Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 03 сарын 27 өдөр

Дугаар 361

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Мөнхбаатар даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сосорбарам,

улсын яллагч А.Мөнхзул,

хохирогч А.Ө,

шүүгдэгч Г.А нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Г.А-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, эрүүгийн ........................ дугаартай, 1 хавтаст хэргийг 2019 оны 03 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Г.А, Монгол Улсын иргэн, дээд боловсролтой, механик инженер мэргэжилтэй, хувиараа авто засварын үйлчилгээ эрхэлдэг, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг, .......................тоотод оршин суух бүртгэлтэй, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, /РД:................/,

 

Холбогдсон гэмт хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

Шүүгдэгч Г.А нь 2019 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо Одонтын 21-21/б тоот хашаан дотор “зөвшөөрөлгүй цахилгаан хэрэглээ авлаа” гэдэг үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж, иргэн А.Ө-ийн эрүүн тус газар нь гараараа нэг удаа цохиж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Талуудын хүсэлтээр хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэхэд:

Шүүгдэгч Г.Аын 2019 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо Одонтын 21-21/б тоот хашаан дотор  иргэн А.Ө-тэй маргалдаж, улмаар түүний эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан үйлдлийг,

 

Нэг. Гэм буруутайд тооцох талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүйг дурдаж, талуудаас шинжлэн судалсан, шүүгдэгчийг гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтуудын агуулга:

1. Хохирогч А.Ө-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр 21 цаг 30 минутын орчимд гэртээ иртэл гэрийн цахилгаан тасарчихсан байхаар нь манай гэрийн цаана байдаг айл руу цахилгааны шит үзэх гээд очтол урд айлын залуу А бас оччихсон зогсож байсан. Би цахилгаанаа залгачихаад гэртээ орчихоод буцаж гараад хашаан дотроо явж байтал А хашааны хаалга тогшихоор нь би очиж онгойлгож өгсөн чинь яахаараа манайхаас тог авчихсан байдаг юм гэхээр нь 40,000 төгрөг өгдөг, хашааны эзэнтэй ярьчихсан гэж хэлсэн. Намайг даварчихсан гөлөг вэ гэхээр нь би яасан сонин ааштай залуу вэ гэж хэлтэл намайг гараараа зүүн шанаа руу нэг удаа цохиод авсан. Тухайн үед ухаан алдаад юу болсныг мэдэхгүй байна. нэг сэрсэн чинь А намайг гэрт оруулж ирчихсэн орны хажууд сандал дээр сууж байсан. Миний зүүн талын эрүү эвгүй болчихсон хөндүүрлээд байсан. 1,000,000 гаруй төгрөгөөр 1 дүгээр эмнэлэгт эрүүний мэс засалд орсон...” гэх мэдүүлэг /хх6-7-р тал/,

2. Гэрч Х.С-н  мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... Өдөр нь гэрийн тог цахилгаан тасарчихсан байхаар нь утсаар А руу хэлсэн чинь гадуур ажилтай явж байна, орой очоод үзье гэсэн. Орой би ажил дээрээ байж байсан чинь А над руу залгаад хажуу айл манай цахилгааны утаснаас салаалчихсан байна, чамд хэлсэн юм уу, чи мэдсэн үү гэхээр нь би мэдээгүй гэж хэлсэн. Тэгж байгаад би буцаагаад залгасан чинь утсаа авахгүй байж байгаад хажуу айлын залуу намайг цохиод авахаар нь би буцаагаад нэг удаа гараараа цохьчихсон чинь цагдаад өгчихлөө, цагдаа дээр ирээд мэдүүлэг өгчхөөд буцаад явж байна гэж надад хэлсэн. Хажуу айл болох А-с /гэрч/ цахилгаан авч нэг тоолуураас хоёр хувааж авдаг юм. Тэгсэн чинь нөгөө талын хажуу айл зөвшөөрөлгүй манай цахилгааны утаснаас аваад ийм асуудал болсон ... гэх мэдүүлэг /хх12-13-р тал/,

3. Гэрч С.Б-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... 2019 оны 01 дүгээр сарын 11-ний орой хажуу айлынхаа гэрт байж байтал нөхөр бие засах гээд аавын гэрээс гарсан. Тэгээд орж ирэхгүй удаад байхаар нь яасан юм бол гэж бодож байтал манай нөхөр Ө гаднаас дуудахаар нь гарсан чинь гэрт ороод ир гэсэн. Тэгээд яваад ортол Ө миний эрүү рүү хажуу айлын залуу цахилгаан зөвшөөрөлгүй авсан байна гээд гараараа цохьчихсон гэж хэлсэн. Тухайн үед нөхөр Ө-ийн эрүү нь хавдчихсан сонин эвгүй харагдсан. Манайх гэрийнхээ цахилгааныг А-ынхаас /гэрч/  зөвшөөрөл авч авсан юм ...” гэх мэдүүлэг /хх14-15-р тал/,

4. Гэрч А.А-ны мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Манайх 2009 оноос хойш ...............................................тоотод амьдарч байна. Энэ хоёр айл хоёулаа цахилгаан тогны зөвшөөрөлгүй, манай цахилгааны утаснаас салаалж авдаг. Манайх эзэнгүй байсан чинь ийм асуудал болсон байна лээ. А өөрөө буруу ойлгож Ө-тэй маргалдаж ийм асуудалд хүрсэн юм шиг байна лээ...” гэх мэдүүлэг /хх17-р тал/,

5 . Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 1261 дугаартай шинжээчийн дүгнэлт. Дүгнэлт хэсэгт: А.Ө-ийн биед эрүүний ясны хугарал, баруун завьжны дотор салстад язарсан шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсэх боломжтой. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөхгүй. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой...” гэх дүгнэлт /хх19-р тал/ зэрэг болон шүүгдэгчийн хувийн байдал, хохирогчтой эвлэрлийн гэрээ байгуулан хохирол төрсөн зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзсэн болно.

 

Шүүгдэгч Г.А нь 2019 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн оройн 21 цагийн үед хохирогч А.Ө-ийг “зөвшөөрөлгүй цахилгаан хэрэглээ авлаа” гэх шалтгаанаар маргалдан, улмаар гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр эрүүн тус газар нь гараараа нэг удаа цохьсон болох нь хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлгээр тогтоогдож байна. Улмаар шүүгдэгч Г.А-д цохиулснаас болж хохирогч А.Ө-ийн эрүүл мэндэд хүндэвтэр зэргийн хохирол учирсан болох нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 1261 дугаар дүгнэлтээр тогтоогдсон байна.

Шүүгдэгчийн хувьд шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гэм буруугийн талаар маргаагүй, гэм буруу, учруулсан хор уршигаа хүлээн зөвшөөрсөн оролцсон бөгөөд улсын яллагчаас шүүгдэгч Г.А-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэм буруутайд тооцуулах дүгнэлт гаргасаныг хүлээн авч, эрүүгийн хуулийн тус зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч А.Ө нь эмчилгээний зардалд баримтаар 1.215.000 төгрөг нэхэмжилсэн /хх60-68-р тал/, үүнээс шүүгдэгч Г.А нь хохирогчтой Эвлэрлийн гэрээ байгуулж 1.215.000 төгрөгийг бэлэн төлсөн болох нь (хх72-р тал)-д авагдсан баримтаар нотлогдон тогтоогдож байна.

Хохирогч А.Ө-ийн хувьд гэмт хэргийн улмаас 2 сарын хугацаанд ажлаа гүйцэтгэж чадаагүй, сарын 650.000 төгрөгний цалинтай, ажилгүй байсан хугацааны цалин, хөлсийг шүүгдэгчээр гаргуулах хүсэлтийг шүүх хуралдаанд гаргасан болно.

Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж заасан.

Хохирогчийн шүүхэд гаргаж өгсөн “Эм Ай Жи Эс Инженеринг” ХХК-ийн борлуулалтын албанд жолоочоор ажилладаг, сарын 650,000 төгрөгний цалинтай гэсэн тодорхойлолт нь түүний эрүүл мэндийн байдлаас болон 2 сарын хугацаанд цалин дутуу авсаныг бүрэн тодорхойлох боломжгүй, байгууллагын цалингийн хүснэгт, нийгмийн даатгалын дэвтрийн бичилт зэрэг баримтаар давхар тодорхойлогдохоор байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу хохирогч нь цалин хөлсний талаарх холбогдох баримтыг бүрдүүлэн иргэний хэргийн шүүхэд хандан хохирлоо барагдуулах эрхтэй болохыг дурдан цалин хөлстэй холбоотой хэсгийг хэлэлцэхгүй орхих нь зүйтэй гэж үзлээ.

 

Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:  

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүнийг гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, хохирол төлсөн байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэлээ.

Улсын яллагчаас шүүгдэгч Г.А-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан үйлдэлд нь 1000 нэгж буюу 1,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулах дүгнэлтийг гаргасан бөгөөд шүүгдэгч нь гэм буруугаа ойлгож, ухаслаж байгаа, хоёр хүүхдийн хамт амьдардаг, хувиараа бизнес эрхэлж эхэлж байгаа нөхцөл байдлыг харгалзан үзэж торгуулийн хэмжээг багасгаж өгнө үү гэсэн тайлбар гаргасан болно.

Шүүгдэгч Г.А нь хэрэг учрал болсон гэх өдөр хохирогчтой цахилгааны хэрэглээ зөвшөөрөлгүй авлаа гэж үл ойлголцсонтой холбоотойгоор маргалдаж, түүний эрүүн тус газар нь нэг удаа цохьж гэмтээсэн, тэр даруйдаа хохирогчийг гэрт оруулж өгсөн, учруулсан хохирлоо нөхөн төлсөн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, 1.2-д заасан “гэмт хэрэг үйлдсэний дараа ... бусад туслалцаа үзүүлсэн, хохирогчид учруулсан хохирлыг төлсөн” гэсэн эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдалд хамаарч байх бөгөөд шүүгдэгчийн ажил хөдөлмөр эрхэлдэг, бага насны хоёр хүүхэдтэй, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч байгаа нөхцөл байдлыг харгалзан улсын яллагчийн санал болгосон эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг багасган Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх  хэсэгт зааснаар 600 нэгж буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулах, торгуулийн ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөх боломжтой байхаар оногдуулах нь зүйтэй гэж үзэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. 

 

Бусад асуудын талаар:

Шүүгдэгч Г.А-д торгох ял оногдуулсантай холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлд зааснаар оногдуулсан торгох ялыг хуульд заасан хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоож, тэрээр торгох ялыг биелүүлээгүй бол оногдуулсан ялыг хорих ялаар сольж болохыг анхааруулах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, тэрээр энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйл 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Г.А-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.А-г 600 (зургаан зуун) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 (зургаан зуун мянган) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.А нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.

5. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Г.А-аас хохирогч А.Ө-д 1.215.000 (нэг сая хоёр зуун, арван таван мянган) төгрөгний хохирол төлсөн, хохирогч гомдол, саналгүй, шүүгдэгч нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, тэрээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус  дурдсугай.

6. Хохирогч А.Ө-ийн ажилгүй байсан 2 сарын хугацааны цалин, хөлсийг гаргуулах нэхэмжлэлийг хэлэлцээгүй орхин, холбогдох баримтыг бүрдүүлэн Иргэний хэргийн шүүхийн журмаар нэхэмжлэх эрх нээлттэй болохыг мэдэгдсүгэй.

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

8. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

9. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  М.МӨНХБААТАР