| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жуумаагийн Кульдана |
| Хэргийн индекс | 102/2016/06962/И |
| Дугаар | 5343 |
| Огноо | 2016-10-10 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 10 сарын 10 өдөр
Дугаар 5343
Зохигчийн эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Кульдана даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, Бага тойруу-3/9 хаягт байрлах “Жи-Мобайл” ХХК /РД:5055873/
Хариуцагч: Баянгол дүүрэг, 17 дугаар хороо, Жалханц хутагт Дамдинбазар гудамж, Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төв /РД:9088202/
Зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 523.500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Жи Мобайл ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Чингэс, Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төвийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Оргодол, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Нэргүй нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Жи Мобайл ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төв нь 2015 оны 3 дугаар сарын 31-ний өдөр манай компанитай ХАГ-0212/15, 2015 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр ХАГ-0212/15+01 тоот “Зээлээр худалдах, худалдан авах” гэрээг тус тус байгуулсан юм.
ХАГ-0212 тоот гэрээнд тус бүр нь 360.000 төгрөгийн үнэтэй Hisence U6 маркийн гар утас 14 ширхэг, тус бүр нь 240.000 төгрөгийн үнэтэй 2 ширхэг Nexpring NP10 plus төхөөрөмж, нийт 5.520.000 төгрөгийг 6 сарын хугацаатай 1 сард 920.000 төгрөг төлөх нөхцлөөр, ХАГ-0212/15+01 тоот гэрээнд тус бүр нь 360.000 төгрөгийн үнэтэй Hisence U6 маркийн 2 ширхэг гар утас, нийт 720.000 төгрөгийг 6 сарын хугацаатай 1 сард 120.000 төгрөг төлөх нөхцлөөр тус тус байгуулсан.
Баянгол дүүргийн эрүүл мэндийн төвтэй байгуулсан ХАГ-0212/15, ХАГ-0212/15+01 тоот зээлээр худалдах, худалдан авах гэрээний үлдэгдэл төлбөр болох 349.000 төгрөг, ХАГ-0212/15 тоот гэрээний 3.3, ХАГ-0212/15+01 тоот гэрээний 1.2-т зааснаар хугацаа хэтэрсэн хоног тутмын 0.3% -ийн алданги тооцох эрхтэй гэж заасны дагуу 2015/09/26-2016/09/06 өдрийн хооронд нийт 346 хоногийн алданги болох 174.000 төгрөг нийт 523.500 төгрөгийг Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төвөөс гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч Жи Мобайл ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Чингэс шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Нэхэмжлэлийн шаардлага 523.500 төгрөгөөс хариуцагч Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төв нь 60.000 төгрөгийг 2016 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр төлсөн, нэхэмжлэгч Жи Мобайл ХХК нь 463.500 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагын 87.250 төгрөгөөс татгалзаж, үлдэх 376.250 төгрөгийг хариуцагч Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төв нь 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулсан. Иймд бидний байгуулсан эвлэрлийн гэрээг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Хариуцагч Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төвийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Оргодол шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Хариуцагч Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төв нь нэхэмжлэлийн шаардлага 523.500 төгрөгөөс 60.000 төгрөгийг 2016 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр төлсөн, нэхэмжлэгч Жи Мобайл ХХК нь 463.500 төгрөгийн шаардлагын 87.250 төгрөгөөс татгалзаж, үлдэх 376.250 төгрөгийг хариуцагч Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төв нь 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрсэн. Иймд эвлэрлийн гэрээг баталж өгнө үү гэв.
Шүүх хуралдааны явцад зохигчид харилцан тохиролцож байгуулсан Эвлэрлийн гэрээндээ:
Хариуцагч Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төв нь нэхэмжлэлийн шаардлага 523.500 төгрөгийн 60.000 төгрөгийг төлж барагдуулсан, нэхэмжлэгч Жи Мобайл ХХК нь үлдэх 463.500 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагын 87.250 төгрөгөөс татгалзаж, хариуцагч Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төв нь үлдэх хэсэг 376.250 төгрөгийг 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн төлж барагдуулахаар зохигчид харилцан тохиролцож эвлэрэв гэжээ.
Шүүх хэрэгт авагдсан бичгийн баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Жи Мобайл ХХК нь хариуцагч Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төвд холбогдуулан зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 523.500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргажээ.
Шүүх хуралдааны явцад зохигчид харилцан эвлэрч, хариуцагч Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төв нь нэхэмжлэлийн шаардлага 523.500 төгрөгийн 60.000 төгрөгийг төлж барагдуулсан, нэхэмжлэгч Жи Мобайл ХХК нь үлдэх 463.500 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагын 87.250 төгрөгөөс татгалзаж, хариуцагч Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төв нь үлдэх хэсэг 376.250 төгрөгийг 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрч харилцан тохиролцон, эвлэрлийн гэрээ байгуулжээ.
Зохигчид эвлэрч эвлэрлийн гэрээ байгуулсан нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул нэхэмжлэгч Жи Мобайл ХХК, хариуцагч Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төвийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй.
Зохигчид шүүх хуралдаанд эвлэрч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасны дагуу дуусгавар болсон тул нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 16355 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төвөөс хангаж буй үнийн дүнд ногдох 13738 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Хариуцагч Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төв нь нэхэмжлэлийн шаардлага 523.500 төгрөгийн 60.000 төгрөгийг төлж барагдуулсан, нэхэмжлэгч Жи Мобайл ХХК нь үлдэх 463.500 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагын 87.250 төгрөгөөс татгалзаж, хариуцагч Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төв нь үлдэх хэсэг 376.250 төгрөгийг 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн төлж барагдуулахаар тохиролцсон зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.5, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 16355 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төвөөс 13738 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Жи Мобайл ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг нэхэмжлэгч, хариуцагч нар сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх болохыг дурьдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигчид энэ захирамжинд давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ж.КУЛЬДАНА