Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 09 сарын 10 өдөр

Дугаар 221/МА2020/0536

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ч.С нэхэмжлэлтэй

захиргааны хэргийг хянасан тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Б.Тунгалагсайхан, Э.Лхагвасүрэн нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Гантогтох, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Д, Ц.Т, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Э, гуравдагч этгээд “Д” СӨХ-ны өмгөөлөгч Ц.Б, Баянгол дүүргийн Засаг даргын Тамгын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.С нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 432 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч гуравдагч этгээд “Д” СӨХ-ны өмгөөлөгч Ц.Б гаргасан давж заалдах гомдлоор шүүгч Э.Лхагвасүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Нэхэмжлэгч Ч.С 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа:

“Нийслэлийн Засаг даргын 2019 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн А/981 дүгээр захирамжийг хүчингүй болгуулах”-ыг хүсчээ.

Хоёр. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 432 дугаар шийдвэрээр:

“Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.8-д заасныг тус тус баримтлан Нийслэлийн Засаг даргын 2019 оны 9 дүгээр сарын 24-ний А/981 дүгээр захирамжийг 3 /гурван/ сарын хугацаагаар түдгэлзүүлж,

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.5-д заасныг баримтлан хариуцагч Нийслэлийн Засаг дарга энэхүү шийдвэрийн Үндэслэх хэсэгт дурдсан шалгавал зохих нөхцөл байдлуудыг шалган тогтоосны үндсэн дээр захиргааны акт гаргах замаар шүүхийн шийдвэрийг биелүүлэхийг,

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд захиргааны байгууллага шинэ акт гаргаагүй бол Нийслэлийн Засаг даргын 2019 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн А/981 дүгээр захирамжийг хүчингүй болсон тооцохоор” шийдвэрлэжээ.

Гурав. Гуравдагч этгээд “Д” СӨХ-ны өмгөөлөгч Ц.Б дээрх шийдвэрийг эс зөвшөөрч 2020 оны 7 дугаар сарын 29-ний өдөр Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо:

“...Анхан шатны шүүхийн шүүхийн шийдвэр Захиргааны хэрэг шүүхэд шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т заасан шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй гэж үзэн давж заалдах гомдол гаргаж байна.

Хэргийг хянан хэлэлцэх үед дараах үйл баримт нотлогддог.

-Энэ хэргийн гуравдагч этгээд “Д” СӨХ нь Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 10950 м.кв газрыг Нийслэл Засаг даргын 2015 оны А/4 дүгээр захирамжаар 15 жилийн хугацаатай гэрээгээр ашиглаж байдаг.

-Нийслэлийн Засаг дарга Э.Б 2015 оны 12 дугаар сарын 1-ний өдрийн А/933 дугаар захирамжийн 10 дахь заалтаар Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны 13 дугаар байрны хойд талд 1389 м.кв газрыг Баянгол дүүргийн Засаг даргын Тамгын газарт эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн нь “Д” СӨХ-ны ашиглаж байгаа дээрх газартай давхцаж эрх ашиг нь зөрчигдсөн.

-“Д” СӨХ нь Нийслэлийн Газрын алба, иргэдийн Хуралд өргөдөл гаргаснаар Нийслэлийн Засаг дарга дээрх А/933 дугаар захирамжийн 10 дахь заалтыг дахин хянуулж газар давхацсан буюу Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т заасныг үндэслэн 2019 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр А/981 дүгээр захирамжаараа 2015 оны 12 дугаар сарын 1-ний өдрийн А/933 дугаар захирамжийг 10 дахь заалтыг хүчингүй болгосон байдаг.

-Ч.С дээрх хаяг бүхий байршлуудад захиргааны актаар ямар нэгэн газар эзэмшиж ашигладаггүй атлаа А/981 дүгээр захирамжийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасан.

Үүнээс гадна хууль зүйн хувьд Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т “Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэгэн хэмжээгээр давхцаагүй”, Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-т “Сөрөг нөлөөлөл бүхий захиргааны хууль бус актыг хөөн хэлэлцэх хугацаа өнгөрснөөр үл хамааран захиргааны байгууллага өөрөө хүчингүй болгох”, 48 дугаар зүйлийн 48.2.2-т “Бусад этгээдийн эрх, ашгийг хөндсөн захиргааны актыг захиргааны байгууллага хүчингүй болгох” гэж тус тус заасан байх ба Нийслэлийн Засаг дарга эдгээр хуулийн заалтын хүрээнд А/981 дүгээр захирамжаа гаргаж бусдын эрхийг зөрчсөн А/933 дугаар захирамжийн 10 дахь заалтыг хүчингүй болгосон нь нотлогдож байдаг.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-т ““нэхэмжлэгч” гэж захиргааны байгууллагын хууль бус ажиллагаанаас эрх нь зөрчигдсөн этгээдийн гаргасан нэхэмжлэлийг хэлнэ”, мөн “Эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн гэж үзвэл иргэн хуулийн этгээд захиргааны актад гомдол гаргах эрхтэй”, 52 дугаар зүйлийн 52.2.4-т “Нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийг заана”, 53 дугаар зүйлийн 53.3-т “Энэ хуулийн 52.2-т заасан шаардлагыг хангаагүй нэхэмжлэлийг шүүгч буцаана” гэж тус тус зааснаар Ч.С тухайн хаяг байршилд захиргааны актаар газар эзэмшдэггүй, хүчингүй болгуулахаар нэхэмжлэлд дурьдсан А\981 дүгээр захирамж нь Ч.С эрх, ашгийг хөндөөгүй нь тодорхой тул шүүх уг нэхэмжлэлийг хүлээн авах, уг нэхэмжлэлээр захиргааны хэрэг үүсгэх үндэслэлгүй нь нотлогддог.

Тодорхой шаардлага бүхий үндэслэлгүй нэхэмжлэлийг шүүх хянан хэлэлцээд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.4-т заасны дагуу хэрэгт авагдсан нотлох баримт, дээрх хууль эрх зүйд тулгуурлан 106.3.14-т заасны дагуу нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх ёстой байтал нотлох баримтыг буруу үнэлж уг хуулийн 106.1, 106.3.11-д зааснаар захиргааны актыг 3 сараар түдгэлзүүлж дахин захиргааны акт гаргахыг Нийслэлийн Засаг даргад даалгаж шийдвэрлэсэн нь мөн хуулийн 106.5-т “Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчийн маргаагүй асуудлаар дүгнэлт хийж шийдвэр гаргаж болохгүй” гэснийг зөрчиж нэхэмжлэлийн шаардлагад хамаарахгүй, оролцогч маргаагүй асуудлаар дүгнэлт хийж дээрх шийдвэрийг гаргасан нь үндэслэлгүй гэж үзэж байна.

Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.2-т зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг өөрчилж нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Дараах үндэслэлээр шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, давж заалдах гомдлыг хангав.

Нийслэлийн Засаг даргын 2015 оны 12 дугаар сарын 1-ний өдрийн А/933 дугаар захирамжийн хавсралт 10-аар Баянгол дүүргийн Засаг даргын Тамгын газарт тохижилт бүхий газар доорх авто зогсоолын зориулалтаар эзэмшүүлсэн 1389 м.кв газар нь Засаг даргын мөн оны 1 дүгээр сарын 9-ний өдрийн А/04 дүгээр захирамжаар тус дүүргийн 14 дүгээр хороо, 13а байрны хойд талд орон сууцны орчны газрын зориулалтаар “Д” СӨХ-д ашиглуулахаар олгосон 10950 м.кв газартай бүхэлдээ давхцалтай байх бөгөөд нэхэмжлэгчээс энэхүү давхцлыг үгүйсгэдэггүй.

Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т “Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна” гэж заасан, иймд цаг хугацааны хувьд түрүүлж үүссэн эрхийг хангах зорилгоор хариуцагчаас дээрх А/933 дугаар захирамжийн холбогдох хэсгийг хууль зөрчсөн гэсэн үндэслэлээр хүчингүй болгосныг шүүхээс буруутгах боломжгүй.

Хэдийгээр тухайн үед нэхэмжлэгч Ч.С газар эзэмшүүлэх эрх олгоогүй ч, тэрбээр уг захирамжаар газар эзэмшсэн Баянгол дүүргийн Засаг даргын Тамгын газартай “Хамтран ажиллах гэрээ”-г 2016 онд байгуулж, мөн өөрийн хөрөнгөөр төсөл хэрэгжүүлэхээр холбогдох зөвшөөрлүүдийг авсан зэргээс үзэхэд маргаан бүхий захирамжийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргах эрхгүй гэж үзэхгүй.

Дүүргийн Засаг даргын Тамгын газраас тухайн газрыг 2015 оны 12 сард эзэмшсэнээс хойш дээр дурдсанчилан 2016 онд, улмаар 2017 онд /2018 онд 2 жилийн хугацаатай гэрээ байгуулсан гэж давж заалдах шатны шүүх хуралдаанд тайлбарлах боловч тухайн гэрээ хэрэгт авагдаагүй/ тус тус хамтран ажиллах гэрээг Ч.С байгуулсан, гэвч бодит байдалд төсөл хэрэгжээгүй төдийгүй энэ хугацаанд төрийн эрх бүхий байгууллагаас олгогдсон зарим зөвшөөрлүүдийн хүчинтэй хугацаа дууссан, түүнчлэн “Д” СӨХ-оос газар давхцуулан олгосон захирамжийн холбогдох хэсгийг хүчингүй болгуулахаар нийслэлийн Засаг даргад удаа дараа хандсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдох тул өмнөх захирамжаа хууль бус гэж үзэн хүчингүй болгосон хариуцагчийн шийдвэр Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д “Төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтан өөрийн шийдвэр, ...-ээрээ газрын тухай хууль тогтоомж, газар эзэмшигч, ашиглагчийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн бол уг байгууллага, албан тушаалтан өөрөө ...хууль бус шийдвэрийг хүчингүй болгож, үйлдлийг таслан зогсооно”, Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.2.2-т “эерэг нөлөөлөл бүхий хууль бус захиргааны актыг бусад этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол, эсхүл нийтийн ашиг сонирхолд сөргөөр нөлөөлсөн бол хүчингүй болгоно”, 48.3-т “захиргааны байгууллага энэ хуулийн 48.2.2, ...-д заасан тохиолдолд захиргааны актыг гаргасан өдрөөс 5 жилийн дотор хүчингүй болгож болно” гэж заасанд тус тус нийцсэн байна.

“Д” СӨХ-ноос Хот байгуулалт, хөгжлийн газарт гаргасан 2019 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн 5 дугаар хүсэлтэд нийслэлийн хөрөнгө оруулалтаар ашиглах эрх бүхий газарт нь орчны тохижилт хийхээр 2018, 2019 оны төсөвт зохих хэмжээний санхүүжилт тусгагдсан боловч газрын давхцлаас шалтгаалан хэрэгжээгүй болохыг, мөн оршин суугчдаас тус төслийг дэмжихгүй байгааг илэрхийлсэн байх тул газрын давхцлыг арилгаж, газар ашиглах эрхийг бодитоор хэрэгжүүлэх нөхцөлийг хангасан Засаг даргын 2019 оны А/981 дүгээр захирамжийг дахин шинээр акт гаргах хүртэл түдгэлзүүлэх шаардлагагүй болно.

Өөрөөр хэлбэл анхан шатны шүүхээс хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай, нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн гэж дүгнэн маргаан бүхий захирамжийг 3 сараар түдгэлзүүлж шийдвэрлэхдээ “...Ч.С захиргааны байгууллагын шийдвэр, үйл ажиллагаанд итгэсэн итгэл хэрхэн хамгаалагдах, төсөл хэрэгжих газар гуравдагч этгээдийн ашиглалтад олгогдсон газартай давхцалтай байгаа нь түүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж байгаа эсэхэд холбогдох дүгнэлт өгсний үндсэн дээр А/933 дугаар захирамжийг хүчингүй болгох эсэхийг шийдвэрлэх нь зүйтэй...” гэж дүгнэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11-т заасан зохицуулалттай уялдаагүй байна. 

Нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон ч анх Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газраас иргэн Ч.С 2015 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 10/2033 дугаар албан бичгээр Газар барилгажилтын зөвлөлийн хурлаар одоогийн маргаан бүхий газарт хэрэгжүүлэх төслийг хэлэлцэн дэмжсэн талаар, мөн 2016 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 10/621 дүгээр албан бичгээр газар эзэмшүүлэх эрх олгох захирамж гарсан тул “Нийслэлийн нутаг дэвсгэрт нийтийн эзэмшлийн гудамж, зам, талбайд авто зогсоол төлөвлөж, барьж байгуулах журам”-ын дагуу дүүргийн Засаг даргатай хамтран ажиллах гэрээ байгуулж, журмын хэрэгжилтийг хангаж ажиллахыг тус тус мэдэгдсэнээс хойших хугацаанд уг төслийг хэрэгжүүлэхтэй холбоотой нэхэмжлэгчийн үйл ажиллагааг буруутгах үндэслэлгүй тул анхнаасаа газар давхцуулан олгосон хууль бус шийдвэрийн улмаас төслөө хэрэгжүүлж чадаагүйгээс өөрт учирсан хохирлоо нэхэмжлэх эрх нээлттэй болно.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон,

ТОГТООХ нь:

1.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 432 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3, 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт заасныг баримтлан Ч.С Нийслэлийн Засаг даргад холбогдуулан гаргасан 2019 оны 9 дүгээр сарын 24-ний А/981 дүгээр захирамжийг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай”, 4 дэх заалтын дугаарыг “2” гэж тус тус өөрчлөн, 2, 3 дахь заалтыг хүчингүй болгож, гуравдагч этгээд “Д” СӨХ-ны өмгөөлөгч Ц.Б гаргасан давж заалдах гомдлыг хангасугай.

2. Гуравдагч этгээд “Д” СӨХ-ны өмгөөлөгч Ц.Б давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөөлгүй болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 112.2-т зааснаар гомдол гаргагч болон хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

ШҮҮГЧ                                                           Д.БАТБААТАР

ШҮҮГЧ                                                           Б.ТУНГАЛАГСАЙХАН

ШҮҮГЧ                                                           Э.ЛХАГВАСҮРЭН