Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 03 сарын 28 өдөр

Дугаар 262

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Сарантуяа,

улсын яллагч Н.Уранбайгаль,

шүүгдэгч М.С нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар:

              

Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн М.Сад холбогдох эрүүгийн ___ тоот дугаартай, 1 хавтас хэргийг 2019 оны 3 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ____ дугаарын регистртэй, М.С.

 

Холбогдсон хэргийн талаар

Шүүгдэгч Минсэлийн С нь 2019 оны 01 дүгээр сарын 16-ны оройн 16 цаг 40 минутын орчимд Баянгол дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэр, 25 дугаар эмийн сангийн автобусны буудлын замд “Эрдэм Транс” ХХК-ны эзэмшлийн Hyundai Aero City 450 маркийн 05-89 УНН улсын дугаартай автобусыг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 23.4-т заасан “Жолооч нь тээврийн хэрэгслээ гүйцэд зогсоосны дараа зорчигчийг буулгах буюу суулгах, хаалгаа гүйцэд хаасны дараа хөдөлгөөнөө эхлэх үүрэгтэй”, хаалгыг жолоочийн суудлаас удирддаг бол гүйцэд зогсоогүй байхдаа хаалга нээхийг хориглоно” гэсэн заалтыг зөрчсөний улмаас зорчигч /67 настай, эмэгтэй/ Ё.Дг унагаж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдснээр/

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.С мэдүүлэхдээ:

“...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

 

            Мөн хавтаст хэргээс мөрдөн байцаалтанд шүүгдэгч болон хохирогч, гэрч нарын мэдүүлсэн мэдүүлэг болон бусад баримтууд болох:

 

Мөрдөн байцаалтад шүүгдэгч М.Сын өгсөн:

“...Би Эрдэм транс ХХК-д жолоочоор ажиллаад 3 жил гаруй болж байна. 2019 оны 01 дүгээр сарын 16-ны өглөө гараатай байсан. Тэгээд Hyundai Aero city 540 маркийн 05-89 УНН улсын дугаартай автобус жолоодон халдвартын эмнэлгээс зүүн салаа руу чиглэлд явж байсан. Автобусандаа 40 гаруй зорчигчтой явсан. Би 25 дугаар эмийн сангийн автобусны буудал руу ороод хүнээ буулгасан. Тэгээд заалны толиндоо хартал бууж байгаа хүн харагдахгүй байхаар нь хөдлөхөд дотор явж байсан зорчигч нар хүн автобуснаас уначихлаа гээд орилохоор нь зогсоод буугаад хартал заалны хаалганы хойд талд толгой нь баруун тийш харсан 60 гаруй насны эмэгтэй хүн хагас суусан байдалтай байсан. Би очоод юу болов зүгээр үү гэтэл гайгүй байна. Нуруу жаахан өвдөөд байна гэхээр нь би зорчигчоо автобуснаас буулгаад түргэн дуудсан. Өөрийнхөө автобусандаа оруулахад тэр эмэгтэйг 103 ирээд аваад явсан. Тэгээд би цагдаа дуудсан. Би эмчилгээний зардалд одоогийн байдлаар 958.900 төгрөг бэлнээр өгсөн...” гэх мэдүүлэг /хх-н 56-57/,  

 

Мөрдөн байцаалтад хохирогч Ё.Дгийн өгсөн:

“...2019 оны 01 дүгээр сарын 16-ны 16:00 цаг өнгөрч байхад би дүүтэйгээ Багшийн дээд сургууль дээр уулзсан. Дүү Б хоёулаа гандан орж ном уншуулъя гэхээр нь бид хоёр хамт зүүн салаа гэсэн цэнхэр өнгийн автобусанд суусан. Тэгээд Баянгол дүүргийн 2 дугаар хороо 25 дугаар эмийн сангийн автобусны буудал дээр ирсэн. Голын хаалгаар нэг хүн буусан. Дараа нь би буух гээд хаалганы бариулаас бариад нэг хөлөө гишгүүр дээр тавихад автобус хаалгаа хаагаад хөдөлсөн. Хөөе бууя гэж би орилоход хаалгаа хүчтэй нээхэд миний бариулаас барьсан гар маань тавигдаад би замын хажуу руу оочсон. Тэгтэл тэнд байсан хүмүүс хүн уначихлаа гэж орилсон. Тэгтэл жолооч нь бууж ирээд надтай бие чинь яаж байна гээд уулзсан. Би босож чадахгүй байтал автобусны жолооч намайг автобусандаа суулгаад удалгүй би 103-н автомашинаар гэмтлийн эмнэлэг рүү явсан. Жолооч эмчилгээний зардалд 958.900 төгрөг бэлнээр өгсөн. Жолооч хохирол барагдуулбал гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг /хх-н 16-17/,

 

Мөрдөн байцаалтад иргэний хариуцагч О.Г-ын өгсөн:

“...2019 оны 01 дүгээр сарын 16-ны 16:39 цагт гарсан зам тээврийн осол хэргийн талаар жолооч С өөрөө над руу утсаар ярьсан. Тэгээд 103 ирээд хүнийг нь аваад явлаа гэж хэлсэн. Зам тээврийн ослын улмаас учирсан хохирлыг төлөхөд татгалзах зүйлгүй. Хохирогчид байгууллагаас 1.0 сая төгрөг эмчилгээний зардалд өгсөн...” гэх мэдүүлэг /хх-н 21/,

 

Мөрдөн байцаалтад гэрч Ё.Бын өгсөн:

“...2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр 15 цагийн орчимд эгч Д манайд ирсэн. Тэгээд бурханы даллага авахуулахаар хоёулаа хамт гэрээс гараад багшийн дээдийн автобусны буудал дээрээс автобусанд суугаад Баянгол дүүргийн 2 дугаар хороо 25 дугаар эмийн сангийн баруун талын автобусны буудал дээр ирээд автобус зогсохоор нь эгч Д буух гэтэл автобусны хаалга хаагдсан. Тэгэхээр нь би хөөе хүн бууя гээд орилсон. Тэгтэл автобус жаахан хөдлөөд зогссон. Тэгээд хүмүүс буугаад дараа нь эгч Д буух гээд өрөөсөн хөлөө дутуу тавьж байхад автобус хөдлөхөд эгч Д унасан. Би ард нь буух гээд хараад зогсож байсан юм. Тэгээд би буугаад хартал эгч сөхрөөд газар унасан байсан. Удалгүй жолооч ирсэн. Би жолоочийн хамт эгчийг зорчих хэсгээс холдуулсан. Тэгээд удалгүй 103 ирээд бид хоёр цуг явсан. Сүүлд нь эгчтэйгээ утсаар холбоо барихад нуруу нь гэмтсэн байна гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-н 25/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн шинжээчийн 1554 тоот: 

1. Ё.Дгийн биед бүсэлхийн 4-р нугаламын их биеийн шахагдсан хугарал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгджээ.

3. Уг гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д заагдснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.

5. Дээрхи гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломтжой байна гэх дүгнэлт /хх-н 32/,

 

“Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ Сонгинохайрхан техникийн хяналтын үзлэгийн төвийн 2019 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 003519 тоот:

1. Hyundai Aero city маркийн 05-89 УНН улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь техникийн бүрэн бүтэн байдлыг хангахгүй байна.

2. Ухрах арааны гэрэл хэвийн бус ажиллагаатай, дуут дохио ажиллахгүй, спидометр ажиллахгүй (хурд хэмжигч), тахометр ажиллахгүй (хөдөлгүүрийн эргэлт хэмжигч) гэх эвдрэл, гэмтэлтэй байна.

3. Дуут дохио нь бусдад анхааруулга өгөх, болзошгүй аюул ослоос урьдчилан сэргийлэх үүрэгтэй юм. Уг тээврийн хэрэгслийн дуут дохио ажиллахгүй байна. Гэвч уг гэмтэл нь энэхүү осолд нөлөөлөх боломжгүй гэмтэл юм. Спидометр ажиллахгүй байна. Энэ нь тухайн тээврийн хэрэгслийн хурдыг жолооч хянахад хүндрэл гарах учир хурднаас үүдэлтэй осол үүсч болзошгүй гэмтэл юм. Уг осолд тухайн гэмтэл нөлөөлөх боломжгүй юм.

4. Hyundai маркийн Aero city 450 загварын тээврийн хэрэгсэл нь ABS дамжуулгат тоормосны системтэй. Тоормосны ажиллагаа хэвийн.

5. Hyundai маркийн  Aero city 450 загварын тээврийн хэрэгсэл нь ABS хийн дамжуулгат тоормосны системтэй, тоормос гишгэх үед тоормосны мөр зам дээр үүснэ гэх дүгнэлт /хх-н 38-39/,

 

Тээврийн цагдаагийн албаны 2019 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 141 тоот:

            1. HYUNDAI Aero city 450 маркийн 05-89 УНН улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Минсэл овогтой С нь МУ-н Замын хөдөлгөөний дүрмийн 23.4.-т заасан “Жолооч нь тээврийн хэрэгслээ гүйцэд зогсоосны дараа хөдөлгөөнөө эхлэх үүрэгтэй. Хаалгыг жолоочийн суудлаас удирддаг бол гүйцэд зогсоогүй байхдаа хаалга нээхийг хориглоно.” Гэсэн заалтыг, “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ Сонгинохайрхан техникийн хяналтын үзлэгийн төвийн 003519 тоот дүгнэлт хариулт 2-т дурдагдсан “Ухрах арааны гэрэл хэвийн бус ажиллагаатай, дуут дохио ажиллахгүй, спидометр ажиллахгүй, тахометр ажиллахгүй гэх эвдрэл, гэмтэлтэй байна.” гэсэн дүгнэлтээс харахад МУ-н Замын хөдөлгөөний дүрмийн 3.4.-т заасан “Жолооч дараахь үүргийг хүлээнэ: а/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах:” гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй байна. /5.5.-д заасан “Гэрэлтүүлэг, дохиоллын системийн ажиллах горим алдагдсан, унтраалга, шилжүүлүүр гэмтсэн:” мөн хавсралтын 6.1.-д заасан “Хурд хэмжүүр ажиллахгүй болсон: 6.2.-т заасан “Дуут дохио ажиллахгүй болсон:”/

            2. Явган зорчигч Ёндон овогтой Д нь МУ-н Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалт зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна.

            3. Замын тэмдэг тэмдэглэгээ болон замын бусад байгууламжийн эвдрэл гэмтэлтэй байдал хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд тогтоогдохгүй байна гэх дүгнэлт /хх-н 45-46/,

 

- Зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-н 5-9/,

- Хохирогч Ё.Дгийн өвчний түүхийн хуулбар /хх-н 61-69/,

  • Хохирогчийн хүсэлт /хх-н 101/,

 

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд болох:

- эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-н 70/

- оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-н 70/

- иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 72/ зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цугларч, бэхжүүлэгдсэн, нотлох баримтууд нь агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул нотлох баримтаар үнэлж, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж дүгнэсэн болно.

 

            Шүүхээс шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэм буруугийн талаар хийсэн хууль зүйн дүгнэлт:

 

Шүүгдэгч М.С нь 2019 оны 01 дүгээр сарын 16-ны оройн 16 цаг 40 минутын орчимд Баянгол дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэр, 25 дугаар эмийн сангийн автобусны буудлын замд “Эрдэм Транс” ХХК-н эзэмшлийн Hyundai Aero City 450 маркийн 05-89 УНН улсын дугаартай техникийн бүрэн бүтэн байдлыг хангаагүй автобусыг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 23.4-т заасан “Жолооч нь тээврийн хэрэгслээ гүйцэд зогсоосны дараа зорчигчийг буулгах буюу суулгах, хаалгаа гүйцэд хаасны дараа хөдөлгөөнөө эхлэх үүрэгтэй”, хаалгыг жолоочийн суудлаас удирддаг бол гүйцэд зогсоогүй байхдаа хаалга нээхийг хориглоно” гэсэн заалтыг зөрчсөний улмаас зорчигч /67 настай, эмэгтэй/ Ё.Дг унагаж, биед бүсэлхийн 4-р нугаламын их биеийн шахагдсан хугарал бүхий эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

 

шүүгдэгч М.Сын “...2019 оны 01 дүгээр сарын 16-ны өглөө ... 25 дугаар эмийн сангийн автобусны буудал руу ороод хүнээ буулгасан. Тэгээд заалны толиндоо хартал бууж байгаа хүн харагдахгүй байхаар нь хөдлөхөд дотор явж байсан зорчигч нар хүн автобуснаас уначихлаа гээд орилохоор нь зогсоод буугаад хартал заалны хаалганы хойд талд толгой нь баруун тийш харсан 60 гаруй насны эмэгтэй хүн хагас суусан байдалтай байсан. Би очоод юу болов зүгээр үү гэтэл гайгүй байна. Нуруу жаахан өвдөөд байна гэхээр нь би зорчигчоо автобуснаас буулгаад түргэн дуудсан...” гэх мэдүүлэг,  

 

хохирогч Ё.Дгийн “...2019 оны 01 дүгээр сарын 16-ны 16:00 цаг өнгөрч байхад ... Баянгол дүүргийн 2 дугаар хороо 25 дугаар эмийн сангийн автобусны буудал дээр ирсэн. Голын хаалгаар нэг хүн буусан. Дараа нь би буух гээд хаалганы бариулаас бариад нэг хөлөө гишгүүр дээр тавихад автобус хаалгаа хаалгаад хөдөлсөн. Хөөе бууя гэж би орилоход хаалгаа хүчтэй нээхэд миний бариулаас барьсан гар маань тавигдаад би замын хажуу руу оочсон...” гэх мэдүүлэг,

 

гэрч Ё.Бын “...2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр ... 25 дугаар эмийн сангийн баруун талын автобусны буудал дээр ирээд автобус зогсохоор нь эгч Д буух гэтэл автобусны хаалга хаагдсан. Тэгэхээр нь би хөөе хүн бууя гээд орилсон. Тэгтэл автобус жаахан хөдлөөд зогссон. Тэгээд хүмүүс буугаад дараа нь эгч Д буух гээд өрөөсөн хөлөө дутуу тавьж байхад автобус хөдлөхөд эгч Д унасан...” гэх мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн шинжээчийн 1554 тоот дүгнэлт, “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ Сонгинохайрхан техникийн хяналты үзлэгийн төвийн 2019 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 003519 тоот дүгнэлт, Тээврийн цагдаагийн албаны 2019 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 141 тоот дүгнэлт, зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал, гэрэл зургийн үзүүлэлтүүд, хохирогч Ё.Дгийн өвчний түүхийн хуулбар зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.

Тээврийн прокурорын газраас шүүгдэгч М.Сад холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байх тул шүүгдэгч М.Сыг Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Хохирлын талаар

“Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол” гэж, мөн “...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг....” гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд тус тус тодорхойлж хуульчилсан бөгөөд “Хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр бусдын амь нас, эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд уг гэмт хорыг хариуцан арилгах, гэмт хор учруулсантай холбогдон гарсан зайлшгүй бүх зардлыг хохирогчид нөхөн төлөх үүрэгтэй” талаар Иргэний хуулийн 497 дугаар зүйл болон 505 дугаар зүйлд тус тус зааж зохицуулсан.

 

Хэргийн хохирогч Ё.Дгийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан нь тухайн гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар буюу гэмт хэргийн хохирол болох бөгөөд учирсан гэмтлийн улмаас эмчилгээ үйлчилгээ хийлгэх зэрэг болон бусад зайлшгүй зардал нь гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн дагавар буюу хор уршигт тооцогдох юм.

 

Хавтаст хэргийн 101 дүгээр талд хохирогч Ё.Д “..гомдол санал байхгүй...” гэх хүсэлт гаргасныг харгалзан шүүгдэгч М.Сыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Эрүүгийн хариуцлага оногдуулах талаарх шүүхийн дүгнэлт:

Шүүгдэгч М.Сад холбогдох хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх хэрэгт хамаарч байгаа, мөн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг бүрэн хангасан, прокуророос М.Сад 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 төгрөгөөр торгох ялын саналаа танилцуулж, гарын үсэг зуруулсан нь шүүгдэгч эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсгүүдэд заасан шаардлагад нийцсэн байх тул шүүх хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж дээрх торгуулийн ялыг оногдуулж шийдвэрлэлээ.

 

Шүүхээс шүүгдэгч М.Сад эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөлд тооцсон ба ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

            Хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдав. 

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31.3 дугаар зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 17.5 дугаар зүйлийн 8, 9, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч М.Сыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Сыг 550 /таван зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 /таван зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

   3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Сын торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс хойш хуульд заасан хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, энэ хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

 

4. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол М.Сад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Ц.МӨНХ-ЭРДЭНЭ