| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Сосорбурамын Соёмбо-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 2409026481221 |
| Дугаар | 2026/ХШТ/81 |
| Огноо | 2026-07-01 |
| Зүйл хэсэг | 11.4.1., |
| Улсын яллагч | А.Золзаяа |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2026 оны 07 сарын 01 өдөр
Дугаар 2026/ХШТ/81
Б.М-т холбогдох эрүүгийн
хэргийн тухай
Монгол Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын шүүгч Б.Цогт даргалж, шүүгч Б.Батцэрэн, Ц.Оч, С.Соёмбо-Эрдэнэ, Ч.Хосбаяр нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор А.Золзаяа, шүүгдэгчийн өмгөөлөгч С.Пүрэвдаш, хохирогчийн өмгөөлөгч Г.Цэрэнжамц, нарийн бичгийн дарга Б.Энхжаргал нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 2026/ШЦТ/430 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2026 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 2026/ДШМ/493 дугаар магадлалтай, Б.М-т холбогдох 2409026481221 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч С.Пүрэвдашийн гаргасан гомдлоор 2026 оны 06 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Соёмбо-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Б.М, 2002 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, механикийн инженер мэргэжилтэй, оюутан, ам бүл 5, эцэг, эх, дүү нарын хамт **** дүүргийн **** дугаар хороо, **** дүгээр хэсэг, **** тоотод оршин суух, /РД: ****/,
урьд Баянзүрх дүүргийн 2020 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 1733 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500,000 төгрөгөөр торгох ял,
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 533 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 800,000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгүүлж байсан.
Шүүгдэгч 2024 оны 08 дугаар сарын 13-ны өдөр 01-02 цагийн үед Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 6 дугаар байрны гадаа С.Г-ыг зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх шүүгдэгч Б.М-ийг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М-ийг 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж, нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 511 дүгээр зүйлийн 511.1, 513 дугаар зүйлийн 513.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Б.М-өөс 6,212,937 төгрөг гаргуулж хохирогч С.Г-д, 2,442,362 төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын санд тус тус олгож, хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэсэн байна.
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 2026/ШЦТ/430 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Пүрэвдаш хяналтын шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд танилцуулсан саналдаа: “Эрүүгийн эрх зүйн хувьд Эрүүгийн хууль хамгийн чухал суурь бөгөөд тус хуулийн зүйл, заалт бүр бодитоор эрх зүйн үр дагаврыг бий болгох учиртай ба давж заалдах шатны шүүхээс Эрүүгийн хуулийг буруу хэрэглэснийг олж тогтоосон бол энэ талаар өөрийн эрх хэмжээний хүрээнд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, шүүгдэгчид оногдуулсан ялыг хөнгөрүүлэх ёстой байсан хэдий ч анхан шатны шүүхээс оноосон 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг хэвээр үлдээсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1.2 дахь заалтыг тунхаглалын шинжтэй болохыг баталж өгсөн байна.
Гэтэл анхан шатны шүүх хуучин хуулийн эрх зүйн ойлголтоор шүүгдэгчид ял оногдуулсан байхад давж заалдах шатны шүүх тухайн эрүүгийн эрх зүйн ойлголтоор ял оногдуулсныг хэвээр үлдээсэн нь өөрөө шүүгч нарын дунд бий болж байгаа хуучин болон шинэ эрүүгийн эрх зүйн ялгаатай байдлыг засаж өгөхөөс татгалзаж байгааг харуулж байна.
Нөгөө талаас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд 2025 оны 06 дугаар сарын 27-ны өдөр оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт яллагдагчаар татах хөөн хэлэлцэх хугацаа ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны өөрчлөлт, онцлог Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйл бол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хэзээ хүртэл явуулж болохыг тогтоож өгсөн суурь заалт. Мөн зүйлийн 8 дахь хэсэгт “...Сэжигтэн мөрдөн шалгах ажиллагаанаас оргон зайлсан бол гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа тоолохыг оргон зайлсан өдрөөс эхлэн зогсоож уг этгээд баригдсан, эсхүл хэргээ өөрөө илчилж ирсэн өдрөөс эхлэн яллагдагчаар татах хүртэл хөөн хэлэлцэх хугацааг сэргээн тоолно...” гэж заасан нь өөрөө эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны чухал онцлог болох сэжигтэн мөрдөн шалгах ажиллагаанаас оргон зайлсан тохиолдолд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хэзээ, хэрхэн яаж явуулахыг тодорхойлж өгсөн чухал заалт бөгөөд энэхүү заалтаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогч сэжигтнээр оролцож байгаа тохиолдолд хөөн хэлэлцэх хугацааг оргон зайлснаас бусад тохиолдолд хэвийн тоолж болохыг агуулгаас харж болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд 2025 оны 06 дугаар сарын 27-ны өдөр оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Яллагдагчаар татсан, таслан сэргийлэх арга хэмжээ авсан шийдвэртэй танилцах, шийдвэрийн хувийг авах эрхтэй”, 31.3 дугаар зүйлийн 6 дахь хэсгийн 6.6-д “Сэжигтэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоолтой танилцах, гарын үсэг зурах, гардан авахаас татгалзсан нь мөрдөн шалгах ажиллагаа явуулахад саад болохгүй”, 31.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасны дагуу баривчлагдсан, эсхүл гэмт хэрэгт сэжиглэх үндэслэл тогтоогдсон, эсхүл гэрчийн мэдүүлэг авах үед гэмт хэрэгт сэжиглэх үндэслэл илэрсэн, эсхүл яллагдагчаар татах тогтоолтой танилцуулахаар мэдэгдэх хуудсаар дуудагдсан хүнийг сэжигтэн гэнэ” гэж тус тус нэмэлт, өөрчлөлт оруулсан ба тус хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасны дагуу эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоолтой танилцсан сэжигтнийг яллагдагч гэнэ”, 35.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх хуралдаан даргалагч нь шүүгдэгчийн эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр, төрсөн газар, он, сар, өдөр, иргэний харъяалал, оршин суугаа газар, эрхэлсэн ажил, боловсрол, мэргэжил, гэр бүлийн байдлыг тодруулж, яллагдагчаар татсан тогтоолтой хэзээ танилцсан, яллах дүгнэлтийн хуулбарыг хэзээ авсныг асууна” гэж заасныг тус тус харгалзан үзвэл яллагдагчаар татах тогтоол танилцуулахаар дуудагдсан этгээд бол сэжигтэн ба Эрүүгийн хуулийн 1.10 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт зааснаар сэжигтэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас оргон зайлснаас бусад тохиолдолд хөөн хэлэлцэх хугацааг хэвээр тоолохыг хуульчилсан.
Шүүгдэгч Б.М-ийн Сүхбаатар дүүргийн Прокуророос 2025 оны 08 дугаар сарын 12-ны өдөр яллагдагчаар татах тогтоол үйлдсэн мөрдөгч 25-ны өдөр тогтоолыг танилцуулахаар мэдэгдсэн нь өөрөө Б.М-ийн хувьд 2025 оны 08 дугаар сарын 25-ны өдөр хүртэл хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд сэжигтнээр бус гэрчээр оролцож байсан ба яллагдагчаар татах тогтоолтой танилцуулахыг мэдэгдсэн өдрөөс хойш танилцуулах хүртэл сэжигтнээр тус хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байсан нь тодорхой байхад анхан болон давж заалдах шатны шүүхээс яллагдагчаар татах тогтоол үйлдсэнээр хөөн хэлэлцэх хугацааг тоолохыг зогсооно гэж тодорхойлсон нь өөрөө Эрүүгийн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд хуульчилж өгөөгүй ойлголтыг хэрэглэж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд шүүдэгч Б.М-т холбогдох хэргийг хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.
Хохирогчийн өмгөөлөгч Г.Цэрэнжамц шүүх хуралдаанд танилцуулсан саналдаа: “Хоёр шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй. Эрүүгийн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа 1 жил байдаг. 2025 оны 08 дугаар сарын 12-ны өдөр яллагдагчаар татсан. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “гэмт хэрэг үйлдэгдсэн өдрөөс эхлэн яллагдагчаар татах хүртэл тоолно” гэж заасан. Хөөн хэлэлцэх хугацаа дуусахаас 1 өдрийн өмнө яллагдагчаар татсан прокурорын тогтоол нь хөөн хэлэлцэх хугацаа дууссаны дараа яллагдагчаар татсан гэх ойлголтод хамаарахгүй. Прокурор эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татаж, мэдүүлэг авах ажиллагаа 2025 оны 08 дугаар сарын 26-ны өдөр хийгдсэн. 1 дүгээр хавтаст хэргийн 137 дугаар хуудаст авагдсан мөрдөгчийн тэмдэглэлд яллагдагчаар татагдсан Б.М нь “Увс аймагт ажиллаж байгаа, 25-ны өдөр гараад 26-ны өдөр өмгөөлөгчтэй очиж мэдүүлэг өгье” гэсэн асуудал яригддаг. Үүнээс харахад мэдүүлэг авах ажиллагаа, прокурорын тогтоол гардуулах ажиллагаа нь яллагдагч хөдөө орон нутагт байснаар удааширсан байгаа нь харагдаж байна.
Хөөн хэлэлцэх хугацааг зогсоох онцгой нөхцөл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 2-т заасан яллагдагчаар татах хүртэл гэх ерөнхий зохицуулалтыг өөрчлөх заалт биш. Өөрөөр хэлбэл, хэрэг бүртгэлтийн шатанд сэжигтнээр мэдүүлэг авсан этгээд өөрийгөө ийм хэрэгт холбогдуулан шалгагдаж байгааг мэдсэн хүн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас санаатайгаар оргон зайлсан бол эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татаагүй ч хөөн хэлэлцэх хугацааны 1.10 дугаар зүйлд заасан хугацааг түр зогсоож олж тогтоосон үеэс сэргээн тоолж, зогсоосон хугацаанд хөөн хэлэлцэх хугацааг үргэлжлүүлэн тоолдог. Шүүгдэгчид оногдуулсан ялын талаар шүүгдэгчийн өмгөөлөгчийн гомдол үндэслэлгүй. Хууль тогтоогчийн бүрэн эрхийн хүрээнд шүүгчийн дотоод итгэл үнэмшлээр хэргийг шийдвэрлэсэн. Хөөн хэлэлцэх хугацааны талаар хуулийг нэг мөр ойлгох талаар Улсын дээд шүүхээс албан ёсны тайлбар гарсан. Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.
Прокурор А.Золзаяа шүүх хуралдаанд танилцуулсан саналдаа: “Анхан болон давж заалдах шатны шүүхээс шүүгдэгч Б.М-т холбогдох хэргийн үйл баримтад хийсэн дүгнэлт, Эрүүгийн хуулийн хэрэглээ, эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн үндэслэл нь хэргийн бодит нөхцөл байдалтай нийцсэн, хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан байна. Харин хяналтын шатны шүүхэд шүүгдэгч Б.М-ийн өмгөөлөгчөөс “хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн” гэх үндэслэлээр гаргасан.
Хөөн хэлэлцэх хугацаа зогсох, тасалдах, эсхүл үргэлжлэн тоологдох эсэх нь Эрүүгийн хуульд тухайн хугацааг ямар эрх зүйн үйл баримтаар холбон зохицуулснаас хамаарах бөгөөд Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2022 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 11 дүгээр тогтоолоор өгсөн албан ёсны тайлбарт, Эрүүгийн хуулийн 1.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг хэрхэн хэрэглэх талаар тайлбарлахдаа “гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн яллагдагчаар татах хүртэл хугацаагаар тоолно” гэж хоёрдмол салаа утгагүйгээр тайлбарласан болно. Тэгвэл уг хугацаа дуусахаас өмнө буюу 2025 оны 08 дугаар сарын 12-ны өдөр шүүгдэгчид эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан бөгөөд тухайн тогтоолыг танилцуулах зорилгоор мөрдөх байгууллагаас холбогдох процессын ажиллагааг авч хэрэгжүүлсний эцэст 2025 оны 08 дугаар сарын 25-ны өдөр танилцуулсан байна. Иймд дээрх нөхцөл байдлаас үзвэл яллагдагчаар татах тогтоол гарсан явдал нь хөөн хэлэлцэх хугацаанд нөлөөлөх эрх зүйн факт болохоос харин уг тогтоолыг танилцуулах ажиллагаа хөөн хэлэлцэх хугацаанд хамаарахгүй юм.
Учир нь тогтоолыг яллагдагчид танилцуулсан эсэх нь яллагдагч ямар гэмт хэрэгт, ямар үндэслэлээр яллагдаж байгаагаа мэдэх, өмгөөлөгч авах, мэдүүлэг өгөх эсэхээ шийдвэрлэх, гомдол гаргах, өөрийгөө өмгөөлөх боломжоор хангагдах эрхийн баталгаа нөгөө талаас эрхээр нь хангаагүй нь процессын зөрчил мөн эсэх, дараагийн мөрдөн шалгах ажиллагааны хууль ёсны байдалд нөлөөлөх эсэх хүрээнд үнэлэгдэх асуудал болно. Энэ талаар анхан болон давж заалдах шатны шүүхээс үндэслэл бүхий дүгнэлт хийж, шийдвэрлэсэн байх тул шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй байна.” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Пүрэвдашийн гаргасан “анхан болон давж заалдах шатны шүүх хэргийн хөөн хэлэлцэх хугацаатай холбоотой хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн” гэх агуулга бүхий гомдлыг хяналтын шатны шүүх хүлээн авч, шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр тогтжээ.
Хяналтын шатны шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд заасан эрх хэмжээний хүрээнд анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.
2.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх эрх зүйн хэлбэржилт, түүний нарийвчилсан зохицуулалт нь хууль тогтоогчоос хуулийн албадлагын хэтрүүлэг, дураар авирлах эрсдэлээс бусдыг хамгаалж тогтоосон эрх зүйн дархлаа бөгөөд процессын хэм хэмжээг чандлан сахих нь гагцхүү гэмт хэргийг илрүүлэх механик үйл ажиллагаа бус, харин хүний эрх, эрх чөлөөний баталгааг хангах хамгийн дээд үнэт зүйл хэмээн үзэх нь уг хуулийн язгуур үзэл баримтлал, хууль дээдлэх суурь зарчимд нийцнэ.
Хууль тогтоогч аливаа процесс ажиллагааны дэс дараалал, хөөн хэлэлцэх хугацааг хуульчлан тогтоохдоо нэг талаас эрх бүхий байгууллагын үйл ажиллагааны шуурхай, тасралтгүй байдлыг шаардаж, нөгөө талаас гэмт хэрэгт сэрдэгдсэн этгээдийг тодорхойгүй хугацаагаар хууль зүйн сөрөг үр дагавар бүхий дарамтад байлгахгүй байх хууль зүйн баталгааг давхар бүрдүүлсэн байна.
Тиймээс процесс ажиллагааны хуульчилсан дараалал, цаг хугацааны хязгаарлалт нь гагцхүү хэлбэрийн төдий шаардлага бус, харин хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хэрэгжүүлж буй эрх бүхий этгээдийн дур зоргыг хязгаарлаж, хүний эрхийг хамгаалсан шинжтэй үнэт зүйл юм.
3.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хууль ёсны байх үндсэн шаардлага нь Монгол Улсын Үндсэн хууль болон түүнд нийцүүлж гарсан бусад хуулийн зүйл, заалтыг чанд баримтлан сахиж, мөрдөх явдал билээ.
Түүнчлэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Монгол Улсын нутаг дэвсгэрт эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь гэмт хэрэг хаана гарсныг үл харгалзан энэ хуулийн дагуу явагдана” гэж эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэмжээ, хязгаарыг тогтоосон бөгөөд энэ нь аливаа процесс ажиллагааны цорын ганц эх сурвалж нь гагцхүү хууль өөрөө болохыг баталгаажуулсан хэм хэмжээ болдог.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хэрэгжүүлж буй эрх бүхий этгээд энэхүү шаардлагыг зөрчсөн тохиолдол бүрд тухайн шийдвэрийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу засаж залруулах, зөвтгөх, эсхүл хүчингүйд тооцох байдлаар бусдын зөрчигдсөн эрхийг сэргээх нь хяналтын шатны шүүхийн үүрэгжүүлсэн эрх хэмжээ мөн.
4.Хэрэгт авагдсан баримтаар шүүгдэгч Б.М нь 2024 оны 08 дугаар сарын 13-ны өдөр хохирогч С.Г-ын биед хүндэвтэр хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.
Гэвч уг хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж, эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татахдаа хуулиар тогтоосон хугацаа, дэс дарааллыг хууль хэрэгжүүлэгчийн зүгээс эс үйлдэхүйгээр зөрчсөн нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулах үндэслэл болжээ.
5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт нь гэмт хэргийг шуурхай, бүрэн илрүүлэх, хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээхэд оршдог.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар тусгай ангид хорих ялын дээд хэмжээг нэг жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон, эсхүл зорчих эрхийг хязгаарлах ялын дээд хэмжээг нэг жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэнээс хойш 1 жил өнгөрсөн нь тогтоогдвол тухайн хүнийг яллагдагчаар татаж үл болно. Уг хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн яллагдагчаар татах хүртэл тоолохоор мөн зүйлийн 2 дахь хэсэгт хуульчилсан.
6.Б.М-т холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа гэмт хэрэг үйлдэгдсэн 2024 оны 08 дугаар сарын 13-ны өдрөөс эхлэн тоологдож, 2025 оны 08 дугаар сарын 13-ны өдөр дуусгавар болох учиртай.
Гэтэл прокуророос хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусахын өмнөх өдөр буюу 2025 оны 08 дугаар сарын 12-ны өдөр Б.М-ийг яллагдагчаар татах тухай тогтоол үйлдсэн хэдий ч, мөрдөгч уг тогтоолыг сэжигтэнд хуульд заасан “даруй” буюу боломжит богино хугацаанд танилцуулах үүргээ биелүүлээгүй байна.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 31.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Мөрдөгч сэжигтний хувийн байдлыг тогтоох, яллагдагчаар мэдүүлэг авах ажиллагааг 12 цагийн дотор явуулна”, мөн хуулийн 31.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт сэжигтэн хүндэтгэн үзэх шалтгаанаар ирэх боломжгүй тохиолдолд “...яллагдагчаар татах тогтоол танилцуулах хугацааг прокурор 24 цаг хүртэл хугацаагаар хойшлуулж болно” хэмээн процессын хугацааг цагаар нарийвчлан тогтоож, хязгаарласан байдаг.
Хэрэгт авагдсан баримтаас үзвэл, мөрдөгч мэдэгдэх хуудсыг 2025 оны 05 дугаар сарын 25-ны өдөр Б.М-т явуулсан байх ба хавтаст хэргийн 137 дугаар хуудсанд мөрдөгчийн 2025 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн “…Увс аймагт ажлаар ирчихээд буцаж байна, маргааш өдөртөө Улаанбаатар хотод очно…” гэсэн тэмдэглэл авагджээ.
Улмаар Б.М нь хэлсэн өдрөө буюу гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссанаас хойш 13 хоногийн дараа /2025 оны 08 дугаар сарын 26-ны өдөр/ прокурорын 2025 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн яллагдагчаар татах тогтоолтой танилцаж, гарын үсэг зурж мэдүүлэг өгсөн үйл баримт тогтоогдож байна.
Мөрдөн шалгах ажиллагааг түдгэлзүүлж хэргийн хөөн хэлэлцэх хугацаа тоолохыг зогсоох үндэслэл буюу сэжигтэн оргон зайлсан зэрэг нөхцөл байдал хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй болохыг тодотгон дурдах нь зүйтэй.
Учир нь Эрүүгийн хуулийн 1.10 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт “Сэжигтэн мөрдөн шалгах ажиллагаанаас оргон зайлсан бол гэмт хэргийг хөөн хэлэлцэх хугацаа тоолохыг оргон зайлсан өдрөөс эхлэн зогсоож ...яллагдагчаар татах хүртэл хөөн хэлэлцэх хугацааг сэргээн тоолно” гэж заасан бөгөөд ийм онцгой нөхцөл байдал үүсээгүй тохиолдолд хугацаа тасралтгүй явагдах хууль зүйн үр дагавартай байна.
8.Аливаа этгээд ямар гэмт хэрэгт буруутгагдаж байгаагаа нэн даруй мэдэх, түүнээс хамгаалах мэтгэлцэх боломжоор хангагдах нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14 дэх хэсэг, Олон улсын иргэний болон улс төрийн эрхийн тухай пактын 14 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн “а”-д заасан хүний халдашгүй эрх бөгөөд шударгаар шүүгдэх эрхийн салшгүй бүрэлдэхүүн хэсэг юм.
Энэхүү суурь зарчим нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Яллагдагч ямар хэрэгт яллагдаж байгаагаа мэдэх эрхтэй” хэмээн бататгагдсан бөгөөд гэмт хэрэгт сэрдэгдсэн этгээдийн эрүүгийн хэрэгт холбогдуулан яллагдагчаар татах ажиллагаа нь дан ганц яллах талын процесс бус, өмгөөлүүлэх, хууль ёсны эрх, ашиг сонирхлыг хамгаалуулах эрхээр хангагдах олон талт үйл ажиллагааны нэгдэл болно.
Хуулийн нэр томьёо, үзэл баримтлалын хувьд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 31.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэгт сэжиглэх үндэслэл тогтоогдсон, эсхүл яллагдагчаар татах тогтоолтой танилцуулахаар мэдэгдэх хуудсаар дуудагдсан хүнийг “сэжигтэн” гэх ба харин мөн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоолтой танилцсан сэжигтнийг “яллагдагч” хэмээн үзэхээр хуульчилсан байна.
Тухайлбал, прокурор “Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай тогтоол” үйлдсэнээр хэн нэгэн шууд яллагдагч болдоггүй бөгөөд мөрдөгч, прокурор уг тогтоолыг сэжигтэнд биечлэн танилцуулж, эх хувийг гардуулан өгч, эрх үүргийг нь тайлбарласнаар яллагдагч болж, хөөн хэлэлцэх хугацаа тоолох ажиллагаа тасалддаг хууль зүйн үр дагавартай.
Эрүүгийн хуулийн 1.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн яллагдагчаар татах хүртэл тоолно” гэж заасан. Үүнээс үзвэл, яллагдагчаар татах ажиллагаа нь прокурор тогтоол үйлдэх төдийгөөр хязгаарлагдахгүй, уг тогтоолыг хуульд заасан журмын дагуу сэжигтэнд албан ёсоор танилцуулснаар бүрэн хэрэгжиж дуусна.
Өөрөөр хэлбэл, тогтоол үйлдэх болон түүнийг танилцуулах ажиллагаа нь салшгүй нэгдмэл байж хөөн хэлэлцэх хугацаа тоолох ажиллагаа зогсох буюу тасалдах хууль зүйн үр дагавар үүсгэнэ.
Яллагдагчаар татсан тогтоол үйлдсэн боловч хуулиар тогтоосон хөөн хэлэлцэх хугацааны дотор танилцуулаагүй эс үйлдэхүй нь хөөн хэлэлцэх хугацааг зогсоох үндэслэл болохгүй юм.
9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хэрэгжүүлэгч эрх бүхий албан тушаалтан болох мөрдөгч, прокурор нь хуулиар тусгайлан хуулийн албадлага хэрэглэх эрх олгогдсон, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тасралтгүй, шуурхай, хуулийн хүрээнд явуулах үүрэгтэй онцгой субьектүүд мөн.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дүгээр зүйлийн 1.7-д “даруй” гэж боломжит богино хугацааг ойлгохоор тодорхойлон хуульчилсан.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 31 дүгээр бүлэгт зааснаар прокурор эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол үйлдсэний дараа сэжигтнийг мэдэгдэх хуудсаар дуудан ирүүлж, тогтоол танилцуулахыг мөрдөгчид даалгах ба мөрдөгч тогтоолыг хүлээн авсан даруй дуудан ирүүлсэн сэжигтэнд танилцуулж, хувийг гардуулан өгөх үүргийг хуулиар хүлээсэн байна.
Мөрдөгч, прокурорт хаана байгаа нь тодорхой оршин суух хаягтай сэжигтнийг хуульд заасан журмын дагуу мэдэгдэх хуудсаар дуудан ирүүлэх, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй бол албадан ирүүлэх /12.3 дугаар зүйл/, шаардлагатай бол шүүхийн зөвшөөрлөөр баривчлах /31.4 дүгээр зүйл/ зэрэг эрх хэмжээ, албадлагын механизмууд хуулиар бүрэн олгогдсон болно.
Гэтэл мөрдөн шалгах ажиллагааг хэрэгжүүлэгч нь эдгээр хуулиар олгогдсон бүрэн эрхээ хэрэгжүүлэлгүй, хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусч байхад арга хэмжээ аваагүй, тогтоолыг хуульд заасан хугацаанд танилцуулах үүргээ биелүүлээгүй явдлыг эс үйлдэхүй гэж үзэх бүрэн үндэслэлтэй.
Хуулиар хүлээсэн үүргээ хангалттай биелүүлээгүй төрийн байгууллагын эс үйлдэхүйгээс шалтгаалж үүссэн сөрөг үр дагавар, цаг хугацааны алдагдлыг гэмт хэрэгт сэрдэгдсэн этгээдэд халдаан тайлбарлах, эрх зүйн байдлыг нь дордуулан хөөн хэлэлцэх хугацаа дууссаны дараа яллагдагчаар татах нь Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хууль ёсны байх зарчимд нийцэхгүй болно.
10.Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 13 дахь хэсэгт иргэн халдашгүй, чөлөөтэй байх эрхийг баталгаатай эдлэх, түүнчлэн Монгол Улсын олон улсын гэрээ болох Олон улсын иргэний болон улс төрийн эрхийн тухай пактын 9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Хүн бүр эрх чөлөөтэй, халдашгүй байх эрхтэй. Хэнийг ч дур мэдэн баривчлах, саатуулахыг хориглоно...” хэмээн тунхагласан хүний эрхийн түгээмэл зарчмын хүрээнд төр өөрийн албан тушаалтны буруутай эс үйлдэхүйг зөвтгөх зорилгоор хуулийг иргэнд ашиггүй байдлаар, жинхэнэ агуулгаас нь зөрүүтэй тайлбарлан хэрэглэж, иргэний халдашгүй байх эрхэд халдахыг хатуу хориглодог.
Түүнчлэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ” гэж хуульчилсан байх бөгөөд мөрдөн шалгах байгууллагын хуулиар хүлээсэн үүргээ хугацаанд нь биелүүлээгүй эс үйлдэхүйг зөвтгөж, процессын хугацаатай холбоотой зохицуулалтыг шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулан тайлбарлах нь дээрх хууль, олон улсын гэрээний язгуур үзэл баримтлалыг ноцтой зөрчсөн хэрэг болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Хуульд заасан үндэслэл, журмаас гадуур хэнийг ч ... эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах, гэм буруутайд тооцох, эрүүгийн хариуцлага хүлээлгэхийг хориглоно” хэмээн хуульчилсан байх тул процессын хууль зөрчиж яллагдагчаар татсан ажиллагаа нь хүний халдашгүй байх эрхийг зөрчсөн гэж үзнэ.
11.Иймд прокуророос 2025 оны 08 дугаар сарын 12-ны өдөр тогтоол үйлдсэн хэдий ч мөрдөн шалгах байгууллагын эс үйлдэхүйн улмаас Б.М-ийг 2025 оны 08 дугаар сарын 26-ны өдөр буюу гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа нэгэнт дууссаны дараа эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан” гэх хэргийг хэрэгсэхгүй болгох императив шинжтэй хуулийн шаардлага хангагдсан гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийн хөөн хэлэлцэх хугацаатай холбоотой хэм хэмжээг буруу тайлбарлан хэрэглэж, хууль хэрэгжүүлэгчийн эс үйлдэхүйг анхааралгүй орхигдуулан шүүгдэгчид ял шийтгэл оногдуулсан нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцэхгүй байх тул шийтгэх тогтоол, магадлалыг тус тус хүчингүй болгож, Б.М-т холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгчийн өмгөөлөгч С.Пүрэвдашийн гаргасан гомдлын “шүүх хөөн хэлэлцэх хугацаатай холбоотой хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн” гэх хэсгийг хангахаар хяналтын шатны шүүхээс тогтов.
Хэргийг хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул өмгөөлөгчийн ял шийтгэлтэй холбоотой гомдолд хяналтын шатны шүүхээс хууль зүйн дүгнэлт хийгээгүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.
Хохирогч С.Г нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан гэм хорын хохирол болон цаашид гарах эмчилгээний зардлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу нотлох баримтаа бүрдүүлэн нэхэмжлэх эрх нээлттэй болохыг дурьдаж байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1.Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 2026/ШЦТ/430 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2026 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 2026/ДШМ/493 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, прокуророос Б.М-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.2-т заасан “гэмт хэргийг хөөн хэлэлцэх хугацаа дууссаны дараа эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан” гэсэн үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож, эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.
2.Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Пүрэвдашийн хяналтын журмаар гаргасан гомдлын шүүх хөөн хэлэлцэх хугацаатай холбоотой хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэсэн хэсгийг хангасугай.үгдэгчийн өмгөөлөгч Ш.Алтангадас, Т.Багахүү нарын гаргасан гомдлыг
ДАРГАЛАГЧ Б.ЦОГТ
ШҮҮГЧИД Б.БАТЦЭРЭН
Ц.ОЧ
С.СОЁМБО-ЭРДЭНЭ
Ч.ХОСБАЯР