| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Мижиддоржийн Мөнхбаатар |
| Хэргийн индекс | 188/2019/0739/Э |
| Дугаар | 769 |
| Огноо | 2019-08-09 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | М.Амарзаяа |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 08 сарын 09 өдөр
Дугаар 769
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Мөнхбаатар даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сосорбарам,
улсын яллагч М.Амарзаяа,
насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.О,
шүүгдэгч А.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор М.Амарзаяагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А.Б-д холбогдох эрүүгийн ....................... дугаартай хэргийг 2019 оны 6 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, бүрэн дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, барилга дээр туслах ажилтнаар ажилладаг, ам бүл 1, ганцаараа .................. тоотод оршин суух бүртгэлтэй боловч одоо ................... тоотод оршин суух, урьд
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 1113 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 310 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлсэн,
А.Б /РД:................./.
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд дурдсанаар/
Шүүгдэгч А.Б нь 2019 оны 5 дугаар сарын 22-ны өдөр ................. тоот хашаанд Б.О-тэй “хашааны банзнаас” болж маргалдан түүний охин Д.У-ийг бага насны хүүхэд гэдгийг мэдсээр байж нүүрэн тус газарт нь цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас: иргэн Б.О-ээс цагдаагийн байгууллагад гаргасан гомдол /хх3/, Илтгэх хуудас /хх4/, насанд хүрээгүй хохирогч Д.У-ийн мэдүүлэг /хх13/, хууль ёсны төлөөлөгч Б.О-ийн мэдүүлэг /хх14-15/, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 6488 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх19/, иргэний үнэмлэхний лавлагаа /47/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх32/, шийтгэх тогтоолын хуулбар /хх33-42/, эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дууссан тухай тогтоол /хх44/, насанд хүрээгүй хохирогчийн нас тоолсон тэмдэглэл /хх9/, мөн шүүгдэгчийн хувийн байдлыг тодруулсан холбогдох нотлох баримтуудыг шинжлэн судлуулсан болно.
Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүй болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзсэн болно.
Нэг. Шүүгдэгч А.Б-г гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтуудын агуулга:
1. Гэмт хэргийн талаарх “...Иргэн Б.О 2019 оны 5 дугаар сарын 22-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо Баянхайрханы 93 дугаар гудамжинд 5 настай охин Б.У-г үл таних хүнд зодуулсан...” гэх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх2/,
2. Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтсийн ахлагч А.Эрдэнэбаярын илтгэх хуудас “...эргүүлийн офицер ахмад А.Эрдэнэбаяр би Ачит 117 дугаар чиглэлд үүрэг гүйцэтгэхэд Ачит-10-аас Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо .............тоотод хөрш айлын хүн орж ирээд, дарамтлаад байна гэх дуудлагаар очиж шалгахад .................... тоотод оршин суух А.Б нь мөнгө өгч авах асуудлаас болж танхайран иргэн Б.О болон түүний 4 настай охин Д.У нарыг цохиж зодож гэмтэл учруулсныг таслан зогсоож Ачит-10 хүлээлгэн өгөв..” гэжээ /хх4/,
3. Насанд хүрээгүй хохирогч Б.У-гийн “... хажуу талын ах намайг баруун гараараа зүүн нүдний доод хэсэгт цохисон...” гэх мэдүүлэг /хх13/,
4. Хууль ёсны төлөөлөгч Б.О-ийн “...зүс таних Б гэдэг залуу хоол ундны мөнгөгүй болчихлоо, та хашааны банз авахгүй биз гэхээр нь хэдэн төгрөг юм гэхэд 20.000 төгрөг гэхээр нь 20.000 төгрөг өгсөн. Тэгээд тэр банз дай модыг авсан. 3 хоногийн дараа дахиад банз авах уу гэхээр нь авъя гээд авсан. Надад нэмж банз мод өгнө гэсэн боловч өгөөгүй. 2019 оны 5 дугаар сарын 22-ны өдөр чи надад банз мод өгнө гэсэн яасан бэ гэхэд би өгч чадахгүй, байхгүй юм чинь гэж хэлээд намайг 2 удаа цохисон. Тэр үед миний охин У хажууд байж байгаад “миний ээжийг яаж байгаа юм” гэсэн чинь Б гараараа нүд орчим руу нь цохисон. Тухайн үед нүд нь хавдчихсан, хамраас нь цус гарсан...” гэх мэдүүлэг /хх14-15/,
4. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 6488 дугаартай шинжээчийн дүгнэлтэд “Б.У-гийн биед зүүн нүдний зовхи, хамрын нуруу, зүүн хацарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх 2019 оны 5 дугаар сарын 22-ны өдөр үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэжээ. /хх19/,
5. Шүүгдэгч А.Б-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Манай хашаанд хашаа барьснаас илүү гарсан банзнууд байсан юм. Би тэр хашаандаа ганцаараа амьдардаг. Надад мөнгөний хэрэг гараад, бас хажууд нь О нь илүүчлэх банз байна уу гэж асуугаад байсан. Тэгэхээр нь би хашааныхаа банзнаас Од хямдхан өгсөн юм. 2019 оны 05 дугаар сарын 22-ны өдөр 14-15 цагийн үед намайг унтаж байхад хаалга нүдээд байхаар нь тайлтал О нь 5 настай хүүхдээ дагуулсан орж ирээд, чи надад нэмж банз өг гэхээр нь “би танд банзыг чинь бүрэн өгсөн, гомдолтой байгаа бол 20.000 төгрөгийг чинь маргааш өгчихье” гэж хэлсэн чинь урдаас уурлаад “одоо банз өг” гэхээр нь “одоо надад өгөх юм алга” гэж хэлээд “одоо хашаанаас гараа” гэж хэлээд хашаанаасаа гаргах гээд түлхээд, сүүлдээ хэрэлдээд, муудалцаж байхдаа охиныг нь цохичихсон юм. Тэгээд охин хашаанаас уйлаад гараад гүйсэн, араас нь О чамайг цагдаад өгнө” гэж хэлээд гарсан. Би хүнтэй муудалцаад хүүхдийн биед гэмтэл учруулсандаа харамсаж байна...” гэх мэдүүлэг /хх29/,
Гэм буруугийн дүгнэлт шүүгдэгч А.Б:
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримт, талуудын тайлбар, мэдүүлгээс дүгнэн үзэхэд шүүгдэгч А.Б нь 2019 оны 5 дугаар сарын 22-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо, ............ тоот хашаандаа Б.О-тэй “хашааны банзнаас” болж маргалдсан байна.
Ийнхүү маргалдаж байхдаа уурандаа түүний 5 настай охин Д.У-ийг нүүрэн тус газарт нь цохисон болох нь насанд хүрээгүй хохирогчийн мэдүүлэг, түүний хууль ёсны төлөөлөгчийн мэдүүлэг, шүүгдэгчийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг, шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тайлбар, цагдаагийн албан хаагчийн илтгэх хуудас зэргээр тус тус тогтоогдож байна.
Шүүгдэгчийн энэхүү үйлдлийн улмаас насанд хүрээгүй хохирогч Д.У-гийн эрүүл мэндэд “зүүн нүдний зовхи, хамрын нуруу, зүүн хацарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн хохирол учирсан болох нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2019 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 6488 дугаартай дүгнэлтээр тогтоогдож байна.
Шүүгдэгч нь насанд хүрээгүй хохирогч Б.У-г бага насны хүүхэд гэдгийг мэдсээр байж ээжтэй хэрэлдсэн уурандаа хүүхдийг зохисон нь гэм буруугийн шууд санаатай хэлбэртэй буюу өөрийн үйлдлийг бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэж дүгнэлээ.
Иймд шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “бага насны хүүхэд болохыг мэдсээр байж” эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан хүндрүүлэх бүрэлдэхүүнтэйгээр яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
Хохирол, хор уршиг-хохирол төлөгдсөн байдал.
Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.О-ийн мэдүүлэгт дурдсанаар “...нүдний нарийн мэргэжлийн эмчид үзүүлнэ, унааны зардал гэж 300.000 төгрөг...” шүүгдэгчээс гаргуулах хүсэлтэй байна гэжээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх...” нь эрүүгийн хариуцлагын зорилго гэж заасан.
Шүүгдэгч А.Б нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлөөгүй, баримтаар нэхэмжилсэн хэмжээнд төлнө гэж шүүхийн хэлэлцүүлэгт илэрхийлжээ.
Хэдийгээр насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь хохирлын талаар баримт гаргаж нэхэмжлээгүй боловч бага насны хүүхдийн эрх зөрчигдөж, эрүүл мэндэд нь /нүүрэн тус газар/ хохирол учирсан, нэхэмжилж байгаа хохирлын хэмжээ нь учруулсан хор уршигаас ихгүй нөхцөл байдал тогтоогдож байна гэж үзэв.
Иймд шүүгдэгчээс 300.000 төгрөгийг гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид олгон шийдвэрлэх нь шударга ёсны зарчимд нийцнэ гэж дүгнэлээ.
Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Улсын яллагчаас шүүгдэгч А.Б-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирлыг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар учруулсан тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 480 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэх дүгнэлт гаргасан болно.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан үзлээ.
Шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүх шүүгдэгч А.Б-ын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдлын хувьд эрхэлсэн тодорхой ажилгүй, насанд хүрээгүй хохирогчийн биед учирсан гэм хор арилгах, нэхэмжилсэн хохиролыг төлөх арга хэмжээ аваагүй зэрэг нөхцөл байдлыг харгалзан, улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг хүлээн авч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 480 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэлээ.
Шийдвэрлэвэл зохих бусад зүйлийн талаар:
Шүүгдэгч А.Б нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг, нэг хоног хорих ялаар тооцож сольж болохыг анхааруулах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч А.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “бага насны хүүхэд гэдгийг мэдсээр байж” хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Б-ыг 480 /дөрвөн зуун ная/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 /найм/ цагийн ажлыг 1 /нэг/ хоног хорих ялаар тооцож солихыг мэдэгдсүгэй.
4. Шүүгдэгч А.Б-аас 300.000 /гурван зуун мянган төгрөг/ гаргуулж, насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.О-д олгуулсугай.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
7. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
8. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.МӨНХБААТАР