Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 08 сарын 09 өдөр

Дугаар 767

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Мөнхбаатар даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сосорбарам,

улсын яллагч Т.Болор-Эрдэнэ,

хохирогч Б.Ш,

шүүгдэгч Б.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Т.Болор-Эрдэнээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Б-т холбогдох эрүүгийн ............... дугаартай хэргийг 2019 оны 6 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 2, эхийн хамт ...................... түр оршин суух, урьд:

Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 510 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаатай хорих ялаар шийтгэгдэж, 1 жилийн хугацаагаар тэнссэн хянан харгалзах ял шийтгүүлсэн,

 Б.Б /РД:............../

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд дурдсанаар/

Шүүгдэгч Б.Б нь 2019 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Б.Ш-г архины шилээр цохиж, эрүүл мэндэд “духны язарсан шарх, баруун гуяны цус хуралт, зулайн хуйхны зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт: Хохирогч Б.Ш-ийн мэдүүлэг /хх8/, гэрч Б.А-ийн мэдүүлэг /хх16/, шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2019 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 5113 дугаартай шинжээч эмчийн дүгнэлт /хх19/, шинжээч эмч Н.Энхцолмонгийн мэдүүлэг /хх22-23/, хохирогч Б.Ш-аас гаргаж өгсөн гэрэл зургийн үзүүлэлт /хх47/, Б.Б-ын яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх28-29/, шүүгдэгч Б.Б-ын цагдаагийн хайлтын сангийн лавлагаа /хх31-36/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх37/, шийтгэх тогтоолын хуулбар /хх41-43/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлуулсан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүйг дурдаж, шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Мөн шүүгдэгчийг яллагдагчаар, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

Нэг. Шүүгдэгч Б.Б-ыг гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтуудын агуулга:

1. Хохирогч Б.Ш-ийн“...2019 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр ............... ... А-ийн найзтай намайг хардаж, архины шил хагалаад надруу шидэх үед дух онож хагалсан, ...муу янхан гээд баруун хөлний гуя руу хөлөөрөө нэг удаа өшиглөсөн....” гэх мэдүүлэг /хх8/

2. Гэрч Б.А-ийн “...Хамт архи уудаг Б-тай архидаж байгаад архины шилээр духаа цохиулсан гэж надад хэлсэн.” гэх мэдүүлэг /хх16/

3. Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2019 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 5113 дугаартай шинжээчийн “... Б.Ш-ийнбиед духны язарсан шарх, баруун гуяны цус хуралт, зулайн хуйхны зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсэх боломжтой. Уг гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй.” гэх дүгнэлт /хх19/

4. Шинжээч эмч Н.Энхцолмонгийн “...духны язарсан шарх дангаараа гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэх мэдүүлэг /хх22-23/

5. Хохирогч Б.Ш-аас гаргаж өгсөн гэрэл зургийн үзүүлэлт /хх47/

6. Б.Б-ын яллагдагчаар өгсөн “...2019 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр ............. тоот өөрийн гэртээ Ш-тай хамт байж байтал гаднаас зүс танил хоёр хөгшин ах архитай орж ирээд авчирсан архийг нь бид дөрөв хувааж уусан. Ууж байтал хоёр хөгшин ахын нэг нь Шижирмааг нүдэн дээр тэвэрч аваад байхаар нь уур хүрээд Шижирмаа тэр хоёртой хэрэлдэж байгаад ууж байсан архиныхаа шилээ хагалж, манайд байсан хөгшнийг гэрээсээ хөөж, гартаа байсан архины хагархай шилийг Шижирмаа руу шидэхэд архины хагархай шил духыг нь оноод хагалчихсан. Шинжээчийн 5113 дугаартай дүгнэлтийн гэмтлийг би архины хагархай шил шидэж духыг нь онож учруулсан гэмтэл байна. Дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна. Шижирмаагаас уучлалт гуйж бид хоёр хоорондоо эвлэрсэн тул хөнгөн ял шийтгэл оноож өгнө үү...” гэх мэдүүлэг /хх28-29/.

Гэм буруугийн дүгнэлт шүүгдэгч Б.Б:

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримт, шүүхийн хэлэлцүүлэгт талуудын гаргасан дүгнэлт, тайлбар, мэдүүлэгээс дүгнэн үзэхэд Б.Б нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Б.Ш-г бусадтай хардаж, архины шилээр цохиж, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан болох нь хохирогч Б.Ш-ийн мэдүүлэг, гэрч Б.А-ийн мэдүүлэг, Б.Б-ын яллагдагчаар болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгээр тус тус тогтоогдож байна.

Шүүгдэгчийн үйлдлийн улмаас хохирогч Б.Ш-ийн эрүүл мэндэд “...духны язарсан шарх, баруун гуяны цус хуралт, зулайн хуйхны зөөлөн эдийн няцрал...” бүхий хөнгөн хохирол учирсан болох нь Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2019 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 5113 дугаартай дүгнэлт, шинжээч эмч Н.Энхцолмонгийн мэдүүлгээр тус тус тогтоогдож байна.

Шүүгдэгч Б.Б-ын үйлдэл нь гэм буруугийн шууд санаатай хэлбэртэй бөгөөд түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирч байна.

Иймд улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэв.

Хохирол, хор уршиг-хохирол төлөгдсөн байдал. 

Хохирогч Б.Ш нь эмчилгээний зардалд 270.400 төгрөгийг баримтаар нэхэмжилжээ.

Шүүх хуралдаанд хохирогч нь хохирол төлөгдсөн, гомдол саналгүй гэж мэдүүлэн, хохирол авсан тухай бичгээр баримт үйлдэж ирүүлсэн байх тул шүүгдэгч Б.Б-ыг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.

Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Улсын яллагчаас шүүгдэгч Б.Б-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялын дүгнэлт, санал гаргасан.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан үзлээ.

Шүүгдэгч Б.Б-т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн гэж үзэн эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх нөхцөл байдалтайд тооцон, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч Б.Б-ын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, ажил хөдөлмөр эрхэлдэггүй, дээр дурдсан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн нөхцөл байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 400 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шийдвэрлэвэл зохих бусад зүйлийн талаар:

Шүүгдэгч Б.Б нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг, нэг хоног хорих ялаар тооцож сольж болохыг анхааруулах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-т 400 /дөрвөн зуун/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 /найм/ цагийн ажлыг 1 /нэг/ хоног хорих ялаар тооцож солихыг мэдэгдсүгэй.

4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн 1 ширхэг сиди-г хэргийн хадгалах хугацааг дуустал хэрэгт хавсаргаж, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

6. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

7. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

       

 

                      ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                          М.МӨНХБААТАР