| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Мижиддоржийн Мөнхбаатар |
| Хэргийн индекс | 188/2019/0737/Э |
| Дугаар | 768 |
| Огноо | 2019-08-09 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | А.Ганзориг |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 08 сарын 09 өдөр
Дугаар 768
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Мөнхбаатар даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сосорбарам,
улсын яллагч А.Ганзориг,
хохирогч С.Д,
шүүгдэгч Ж.О нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор А.Ганзоригоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ж.О-д холбогдох эрүүгийн ....................... дугаартай хэргийг 2019 оны 6 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, тусгай дунд боловсролтой, оёдол эсгүүрчин мэргэжилтэй, “Алтан утас” салонд оёдолчин ажилтай, ам бүл 3, хоёр хүүхдийн хамт, ..................... тоотод оршин суух, урд ял шийтгэлгүй,
Ж.О /РД:..................../.
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд дурдсанаар/
Шүүгдэгч Ж.О нь 2019 оны 02 дугаар сарын 17-ны өдөр ............... тоот хашаанд иргэн С.Д-тай “араас түлхлээ” гэх шалтгааны улмаас маргалдаж, улмаар түүний нүүрийг хумсаараа маажин зодож, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт: Хохирогч С.Д-аас гаргаж өгсөн хоёр ширхэг гэрэл зураг /хх39/, хохирогч С.Д-ийн мэдүүлэг /хх09-11, 12-13/, гэрч С.Н-ын мэдүүлэг /хх22-24/, гэрч Т.У-ын мэдүүлэг /хх19-21/, гэрч Х.Э-ийн мэдүүлэг /хх16-18/, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 2603 дугаартай дүгнэлт /хх29/, яллагдагч Ж.О-ийн мэдүүлэг /хх47-51/, шүүгдэгч Ж.О-ийн иргэний үнэмлэхний зурагт лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, нийгмийн даатгалын шимтгэлийн лавлагаа, “Алтан Урлан” ХХК-д ажилладаг талаарх тодорхойлолт /хх54-60/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлуулсан болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүйг дурдаж, шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Мөн шүүгдэгчийг яллагдагчаар, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.
Нэг. Шүүгдэгч Ж.О-г гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтуудын агуулга:
1. Хохирогч С.Д-ийн “...2019 оны 02 дугаар сарын 17-ны өдөр би гэртээ байж байтал орой 21 цагийн үед гадаа хаалга нүдэх чимээ гарахаар нь би гараад хаалгаа онгойлгосон чинь манай ах Н-ын эхнэр нь байж байгаад салсан О байсан.... “би чамайг мэднэ шүү гичий минь, янхан минь” гэж намайг доромжилсон...хүүхдээ явъя гээд чирсэн чинь хүүхэд нь уйлсан чинь манай ах Н болиоч гэж хэлсэн ... манай ээж У манай ах Ням-Очир нар гар гэж хэлээд гэрээс гаргасан ...О манай ээж У-ыг “нөхрөө үхүүлсэн авгай, гичий, жингэр” гэж хэлэхээр нь би О-д “чи 80 гарсан хөгшин хүнийг юу? гэж байгаан” гэж хэлээд араас нь нуруу руу нь түлхсэн тэгээд О бид хоёр хэрэлдсэн бөгөөд О хамт явж байсан эмэгтэй миний хоёр гарыг бариад авсан чинь О ирээд миний дух зүүн шанаа зэргийг хумсаараа маажсан тэгээд манай ээж О-г чи гар гэж хэлээд хашаанаас гарсан ба удалгүй цагдаа хүрээд ирсэн юм... О бид хоёр зууралдаад авсан чинь тэр эмэгтэй бид хоёрын дундуур ороод миний гарыг бариад авсан чинь О миний нүүрийг хумсаараа маажчихсан юм. Би тэр эмэгтэйг яах гэж бид хоёрын дундуур орсныг мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /хх9-11, 12-13/,
2. Хохирогч С.Д-аас гаргаж өгсөн хоёр ширхэг гэрэл зураг /хх39/,
3. Гэрч С.Н-ын “...2019 оны 02 дугаар сарын 17-ны орой би ээжтэйгээ, хүү П-тай байж байтал гаднаас надтай өмнө нь хамтран амьдарч байгаад салсан О хажуу айлынхаа Э-ийг дагуулаад ороод ирээд хүү П-ийг авч явна гэж хэлэхээр нь би “орой болчихсон байна маргааш ирж ав” гэж хэлээд гаргасан тэгтэл гадаа манай Д, О хоёр орилох чимээ гарахаар нь би гарсан чинь О, Д хоёр бие биенийхээ хувцаснаас зуурчихсан зогсож байсан ба Э тэр хоёрыг салгах гээд зогсож байхаар нь би бас очиж тэр хоёрыг салгасан юм. Тэгээд О гэрээс гараад явсан бөгөөд би гэртээ ороод байж байтал...манай дүү Д ороод ирэхээр нь харсан чинь духан дээр нь зүүн шанаан дээр нь хумсаараа маажсан байсан...” гэх мэдүүлэг /хх22-24/,
4. Гэрч Т.У-ын “...хашаанд Д, О хоёр хэрэлдээд байхаар нь би гараад Д-д наадахаа хашаанаас гаргаач харанхуй шөнө айлд ирчхээд хэрүүл маргаан хийгээд байдаг гэж хэлсэн, тэгтэл гараад явчихсан... Д надад О миний нүүрийг хумсаараа маажчихлаа гэж хэлсэн ...маргааш өглөө нь харсан чинь нүүрэнд нь хумсны сорви гарсан байсан...” гэх мэдүүлэг /хх19-21/,
5. Гэрч Х.Э-ийн “...Би Д гэх эмэгтэйг цохиж зодсон зүйл байхгүй. Д, О эгчийг дарчхаад тавихгүй байхаар нь би салгах гэж тэр хоёрын голоор орсон ба цохиж зодсон зүйл огт байхгүй...” гэх мэдүүлэг /хх16-18/,
6. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 2603 дугаартай дүгнэлтээр “...С.Д-ийн биед дух, зүүн нүдний доод зовхи, уруул орчим, зүүн шанаанд зургаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, хэрэг болсон цаг хугацаанд үүсэх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэгт тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /хх29/,
7. Яллагдагч Ж.О-ийн “...2019 оны 02 дугаар сарын 17-ны өдөр С.Д-ийн нүүрэнд би нэг удаа л гар хүрч хумсаараа маажсан...” гэх мэдүүлэг /хх47-51/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Гэм буруугийн дүгнэлт шүүгдэгч Ж.О:
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримт, талуудын шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан мэдүүлэгт, тайлбар дүгнэлт хийж үзэхэд шүүгдэгч Ж.О нь 2019 оны 02 дугаар сарын 17-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, Горхийн 1 дүгээр гудамжны 11 тоотод байрлах хадмынхаа гэрт хүүхдээ авах гэж очсон байна.
Улмаар салсан нөхөр С.Н-ын дүү болох С.Д-тай гэр бүлийн асуудлаас болон маргалдаж, түүний нүүрийг хумсаараа маажин, эрүүл мэндэд нь хохирол учруулсан болох нь хохирогч С.Д, гэрч С.Н, Т.У нарын мэдүүлэг, гэрэл зургийн үзүүлэлт, Ж.О-ийн яллагдагчаар болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгээр тус тус тогтоогдож байна.
Шүүгдэгчийн үйлдлийн улмаас хохирогч С.Д-ийн эрүүл мэндэд “...дух, зүүн нүдний доод зовхи, уруул орчим, зүүн шанаанд зургаралт...” бүхий хөнгөн хохирол учирсан болох нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 2603 дугаартай дүгнэлтээр тогтоогдож байна.
Шүүгдэгч Ж.О нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан нь тогтоогдож байна.
Иймд улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
Хохирол, хор уршиг-хохирол төлөгдсөн байдал.
Шүүгдэгч Ж.О нь хохирогч С.Д-ийн баримтаар нэхэмжилсэн хохирол болох 46.000 төгрөгийг төлсөн байна. Иймд шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Харин шүүгдэгчийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогчийн гоо сайхантай холбоотой хор уршиг арилаагүй /нүүр дэх сорви/ гэж үзэж хохирогч С.Дг цаашид гэм хорын хохирлыг Иргэний хэргийн шүүхийн журмаар нэхэмжлэх эрх нээлттэй болохыг дурдав.
Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Улсын яллагчаас шүүгдэгч Ж.О-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, зан үйлээ засах сургалтанд хамруулах үүрэг хүлээлгэх дүгнэлт, санал гаргасан.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүнийг гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан үзлээ.
Шүүгдэгч Ж.О нь хохирогчид баримтаар нэхэмжилсэн хохирлыг төлсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлын хувьд эх нь хүүхдээ очиж авах зорлиготой байсан, урьд өмнө эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, 1.2 дахь заалтад заасан “...учруулсан хохирлыг төлсөн...” гэсэн нөхцөлийг хөнгөрүүлэх нөхцөл байдал тооцож, шүүгдэгчийн үйлдэлд мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Ж.О нь ажил хөдөлмөр эрхэлдэг, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугийн талаар маргаагүй, хохирлыг нөхөн төлсөн зэрэг нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 550 нэгж буюу 550.000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэлээ.
Харин шүүгдэгч Ж.О-д зан үйлээ засах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хүлээлгэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдаж байна.
Шийдвэрлэвэл зохих бусад зүйлийн талаар:
Эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ж.О-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.О-д 550 /таван зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 /таван зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.О нь торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан /90 хоног/-н хугацаанд биелүүлэх, биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Шүүгдэгч Ж.О нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг дурдаж, хохирогч С.Д нь гэмт хэргийн улмаас учирсан хор уршигтай холбоотой цаашид гарах зардлыг Иргэний хэргийн шүүхийн журмаар нэхэмжлэх эрх нээлттэй болохыг мэдэгдсүгэй.
5. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, тэрээр цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
7. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
8. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.МӨНХБААТАР