-т газар эзэмшигч нь газрын төлбөрийг хуульд заасан хугацаанд төлөх үүрэгтэй гэж тус тус заасан.

Бодит байдалд 3.5 га газар бүхэлдээ бус 2.2 га орчим нь давхцалтай, иймд давхцаагүй 1.3 га-д төлбөр төлөх, цаашлаад энэ хүрээнд газраа хашаалах бусдаас ялгагдах тэмдэг, тэмдэглэгээ хийх боломжтой байхад ямар ч үйл ажиллагаа явуулаагүй байх тул Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д заасны дагуу “эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй” гэсэн үндэслэлээр нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосныг буруутгах боломжгүй.

Харин хуулийн 40.1.6-д зааснаар “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэдгийг захирамж гарснаас бус гэрээ, гэрчилгээ олгосон 2018 оны 10 сарын 8-наас тооцох нь зүйтэй боловч хариуцагчаас зөвхөн энэ шалтгаанаар захирамжийг гаргаагүй, түүнчлэн давхцал бүхий 2.2 га газрыг ашиглах эрх бусдад үүссэн байгаа нь Газрын тухай хуулийн дээр дурдсан 31.3-т заасантай нийцээгүй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон,

ТОГТООХ нь:

1.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 7 дугаар сарын 2-ны өдрийн 456 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтын “Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.8, 24 дүгээр зүйлийн 24.1, 24.2, 24.4-д...” гэснийг “Газрын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 31 дүгээр зүйлийн 31.3, 35 дугаар зүйлийн 35.3.3, 40 дүгээр зүйлийн 40.1.5-д заасныг...” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5, 123 дугаар зүйлийн 123.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хууль буруу хэрэглэсэн, эсхүл хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гаргахад нөлөөлсөн гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар магадлалыг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

ШҮҮГЧ                                                           Д.БААТАРХҮҮ

ШҮҮГЧ                                                           Н.ХОНИНХҮҮ

ШҮҮГЧ                                                           Э.ЛХАГВАСҮРЭН