Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 07 сарын 19 өдөр

Дугаар 564

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Өлзийжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 4 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч:  “Т” ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст холбогдох

“Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн Төв аймгийн Баян сумын нутагт орших 914.67 га газарт хайгуулын тусгай зөвшөөрлийг “Т” ХХК-д олгохгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, тусгай зөвшөөрөл олгохыг даалгах” нэхэмжлэлийн шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв. 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Ц, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.М нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “Т” ХХК-ийн захирал Г.Ч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Ц нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 

 

Нэг. “Т” ХХК нь Ашигт малтмалын тухай хуульд заасан өргөдөл гаргахад тавигддаг шаардлагуудыг бүрэн хангаж, Төв аймгийн Баян сумын нутагт орших “Баян” нэртэй газарт 914,67 га талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл хүсч, NЕ-026961 дугаартай өргөдлийг Ашигт малтмал, газрын тосны газарт (Кадастрын хэлтэст) гаргасан боловч тусгай зөвшөөрлийг олгохгүй байгаа болно. Нэхэмжлэгчийн хувьд тусгай зөвшөөрлийг авах бүх шаардлагыг хангасан, тусгай зөвшөөрөл хүссэн талбай нь ямар нэгэн хуулиар хориглогдсон талбай биш байх тул хариуцагчийн энэхүү тусгай зөвшөөрөл олгохгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус бөгөөд үүний улмаас нэхэмжлэгчийн эрх ашиг шууд зөрчигдөж байгаа юм. Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4-т заасны дагуу хариуцагчийн нэхэмжлэгчид тусгай зөвшөөрөл олгохгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, Төв аймгийн Баян сумын нутаг дахь “Баян” нэртэй газарт 914,673 га талбайд хайгуул хийх тусгай зөвшөөрлийг олгохыг даалгаж өгнө үү.

Хоёр. Манай компани тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлөө өгсөн, үүнээс хойш Ашигт малтмал, газрын тосны газрын Кадатсрын хэлтэс нь өргөдлийг хянан судлах, улмаар Төв аймгийн Засаг дарга руу санал авахаар хандах гэх мэт процессийн ажиллагаанууд хийгдэх ёстой байдаг. Нэхэмжлэгч компаний хувьд хуульд заасан бүх шаардлагыг хангаж байсан тул эдгээр ажиллагаа шат дарааллын дагуу хийгдсэний дараа тусгай зөвшөөрөл олгогдоно гэсэн ойлголттой байсан. Гэвч өргөдөл гаргаснаас хойш бараг 1 жил болоход Ашигт малтмал, газрын тосны газраас албан ёсоор, албан бичгээр огт хариу өгөөгүй, тусгай зөвшөөрөл ч олгоогүй. 

Нэхэмжлэгчийн зүгээс албан бусаар “Төв аймгийн Засаг дарга тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан байна” гэдгийг олж мэдсэн ба улмаар тэр даруй буюу 2016 оны 12 дугаар сарын 09-ны өдөр Кадастрын хэлтэст манай өргөдлийг шийдвэрлэж өгнө үү гэсэн албан бичиг өгсөн байдаг. Үүний хариуг тус хэлтсийн даргын түр орлон гүйцэтгэгч Д.М нь 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 7/2575 дугаартай албан тоотоор өгсөн ба “Төв аймгийн Засаг дарга дэмжээгүй тул тусгай зөвшөөрөл олгох хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй” гэж уг албан тоотод дурдсан байдаг. Улмаар хуульд заасны дагуу дээд шатны албан тушаалтан болох Ашигт малтмал, газрын тосны газрын даргад хандсан ч 2017 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр мөн л манай хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй хариу өгсөн.

Бидний зүгээс тусгай зөвшөөрөл олгохыг дэмжихгүй санал, тусгай зөвшөөрөл олгох боломжгүй шийдвэрүүдийг 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдөр л мэдсэн болно.

Уг тусгай зөвшөөрөл хүссэн газар нь Монгол Улсын Засгийн газраас гаргасан 239 дүгээр тогтоолын дагуу хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжтой гэж үзсэн талбайд хамаарч байгаа юм. Ашигт малтмалын тухай хуульд зааснаар хариуцагч байгууллага уг талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл олгох үйл ажиллагааг зохион байгуулах үүрэгтэй. Уг үүргийн дагуу холбогдох тусгай зөвшөөрлийг олгохдоо хамгийн боловсронгуй арга буюу олон өргөдөл өгсөн хуулийн этгээдээс тухайн талбайд хамгийн түрүүнд өргөдөл өгсөн компанид тусгай зөвшөөрөл олгох боломжтой байдлаар зохион байгуулсан байдаг.

 

 

Нэхэмжлэгч хамгийн түрүүнд тусгай зөвшөөрөл олгож өгөхийг хүссэн өргөдөл гаргахад хариуцагч байгууллага хуульд заасан судалгааг хийгээд тусгай зөвшөөрөл олгох боломжтой гэж үзэж Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.3-д заасны дагуу орон нутгаас санал авахаар Төв аймгийн Засаг даргад албан бичиг хүргүүлсэн байдаг.

 

Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4-д “Аймаг, нийслэлийн Засаг дарга энэ хуулийн 19.3-т заасан мэдэгдлийг хүлээн авмагц тухайн талбай байрших сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын болон аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн саналыг авч 30 хоногийн дотор төрийн захиргааны байгууллагад хариу өгөх бөгөөд энэ хугацаанд хариу өгөөгүй бол тухайн саналыг зөвшөөрсөн гэж үзнэ”, 19.5-д “Аймаг, нийслэлийн Засаг дарга зөвхөн хуульд заасан үндэслэлээр хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан хариу өгч болно” гэж тус тус заасан.

 

Нэгдүгээрт Төв аймгийн Засаг дарга дээрх хуульд заасны дагуу 30 хоногийн хугацаанд хариу өгөөгүй. Үүнээс гадна аймаг, нийслэлийн Засаг дарга зөвхөн хуульд заасан үндэслэлээр татгалзсан хариуг өгч болно гэж заасан байхад 2015 оны 12 дугаар сарын 21-ний өдөр ирүүлсэн саналд Газрын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2.1, 52 дугаар зүйлийн 52.2, 52.7-д заасныг тус тус үндэслэн дэмжих боломжгүй гэсэн саналыг ирүүлсэн байдаг.

 

Газрын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т “Хуульд өөрөөр заагаагүй бол дараахь газрыг төрийн зохих шатны байгууллагын хяналт, зохицуулалттайгаар нийтээр ашиглана”, 6.2.1-д “бэлчээр, бэлчээр дэх уст цэг, хужир мараа бүхий газар; мөн хуулийн 52 дугаар зүйлийн 52.2-т “Зуслан, намаржаа болон отрын бэлчээрийг баг, хот айлаар хуваарилж нийтээр ашиглана. Тухайн жилийн бэлчээрийн гарц, иргэдийн саналыг харгалзан өвөлжөө, хаваржааны бэлчээрийг малаас чөлөөлөх, мал оруулах хугацааг сум, дүүргийн Засаг дарга тогтоож, баг, хорооны Засаг дарга, иргэд мөрдөж хэрэгжүүлнэ. Өвөлжөө, хаваржааны тодорхой нутаг бэлчээрийг талхлагдахаас хамгаалах, нөхөн сэргээх зорилгоор тухайн бүс нутгийн онцлог, бэлчээр ашиглаж ирсэн уламжлал, газрын даац, чадавхийг харгалзан, багийн иргэдийн Нийтийн Хурлын саналыг үндэслэн сумын Засаг дарга малчдад болзол, гэрээний дагуу хэсэг бүлгээр ашиглуулж болно”, 52.7-д “Өвөлжөө, хаваржааны доорхи газрыг Монгол Улсын иргэн хот айлаар дундаа хамтран эзэмшиж болно” гэж тус тус заасан байна.

 

Монгол Улсын Дээд шүүхийн 2010 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 09 дүгээр тогтоолын 10 дахь хэсэгт “Хуулийн 19 дүгээр зүйлийн 19.5-д заасан “…татгалзсан хариу өгч болно” гэдгийг энэ хууль болон бусад хуулиар ашигт малтмал эрэх, хайх, ашиглахыг хориглосон, хязгаарласан, түүнчлэн эрх бүхий байгууллагаас тухайн талбайг холбогдох хуулийн дагуу нөөцөд болон тусгай хэрэгцээнд авсан зэргийг үндэслэл болгож, тусгай зөвшөөрөл олгох боломжгүй тухай шийдвэрийг мэдэгдэл ирүүлсэн төрийн захиргааны байгууллагад хүргүүлэхийг ойлгоно” гэж заасан бөгөөд ашигт малтмал эрэх, хайх, ашиглахыг хориглосон, хязгаарласан гэдэг нь урт нэртэй хуульд /бидний хэлдгээр/ орсон байхыг ойлгоно. Уг талбайд тусгай хэрэгцээнд болон нөөцийн газарт орсон гэдэг нь тогтоогддоггүй. Төв аймгийн Засаг даргын татгалзсан үндэслэл нь хуульд нийцээгүй байна.

Хуульд заасан үндэслэлээр татгалзаагүй бол түүнийг хэрхэн шийдвэрлэх талаар Ашигт малтмалын газрын даргын 2015 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр баталсан “Дотоод заавар батлах” тухай тушаал байдаг. Уг тушаалын хавсралтаар батлагдсан дотоод зааврын 4.5-д “аймаг, нийслэлийн засаг дарга хууль зүйн үндэслэлгүй дэмжээгүй бол хайгуулын тусгай зөвшөөрөл хариуцсан мэргэжилтэн ажлын 3 өдөр багтаан хайгуулын тусгай зөвшөөрөл олгох шийдвэр, төлбөр төлөх мэдэгдлийн төслийг боловсруулан хяналтын хуудсанд тэмдэглэгээ хийж эрх зүйн шүүлт хийсэн байна....” гэж заасан байх бөгөөд хууль зүйн үндэслэлгүйгээр дэмжээгүй санал өгсөн бол тусгай зөвшөөрлийг хариуцагч олгох боломжтой байхаар дотоод зааварт зохицуулж өгсөн.

 Монгол Улсын Засгийн газраас тусгай зөвшөөрөл олгох боломжтой гэж үзэж байхад аймгийн Засаг дарга өвөлжөө, хаваржааны газартай давхацсан гэдэг үндэслэлээр татгалзаж байгаа нь өөрөө хууль бус юм. 

Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэс тусгай зөвшөөрөл олгох эрхтэйг Ашигт малтмалын тухай хуулиар зохицуулж өгсөн байхад тухайн шатны Засаг даргын дэмжихгүй гэсэн саналаар тусгай зөвшөөрлийг олгохгүй байх юм бол үнэн хэрэгтээ хариуцагч байгууллагын уг онцгой бүрэн эрхийг аймаг, нийслэлийн Засаг дарга эдлэх эрхтэй болох юм. Тухайн аймгийн Засаг дарга хуульд заасан үндэслэл байгаа тохиолдолд татгалзсан саналыг холбогдох байгууллагад хүргүүлэх ёстой. Гэтэл Төв аймгийн Засаг даргын татгалзсан үндэслэл нь хуульд нийцээгүй учраас илт хууль бус нь тогтоогдож байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэв.

Хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн дарга Д.М шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэс нь Төв аймгийн Баян сумын орших “Баян” нэртэй газарт 914.67 гектар талбайд хайгуулын тусгай зөвшөөрлийг “Т” ХХК-д олгохгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож , хайгуул хийх тусгай зөвшөөрлийг олгохыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4-д заасны дагуу даалгуулах нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч дараах тайлбарыг хүргүүлж байна.

“Т” ХХК 2015 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр өргөдлийн бүртгэлийн NE-026961 дугаарт бүртгэгдсэн Төв аймгийн Баян сумын нутагт орших “Баян” нэртэй 914.67 га талбайд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл авахаар өргөдөл гаргажээ.

Өргөдлийн материалыг кадастрын хэлтэс хүлээн аваад Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1,19.2 дахь хэсэгт заасан ажиллагааг хийж дээрх талбайд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжтой гэж үзэн Төв аймгийн Засаг даргаас Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4 дэх хэсэгт заасан “... Аймаг, нийслэлийн Засаг дарга энэ хуулийн 19.3-т заасан мэдэгдлийг хүлээн авмагц тухайн талбай байрших сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын болон аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн саналыг авч 30 хоногийн дотор төрийн захиргааны байгууллагад хариу өгөх бөгөөд энэ хугацаанд хариу өгөөгүй бол тухайн саналыг зөвшөөрсөн гэж үзнэ ...” гэсэн заалтын дагуу дээр дурдсан талбайд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг дэмжих эсэх талаар санал авахаар 2015 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 6/9160 тоот албан бичгээр  мэдэгдэл хүргүүлсэн байна.

Ашигт малтмалын хайгуулын  тусгай зөвшөөрөл хүсч NE-026961 дугаарт бүртгэгдсэн өргөдөлд Төв аймгийн Засаг дарга 2015 оны 12 дугаар сарын 21-ний өдрөөр огноолсон 129 дугаар бүхий хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг дэмжихгүй гэсэн саналыг Ашигт малтмалын газрын /хуучин нэрээр/ Кадастрын хэлтэст ирүүлсэн байна.

Иймд “Т” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Шүүх нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “Т” ХХК “Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн Төв аймгийн Баян сумын нутагт орших 914.67 га газарт хайгуулын тусгай зөвшөөрлийг “Т” ХХК-д олгохгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, тусгай зөвшөөрөл олгохыг даалгах” нэхэмжлэлийн шаардлагыг тус шүүхэд гаргажээ. 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Д-аас 2017 оны 6 дугаар сарын 29-ний өдөр өмгөөлөгчтэй оролцох хүсэлт гаргаснаар шүүх хуралдаан хойшилсон , мөн 2017 оны 7 дугаар сарын 4-ний өдөр “Сэлэнгэ аймагт томилолтоор ажиллахаар болсон тул шүүх хуралдааныг 14 хоногоор хойшлуулж өгнө үү” гэсэн хүсэлтийн дагуу 2017 оны 7 дугаар сарын 5-ны өдрийн шүүх хуралдааныг түүний хүсэлтээр 14 хоногоор дахин хойшлуулж , энэ өдөр товлон зарласан байх бөгөөд шүүх хуралдааны товыг түүнд мэдэгджээ. 

Шүүхээс шүүх хуралдааны товыг дахин сануулахаар өмнөх өдөр нь мэдэгдэхэд ээлжийн амралттай байгаа гэсэн боловч энэ талаар нотолсон баримт болон хүсэлт шүүхэд ирээгүй байна. 

Түүнчлэн шүүхээс Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийг хариуцагчаар татсан, төрийн байгууллага өөрийн дотоод ажлыг зохион байгуулж, итгэмжлэгдсэн төлөөлөгчөө шүүх хуралдаанд оролцуулах үүрэгтэй бөгөөд итгэмжлэгдсэн төлөөлөгч “ээлжийн амралттай” байгаа нь хүндэтгэн үзэх шалтгаан болохгүйг энд дурдах нь зүйтэй.  

Иймд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэхээр хүсэлт гаргасан тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.4-т ”Хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бөгөөд нэхэмжлэгч хэргийг тэдгээрийн эзгүйд хянан шийдвэрлэх талаар хүсэлт гаргасан бол шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг үндэслэн хэргийг хянан шийдвэрлэж болно” гэж заасны дагуу хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарыг шүүх хуралдаанд гаргасантай адилтган үзэж шүүх хуралдааанаар хэргийг шийдвэрлэсэн болно.  

“Т” ХХК Төв аймгийн Баян сумын нутагт орших 915 га газарт хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг холбогдох материалын хамт 2015 

оны 11 дүгээр сарын 19-ний өдөр гаргасан байна . 

Уг өргөдлийг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэс хянаад уг талбайд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжтой гэж үзээд Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.3 дахь хэсэгт заасны дагуу Төв аймгийн Засаг даргаас санал авахаар шийдвэрлэж, 2015 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 6/9160 тоот албан бичгээр мэдэгдэл хүргүүлжээ . 

 

Уг мэдэгдлийн хариуд Төв аймгийн Засаг даргаас 2015 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 129 тоот “дэмжихгүй” гэсэн саналыг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст хүргүүлжээ . 

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс Төв аймгийн Засаг дарга Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4 дэх хэсэгт зааснаар 30 хоногийн дотор саналаа Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст ирүүлээгүй, мөн Засаг дарга хуульд заасан үндэслэлээр татгалзсан хариу өгөөгүй гэж нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тодорхойлж байна. 

 

Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн 2015 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 6/9160 тоот мэдэгдлийг Төв аймгийн Засаг даргын Тамгын газар 2015 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авчээ.   

Төв аймгийн Засаг дарга уг мэдэгдлийн хариу саналыг 2015 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 01/1812 дугаар албан бичгээр  хүргүүлснийг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэс мөн өдөр хүлээн авсан нь ирсэн баримт бичгийн бүртгэлээр  тогтоогдож байна. 

Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4-т “Аймаг, нийслэлийн Засаг дарга энэ хуулийн 19.3-т заасан мэдэгдлийг хүлээн авмагц тухайн талбай байрших сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын болон аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн саналыг авч 30 хоногийн дотор төрийн захиргааны байгууллагад хариу өгөх бөгөөд энэ хугацаанд хариу өгөөгүй бол тухайн саналыг зөвшөөрсөн гэж үзнэ.” гэж заасны дагуу Төв аймгийн Засаг дарга 6/9160 тоот мэдэгдлийг 2015 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн аваад 30  хоногийн дотор төрийн захиргааны байгууллагад хариу өгсөн байна. 

Өөрөөр хэлбэл дээрх хуулийн заалтын “хариу өгөх 30 хоногийн хугацаа” нь мэдэгдэл гарсан өдрөөр бус, мэдэгдлийг хүлээн авсан өдрөөс хойш  тоологдохоор 

тусгагдсан байна.

Иймд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн Засаг дарга хугацаандаа хариу ирүүлээгүй учир саналыг зөвшөөрсөн гэж үзэж, хайгуулын тусгай зөвшөөрлийг олгох ёстой гэсэн тайлбар үндэслэлгүй байна. 

 

Түүнчлэн дээрх мэдэгдлийн дагуу Төв аймгийн Засаг дарга орон нутггийн байгууллагуудаас санал авсан нь Төв аймгийн Баян сумын 2 дугаар багийн Иргэдийн нийтийн хурлын хуралдааны тогтоол, Баян сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн албан бичиг, Төв аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хуралдааны тэмдэглэл зэрэг баримтуудаар  тогтоогдож байх бөгөөд тэрээр Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4 дэх заалтыг хэрэгжүүлж ажилласан байна. 

 

Мөн эдгээр саналыг үндэслэн аймгийн Засаг дарга Газрын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2.1, 52 дугаар зүйлийн 52.2, 52.7 дахь заалтыг баримтлан “дэмжихгүй” гэсэн саналыг  Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.5 дахь заалтын дагуу төрийн захиргааны байгууллагад хүргүүлжээ. 

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс уг саналыг Монгол улсын Дээд шүүхийн “Ашигт малтмалын тухай хуулийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай” 2010 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 9 дүгээр тогтоолын 10-т Хуулийн 19 дүгээр зүйлийн 19.5-д заасан  “…татгалзсан хариу өгч болно” гэдгийг энэ хууль болон бусад хуулиар ашигт малтмал эрэх, хайх, ашиглахыг хориглосон, хязгаарласан, түүнчлэн эрх бүхий байгууллагаас тухайн талбайг холбогдох хуулийн дагуу нөөцөд болон тусгай хэрэгцээнд авсан зэргийг үндэслэл болгож, тусгай зөвшөөрөл олгох боломжгүй тухай шийдвэрийг мэдэгдэл ирүүлсэн төрийн захиргааны байгууллагад хүргүүлэхийг ойлгоно.” гэж тайлбарласан бөгөөд уг тайлбарт дурдсан хууль зүйн үндэслэл байхгүй байхад Төв аймгийн Засаг дарга татгалзсан хариу өгсөн гэж нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тодруулж байна.  

 

Төв аймгийн Засаг даргын “дэмжихгүй” гэсэн санал нь Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсэгт заасан захиргааны актын шинжийг агуулсан, нэхэмжлэгчээс уг захиргааны актын талаар харьяа Төв аймгийн Захиргааны хэргийн шүүхэд хандаагүй , уг захиргааны акт хүчин төгөлдөр байх тул тус шүүх Төв аймгийн Засаг дарга “хуульд заасан үндэслэлээр татгалзсан хариу өгөөгүй” гэсэн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн үндэслэлийг хүлээн авч, дүгнэлт хийх боломжгүй юм.

Иймд “Т” ХХК-д Геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас Төв аймгийн Баян сумын нутагт орших 914.67 га газарт хайгуулын тусгай зөвшөөрөл олгохгүй гэж татгалзсан шийдвэр нь Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсгийн 11.1.6 дахь заалтаар олгосон эрх хэмжээний хүрээнд хууль зүйн үндэслэлтэй гарсан шийдвэр байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шүүх шийдвэрлэлээ. 

Уг татгалзсан шийдвэр албан бичгээр гарсаны дараа, маргаан шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд явагдаж байх үед буюу 2017 оны 6 дугаар сарын 20-ний өдөр Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргаас “Т” ХХК-д хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан шийдвэрийг дахин гаргасан бөгөөд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “уг нэхэмжлэл хангагдвал нэхэмжлэгчийн эрх сэргээгдэх тул нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөхгүй” гэсэн тул шүүх нэхэмжлэгчийн тодорхойлсон нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг шийдвэрлэсэн болно. 

 

           Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14 дэх заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1, 11.1.6, 19 дүгээр зүйлийн 19.4, 19.5 хэсэгт  заасныг баримтлан нэхэмжлэгч “Т” ХХК-ийн “Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн Төв аймгийн Баян сумын нутагт орших 914.67 га газарт хайгуулын тусгай зөвшөөрлийг “Т" ХХК-д олгохгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, тусгай зөвшөөрөл олгохыг даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай. 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1  дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай. 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                 Л.ӨЛЗИЙЖАРГАЛ