| Шүүх | Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Солтанмуратын Өмирбек |
| Хэргийн индекс | 130/2016/0603/И |
| Дугаар | 212/МА2016/00056 |
| Огноо | 2016-11-23 |
| Маргааны төрөл | Цалин хөлсний маргаан, |
Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2016 оны 11 сарын 23 өдөр
Дугаар 212/МА2016/00056
Д.А, А.М нарын нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай
Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Н.Туяа даргалж, шүүгч Д.Жамбалсүрэн, С.Өмирбек нарын бүрэлдэхүүнтэй хийж,
Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 580 дугаар шийдвэртэй, Ө сумын 0 дүгээр багт оршин суух Б овогт Ды А, Ө сумын 9 дүгээр багт оршин суух Б овогт Аы М нарын нэхэмжлэлтэй, Н ХХК-д холбогдох иргэний хэргийг хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хүлээн авч, шүүгч С.Өмирбекийн илтгэснээр тус шүүхийн хуралдааны танхимд хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нарийн бичгийн даргаар М.А, нэхэмжлэгч А.М, нэхэмжлэгч Д.Ан итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Д, нэхэмжлэгч нарын өмгөөлөгч С.А, хариуцагчийн өмгөөлөгч Х.З нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэлийн шаардлага: Н ХХК-иас Д.Ан ажлын хөлс 3930000 төгрөг, А.Мн ажлын хөлс 1580000 төгрөг, нийт 5510000 төгрөг гаргуулах тухай.
Нэхэмжлэлийн агуулга: Д.А би Н ХХК-ийн захирал Я.Дтай амаар тохиролцож, 2014 оны 05 дугаар сарын 15-ны өдрөөс 2014 оны 12 дугаар сарын 15-ны өдөр хүртэл хугацаанд өөрийн камаз машинаар өрмийн мотор ачиж 1 сарын 1000000 төгрөгийн цалинтай ажилласан. Би Н ХХК-иас нийт 6300000 төгрөг авах ёстой, 3930000 төгрөгийг авч чадаагүй. Компанийн эзэн Я.Д үлдсэн мөнгийг санхүүжилт орж ирэхээр өгнө гэж баримт үйлдэж нотариатаар батлуулж өгсөн. Иймд миний хөдөлмөрийн хөлс болох 3930000 төгрөгийг гаргуулж өгнө үү. А.М би Н ХХК-ийн захирал Я.Дтай амаар тохиролцож, өрмийн мастерын туслахаар ажилласан. Я.Д миний цалингийн үлдэгдэл 1580000 төгрөгийг санхүүжилт орж ирэхээр өгнө гэж баримт үйлдэж өгсөн. Компанид хэзээ санхүүжилт орж ирэх нь тодорхой бус байгаа учраас миний цалингийн үлдэгдэл 1580000 төгрөгийг гаргуулж өгнө үү. гэжээ.
Хариуцагчийн тайлбарын агуулга: Би Д.А, А.М нартай тохиролцож ажил хийлгээгүй. М.А гэдэг хүн тэдгээр хүмүүстэй тохиролцон ажиллаж, ажлын хөлсийг нь өгч дуусгасан. А.М Н ХХК-нд 2014 оны 10 дугаар сараас 2014 оны 12 дугаар сар хүртэл 2 сарын хугацаанд ажиллаж, хөдөлмөрийн хөлсөө бүрэн авсан. Н ХХК-ийн захирал М.А нь 2014 оны 12 дугаар сарын 29-ний өдөр зуурдаар нас барсан. 2004 онд дутуу хийсэн ажлаа хийхээр өрмийн тоног төхөөрөмжөө камаз машинд ачиж, машиныг Д.Агаар жолоодуулж ажилд гаргасан. Гэтэл Д.А, А.М нар 100.0 сая төгрөгийн үнэтэй өрмийн тоног төхөөрөмж ачсан машиныг хашаандаа оруулж авчихаад баримт бичиж өгөхгүй бол машиныг гаргахгүй гэж дарамталсан учраас би баримт бичиж өгч машинаа авсан. Камаз машин Баян-Өлгий аймгаас гараад 5 км яваад мотор цохисон. Шалгаж үзэхэд машины агаар шүүгч рүү 2 ширхэг цамц чихсэн байсан. Өрмийн тоног төхөөрөмжийг өөр машинаар ачих, эвдэрсэн машин засахад 3500000 төгрөгийн зардал гарсан. Тухайн үед Н ХХК-ийн захирал М.А ажилтнуудаа хэдэн төгрөгөөр цалинжуулахаар тохиролцож байсныг би мэдэхгүй. гэжээ.
Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 580 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-д зааснаар хариуцагч Н ХХК-иас 3930000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.Ад, 1580000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч А.Мд тус тус олгож шийдвэрлэжээ.
Хариуцагчийн давж заалдах гомдлын агуулга: ...Н ХХК-ныг миний нөхөр үүсгэн байгуулж, ганц хүний гишүүнтэй үйл ажиллагаа явуулж ирсэн бөгөөд 2014 оны 12 дугаар сарын 19-ний өдөр зуурдаар нас барж, миний бие 2015 оны 01 дүгээр сарын 15-ны өдрөөс компанийг өвлөж авсан. Д.А, А.М нар нь 2014 оны оны 5-12 сар, 2014 оны 6-12 сар хүртэлх хугацааны цалин нэхэмжилсэн байх бөгөөд дээрх хугацаанд миний нөхөр М.Атай хөлсөөр ажиллах гэрээ хийж ажилласан учир Я.Д миний бие уг нэхэмжлэлийг хариуцахгүй. Нэхэмжлэгч нар нь ажлын хөлсийг бүрэн авчихаад М.Аы нас барсныг ашиглаж, дахин цалин хөлс нэхэмжилж байна. Шүүхийн шийдвэрт Д.А, А.М нар хөлсөөр ажиллах гэрээг Я.Дтай байгуулсан мэтээр нотлох баримтыг буруу үнэлж, тэдний мэдүүлгийг ташаа бичиж, нотлох баримтад илт буруу дүгнэлт хийсэн. Я.Д би 2015 онд Д.А, А.М нарын хууль бус шахалт, шаардлага, гарцаагүй байдлын улмаас тэдний барьцаалсан машиныг авах үүднээс бичиж өгсөн баримтыг үндэслэж шийдвэр гаргасныг зөвшөөрөхгүй. ... шийдвэрийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, зохигчдын хооронд үүссэн маргаантай харилцаанд Иргэний хуулийн холбогдох заалтыг зөв тайлбарлаж хэрэглэжээ.
Нэхэмжлэгч нар хариуцагч Н ХХК-д холбогдуулан Д.Ан ажлын хөлс 3930000 төгрөг, А.Мн ажлын хөлс 1580000 төгрөг, нийт 5510000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргаж, нэхэмжлэлийн үндэслэлээ нотлохоор хариуцагч компанийн захирал Я.Дын үйлдсэн баримтуудыг /хэргийн 5, 6 дугаар тал/ шүүхэд гаргаж өгчээ.
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, нэхэмжлэгч нар компанийн өмчлөлийн тээврийн хэрэгслийг барьцаалсан учраас дээрх хоёр баримтыг бичиж өгсөн гэж тайлбарлаж байгаа боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасан нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэх, татгалзах, түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, хариуцагч Н ХХК-иас Д.Ан ажлын хөлс 3930000 төгрөг, А.Мн ажлын хөлс 1580000 төгрөг, нийт 5510000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч нарт тус тус олгохоор шийдвэрлэснийг үндэслэлтэй гэж үзнэ.
Нэхэмжлэгч нарын Д.А би...өөрийн мотор ачих ачааны машиныг чиргүүлийн хамт компанид ашиглуулж, 2014 оны 5 дугаар сарын 15-ны өдрөөс 2014 оны 12 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл хугацаанд сард 1000000 төгрөгийн хөдөлмөрийн хөлс авахаар ажилласан, А.М би ... 2014 оны хавраас ... өвлийн эхэн сар хүртэл хугацаанд ... хийснээр хөлс авч ажиллахаар тохирч өрмийн мастерийн туслахаар ажилласан гэх тайлбар, хариуцагчийн А.М нь Н ХХК-д 2014 оны 10 сараас 2014 оны 12 сар хүртэл 2 сар хүрэхгүй хугацаанд туслах ажилчнаар ажилласан, ...Д.Атынтай, А.М нарыг ажиллуулахад ажлын хөлсийг нь тохирч ажиллуулж байсан компанийн эзэн бол Я.Д биш, ... /өмнөх захирал/ М.А гэдэг хүн амаар хэлэлцэн тохиролцож ажиллуулж байсан... гэсэн тайлбараас үзвэл, анхан шатны шүүх Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт заасан хөлсөөр ажиллах гэрээний зохицуулалтыг зөв тайлбарлаж хэрэглэсэн байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т зааснаар хэргийг бүхэлд нь хянаж үзэхэд, давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл тогтоогдоогүй тул шийдвэрийг хэвээр үлдээж, гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ. Хуульд зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 103109 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээх үндэслэлтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1.-т заасныг удирдлага болгож, ТОГТООХ нь:
1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 580 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1.-т зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа тэмдэгтийн хураамжид төлсөн 103109 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н. ТУЯА
ШҮҮГЧИД Д.ЖАМБАЛСҮРЭН
С.ӨМИРБЕК