Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 04 сарын 03 өдөр

Дугаар 378

 

                           Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Мөнхбаатар даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Төгөлдөр,

улсын яллагч Д.Цолмон,

шүүгдэгч Г.Б, түүний өмгөөлөгч Л.Батаа /ШТЭД-1824/,

шүүгдэгч Г.Б, түүний өмгөөлөгч А.Буяндэлгэр /ШТЭД-1141/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Г.Б-д Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2,

Г.Б-д Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, эрүүгийн .............................  дугаартай хэргийг 2019 оны 03 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1. Г.Б, Монгол Улсын иргэн, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эх, эгчийн хамт амьдардаг, ..................................... тоотод оршин суух бүртгэлтэй, урьд 4 удаагийн ял шийтгэгдсэн, /РД:................../,

 

2. Г.Б, Монгол Улсын иргэн, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхийн хамт амьдардаг, ....................... тоотод оршин суух бүртгэлтэй /РД:......................./,

 

 

Холбогдсон гэмт хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

Шүүгдэгч Г.Б, Г.Б нар нь 2018 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Ж.Б-с архины мөнгө нэхэж, түлхэн унагаж, улмаар Г.Б нь нүүр шанаан тус газар нь өшиглөж, Г.Б нь цээжин тус газар нь өшиглөж, түүний баруун гарын чигчий хуруунд байсан монетан бөгжийг дээрэмдсэн,

-шүүгдэгч Г.Б нь 2018 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Ж.Б-н нүүр, баруун шанаан тус газар өшиглөж, баруун хөмсөг, баруун чамархайн хуйханд шарх, баруун нүдний дээд зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас: Хохирогч Ж.Б-н мэдүүлэг /хх11-12/, гэрч Ц.Э-н мэдүүлэг /хх17-18/, гэрч А.Б-н мэдүүлэг /хх19-20/,  шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2018.11.15-ны өдрийн №13369 дугаар дүгнэлт /хх39/, хөрөнгийн үнэлгээний тайлан /хх41-43/, Г.Б-ын яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх168-169/, Г.Б-ийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх146-147/, яллагдагчаар татах тогтоолд өөрчлөлт оруулах тухай тогтоол /хх201-202, 206-207/, гэрч Г.О-ын  мэдүүлэг /хх32-33/, Г.Б-ын иргэний үнэмлэхний лавлагаа /хх67/,  Г.Б-ын ял шалгах хуудас /хх76/, Г.Б-ийн ял шалгах хуудас /хх74/, гэрч П.Э-н, хохирогч нарын хувийн байдалтай холбоотой холбогдох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүйг дурдаж, шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзсэн болно.

 

Нэг. Гэм буруутайд тооцох тухай:

1. Шүүгдэгч Г.Б, Г.Б нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан дээрэмдэх гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтуудын агуулга:

 

1. Хохирогч Ж.Б-н“...Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Бибош” дэлгүүрийн гадаа байж байсан чинь үл таних нэг залуу ирээд намайг 1 шил архи аваад өг гэхээр нь би та нарт архи авч өгдөг хэн юм бэ? гэж хэлсэн чинь тэр залуу намайг чи яасан овоо муу хулгайч вэ? гэж хэлээд намайг түлхэж газарт унагаасан … Тэгээд намайг түлхэж унагаасан залуу миний баруун гарын чигчий хуруунд байсан монетон бөгжийг булааж авсан. Тэгээд би миний бөгжийг авсан залуутай зууралдаад байж байсан чинь миний баруун нүдэнд өшиглөсөн эмэгтэй нь дахиж миний баруун талын чамархайд өшиглөсөн. Тэгээд миний гараас бөгж булааж авсан залуу зугтаасан. Миний баруун нүдний хөмсөг, баруун талын чамархайд эмэгтэй хүн нь өшиглөж гэмтэл учруулсан. Бөгж авсан залуу миний цээжинд 2 удаа өшиглөсөн...” гэсэн мэдүүлэг /хх11-12/

2. Гэрч Ц.Э-н “... “Бибош” дэлгүүрийн үүдэн дээр ирсэн чинь үл таних хүний нүүрнээс нь цус гарсан байдалтай байж байснаа над дээр ирээд би мөнгө өгье намайг зодсон хүнийг олоод өг гэхээр нь би ямар хүнд та зодуулсан юм бэ гэсэн чинь нэг эмэгтэй, нэг эрэгтэй хүн байсан гэхээр нь би мэдэхгүй гэж хэлсэн. ... Тухайн хүн надад эмэгтэй хүн нь миний нүүрэн хэсэгт өшиглөж хөмсөг задалсан, нөгөө эрэгтэй хүн нь гарт байсан монетон бөгж дээрэмдсэн гэж байсан...” гэсэн мэдүүлэг /хх17-18/,

3. “Тэнцвэр эстимэйт” ХХК-ийн “монетон бөгж”-ийг  250.000 төгрөгөөр үнэлсэн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх41-43/,

4. Шүүгдэгч Г.Б-ын яллагдагчаар өгсөн “...Г.Б тэр үл таних хүний нүүрэнд өшиглөсөн. Тэгэхээр нь би тэр хүний баруун гарт байсан монетон бөгжийг мулталж аваад зугтаасан. Тэгээд тэр хүнээс авсан монетон бөгжөө Ханы материалын эцэс дээр байдаг “Нандин” ломбардны үүдэнд үл таних хүнд 60.000 төгрөгөөр зарсан юм. Бөгж зарсан мөнгөөрөө бид нар архи, хоол хүнсний зүйл аваад дуусгасан юм би архи уух зорилгоор тухайн хүний монетон бөгжийг авсан юм. ...Б хохирогчийн баруун нүд, баруун чамархайн хуйханд 2 удаа өшиглөж байгаа харагдсан...” гэсэн мэдүүлэг /хх168-169/,

5. Шүүгдэгч Г.Б-ийн яллагдагчаар өгсөн “...Би Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Бибош” хүнсний дэлгүүрийн гадаа 2018 оны 11 дүгээр сарын 06-ны орой 20 цагийн үед байж байсан чинь миний зүс таних ах Г.Б над дээр ирээд ахын дүү ганц шил архи уух уу? гэхээр нь за тэгье гэж хэлээд зогсож байсан чинь үл таних согтуу хүн ирээд Б ахтай маргалдаад байсан. Тэгээд Б ах тэр үл таних согтуу хүнтэй зууралдаад газарт унахаар нь би тэр үл таних хүний нүүр лүү баруун хөлөөрөө баруун нүдэнд нь хоёр удаа өшиглөсөн. Б ах босч ирээд тэр үл таних хүний баруун гарт байсан монетон бөгжийг аваад тэр хүний цээж рүү нь хоёр гурван удаа өшиглөж байгаа харагдсан ... Г.Б ах гүйж ирээд ... одоо энэ бөгжийг ломбарданд тавина гэж хэлээд намайг дагуулан ... Нандин ломбардны ирээд ... 60,000 төгрөгөөр зарчихлаа гэж хэлээд надад 10,000 төгрөг өгөөд үлдсэн 50,000 төгрөгийг нь аваад “Бибош” хүнсний дэлгүүрээс 6,000 төгрөгөнд ... архи аваад хувааж уугаад салцгаасан ... Тэр газарт унасан хүн Г.Б ахын хөлнөөс зуураад тавихгүй байхаар нь тэр хүний нүүрэнд өшиглөсөн чинь хөлийг нь тавьсан юм ... хохирогч Ж.Б-н баруун гарын чигчий хуруунд байсан шар өнгийн монетан бөгжийг мултлаад авч байгааг харсан...” гэсэн мэдүүлэг /хх146-147/,

6. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Б, Г.Б нар мэдүүлэхдээ: “Мэдүүлэг өгөхгүй, мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв дахин мэдүүлэг өгөхгүй..., гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэв.

 

Гэм буруугийн дүгнэлт: Шүүгдэгч Г.Б, Г.Б нар.

Шүүгдэгч Г.Б нь 2018 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байх “Бибош” дэлгүүрийн үүдэнд хохирогч Ж.Б-сархины мөнгө нэхэж түлхэн унагаж, түүнийг цээжин тус газар нь өшиглөж, баруун гарын чигчий хуруунд байсан монетон бөгжийг хүч хэрэглэн авсан. Тухайн үед шүүгдэгч Г.Б нь хажууд нь хараад зогсож байсан, бөгжийг гарнаас нь авахыг харсан, улмаар хохирогч нь шүүгдэгч Г.Б-ын хөлнөөс нь зуураад тавихгүй болохоор нь түүний нүүр, шанаан тус газар нь өшиглөж тавиулаад зугтаасан, мөн бөгжийг зарж мөнгөө хувааж авсан болох нь хохирогч, гэрч болон шүүгдэгч нарын мэдүүлгээр тогтоогдож байна.

Шүүгдэгч Г.Б-ийн хувьд хохирогчийн эд хөрөнгийг хүч хэрэглэн авах санаа зорилго анхнаасаа байгаагүй боловч шүүгдэгч Г.Б нь хохирогч Ж.Б-н эд хөрөнгийг авахаар хүч хэрэглэн довтолж авах үед үйлдлээрээ нэгдэн хохирогчийн нүүрэн тус газар нь өшиглөж эсэргүүцлийг нь дарсан нь гэмт хэргийг “хамтран гүйцэтгэсэн” буюу бүлэглэн гүйцэтгэсэн гэж үзнэ. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “Гэмт хэргийг үйлдэх талаар ... урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч үйлдлээрээ санаатай нэгдсэнийг гэмт хэрэгт хамтран оролцсонд тооцно”, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэргийг хоёр, түүнээс олон хүн санаатай нэгдэж үйлдсэн бол бүлэглэн гүйцэтгэх гэнэ” гэж тус тус заасан тул шүүгдэгч нарыг хохирогчийн эд хөрөнгийг хүч хэрэглэн довтолж авсан үйлдлээ бүлэглэн гүйцэтгэсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч нарын дээрх үйлдэл нь хялбар аргаар мөнгө олох гэсэн шунахайн сэдэлттэй, гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлдэгдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж ... авахаар довтолсон”-оор төгс үйлдэгдсэн, үйлдлээ бүлэглэн гүйцэтгэсэн байх тул энэ талаарх улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй байна.

Иймд шүүгдэгч Г.Б, Г.Б нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2-т заасан дээрэмдэх гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн, гэм буруутайд тус тус тооцох нь зүйтэй байна.

Шүүгдэгч Г.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох тухайд:

1. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн №13369 дугаартай “Ж.Б-н биед баруун хөмсөг, баруун чамархайн хуйханд шарх, баруун нүдний дээд зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зулгаралт, цээжинд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл мохоо зүйлийн олон удаагийн үилчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх баруун нүдний дээд зовхинд цус хуралт, зулгаралт, зөөлөн эдийн няцрал, баруун хөмсөгт шарх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх баруун чамархайн хуйханд шарх гэмтэл нь Шүүх эмнэлэгиин гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цээжинд зулгаралт гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй" гэсэн дүгнэлт /хх39/

 

Гэм буруугийн дүгнэлт: шүүгдэгч Г.Б

Шүүгдэгч Г.Б нь хохирогч Ж.Б-г хүч хэрэглэн дээрэмдсэн үйлдэлд бүлэглэн гүйцэтгэгчээр оролцсон, ийнхүү дээрэмдэх үедээ хохирогчийн нүүрэн тус газар нь 2-3 удаа өшиглөсөн үйл баримт нь дээр дурдсан нотлох баримтуудаар тогтоогдсон билээ.

Улмаар хохирогч Ж.Б-н“баруун нүдний дээд зовхинд цус хуралт, зулгаралт, зөөлөн эдийн няцрал, баруун хөмсөгт шарх гэмтэл” үүсгэсэн нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарч байна. Шинжээчийн дүгнэлтээр хохирогч Ж.Б-н цээжинд үүссэн зулгаралт гэмтэл нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй гэсэн байх шүүгдэгч Г.Бын хохирогч руу хүч хэрэглэн довтолсон үйлдлээс түүнд гэмтэл учраагүй байна. 

Иймд шүүгдэгч Г.Б, Г.Б нар нь бүлэглэн 2018 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Ж.Б-г хүч хэрэглэн дээрэмдэж, түүний монетон бөгжийг авах үедээ хохирогчийг шүүгдэгч Г.Б-ын хөлнөөс зууралдаад байхаар тавиулах гэж нүүр, шанаан тус газар нь өшиглөснөөс түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь хохирогч Ж.Б-н мэдүүлэг, шүүх эмнэлгийн шинжээч эмчийн дүгнэлт, шүүгдэгч нарын мэдүүлгээр тус тус тогтоогдож байна.   

Улсын яллагчаас шүүгдэгч Г.Б-д дээрэмдэх гэмт хэрэг үйлдэхдээ хүний эрүүл мэндэд хохирол учруулсан үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайд тооцуулахаар давхар зүйлчлэн яллах  дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хууль зүйн үндэслэлтэй хэргийн зүйлчлэл тохирсон байна.

Шүүгдэгч нар болон шүүгдэгч нарын өмгөөлөгч нарын хувьд шүүхийн мэтгэлцээнд гэм буруугийн талаар маргаагүй, улсын яллагчийн гэм буруутайд тооцох зүйлчлэлийг зөвшөөрч оролцсоныг энд тэмдэглэх нь зүйтэй байна.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг бусдад төлөх төлбөрийн тухайд:

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Ж.Батгэрэлд 258,000 “монетон бөгжний үнэлгээ 250,000 төгрөг, шүүх эмнэлэгт үзүүлэхэд төлсөн төлбөр 8,000 төгрөг” төгрөгийн хохирол учруулсан байх бөгөөд уг хохирлыг төлөөгүй, бусдад төлөх төлбөртэй гэж үзэв. Мөн хохирогчийн эрүүл мэндэд учирсан гэм хортой холбоотой нэхэмжлэл гаргах эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй байна. 

 

Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

            Шүүгдэгч нарыг гэм буруутайд тооцсоны дараа шүүгдэгч Г.Б-н өмгөөлөгч Л.Батаагийн зүгээс хохирол нөхөн төлөх, хуралдааныг завсарлуулах хүсэлтийг тавьсан болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлөх талаар гаргасан шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчийн санал, хүсэлтийг үндэслэн шүүх хуралдааныг завсарлуулж болно”, мөн хуулийн 36.1 дүгээр зүйлийн 6 дах хэсэгт “Шүүх шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон шийдвэрийг шүүх хуралдааны танхимд танилцуулж, тэмдэглэлд тусгуулсны дараа түүнд Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлыг хэлэлцэх шүүх хуралдааныг үргэлжлүүлэн явуулж болно” гэж заасан.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлыг хэлэлцэхийн өмнө ... өмгөөлөгчийн “санал, хүсэлт”-ийг үндэслэн “хохирол төлбөртэй” холбоотойгоор шүүх хуралдааныг завсарлуулах эсэх нь шүүхэд эрх олгосон хуулийн зохицуулалт байна. Тодруулбал, талуудаас санал, хүсэлт гаргасан тохиолдолд тухайн санал, хүсэлтийг заавал хангаж шийдвэрлэх хатуу тогтоосон процессын зохицуулалт бус харин хүсэлтийн “үндэслэл”-ийг харгалзан үзэж шүүх “завсарлуулж болно” нөгөө талаараа “үргэлжлүүлэн явуулж болно” гэсэн нь шүүх өөрөө бүрэн эрхийн хүрээнд шийдвэрлэхээр байна.

Өмгөөлөгчийн хувьд хохирол төлбөрийг хэрхэн төлүүлэх тал дээр тодорхой санал хэлээгүй, шүүгдэгч нарын ар гэрийнхэнтэй урьдчилж холбогдоогүй, төлөх боломжийг тодруулаагүй, шүүх хуралдаан завсарласан хугацаанд уг асуудлыг шийдвэрлэхээр дурдаж буй нь өмгөөлөгчийн хүсэлт үндэслэл муутай гэж үзлээ. Түүнчлэн шүүгдэгч нарын хувьд хохирол төлбөр төлөх талаар шүүх хуралдаан хүртэлх хугацаанд санаачлаг гаргаж байгаагүй, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг зөрчиж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд санаатай саад учруулж байсан зэрэг шүүгдэгч нарын хувийн байдлыг харгалзан үзэж шүүх хуралдааныг завсарлуулах шаардлагагүй гэж үзсэн болно.

Мөн шүүгдэгч, түүний өмгөөлөгч нар нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.4 дүгээр зүйлийн 5-д “Талууд дүгнэлт, санал хэлэхдээ анхан шатны шүүхийн тэмдэглэл, дуу-дүрсний бичлэг, хэрэгт авагдсан нотлох баримт ашиглахаас гадна, ял шийтгүүлсэн этгээдийн хувийн байдал, ялыг хөнгөрүүлэхтэй холбоотой баримт гаргаж өгч болно” гэж заасны дагуу энэ талаар давж заалдах шатны шүүхэд хохирол төлбөрийг төлсөнтэй холбоотой баримтыг гарган өгч оногдуулсан ялыг хөнгөрүүлэхтэй холбоотой гомдол, хүсэлт гаргах боломжтойг дурдах нь зүйтэй байна.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүнийг гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан дараах байдлаар эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэлээ.

Улсын яллагчаас шүүгдэгч Г.Б-ын хувийн байдлыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 4 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад, шүүгдэгч Г.Б-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хорих ял, мөн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх зааснаар 320 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял, нийт 3 жил 40 хоногийн ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх дүгнэлтийг тус тус гаргасан болно.  

Шүүгдэгч Г.Б-ын өмгөөлөгч Л.Батаагийн зүгээс улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын дүгнэлт үндэслэлгүй, шүүгдэгчийн урьд ял шийтгэгдэж байсан нь эрх зүйн байдлыг дордуулах үндэслэл болохгүй, мөн шүүхээс завсарлага өгөхгүйгээр эрүүгийн хариуцлагын хуралдааныг үргэлжлүүлэн явуулсан нь эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн боломжийг олгоогүй, гэмт хэргийн хохирол, хор уршиг бага тул хуульд заасан хамгийн доод хэмжээгээр ял оногдуулж өгнө үү гэсэн бол өмгөөлөгч А.Буяндэлгэрийн зүгээс шүүгдэгч Г.Б-ийн анх удаа гэмт хэрэг үйлдэж байгаа, тухайн дээрэмдэх гэмт хэргийг санаачлаагүй, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас зөвхөн үйлдлээрээ хамтарсан, гэмт хэргээс учирсан хохирол, хор уршиг бага тул эдгээр нөхцөл байдлыг харгалзан үзэж ялын доод хэмжээгээр хариуцлага хүлээлгэж өгнө үү гэсэн тайлбар гаргаж мэтгэлцсэн болно.    

Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгч нарын бүлэглэн гүйцэтгэсэн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Бүлэглэн гүйцэтгэсэн гэмт хэргийг гүйцэтгэгчдийн үйлдлийг нэгтгэн зүйлчилж гүйцэтгэгч тус бүрийн гэмт хэргийг үйлдэхэд гүйцэтгэсэн үүрэг, оролцоог харгалзан ялыг ялгамжтай оногдуулна” гэж заасныг харгалзан үзсэн болно.

Хэдийгээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээж дуусгавар болсон нь хуулиар хязгаарлалт тогтоосноос бусад тохиолдолд хүний эрх зүйн байдлыг дордуулах үндэслэл болохгүй” гэж заасан боловч эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг зайлшгүй харгалзан үзэх шаардлагатай гэж үзлээ.

Учир нь шүүгдэгч Г.Б-ын хувийн байдлын хувьд урьд нь 4 удаа буюу 1999 он, 2002 он, 2013 он, 2014 онд тус тус ял шийтгэгдэж байсан, засрал хүмүүжил олсон гэж тайлбарлах боловч дахин санаатай гэмт хэрэг үйлдэж, амар хялбар аргаар мөнгө олох гэсэн нь засрал хүмүүжил олоогүй, ялын нийгэмшүүлэх зорилго хангалттай бус гэж үзлээ.

Хэдийгээр гэмт хэргийн улмаас хохирогчид 258,000 төгрөгийн буюу бага хэмжээний хохирол учирсан, хор уршиг бага, шүүгдэгч нь анхнаасаа гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг өгч байсныг харгалзан, шүүгдэгч Г.Б нь шунахайн сэдэлттэйгээр хохирогчид хүч хэрэглэн эд хөрөнгийг нь авах довтолгооныг эхлэн хэрэгжүүлсэн, түүний хувийн байдлыг тус тус харгалзан үзэж бүлэглэсэн үйлдэлд ялыг ялгамжтай оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах, ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч Г.Б-ын хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

 

Шүүгдэгч Г.Б нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн хөнгөрүүлэх нөхцөл байдалтай, мөн гэм буруугаа анхнаасаа хүлээсэн, бусдыг эд хөрөнгийг дээрэмдэн авах санаа зорилго байхгүй байсан буюу үйлдлээрээ шүүгдэгч Г.Б-тэй нэгдэн бүлэглэн гүйцэтгэсэн, гэмт хэргийн хохирол, хор уршгийн шинж бага зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ял, мөн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх зааснаар 320 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус оногдууллаа.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсэгт зааснаар хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн хүнд ял оногдуулах журмыг баримтлан ялыг нэмж нэгтгэн шүүгдэгч Г.Б-г нийт 2 жил 40 хоногийн хугацаагаар хорих ял оногдуулах, ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж үзэв.

 

Шүүх шийдвэрлэвэл зохих бусад асуудлын талаар:

Хохирогчийн хувьд эрүүл мэндэд учирсан хохиролтой баримт гаргаж шүүхэд ирүүлээгүй тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу хохирогч нь холбогдох баримтыг бүрдүүлэн иргэний хэргийн шүүхэд хандан хохирлоо барагдуулах эрхтэй болохыг дурдан хохирол, төлбөртэй холбоотой хэсгийг хэлэлцэхгүй орхих нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч Г.Б, Г.Б нараас хувь тэнцүүлэн нь хохирогч Ж.Б-д 258,000 төгрөг хохиролд төлүүлэхээр шийдвэрлэлээ.  

Эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нарын иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж шүүгдэгч Г.Б-ын цагдан хохирогдсон 13 хоног, шүүгдэгч Г.Б-н цагдан хоригдсон 8 хоногийг тус тус тэдгээрийн эдлэх хорих ялд оруулан тооцох, шүүгдэгч нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ хэвээр үргэлжүүлэхээр шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.12, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Г.Б, Г.Б нарыг Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж авахаар довтолж дээрэмдэх хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд,

-  Шүүгдэгч Г.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б-д 3 /гурав/ жил, шүүгдэгч Г.Б-д 2 /хоёр/ жил  хорих ялаар,

- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б-г 320 /гурван зуун хорин/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б-н 2 /хоёр/ жил  хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт оногдуулсан 320 /гурван зуун хорин/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг нэмж нэгтгэн нийт 2 /хоёр/ жил 40 /дөч/ хоног хорих ялаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Г.Б-д оногдуулсан 3 /гурван/ жил хорих ялыг нээлттэй дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих байгууллагад, Г.Б-д оногдуулсан 2 /хоёр/ жил 40 /дөч/ хоногийн хорих ялыг нээлттэй дэглэмтэй эмэгтэйчүүдийн хорих байгууллагад тус тус эдлүүлсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б-н цагдан хоригдсон 13 /арван гурав/, шүүгдэгч Г.Б-н цагдан хоригдсон 8 /найм/ хоногийг тус тус тэдгээрийн эдлэх хорих ялд оруулан тооцсугай.

6. Энэ хэрэгт хураагдсан, битүүмжлэгдсэн, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Г.Б, Г.Б нараас хувь тэнцүүлэн 258.000 /хоёр зуун тавин найман мянган/ төгрөг гаргуулж хохирогч Ж.Б-д олгосугай.

8. Хохирогч Ж.Б нь энэ хэргийн улмаас эрүүл мэндэд учирсан хохирол, хор уршгийн асуудлаар иргэний хэргийн шүүхийн журмаар нэхэмжлэх эрх нээлттэй болохыг дурдсугай.  

9. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Г.Б, Г.Б нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, ялыг 2019 оны 04 дүгээр сарын 03-ний өдрөөс эхлэн тоолсугай.

10. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

11. Шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Б, Г.Б нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

                          

 

 

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 М.МӨНХБААТАР