Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 03 сарын 28 өдөр

Дугаар 263

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж,

нарийн бичгийн дарга Т.Сарантуяа,

улсын яллагч М.Мөнхзул,

шүүгдэгч Г.Э, түүний өмгөөлөгч Б.Оюунгэрэл нарыг оролцуулж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Баянгол дүүргийн прокурорын газраас Г.Эд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн ___ тоот, 1 хавтас хэргийг 2019 оны 3 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, __ дугаарын регистртэй, Г.Э.

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Г.Э нь 2019 оны 01 дүгээр сарын 08-наас 09-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байх Хотура зочид буудалд иргэн Х.Т-гын виза картыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар хулгайлан бэлэн мөнгөний машинаас 5 сая төгрөг авсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд дурьдсанаар/

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Э мэдүүлэхдээ:

“...Би мөрдөн байцаалтын шатанд үнэн зөвөөр мэдүүлэг өгсөн тул дахин мэдүүлэг өгөх шаардлагагүй...” гэв.

Мөн хавтаст хэргээс мөрдөн байцаалтанд шүүгдэгч болон хохирогч, гэрч нарын мэдүүлсэн мэдүүлэг болон бусад баримтууд болох:

 

Мөрдөн байцаалтад шүүгдэгч Г.Эгийн өгсөн:

“...Би 2019 оны 01-р сарын 08-ны орой Ботаникт таньдаг эгч болох С-гийнд байж байгаад Ботаникаас шууд такси бариад Саппоро дээр ирсэн юм надад таксины мөнгө байсан. Тэгээд Саппоро төв дээр ирсэн чинь 5009 гэсэн дугаартай М гэх таксинд явдаг зүс таних залуу ирсэн. Би Мгийн машинд суугаад 01 цаг хүртэл гадуур таксинд явсан тэгээд буцаад Саппоро дээр ирсэн юм. Би гараад зогсож байтал нэг хөгшин ах ирээд явах уу гэж хэлсэн тэгэхээр нь явна гэж хэлсэн тэгээд хоногийн 100,000 төгрөг мөнгөө бэлэн өгнө гэж хэлсэн. Тэр ах бид 2 Саппоро дээр байдаг Голомт банкны АТМ-с 100,000 төгрөг авсан. Тэгэхэд нь тэр картных нь нууц кодыг харсан юм. Тэгээд АТМ-с гараад нөгөө ах таксинд суух гэхээр нь би ийшээ сууя гэж хэлээд Мгийн машинд суусан. М хаашаа явах вэ ахаа гэсэн чинь эргээд зогсчих би тэнд буудал авчихсан байгаа гэж хэлсэн. Тэгээд М Саппорогийн урд талын буудал дээр очиж зогссон. Тэгээд нөгөө ах тэнд буудал аваагүй байсан тэгээд бид хоёр 3-р эмнэлэг хүртэл алхсан тэр ах энд буудал авсан байгаа гэж хэлсэн боловч нөгөө буудал руу нь орсон чинь аваагүй байсан буудал руу орж байхад тэр ах нь баруун аймагт байдаг хэрэг гарвал залгаж байгаарай ахдаа дугаараа өгчих гэж хэлсэн. Би өөрийн барьж байсан 88575732 гэсэн дугаараа өгсөн. Тэр буудалд өрөө аваад орсон тэгээд тэр ах гар утас, куртик 2-оо орон дээр орхиод ундаа аваад ирье гэж хэлээд гарсан хойгуур нь гар утасных нь хавтсанд байсан Хаан банкны картыг нь авсан юм. Тэгээд нөгөө ах буцаад ороод ирэхээр нь 2-лаа архи авъя гэж хэлээд хамт гадагшаа гарахаар болсон. Тэгээд куртикээ өмсөөд гадагшаа гарсан. Нөгөө ах утсаа орхичиж тэгээд намайг сугадаад буудал руу орсон би хойно нь удаан явж байгаад нөгөө ах өрөө рүүгээ орохоор нь би гараад гүйсэн юм. Тэгээд буудал дээр М зогсож байхаар нь шууд машинд нь ороод суусан. Араас нөгөө ах гараад ирсэн тэгээд би Мг яваарай гэж хэлсэн. Тэгээд би Мд АТМ оръё Хаан банкны картыг нь авчихсан гэж хэлсэн. Тэгээд 10-р хорооллын Хаан банкны АТМ дээр очсон юм тэгсэн АТМ нь ажиллахгүй байсан тэгээд буцаж гарч ирээд 1-р хорооллын 32-н АТМ дээр ирээд би картыг уншуулаад 1 сая төгрөг авсан тэгээд дахиад авах гэсэн боловч мөнгө дууссан гээд тэгээд хажуу талын АТМ-с уншуулаад 1 сая төгрөг авсан тэгээд дахиад мөнгө авах гэсэн боловч мөнгө дууссан гэсэн. Хажуу талын АТМ-с 1 саяар 3 удаа авсан.  Нийтдээ тэр ахын картнаас 5 сая төгрөг авсан...” гэх мэдүүлэг /хх-н 21-22/,

 

Мөрдөн байцаалтад хохирогч Х.Т-гийн өгсөн:

“...Би 2019 оны 01-р сарын 04-ний өдөр Баян-Өлгий аймгаас онгоцоор Улаанбаатар хотод ирсэн юм. Тэгээд Улаанбаатар хотод найз Бурмаагийн гэрт хонож байсан. Би Улаанбаатар хотод элэгний хавдар эмчлүүлэх гэж ирсэн юм. Тэгээд эмчилгээгээ хийлгэчихээд 2019 оны 01-р сарын 08-наас 09-нд шилжих шөнө 00 цагийн үед СХД-н Саппоро төв үүдэнд очсон. Тэгээд энд зогсож байхад улаан өнгийн куртиктэй охин зогсож байхаар нь би очоод явах уу гэж хэлсэн чинь явна гэж хэлсэн. Тэгээд нөгөө охин такси баръя гэж хэлээд зам дээр байсан саарал өнгийн приус-20 маркийн машинд суугаад 10-р хорооллын замын хойд талд байдаг АТМ дээр очсон юм. Би мөнгө авах гээд очсон тэгээд би нөгөө охиныг машинд байж бай гэж хэлсэн чинь таксины жолооч чи хамт буу гэж тэр охиныг хэлсэн. Тэгээд би АТМ-с 150,000 төгрөг авсан юм. Би нөгөө охинтой хоногийн 100,000 тохирч хамт хонохоор болсон. Тэгээд би Хаан банкны картаа гар утасныхаа хавтасанд хийсэн. Тэгээд 10-р хороололдоо нэг зочид буудлын гадаа очоод орсон. Бид 2 дээшээ шатаар гарч байтал нөгөө охин чинь архи авъя гэж хэлсэн. Тэгээд бид 2 гараад онгорхой дэлгүүр байхгүй байгаа байх гээд буцаад орсон юм. Тэгээд нөгөө охин гадаа байхад утсаа өгч байгаач би нэг утас руу залгаадхая гэж хэлсэн. Утсаа өгчихөөд хамт буцаад орсон. Тэр охин миний утсыг өгөөд тэгээд дээшээ гараад явж байгаад өрөөндөө орсон чинь нөгөө охин чинь байхгүй болчихсон байхаар нь араас нь гүйгээд гарсан алга болсон байсан. Тэгээд удалгүй миний утсанд мессеж ирээд харсан чинь эхлээд 1,500,000 төгрөгөөр 1 удаа, 1,000,000 төгрөгөөр 5 удаа мессеж ирсэн. Тэгээд би картаа харсан чинь байхгүй байсан...” гэх мэдүүлэг /хх-н 9-10/,

 

Мөрдөн байцаалтад гэрч Б.Мын өгсөн:

“...Би 2019 оны 01-р сарын 08-ны орой халтууранд явж байгаад Саппоро дээр ирээд зогссон чинь зүс таних А гэх охин зогсож байсан тэгээд миний машинд ороод суусан. Юу хийж байгаа юм гэсэн чинь О нэг охинтой Амгаланд намайг орхиод явчихлаа би ганцаараа алхсаар байгаад офицер ороод унаанд суугаад ирлээ гэж хэлсэн. Тэгээд ойр зуурын юм ярьж байгаад А буугаад яваад өгсөн тэгээд удалгүй А Саппорогийн урд байдаг АТМ-с нэг ахтай гарч ирээд гараа өргөхөөр нь би яваад очсон юм. Тэгээд тэр 2 суугаад хэдээр явах юм гээд яриад байсан тэгээд хаачих юм буудлаа олсон юм уу гэсэн чинь үгүй гээд эргээд зогсчих гэж хэлсэн. Би эргээд зогссон тэгээд тэр ах хэд гарсан юм гэхээр нь 2000 төгрөг гэсэн чинь яахаараа 2000 төгрөг гардаг юм гэхээр нь 1000 төгрөг өгчих гэсэн чинь 20,000 төгрөг гаргаж өгөхөөр нь задлахгүй гэсэн чинь задгай мөнгө байхгүй гэхээр нь би буугаад ТҮЦ ороод 2 ширхэг өндөг авч идсэн тэгээд буцаж ирээд хариулт мөнгийг нь өгсөн тэгээд тэр буугаад зүүн тийш алхаад явсан юм. Би ойр хавьд хүнгүй байхаар нь энэ 2 өөр тийшээ явж магадгүй гээд араас нь яваад уулзвар гараад зогссон тэгээд тэр 2 нэг буудал руу орсон удалгүй 2-лаа гарч ирээд буцаад орсон юм би автобусны буудал дээр очоод зогссон. Удалгүй А гүйгээд гарч ирээд миний машинд суусан яасан гэсэн чинь тэр ахын картыг нь авчихлаа АТМ оръё гэж хэлсэн. Тэгээд би 10-р хорооллын хойд талд байдаг Хаан банкны АТМ орсон. Дараа нь 1-р хорооллын 32-н АТМ орсон тэгээд надаа картанд нь 7 сая төгрөг байна би 3 саяыг нь авчихлаа гэж хэлэхээр нь би хөдлөөд 5 шарын энд ГАЗ авах гээд ирээд 20.000 төгрөгөнд ГАЗ хийгээд тэгээд хороолол явсан хороолол руу явж байхад А нэг хүнтэй хэрэлдээд байх шиг байсан тэгээд намайг нэг буудалд оруулаад өгөөч гэж хэлсэн. Би хорооллын Рич нэртэй буудалд өрөө авч өгсөн тэгээд Аг оруулж өгсөн А замд надад 1 сая төгрөг хадгалж байгаач гээд өгсөн юм. Тэгээд би гэрлүүгээ явсан...” гэх мэдүүлэг /хх-н 11-12/,

 

  • Эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-н 45/

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цугларч, бэхжүүлэгдсэн, нотлох баримтууд нь агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үзэж нотлох баримтаар үнэлж, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж дүгнэсэн болно.

 

Шүүхээс шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэм буруугийн талаар хийсэн хууль зүйн дүгнэлт:

 

Шүүгдэгч Г.Э нь 2019 оны 01 дүгээр сарын 08-наас 09-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байх Хотура зочид буудалд байхдаа иргэн Х.Т-гын виза картыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар хулгайлан виза картны нууц дугаарыг хохирогчийг өмнө нь бэлэн мөнгө авч байхад нь мэдэж авч улмаар бэлэн мөнгөний машинаас 5 сая төгрөг авч хулгайлах гэмт хэргийг үйлдсэн болох нь:

 

шүүгдэгч Г.Эгийн “...Би 2019 оны 01-р сарын 08-ны орой ... Саппоро төв дээр ... гараад зогсож байтал нэг хөгшин ах ирээд явах уу гэж хэлсэн тэгэхээр нь явна гэж хэлсэн тэгээд хоногийн 100,000 төгрөг мөнгөө бэлэн өгнө гэж хэлсэн. ...Нөгөө ах утсаа орхичиж тэгээд намайг сугадаад буудал руу орсон би хойно нь удаан явж байгаад нөгөө ах өрөө рүүгээ орохоор нь би гараад гүйсэн юм. ... 1-р хорооллын 32-н АТМ дээр ирээд би картыг уншуулаад 1 сая төгрөг авсан тэгээд дахиад авах гэсэн боловч мөнгө дууссан гээд тэгээд хажуу талын АТМ-с уншуулаад 1 сая төгрөг авсан тэгээд дахиад мөнгө авах гэсэн боловч мөнгө дууссан гэсэн. Хажуу талын АТМ-с 1 саяар 3 удаа авсан.  Нийтдээ тэр ахын картнаас 5 сая төгрөг авсан...” гэх мэдүүлэг,

 

хохирогч Х.Тгийн “...Би ... 2019 оны 01-р сарын 08-наас 09-нд шилжих шөнө 00 цагийн үед СХД-н Саппоро төв үүдэнд очсон. Тэгээд энд зогсож байхад улаан өнгийн куртиктай охин зогсож байхаар нь би очоод явах уу гэж хэлсэн чинь явна гэж хэлсэн. Тэгээд нөгөө охин такси баръя гэж хэлээд зам дээр байсан саарал өнгийн приус-20 маркийн машинд суугаад 10-р хорооллын замын хойд талд байдаг АТМ дээр очсон юм... Тэгээд би АТМ-с 150,000 төгрөг авсан юм. Би нөгөө охинтой хоногийн 100,000 тохирч хамт хонохоор болсон. Тэгээд би Хаан банкны картаа гар утасныхаа хавтасанд хийсэн. Тэгээд 10-р хороололдоо нэг зочид буудлын гадаа очоод орсон. Бид 2 дээшээ шатаар гарч байтал нөгөө охин чинь архи авъя гэж хэлсэн. Тэгээд бид 2 гараад онгорхой дэлгүүр байхгүй байгаа байх гээд буцаад орсон юм. Тэгээд нөгөө охин гадаа байхад утсаа өгч байгаач би нэг утас руу залгаадхая гэж хэлсэн. Утсаа өгчихөөд хамт буцаад орсон. Тэр охин миний утсыг өгөөд тэгээд дээшээ гараад явж байгаад өрөөндөө орсон чинь нөгөө охин чинь байхгүй болчихсон байхаар нь араас нь гүйгээд гарсан алга болсон байсан. Тэгээд удалгүй миний утсанд мессеж ирээд харсан чинь эхлээд 1,500,000 төгрөгөөр 1 удаа, 1,000,000 төгрөгөөр 5 удаа мессеж ирсэн. Тэгээд би картаа харсан чинь байхгүй байсан...” гэх мэдүүлэг,  

 

гэрч Б.Мын “...Би 2019 оны 01-р сарын 08-ны орой ... А гүйгээд гарч ирээд миний машинд суусан яасан гэсэн чинь тэр ахын картыг нь авчихлаа АТМ оръё гэж хэлсэн...” гэх мэдүүлэг зэрэг хавтаст хэрэгт цугларсан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

 

Баянгол дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Г.Эд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байх тул шүүгдэгч Г.Эг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Хохирлын талаар

   Хавтаст хэрэгт уг хэргийн хохирогчид нийт 5 сая төгрөгийн хохирол учирсан байх ба хавтаст хэргийн 45 дугаар талд авагдсан эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэлд 3.700.000 төгрөгийг хохирогчид хүлээлгэн өгсөн нь тогтоогдож байх тул үлдэгдэл хохирол болох 1.300.000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж хохирогч Х.Тд олгож шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хариуцлага оногдуулах талаарх шүүхийн дүгнэлт:

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх шүүх хуралдаанд улсын яллагч шүүгдэгч Г.Эд 400 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял эдлүүлэх санал гаргасан ба тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг тодорхой хэмжээнд нөхөн төлсөн, шүүгдэгчийн насанд хүрээгүй байхдаа тус гэмт хэргийг үйлдсэн зэрэг хувийн байдал болон цаашид засарч хүмүүжиж нийгэмд бие хүн болон төлөвших боломжийг харгалзан 1 жилийн хугацаагаар хянан хүмүүжүүлэх хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авч, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 2 дахь хэгсийн 2.3 дахь заалт, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Эд хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авсан хугацаанд зан үйлээ засах сургалтанд хамрагдах үүрэг хүлээлгэж, уг үүргийн биелэлтэнд хяналт тавихыг Баянзүрх дүүргийн хүүхэд залуучуудын хөгжлийн төвд даалгаж шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч Г.Э нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

            Шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч нь 7 хоног цагдан хоригдсон зэргийг дурдах нь зүйтэй.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31.3 дугаар зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Г.Эг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Шүүгдэгч Г.Эд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялыг оногдуулахгүйгээр тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан хүмүүжүүлэх хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авсугай.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 2 дахь хэгсийн 2.3 дахь заалт, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасныг журамлан шүүгдэгч Г.Эд хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авсан хугацаанд зан үйлээ засах сургалтанд хамрагдах үүрэг хүлээлгэж, уг үүргийн биелэлтэнд хяналт тавихыг Баянзүрх дүүргийн хүүхэд залуучуудын хөгжлийн төвд даалгасугай.

 

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Г.Эгаас 1.300.000 төгрөг гаргуулж, хохирогч Х.Т-д олгосугай.

 

5. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч 7 хоног цагдан хоригдсон болохыг дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд Г.Эд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, түүнд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах,  эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Г.Эд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                           Ц.МӨНХ-ЭРДЭНЭ