Улсын дээд шүүхийн Тогтоол

2026 оны 05 сарын 21 өдөр

Дугаар 2026/ХШТ/47

 

                                                                            ...-д холбогдох

 эрүүгийн хэргийн тухай

                                                                                                                                                                                                                     

 

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын шүүгч С.Соёмбо-Эрдэнэ даргалж, шүүгч Б.Амарбаясгалан, М.Пүрэвсүрэн, Ч.Хосбаяр, Б.Цогт нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Ц.Сүхбат, шүүгдэгч ...- /цахим/, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Л.Наранбаяр /цахим/, иргэний хариуцагчийн өмгөөлөгч Д.Галтогтох /цахим/, нарийн бичгийн дарга Б.Энхжаргал нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

 

Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 368 дугаар шийтгэх тогтоол, Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2026 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 06 дугаар магадлалтай, ...-д холбогдох 2521004970307 дугаартай хэргийг иргэний хариуцагчийн өмгөөлөгч Д.Галтогтохын гаргасан гомдлыг үндэслэн 2026 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Цогтын танилцуулснаар нээлттэй хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, ... онд төрсөн, ... настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, ял шийтгэлгүй, ... овогт ....

Шүүгдэгч ...- нь 2025 оны 07 дугаар сарын 03-ны орой 19 цагийн үед ... аймгийн ... сумын ... дугаар баг, “...” гэх газарт “Тоёота приус-20” загварын ... ДОА дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцох үедээ Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 1.5-д “Замын хөдөлгөөнд оролцогч нь энэ дүрмийн өөрт хамаарах заалт шаардлагыг мэддэг, сахин биелүүлдэг байвал зохино”, 3.4б-д “хамгаалах бүсээр тоноглогдсон авто машин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүсийг хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх”, 12.1-д “жолооч хөдөлгөөний эрчим, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна”, 12.3-т “жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна”, 23.9з-д “өөрийн үйлдлийг хянах чадваргүй /согтуурсан, мансуурсан гэх мэт/ хүнийг урд суудалд, эсхүл жолоочоос өөр харгалзан хамгаалах хүнгүйгээр тээвэрлэхийг хориглоно. Зөвхөн харгалзах хүнтэй арын суудалд зөвшөөрнө” гэх заалтуудыг тус тус зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж тээврийн хэрэгсэлд зорчиж явсан зорчигч ...-ийн амь насыг хохироосон гэмт хэрэгт холбогджээ.

 

Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх шүүгдэгч ...-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан Тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 жил 1 сарын хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 жил 6 сарын хугацаагаар тэнсэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5-д зааснаар шүүгдэгч ...-д тэнссэн хугацаанд оршин суух газар, ажлаа, өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч, тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг шүүгдэгч ...-д мэдэгдэж, үүрэг хүлээлгэсэн этгээдэд хяналт тавихыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,

шүүгдэгч ...-д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 жил 1 сарын хугацаагаар хасах нэмэгдэл ялыг тэнсэж хянан харгалзах ял оногдуулсан үеэс эхлэн тоолж,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 497.3, 499 дүгээр зүйлийн 499.1, 508 дугаар зүйлийн 508.5, 511 дүгээр зүйлийн 511.4, 511.5-д тус тус зааснаар шүүгдэгч ...-гээс оршуулгын зардалд 821.513 төгрөгийг, сэтгэцэд учирсан хохиролд 237.600.000 төгрөг, нийт 238.421.513 төгрөгийг шүүгдэгч ...-, иргэний хариуцагч ...-нараас хувь тэнцүүлэн гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ...-д олгохоор шийдвэрлэсэн байна.

 

Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 6 дахь заалтыг “… Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.1, 499.4, 508 дугаар зүйлийн 508.1, 511 дүгээр зүйлийн 511.3, 511.4, 511.5 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч ...-гээс оршуулгын зардалд 821.513 төгрөг, сэтгэцэд учирсан гэм хорыг арилгах нөхөн төлбөрт 118.800.000 төгрөг буюу нийт 119.621.513 төгрөгийг, иргэний хариуцагч ...-оос сэтгэцэд учирсан гэм хорыг арилгах нөхөн төлбөрт 118.800.000 төгрөгийг тус тус гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ...-д олгосугай.” гэж өөрчилж, тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, иргэний хариуцагч ..., түүний өмгөөлөгч Д.Галтогтох нарын давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

 

Хяналтын шатны шүүхэд иргэний хариуцагчийн өмгөөлөгч Д.Галтогтох гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “... Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1, 499.4 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгслийн эзэмшигч, өмчлөгчийн хувьд амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд учирсан хохирлыг хариуцна. Сэтгэцэд учирсан хохирлыг нөхөн төлүүлэх талаар тусгаагүй. Сэтгэцэд учирсан хохирлыг шууд хохирол учруулсан буюу гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай этгээд хариуцах талаар Иргэний хуулийн 497 дугаар зүйлд заасан байна. Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1, 499.4 дэх хэсэгт зааснаар иргэний хариуцагч ...-ын хувьд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ...-ийн сэтгэцэд учирсан хохирлыг шууд хариуцах үүрэг байхгүй. Сэтгэцэд учирсан хохирлыг гаргуулах талаар Иргэний хуульд 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдөр өөрчлөлт орж, тус хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсгүүдэд тодорхой зааснаас харахад гэмт хэрэг үйлдсэн этгээд сэтгэцэд учирсан хохирлыг дангаар хариуцахаар байна. Иргэний хариуцагчийн хувьд оршуулгын зардал, эд хөрөнгөд учирсан хохирлыг хариуцан төлнө, сэтгэцэд учирсан хохирол төлөх үүрэг хуулиар олгогдоогүй байна гэж үзэж хяналтын журмаар гаргасан гомдлоо дэмжиж байна” гэв.

 

Мөн шатны шүүхэд хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Л.Наранбаяр шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “... Иргэний хариуцагчийн өмгөөлөгч Иргэний хуулийн дараах зүйл, заалтад үндэслэж гомдол гаргасан байна. Нэгдүгээрт, Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.3-т зааснаар гэм хор учруулагч гэж заасан нь шууд гэм хор учруулагчид хамаарна гэсэн агуулгаар гомдол гаргасан. Үүнийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.3-т зааснаар гэм хор учруулагч гэдэгт зөвхөн шууд гэм хор учруулсан этгээд төдийгүй гэм буруутай эсэхээс үл хамааран хуульд зааснаар хариуцлага хүлээдэг этгээдүүд нэгэн адил хамаарна гэж үзэж байна. Иргэний хуульд тусгагдсан энэ зарчим нь иргэний эрх зүйн гэм хорын суурь зарчмуудын нэг юм. Хяналтын журмаар гаргасан гомдолд дурдсаны дагуу тээврийн хэрэгсэл эзэмшигчийг сэтгэцийн гэм хорыг нөхөн төлөхөөс чөлөөлсөн зүйл, заалт байхгүй. Энэ асуудал нь зөвхөн тээврийн хэрэгслийн эзэмшигчээр хязгаарлагдахгүй, гэм буруутай эсэхээс үл хамааран хариуцлага хүлээдэг, бусад этгээдүүдэд нэгэн адил хамаарах эрх зүйн үр дагавартай. Бага насны хүүхэд гэм хор учруулсан, эрх зүйн чадамжгүй этгээд бусдын амь насыг хохироосон, амьтны үйлдлийн улмаас бусдын амь нас хохирсон зэрэг тохиолдолд нэгэн адил үйлчлэх ёстой зарчим юм. Сэтгэцэд учирсан хохирлоос тээврийн хэрэгсэл эзэмшигчийг чөлөөлсөн зүйл, заалт байхгүй учраас зөвхөн шууд гэм хор учруулагчаар хязгаарлаагүй. Хоёрдугаарт, Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1-д зааснаар амь насанд гэдэг үг байдаг, харин сэтгэцэд гэж тухайлан заагаагүй учраас иргэний хариуцагч буюу тээврийн хэрэгслийн эзэмшигч сэтгэцэд учирсан гэм хорыг хариуцах үндэслэлгүй гэсэн агуулгаар гомдол гаргасан. Гэвч Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1 дэх заалтад амь насанд учирсан хохирлыг тээврийн хэрэгслийн эзэмшигч хариуцна гэж заасан байдаг. Амь насанд учирсан хохирлыг ямар хэмжээнд арилгах вэ, хэрхэн нөхөн төлөх вэ гэдэг асуудлыг нарийвчлан зохицуулсан хэм хэмжээ нь Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.5-д байдаг болно. Энэ зүйл, заалтын дагуу иргэний хариуцагчаас сэтгэцэд учирсан гэм хорын 50 хувийг төлөх гэсэн шүүхийн шийдвэрийг үндэслэлтэй гэж үзэж дэмжиж байна. Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

 

Мөн шатны шүүхэд шүүгдэгч ...- шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “... анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг дэмжиж байна” гэв.

 

Прокурор Ц.Сүхбат шүүх хуралдаанд хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ “... Иргэний хариуцагчийн өмгөөлөгчөөс гаргасан гомдлыг дэмжиж оролцож байна. Анхан болон давж заалдах шатны шүүхээс шүүгдэгч ...-д холбогдох хэргийн гэм буруугийн болон ял шийтгэлийн тухай хийсэн дүгнэлтүүд зөрүүгүй, хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэж үзэж байна. Харин хохирол, хор уршиг төлүүлэхтэй холбоотой шийдвэр нь үндэслэлгүй байна гэсэн дүгнэлтийг гаргаж байна. Иргэний эрх зүй дэх гэм хорын тухай ойлголт нь эрүүгийн эрх зүй дэх хохирол, хор уршиг гэсэн утгаар илэрхийлэгддэг. Гэмт хэргийн улмаас шууд учирч байгаа бодит хохирлыг замын хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын эсрэг гэмт хэргийн тухайд Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгслийн эзэмшигч хариуцах нь зөв боловч хохирол хор уршиг буюу шууд бус хохирлын асуудлыг тээврийн хэрэгсэл эзэмшигч хариуцахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Иргэний хуулийн 230 дугаар зүйлийн 230.2-т зааснаар сэтгэцэд учирсан хор уршгийг мөнгөн хэлбэрээр төлөхөөр зохицуулсан. Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.3-т зааснаар гэм хор учруулсан этгээдээс сэтгэцэд учирсан хор уршгийг арилгахаар хуульчлагдсан нь ямар нэгэн салаа утгагүйгээр хэрэглэгдэх нь зүйтэй. Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрээс хохирол, хор уршигтай холбоотой хэсэгт өөрчлөлт оруулж шийдвэрлэж өгнө үү гэсэн дүгнэлтийг шүүх бүрэлдэхүүнд гаргаж байна” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Эрх зүйн шинэ ойлголт, хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэсэн хууль зүйн үндэслэлээр иргэний нэхэмжлэгч, хариуцагчийн өмгөөлөгч Д.Галтогтохын гаргасан гомдлыг үндэслэн ...-д холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.

 

Анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянавал шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарлах замаар хууль ёсны эрх, ашиг сонирхлыг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт сөргөөр нөлөөлсөн байж болзошгүй, эсхүл сөргөөр нөлөөлсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.

 

Шүүгдэгч ...- нь 2025 оны 07 дугаар сарын 03-ны оройн 19 цагийн үед “архи уусан” гэх шалтгаанаар жолоогоо шилжүүлсэн иргэний хариуцагч ...-ын хүсэлтээр түүний эзэмшлийн “Тоёота приус-20” загварын ... ДОА дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож ... аймгийн төвөөс ... сум руу архи ууж согтуурсан, хамгаалах бүс зүүгээгүй зорчигч ...-ийг урд суудалд тээвэрлэж явахдаа мөн аймгийн ... сумын ... дугаар баг, “...” гэх газар тээврийн хэрэгслийн хурдыг тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явах, хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авч чадаагүйн улмаас зам тээврийн осол гаргаж зорчигч ...- нь тээврийн хэрэгсэлд дарагдаж амь нас нь хохирсон үйл баримт хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтаар хөдөлбөргүй нотлогдсон гэсэн анхан болон давж заалдах шатны шүүхийн хэргийн үйл баримтыг сэргээн тогтоосон дүгнэлт хэргийн жинхэнэ байдалд нийцсэн үндэслэл бүхий болжээ.

 

Хоёр шатны шүүх шүүгдэгч ...-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь насыг хохироосон” гэм бурууг тогтоосон шүүхийн дүгнэлтийг өөрчлөх, үгүйсгэн няцаах хууль зүйн үндэслэл хэрэгт цугларсан нотлох баримтаар тогтоогдохгүй байна.

 

Шүүх анх удаа хүнд гэмт хэрэг үйлдсэн шүүгдэгч ...-гийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн болон гэмт хэрэг гарахад нөлөөлсөн шалтгаан нөхцөл зэргийг харгалзан хуульд заасны дагуу тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 жил 1 сарын хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 жил 6 сарын хугацаагаар тэнсэж, гэмт хэргийн улмаас учирсан бодит хохирол, хор уршгийг арилгах зорилгын хүрээнд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ...-ийн оршуулгын зардалд нэхэмжилсэн 7.261.513 төгрөгөөс нөхөн төлөгдөөгүй 821.513 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болжээ.

 

Харин анхан болон давж заалдах шатны шүүх 2023 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс мөрдөгдөж эхэлсэн эдийн бус гэм хорыг арилгах тухай Иргэний хуулийн шинэ зохицуулалтын дагуу хохирогчийн сэтгэцэд учирсан гэм хорын нөхөн төлбөрийн асуудлыг шийдвэрлэхдээ хууль хэрэглээний алдаа гаргасныг зөвтгөх нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

Эрүүгийн эрх зүйд гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг шууд ба шууд бус хохирол гэж шинж чанар, үр дагаврыг нь харгалзан ялгамжтай авч үздэг нь хууль хэрэглээний тогтсон ойлголт болно.

 

Монгол Улсын нэрийн өмнөөс гаргах шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүйгээр бичигдсэн байхаас гадна таамаглалд бус гагцхүү тухайн хэрэгт хамаарал бүхий хуульд заасан аргаар цуглуулж, бэхжүүлсэн баримт сэлт, нотолгоонд үндэслэсэн хууль зүйн дүгнэлтэд тулгуурласан хууль хэрэглээний шийдэл байх ёстой.

 

Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.5-д “Гэмт хэргийн улмаас нас барсан иргэний хамт амьдарч байсан гэр бүлийн насанд хүрсэн гишүүн, эсхүл насанд хүрээгүй гишүүний хууль ёсны төлөөлөгчөөр томилогдсон этгээд нь өөрийн сэтгэцэд учирсан гэм хорыг арилгуулахыг шаардах эрхтэй” гэж заасны дагуу амь хохирогч ...-ийн төрсөн эх ...- нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр оролцсон байна.

 

Хоёр шатны шүүх гэмт хэргийн улмаас учирсан шууд бус хохиролд тооцогдох сэтгэцэд учирсан хор уршгийг Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.5-д заасан “Гэмт хэргийн улмаас хохирогч нас барсан бол түүний гэр бүлийн гишүүний сэтгэцэд учирсан гэм хорыг арилгах, нөхөн төлөх төлбөрийн хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 150 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр, эсхүл нас барсан хүний нас, хүн амын дундаж наслалтын зөрүүг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн дүнгээр үржүүлэн хохирогчид аль ашигтайгаар шүүхээс тогтооно” гэснийг үндэслэн гаргуулахдаа мөн зүйлийн 511.4-т заасан “Гэмт хэргийн улмаас бүтэн өнчин болсон бага насны хүүхдийн сэтгэцэд учирсан гэм хорыг арилгах, нөхөн төлөх төлбөрийн хэмжээг насанд хүрсэн хүний сэтгэцэд учирсан гэм хорыг арилгах, нөхөн төлөх төлбөрийн хэмжээг хоёр дахин нэмэгдүүлж тогтооно” гэсэн дагуу амь хохирогч ...-ийн насанд хүрээгүй хүүхэд ...-ийн асран хамгаалагчаар тогтоогдсон ...-д олгохоор шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй болжээ.

 

Харин анхан болон давж заалдах шатны шүүх Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.3-т заасан “Энэ хуулийн 230.2-т заасан сэтгэцэд учруулсан гэм хорыг мөнгөн хэлбэрээр арилгах үүргийг гэм хор учруулсан этгээд хүлээнэ” гэсэн нарийвчилсан хуулийн зохицуулалтыг анхааралгүй орхигдуулж сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөрийг шүүгдэгч ...- болон иргэний хариуцагч ...-нараар хувь тэнцүү төлүүлэхээр шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй тул сэтгэцэд учирсан гэм хорын хохирол 237.600.000 төгрөгийг шүүгдэгч ...-гээс бүхэлд нь гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ...-д олгосон өөрчлөлтийг оруулах нь зүйтэй гэж үзэв.

 

Иймд иргэний хариуцагчийн өмгөөлөгч Д.Галтогтохын хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хангаж, шийтгэх тогтоол, магадлалд өөрчлөлт оруулах замаар зөвтгөн засаж эрх зүйн шинэ ойлголтын хууль хэрэглээг нэг мөр тогтоож шүүхийн хууль хэрэглээний нэгдмэл байдлыг хангах нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.4-т заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

 

1. Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 368 дугаар шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулсан Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2026 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 06 дугаар магадлалын тогтоох хэсэгт дараах өөрчлөлтийг оруулсугай:

 

1.1. “Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1, 508.5, 511 дүгээр зүйлийн 511.3, 511.4, 511.5 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч ...-гээс оршуулгын зардалд 821.513 төгрөг, сэтгэцэд учирсан гэм хорыг арилгах нөхөн төлбөрт 237.600.000 төгрөг, нийт 238.421.513 төгрөгийг гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ...-д олгосугай.” гэж өөрчилсүгэй.

 

2. Шийтгэх тогтоол, магадлалын бусад заалт, хэсгийг хэвээр үлдээж, иргэний хариуцагчийн өмгөөлөгч Д.Галтогтохын гаргасан гомдлыг хангасугай.

 

 

 

 

 

                    ДАРГАЛАГЧ                                              С.СОЁМБО-ЭРДЭНЭ

 

                         ШҮҮГЧИД                                              Б.АМАРБАЯСГАЛАН 

 

                                                                                 М.ПҮРЭВСҮРЭН

 

                                                                           Ч.ХОСБАЯР 

 

                                                                  Б.ЦОГТ