Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 11 сарын 23 өдөр

Дугаар 055

 

Баян-Өлгий аймаг дахь Шийдвэр гүйцэтгэх албаны

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Н.Туяа даргалж, шүүгч Д.Жамбалсүрэн, шүүгч С.Өмирбек нарын бүрэлдэхүүнтэй хийж,

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 540 дүгээр шийдвэртэй, тус аймаг дахь Шийдвэр гүйцэтгэх албаны нэхэмжлэлтэй, Өлгий сумын 2 дугаар багт оршин суух Молхы овогт Тилекийн Ахжархынд холбогдох иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Өмирбекийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нарийн бичгийн даргаар М.Айдынгүл, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баттулга, хариуцагч Т.Ахжархын, орчуулагч А.Еркегүл нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэлийн шаардлага: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны урамшуулалд 425000 төгрөг гаргуулах тухай.

 

Нэхэмжлэлийн агуулга: 2015 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 25 дугаар Ж.Жанарбекээс 5000000 төгрөгийн төлбөр гаргуулж, Т.Ахжархынд олгохоор заасан гүйцэтгэх хуудсын дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэн шийдвэр гүйцэтгэгчид хуваарилсан. Гүйцэтгэх хуудас хүлээн авсан шийдвэр гүйцэтгэгч төлбөр авагчийн эрх үүргийг тайлбарлан өгч, шийдвэр гүйцэтгэгчийг урамшуулах тухай гэрээ байгуулан хуульд заасны дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж 5015000 төгрөгийн төлбөрийг бүрэн барагдуулж, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хуульд заасны дагуу дуусгавар болгон гүйцэтгэх баримт бичгийг хаасан байна.

Гэтэл хариуцагч Т.Ахжархын нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль болон шийдвэр гүйцэтгэгчийг урамшуулах тухай гэрээнд заасан үүргээ биелүүлж, урамшууллын төлбөр 425000 төгрөгийг төлөхгүй өнөөг хүртэл байгууллагад чирэгдэл учруулан явсаар байгаа тул шүүхэд хандаж байна. Иймд Т.Ахжархынаас шийдвэр гүйцэтгэгчийн урамшуулал 425000 төгрөгийг гаргуулж өгнө үү. гэжээ.

 

Хариуцагчийн тайлбарын агуулга: Би 2014 оны 10 дугаар сарын 12-ны өдөр өөрийн машинаар хөдөлгөөнд оролцож явах үед Жанарбек нь согтуугаар автомашин жолоодож яваад миний араас мөргөж хохирол учруулан тухайн үед төлж өгнө гэж амласан боловч дараа нь шалтаг зааж төлж өгөөгүй. Иймд би шүүхэд хандсан бөгөөд шүүхийн эвлэрүүлэн зуучлагчийн дэмжлэгтэйгээр эвлэрлийн гэрээ байгуулсан. Гэвч Жанарбек тохирсон хугацаандаа төлөөгүй тул хуулийн дагуу шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд хандсан.

Би Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албатай эвлэрлийн гэрээ болон шүүгчийн 39 дүгээр захирамжуудыг үндэслэн шийдвэр гүйцэтгэх үйл ажиллагаа явуулахаар тохиролцож, хариуцагч Ж.Жанарбекээс 5015000 төгрөг гаргуулж, би шийдвэр гүйцэтгэх ажиллагааны урамшуулалд 425000 төгрөг төлж өгөхөөр тохирсон юм. 2015 оны 5 дугаар сарын дундуур шийдвэр гүйцэтгэгч Зерде намайг дуудаж 2500000 төгрөг өгч, дээрх мөнгийг авсан тухай баримт бичүүлж авсан. Сарын дараа буюу 2015 оны 6 дугаар сарын 12-нд намайг дуудаж очиход Зерде, хариуцагч Жанарбек нар хамт байсан ба Зерде надад чи одоо өөрийнхөө эвдэрсэн машиныг л авахаас өөр замгүй боллоо, учир нь хариуцагч Жанарбект одоо чамд мөнгө төлөх боломж байхгүй байна гэж хэлсэн. Би Зердед энэ машины кузов сольсон байгаа, ямар ч бичиг баримтгүй учир авахгүй. Та миний үлдсэн төлбөрийг мөнгөөр гаргуулж өг гэж хэлсэн боловч тэрээр чи үүнийг авахгүй бол мөнгө ч үгүй, машин ч үгүй үлдэнэ шүү, Жанарбек чамд бичиг баримт бүрдүүлж өгнө, хэрэв 3 хоногийн дотор бичиг баримтыг бүрдүүлж өгөхгүй бол чи машиныг авч, манайд төлөх 425000 төгрөгийг Жанарбек төлөх болно гэж хэлсэн. Би юу ч үгүй хоцрохоор машиныг авъя гэж тохироод 3 хоногийн дараа дахин очиход Зерде Жанарбек бичиг баримтыг бүрдүүлж авч ирээгүй тул чи машиныг ав, 425000 төгрөгийг Жанарбек төлөх болно гэснээр би машиныг Зердегээс хүлээн авч төлбөрөө авсан тухай баримт үйлдээд явсан. Би тухайн үед хоосон үлдэхгүйн тулд арга буюу машиныг авсан хэдий ч бичиг баримтгүй машинаар хөдөлгөөнд оролцож чадахгүй байгаа.

Шийдвэр гүйцэтгэгч Зерде нь тухайн үед надад 2500000 төгрөг гардуулж өгч байх үед ч би урамшууллын 425000 төгрөгийг үүнээс авч үлдэх үү? гэхэд Зарде үгүй, 425000 төгрөгийг сүүлд үлдсэн төлбөрөөс авна, дараа нь төлбөрийг мөнгөөр бус машинаар барагдуулсан үед Жанарбек төлөх болно гэж тохирчихоод одоо надаас нэхэмжилж байгаа нь илт хууль бус юм. Миний Жанарбекээс авсан 2500000 төгрөг, машин бүгд л шийдвэр гүйцэтгэгчээр дамжиж гардаж авсан ба түүний надаас дээрх мөнгийг авах боломжтой байсныг нотолно. Иймд надад байгаа бичиг баримтгүй машиныг хариуцагч Жанарбект буцаан өгч миний үлдсэн 2015000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгөх, эсхүл дээрх бичиг баримтгүй байгаа машины бичиг баримтыг зохих журмаар бүрдүүлэн миний нэр дээр бүртгүүлж өгсөн тохиолдолд би дээрх 425000 төгрөгийг төлж өгөх болно. гэжээ.

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 540 дүгээр шийдвэрээр:

 

1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.1, 83.2-т тус тус зааснаар Тилекийн Ахжархынаас шийдвэр гүйцэтгэх ажиллагааны урамшууллын 425000 төгрөг гаргуулахыг хүссэн тухай нэхэмжлэгч Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч байгууллага нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.

 

5. Энэ шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай. гэж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга: Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 540 тоот шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.

2015 оны 3 дугаар сарын 18-ны өдөр ахлах шийдвэр гүйцэтгэгч тогтоол үйлдэж ажиллагаа явуулж эхэлсэн ба төлбөр авагч Т.Ахжархын нь Баян-Өлгий аймаг дахь шийдвэр гүйцэтгэх албаны ахлах шийдвэр гүйцэтгэгч Т.Айнагүл, шийдвэр гүйцэтгэгч А.Зерде нартай 2015 оны 3 дугаар сарын 18-ны өдөр 113 дугаартай шийдвэр гүйцэтгэгчийг урамшуулах тухай гэрээ байгуулсан бөгөөд гэрээний 3 дугаар зүйлийн 3.1-д шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хэсэгчлэн явуулсан буюу дуусгавар болгосны дараа гэрээнд тохиролцсоноор үнийн дүнгийн 8,5 хувиар тооцон шийдвэр гүйцэтгэгчийн урамшууллыг шийдвэр гүйцэтгэх албаны дансанд шилжүүлэхээр тохиролцсон байна.

Шийдвэр гүйцэтгэх явцад төлбөр авагчийн эрх үүргийг тайлбарлан өгч, түүнд 2015 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн бэлэн мөнгө хүлээлгэн өгөх актаар 2500000 төгрөг бэлнээр, 2015 оны 6 дугаар сарын 12-ны өдөр 3 дугаартай төлбөр төлөгчөөс хураан авсан эд хөрөнгийг төлбөр авагчид шилжүүлсэн тухай актаар Ниссан маркийн 2545000 төгрөгөөр үнэлэгдсэн суудлын автомашиныг тус тус хүлээлгэн өгч байжээ.

Мөн 2015 оны 6 дугаар сарын 8-ны өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлд төлбөр төлөгч Ж.Жанарбек нь ..... бид зээл хөөцөлдөөд бүтэхгүй байна. Nissan sanny маркийн машин бичиг баримтгүй болоод борлогдохгүй байна. Уг машины бичиг баримтыг 2015 оны 6 дугаар сарын 12-ны өдөр хүртэл янзалж өгөхөөр болоход төлбөр авагч Т.Ахжархын нь тухайн өдөр уг бичиг баримтгүй, цагаан өнгийн Nissan sanny маркийн машиныг 2545000 төгрөгөөр үнэлж төлбөрт тооцон авч, ямар нэгэн гомдолгүй болохоо дурдаж, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгох талаар хүсэлтээ гаргаж, нотариатаар гэрчлүүлж өгсөн байна. Шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, байгууллагыг хохироож, иргэн Т.Ахжархын шийдвэр гүйцэтгэлийн урамшууллыг төлөхөөс санаатай зайлсхийж байна. Анхан шатны шүүх хуулийг буруу хэрэглэсэн, хариуцагч Т.Ахжархыныг илт өмөөрсөн, хэтэрхий нэг талыг баримталсан шийдвэр гаргасан.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 83 дугаар зүйл, Шийдвэр гүйцэтгэгчийг урамшуулах тухай Хууль зүйн сайдын 2013 оны А/181 тоот тушаалын 2 дугаар хавсралтын 1 дүгээр зүйлийн 1.2-т зааснаар бэлнээр гаргуулан олгосон 2500000 төгрөгт ногдох шийдвэр гүйцэтгэгчийн урамшууллыг ядахдаа олгохоор шийдвэрлээгүй зэрэг үндэслэлүүд байх тул гомдолтой байна. Иймд Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 540 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, шийдвэр гүйцэтгэгчийн урамшуулал 425000 төгрөгийг гаргуулж өгнө үү. гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Анхан шатны шүүх нотлох баримтыг хуульд заасан журмаар үнэлээгүйгээс Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.1, 83.2.-т заасан зохицуулалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн байх тул дараах үндэслэлээр шийдвэрт өөрчлөлт оруулж маргааныг шийдвэрлэлээ.

 

Нэхэмжлэгч Баян-Өлгий аймаг дахь Шийдвэр гүйцэтгэх алба нь хариуцагч буюу төлбөр авагч Т.Ахжархынд холбогдуулан 5000000 төгрөгийн дүнтэй шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон тул хууль, гэрээнд заасан шийдвэр гүйцэтгэгчийн урамшуулалд 425000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргаж, хариуцагч шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад шийдвэр гүйцэтгэгчийн урамшууллыг төлбөр төлөгч төлөхөөр тохиролцсон, 2500000 төгрөгийн төлбөрт шилжүүлэн авсан машины бичиг баримтыг зохих журмаар бүрдүүлж, миний нэр дээр бүртгүүлж өгсөн тохиолдолд 425000 төгрөгийг төлж өгөх болно гэж нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргажээ.

 

Хэрэгт хуульд заасан журмаар авагдсан Шийдвэр гүйцэтгэлийн хувийн хэргээс үзвэл, Сум дундын 2 дугаар шүүхийн 2015 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн Эвлэрүүлэн зуучлагчийн дэмжлэгтэйгээр байгуулсан эвлэрлийн гэрээг баталгаажуулах тухай 39 дүгээр шүүгчийн захирамж, мөн шүүхийн 2015 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 25 дугаар гүйцэтгэх хуудсыг үндэслэн ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2015 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн 146 дугаар тогтоолоор төлбөр төлөгч Ж.Жанарбек, төлбөр авагч Т.Ахжархын нарт холбогдох, 5.000.000 төгрөгийн төлбөр бүхий шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэж, мөн өдөр шийдвэр гүйцэтгэх байгууллага болон төлбөр авагч нарын хооронд 113 тоот Шийдвэр гүйцэтгэгчийг урамшуулах тухай гэрээ байгуулагдаж, шийдвэр гүйцэтгэгчийн урамшууллын хэмжээг хуульд зааснаар /төлбөрийн шаардлагыг хангахаар гаргуулсан мөнгөний болон эд хөрөнгийн үнийн дүнгийн/ 8.5 хувиар тооцохоор харилцан тохиролцсон байна.

 

Шийдвэр гүйцэтгэлийн хувийн хэргийг шинжлэн судлахад, 2015 оны 3 дугаар сарын 19-ний өдөр төлбөр төлөгчөөс 2500000 төгрөгийг бэлнээр хураан авч, мөн өдрийн 675 дугаар актаар 2500000 төгрөгийг төлбөр авагч Т.Ахжархынд хүлээлгэн өгч шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулжээ. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад 2015 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр төлбөр төлөгчөөс төлбөрийг 2015 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр барагдуулна. Хэрэв энэ хугацаанд төлбөрийг барагдуулаагүй нөхцөлд өөрийн 0949 БӨТ дугаартай машиныг төлбөрт тооцон өгнө гэх баталгааг гаргаж байсан ба улмаар 2015 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн эд хөрөнгө хураасан актаар төлбөр төлөгчийн эзэмшилд байсан Nissan sunny маркийн, цагаан өнгийн, улсын дугаар нь тодорхойгүй2500000 төгрөгийн үнэтэй эд хөрөнгийг хураажээ.

Төлбөр төлөгч Ж.Жанарбек нь 2015 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр Шийдвэр гүйцэтгэх албанд хандаж, ...төлбөрийг мөнгөн хэлбэрээр төлөх боломжгүй тул Nissan sunny маркийн автомашиныг 2545000 төгрөгийн төлбөрт тооцон өгч байна гэж хүсэлт гаргаж байсан ба 2015 оны 6 дугаар сарын 12-ны өдөр төлбөр авагч Т.Ахжархын нь тус албанд хандаж ... шийдвэрийн дагуу Ж.Жанарбекээс 2500000 төгрөг бэлэн авсан, 2515000 төгрөг болон ажиллагааны зардал 30000 төгрөг, нийт 2545000 төгрөгт Nissan sunny маркийн, улсын дугааргүй, цагаан өнгийн суудлын автомашиныг тооцон авлаа. Иймд Ж.Жанарбект ямар нэгэн гомдолгүй учир гүйцэтгэх хуудсыг хааж өгнө үү гэж хүсэлт гаргаснаар төлбөр төлөгчөөс хураан авсан эд хөрөнгийг төлбөр авагчид актаар шилжүүлж, шийдвэр гүйцэтгэгчийн 2015 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн 33 дугаар тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.3.-т зааснаар дуусгавар болсонд тооцож, гүйцэтгэх баримт бичгийг хаасан байна.

 

Хэдийгээр шийдвэр гүйцэтгэгчээс акт үйлдэж, төлбөр төлөгч болон төлбөр авагчийн Шийдвэр гүйцэтгэх албанд гаргасан хүсэлт, тодорхойлолтыг үндэслэн, төлбөр төлөгчөөс хураан авсан улсын дугааргүй суудлын автомашиныг төлбөр авагчид 2545000 төгрөгөөр үнэлж үлдсэн төлбөрт тооцон шилжүүлсэн боловч тухайн автомашины бичиг баримтыг төлбөр авагчийн нэр дээр шилжүүлээгүй тул уг шийдвэр гүйцэтгэх ажиллагааг бодитой гүйцэтгэсэн гэж үзэх үндэслэлгүй ба энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна. Харин шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад төлбөр төлөгчөөс 2500000 төгрөгийг бэлнээр хураан авч, төлбөр авагчид хүлээлгэн өгсөн байх тул шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хэсэгчлэн биелэгдсэн гэж үзэх үндэслэлтэй ба шийдвэр гүйцэтгэх байгууллага нь Шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.2.-т зааснаар хэсэгчлэн биелсэн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд ногдох шийдвэр гүйцэтгэгчийн урамшууллыг төлбөрт гаргуулсан мөнгөний үнийн дүнгээс гаргуулахаар шаардах эрхтэй байна. Энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн давж заалдах гомдол үндэслэлтэй.

 

Шийдвэр гүйцэтгэлийн хувийн хэргээс үзвэл, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгож, гүйцэтгэх хуудсыг хаасан боловч шүүхийн шийдвэрээр тогтоогдсон 5000000 төгрөгийн төлбөрөөс 2500000 төгрөгийг төлбөр авагчид бэлнээр хүлээлгэн өгсөн, төлбөр төлөгчөөс хураан авсан суудлын автомашиныг төлбөр авагчийн өмчлөлд бичиг баримтын хамт бүрэн шилжүүлээгүй, шийдвэр бүрэн, бодитой биелэгдсэн нь эргэлзээтэй учир Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.1.-т зааснаар нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, хариуцагчаас шүүхийн шийдвэр гүйцэтгэгчийн урамшуулалд 2500000 төгрөгийн 8,5 хувь буюу 212500 төгрөг гаргуулан, нэхэмжлэгчид олгож, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв. Хариуцагчийн тайлбар дахь шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад шийдвэр гүйцэтгэгчийн урамшууллыг төлбөр төлөгч төлөхөөр тохиролцсон гэх үйл баримт шийдвэр гүйцэтгэлийн хувийн хэргээс тогтоогдоогүйг дурдах нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэн хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул шүүхийн шийдвэрийн улсын тэмдэгтийн хураамжийг шийдвэрлэсэн хэсэгт хуульд зааснаар өөрчлөлт оруулж шийдвэрлэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2.-т заасныг удирдлага болгож, ТОГТООХ нь:

 

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 540 дүгээр шийдвэрийн Тогтоох хэсгийн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, гэснийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, гэж,

мөн хэсгийн 1 дэх заалтыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.1, 83.2.-т заасныг баримтлан хариуцагч Т.Ахжархынаас 212500 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Баян-Өлгий аймаг дахь шийдвэр гүйцэтгэх албанд олгосугай. гэж,

2 дахь заалтын дурдсугай. гэснийг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2.-т заасныг баримтлан хариуцагч Т.Ахжархынаас 7025 төгрөг гаргуулж төрийн сангийн дансанд оруулсугай. гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хүлээж авсугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3.-т зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н. ТУЯА

ШҮҮГЧИД Д.ЖАМБАЛСҮРЭН

С.ӨМИРБЕК