Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 11 сарын 23 өдөр

Дугаар 056

 

Д.Атымтай, А.Мауленай нарын нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Н.Туяа даргалж, шүүгч Д.Жамбалсүрэн, С.Өмирбек нарын бүрэлдэхүүнтэй хийж,

Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 580 дугаар шийдвэртэй, Өлгий сумын 4 дүгээр багт оршин суух Бахат овогт Данышпаны Атымтай, Өлгий сумын 9 дүгээр багт оршин суух Бахат овогт Арыстаны Мауленай нарын нэхэмжлэлтэй, Нар-Маржан ХХК-д холбогдох иргэний хэргийг хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хүлээн авч, шүүгч С.Өмирбекийн илтгэснээр тус шүүхийн хуралдааны танхимд хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нарийн бичгийн даргаар М.Айдынгүл, нэхэмжлэгч А.Мауленай, нэхэмжлэгч Д.Атымтайн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Данышпан, нэхэмжлэгч нарын өмгөөлөгч С.Алтай, хариуцагчийн өмгөөлөгч Х.Зулхаш нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэлийн шаардлага: Нар-Маржан ХХК-иас Д.Атымтайн ажлын хөлс 3930000 төгрөг, А.Мауленайн ажлын хөлс 1580000 төгрөг, нийт 5510000 төгрөг гаргуулах тухай.

Нэхэмжлэлийн агуулга: Д.Атымтай би Нар маржан ХХК-ийн захирал Я.Даваадуламтай амаар тохиролцож, 2014 оны 05 дугаар сарын 15-ны өдрөөс 2014 оны 12 дугаар сарын 15-ны өдөр хүртэл хугацаанд өөрийн камаз машинаар өрмийн мотор ачиж 1 сарын 1000000 төгрөгийн цалинтай ажилласан. Би Нар маржан ХХК-иас нийт 6300000 төгрөг авах ёстой, 3930000 төгрөгийг авч чадаагүй. Компанийн эзэн Я.Даваадулам үлдсэн мөнгийг санхүүжилт орж ирэхээр өгнө гэж баримт үйлдэж нотариатаар батлуулж өгсөн. Иймд миний хөдөлмөрийн хөлс болох 3930000 төгрөгийг гаргуулж өгнө үү. А.Мауленай би Нар маржан ХХК-ийн захирал Я.Даваадуламтай амаар тохиролцож, өрмийн мастерын туслахаар ажилласан. Я.Даваадулам миний цалингийн үлдэгдэл 1580000 төгрөгийг санхүүжилт орж ирэхээр өгнө гэж баримт үйлдэж өгсөн. Компанид хэзээ санхүүжилт орж ирэх нь тодорхой бус байгаа учраас миний цалингийн үлдэгдэл 1580000 төгрөгийг гаргуулж өгнө үү. гэжээ.

Хариуцагчийн тайлбарын агуулга: Би Д.Атымтай, А.Мауленай нартай тохиролцож ажил хийлгээгүй. М.Азимхан гэдэг хүн тэдгээр хүмүүстэй тохиролцон ажиллаж, ажлын хөлсийг нь өгч дуусгасан. А.Мауленай Нар маржан ХХК-нд 2014 оны 10 дугаар сараас 2014 оны 12 дугаар сар хүртэл 2 сарын хугацаанд ажиллаж, хөдөлмөрийн хөлсөө бүрэн авсан. Нар маржан ХХК-ийн захирал М.Азимхан нь 2014 оны 12 дугаар сарын 29-ний өдөр зуурдаар нас барсан. 2004 онд дутуу хийсэн ажлаа хийхээр өрмийн тоног төхөөрөмжөө камаз машинд ачиж, машиныг Д.Атымтайгаар жолоодуулж ажилд гаргасан. Гэтэл Д.Атымтай, А.Мауленай нар 100.0 сая төгрөгийн үнэтэй өрмийн тоног төхөөрөмж ачсан машиныг хашаандаа оруулж авчихаад баримт бичиж өгөхгүй бол машиныг гаргахгүй гэж дарамталсан учраас би баримт бичиж өгч машинаа авсан. Камаз машин Баян-Өлгий аймгаас гараад 5 км яваад мотор цохисон. Шалгаж үзэхэд машины агаар шүүгч рүү 2 ширхэг цамц чихсэн байсан. Өрмийн тоног төхөөрөмжийг өөр машинаар ачих, эвдэрсэн машин засахад 3500000 төгрөгийн зардал гарсан. Тухайн үед Нар маржан ХХК-ийн захирал М.Азимхан ажилтнуудаа хэдэн төгрөгөөр цалинжуулахаар тохиролцож байсныг би мэдэхгүй. гэжээ.

Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 580 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-д зааснаар хариуцагч Нар-Маржан ХХК-иас 3930000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.Атымтайд, 1580000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч А.Мауленайд тус тус олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн давж заалдах гомдлын агуулга: ...Нар-Маржан ХХК-ныг миний нөхөр үүсгэн байгуулж, ганц хүний гишүүнтэй үйл ажиллагаа явуулж ирсэн бөгөөд 2014 оны 12 дугаар сарын 19-ний өдөр зуурдаар нас барж, миний бие 2015 оны 01 дүгээр сарын 15-ны өдрөөс компанийг өвлөж авсан. Д.Атымтай, А.Маулейнай нар нь 2014 оны оны 5-12 сар, 2014 оны 6-12 сар хүртэлх хугацааны цалин нэхэмжилсэн байх бөгөөд дээрх хугацаанд миний нөхөр М.Азимхантай хөлсөөр ажиллах гэрээ хийж ажилласан учир Я.Даваадулам миний бие уг нэхэмжлэлийг хариуцахгүй. Нэхэмжлэгч нар нь ажлын хөлсийг бүрэн авчихаад М.Азимханы нас барсныг ашиглаж, дахин цалин хөлс нэхэмжилж байна. Шүүхийн шийдвэрт Д.Атымтай, А.Маулейнай нар хөлсөөр ажиллах гэрээг Я.Даваадуламтай байгуулсан мэтээр нотлох баримтыг буруу үнэлж, тэдний мэдүүлгийг ташаа бичиж, нотлох баримтад илт буруу дүгнэлт хийсэн. Я.Даваадулам би 2015 онд Д.Атымтай, А.Мауленай нарын хууль бус шахалт, шаардлага, гарцаагүй байдлын улмаас тэдний барьцаалсан машиныг авах үүднээс бичиж өгсөн баримтыг үндэслэж шийдвэр гаргасныг зөвшөөрөхгүй. ... шийдвэрийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, зохигчдын хооронд үүссэн маргаантай харилцаанд Иргэний хуулийн холбогдох заалтыг зөв тайлбарлаж хэрэглэжээ.

Нэхэмжлэгч нар хариуцагч Нар-Маржан ХХК-д холбогдуулан Д.Атымтайн ажлын хөлс 3930000 төгрөг, А.Мауленайн ажлын хөлс 1580000 төгрөг, нийт 5510000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргаж, нэхэмжлэлийн үндэслэлээ нотлохоор хариуцагч компанийн захирал Я.Даваадуламын үйлдсэн баримтуудыг /хэргийн 5, 6 дугаар тал/ шүүхэд гаргаж өгчээ.

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, нэхэмжлэгч нар компанийн өмчлөлийн тээврийн хэрэгслийг барьцаалсан учраас дээрх хоёр баримтыг бичиж өгсөн гэж тайлбарлаж байгаа боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасан нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэх, татгалзах, түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, хариуцагч Нар маржан ХХК-иас Д.Атымтайн ажлын хөлс 3930000 төгрөг, А.Мауленайн ажлын хөлс 1580000 төгрөг, нийт 5510000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч нарт тус тус олгохоор шийдвэрлэснийг үндэслэлтэй гэж үзнэ.

Нэхэмжлэгч нарын Д.Атымтай би...өөрийн мотор ачих ачааны машиныг чиргүүлийн хамт компанид ашиглуулж, 2014 оны 5 дугаар сарын 15-ны өдрөөс 2014 оны 12 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл хугацаанд сард 1000000 төгрөгийн хөдөлмөрийн хөлс авахаар ажилласан, А.Мауленай би ... 2014 оны хавраас ... өвлийн эхэн сар хүртэл хугацаанд ... хийснээр хөлс авч ажиллахаар тохирч өрмийн мастерийн туслахаар ажилласан гэх тайлбар, хариуцагчийн А.Мауленай нь Нар маржан ХХК-д 2014 оны 10 сараас 2014 оны 12 сар хүртэл 2 сар хүрэхгүй хугацаанд туслах ажилчнаар ажилласан, ...Д.Атынтай, А.Мауленай нарыг ажиллуулахад ажлын хөлсийг нь тохирч ажиллуулж байсан компанийн эзэн бол Я.Даваадулам биш, ... /өмнөх захирал/ М.Азимхан гэдэг хүн амаар хэлэлцэн тохиролцож ажиллуулж байсан... гэсэн тайлбараас үзвэл, анхан шатны шүүх Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт заасан хөлсөөр ажиллах гэрээний зохицуулалтыг зөв тайлбарлаж хэрэглэсэн байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т зааснаар хэргийг бүхэлд нь хянаж үзэхэд, давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл тогтоогдоогүй тул шийдвэрийг хэвээр үлдээж, гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ. Хуульд зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 103109 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээх үндэслэлтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1.-т заасныг удирдлага болгож, ТОГТООХ нь:

 

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 580 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1.-т зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа тэмдэгтийн хураамжид төлсөн 103109 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н. ТУЯА

ШҮҮГЧИД Д.ЖАМБАЛСҮРЭН

С.ӨМИРБЕК