Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 08 сарын 09 өдөр

Дугаар 762

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Мөнхбаатар даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сосорбарам,

улсын яллагч Б.Ундрах /томилолтоор/,

шүүгдэгч П.Х нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Х.Анхцэцэгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн П.Х-д холбогдох эрүүгийн ............... дугаартай хэргийг 2019 оны 6 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, хувиараа Сонсголон модны зах дээр хөрөөчин ажил эрхэлдэг, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт ................... тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, П.Х, /РД:.........../,

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд дурдсанаар/

Шүүгдэгч П.Х 2019 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр ........ тоот гэртээ эхнэр Э.З-тай маргалдан түүнийг зодож  тархи доргилт, зүүн нүдний зовхи, хацар, шанаа, эрүүнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хүзүүнд  цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт: Хохирогч Э.З-ын мэдүүлэг /хх32/, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны  4 дүгээр сарын 19-ний өдрийн 4823 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх35/, аюулын зэргийн үнэлгээ /хх17/, гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээ /хх23/, Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хорооны хамтарсан багын хурлын тэмдэглэл /хх57/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх16/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх14/, гэрлэлт бүртгэлийн лавлагаа /хх20/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх17/, бусад лавлагаа /хх-47-48/, Хаан банкны дансны лавлагаа /хх-51/ зэрэг шүүгдэгчийн хувийн байдлыг тодруулсан холбогдох нотлох баримтуудыг шинжлэн судлуулсан болно.

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзсэн болно.

Нэг. Шүүгдэгч П.Х-г гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтуудын агуулга:

1. Хохирогч Э.З-ын “...2019 оны 4 дүгээр  сарын 17-ны орой  19 цаг өнгөрч байхад П.Х гэрт орж ирсэн. Тэгснээ шууд над руу дайраад миний нүүр лүү гараараа 7-8 удаа цохисон. Бас хөлдүү мах аваад шидсэн. Тэгхээр нь би зөрүүлээд хөлдүү махыг шидчихээд гэрээ гарсан чинь араас гар ирээд дахиад нүүр лүү гараараа 2-3 удаа цохихоор зугтаагаад цагдаа дуудаад цагдаатай хамт гэртээ орсон. Надад одоо гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг /хх32/,

2. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 4823 дугаартай шинжээчийн “Э.З-ын биед тархи доргилт, зүүн нүдний зовхи, хацар, шанаа, эрүүнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хүзүүнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрхи гэмтэл нь мохой зүйлийн 2 –оос доошгүй удаагийн үйчлэлээр үүсгэгдэх боломжтой. Тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. Хутга мэсний зүйлээр үүсгэгдсэн гэх гэмтэл тогтоогдохгүй байна...” гэх дүгнэлт /хх35/,

3. Аюулгүй зэргийн үнэлгээний маягт, гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээний маягт “...Тус хорооны оршин суугч П.Х-ийн хувьд гэр бүлийн хүчирхийллийг бүх хэлбэрээр үйлддэг. Эрсдлийн түвшин “дунд”...” гэх тэмдэглэл /хх17,23/,

4. Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хорооны хамтарсан багийн хурлын “...П.Х нь  эхнэр Э.З-ын бие махбодид гэмтэл учруулсан тул хуулийн дагуу шийдвэрлэхийг хамтарсан багийн хурлаар 100 хувийн санал нэгтэйгээр дэмжиж, холбогдох материалыг хүргүүлэв...” гэх тэмдэглэл /хх57/,

5. Шүүгдэгч П.Х мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...2019 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр Э.З над руу мах аваад шидчихсэн. Тэгэхээр нь уур хүрээд хоолойг нь боогоод нүүр лүү нэг удаа алгадчихсан юм. Э.З-ын биед учруулсан гэмтлийг би гараараа нэг удаа алгадаж учруулсан...” гэх мэдүүлэг /хх45/,

6. Шүүгдэгч П.Х нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт “...Мэдүүлэг өгөхгүй, мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв өгсөн...” гэсэн болно.

Гэм буруугийн дүгнэлт шүүгдэгч П.Х:

Шүүгдэгч П.Х нь 2019 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр ............... тоот гэртээ эхнэр Э.З маргалдан түүнийг зодсон болох нь хохирогч Э.З-ын “...миний нүүр лүү гараараа 7-8 удаа цохисон. Бас хөлдүү мах аваад шидсэн. Тэгэхээр нь би зөрүүлээд хөлдүү махыг шидчихээд гэрээ гарсан чинь араас гар ирээд дахиад нүүр лүү гараараа 2-3 удаа цохихоор зугтаагаад цагдаа дуудаад цагдаатай хамт гэртээ орсон...”, шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй мэдүүлгүүдээр тус тус тогтоогдож байна.

Шүүгдэгчийн энэхүү үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд “тархи доргилт, хүзүү хоолой, хөх, цээжний цус хуралт” бүхий хөнгөн хохирол учирсан болох нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2019 оны 03 дугаар сарын 19-ны өдрийн 3627 дугаартай дүгнэлтээр тогтоогдож байна.

Гэр бүлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-т “гэр бүлийн гишүүн” гэж гэрлэгчид, тэдэнтэй хамт амьдарч байгаа төрсөн, дагавар, үрчлэн авсан хүүхэд болон төрөл, садангийн хүнийг ойлгохоор, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1-д зааснаар “гэр бүлийн хүчирхийлэл” гэдэгт эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүд, хамтран амьдрагч ..., тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа зэрэг этгээдүүд нь нэгнийхээ сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг ойлгохоор заасан.

Шүүгдэгч П.Х хохирогч Э.З нар нь 2005 онд гэр бүл болж байсан нь гэрлэлт бүртгэлийн лавлагаагаар тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч П.Х нь согтууруулах ундааны зүйл уусан үедээ гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, эхнэр Э.З-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” хүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан хүндрүүлэх бүрэлдэхүүнтэйгээр яллах дүгнэлт үйлдэж ирүүлснээр гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

Хохирол, хор уршиг-хохирол төлөгдсөн байдал. 

Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Э.З гомдол саналгүй, нэхэмжилсэн зүйлгүй гэх, шүүгдэгч П.Х одоо эхнэр бид хоёр эвлэрсэн зүгээр гэж тайлбарлаж байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзэв.

Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Улсын яллагчаас шүүгдэгч П.Х-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 500 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэх дүгнэлт гаргасан болно.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан үзлээ.

Шүүгдэгчийн хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Иймд шүүгдэгч П.Х-ийн гэм буруугийн талаар маргаагүй, үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа, ажил хөдөлмөр эрхэлж байгаа зэрэг хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 600 нэгж буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шийдвэрлэвэл зохих бусад зүйлийн талаар:

Эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч П.Х-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж”, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.Х-д 600 /зургаан зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан /90 хоног/-н хугацаанд биелүүлэх, биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, тэрээр энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдсугай.

5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

6. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

7. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             М.МӨНХБААТАР