Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 03 сарын 27 өдөр

Дугаар 362

 

                                                                         Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Мөнхбаатар даргалж,

нарийн бичгийн дарга Б.Сосорбарам,

улсын яллагч Р.Очирсүрэн,

шүүгдэгч С.М,

хохирогч А.Э нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С.М-д холбогдох эрүүгийн ...................  дугаартай хэргийг 2019 оны 3 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, Өнөр СӨХ-ийн жижүүрийн ажилтай, ам бүл-1, ............................. тоотод оршин суух С.М, /РД:........................./,

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд дурдсанаар/

Шүүгдэгч С.М нь 2018 оны 07 дугаар сарын 13-ны өдөр 18.00 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хороо 5 дугаар байрны хойд талд иргэн А.Э-ын толгойн тус газар архины шилээр цохиж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Талуудын хүсэлтээр хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэхэд:

Шүүгдэгч С.М нь 2018 оны 07 дугаар сарын 13-ны өдөр 18 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хороо 5 дугаар байрны хойд талд иргэн А.Э-ын толгойн тус газар архины шилээр цохиж эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдлийг,

 

Нэг. Гэм буруутайд тооцох талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүйг дурдаж, талуудаас шинжлэн судалсан, шүүгдэгчийг гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтуудын агуулга:

1. Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүулэлт /хх12, 16-17-р тал/,

2. Хохирогч А.Э-ын "... Би 2018 оны 07 дугаар сарын 13-ны өдөр гэрээсээ гарч кофе авах санаатай гарч яваад 5 дугаар байрны хажуу талын дэлгүүр орох гээд явж байхад доороо граштай байрны хажуугаар гараад явж байхад байрны довжоон дээр доошоогоо хараад цэнхэр подвольктой хун сууж байсан хажууд нь шилтэй архи байж байхаар нь би “чи ингэж сууж болохгуй, наад архиа ав хүн авчих вий дээ” гэж хэлээд цаашаа алхаж байхад миний араас толгой руу хатуу зүйлээр цохих шиг болсон, Би эргээд харахад миний хажуугаар түрүүний довжоон дээр сууж байсан цэнхэр подвольктой хүн гүйгээд яваад өгсөн. Би араас нь хөөгөөд гүйцээгүй..." гэх мэдүүлэг /хх33-р тал/,

3. Хүн таньж олуулах ажиллагааны тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт: “...7 дугаартай хүн миний толгой руу архины шилээр цохиж гэмтэл учруулсан залуу мөн байна. Би энэ хүний нүүрний төрхөөр нь хараад таньж байна...” /хх-ийн 18-19-р тал/,

4. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2018 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 8703 дугаартай дүгнэлтэд “...А.Э-ын биед хуйханд гэмтэл тогтоогдлоо. Шарханд анхдагч цэгцлэлт хийгдсэн тул ямар зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэнийг тогтоох боломжгүй. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэсэн дүгнэлт /хх-ийн 38-р тал/,

5. Осол гэмтлийн тохиолдлыг бүртгэх хуудас /хх-ийн 27-р тал/,

6. С.М-ын яллагдагчаар өгсөн “...боржуур дээр сууж байхад нэг хүн намайг “босоод яв халуунд гадаа суулаа" гэж хэлээд загнаад үглээд байх шиг байсан. миний дургүй хүрээд чи юу гээд байгаа юм бэ гэж хэлээд гартаа таарсан архины шилээр тэр хүний толгой руу нь цохьчихоод хойшоогоо алхаад гэртээ ирээд унтсан..." гэх мэдүүлэг /хх48-р хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Мөн шүүгдэгчийг яллагдагчаар, хохирогч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

 

Шүүгдэгч С.М нь 2018 оны 07 дугаар сарын 13-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хороо 5 дугаар байрны хойд талд иргэн А.Э-ыг “босоод яв халуунд гадаа суулаа” гэж хэлсэнд нь уур нь хүрч түүний толгойн тус газар архины шилээр цохиж эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйл баримт нь хохирогч, шүүгдэгч нарын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, таньж олуулах ажилагаа явуулсан тэмдэглэл, таньж олсон гэрэл зураг зэрэг нотлох баримтаар тогтоогдож байна.

Шүүгдэгчийн энэхүү үйлдэл нь гэм буруугийн шууд санаатай хэлбэртэй бөгөөд түүний энэхүү үйлдлийн улмаас хохирогч А.Э-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь 2018.07.16-ний өдрийн №8703 дугаар шинжээч эмчийн дүгнэлтээр тогтоогдсон байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

Иймд шүүгдэгч С.М-ыг гэм буруутайд тооцуулах талаар прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Хохирогчийн хувьд эмнэлэгт үзүүлсэн, эмчилгээ хийлгэсэн зэрэг зардлын талаар баримт гаргаж шүүхэд ирүүлээгүй тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу хохирогч нь холбогдох баримтыг бүрдүүлэн иргэний хэргийн шүүхэд хандан хохирлоо барагдуулах эрхтэй болохыг дурдан хохирол, төлбөртэй холбоотой хэсгийг хэлэлцэхгүй орхих нь зүйтэй гэж үзлээ.

 

Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч С.М-ын үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийг 400 цаг нийтэд тустай ажил хийлгэх санал гаргасан бөгөөд шүүгдэгч С.М-ын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирогчийн хохирлыг төлж барагдуулаагүй, түүний хувийн байдал урьд нь ял шийтгэл эдэлж байсан зэргийг харгалзан улсын яллагчийн ялын саналыг хүлээн авч 400 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэлээ.

 

Бусад зүйлийн талаар:

Эрүүгийн хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж, хэрэгт хавсаргагдсан 1 ширхэг чулууг хэргийг хадгалах хугацааг дуусах хүртэл хэрэгт хавсаргах, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч С.М-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.М-ыг 400 /дөрвөн зуун/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.М нь шүүхээс оногдуулсан 400 /дөрвөн зуун/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг нэг хоног хорих ялаар тооцож солихыг мэдэгдсүгэй.

4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн нэг ширхэг чулууг хэргийн хадгалах хугацааг дуусах хүртэл хэрэгт хавсаргасугай.

5. Хохирогч А.Э-д иргэний нэхэмжлэлтэй холбоотой хэсгийг хэлэлцээгүй орхиж, гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирлыг иргэний хэргийн шүүхийн журмаар нэхэмжлэл гаргах эрх нээлттэй болохыг дурдсугай.

6. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчид цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг тус тус  дурдсугай.

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

8. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

9. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      М.МӨНХБААТАР