Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 08 сарын 09 өдөр

Дугаар 770

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Мөнхбаатар даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сосорбарам,

улсын яллагч М.Амарзаяа,

шүүгдэгч/хохирогч Д.Д, Т.С нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор М.Амарзаяагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д.Д-д, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Т.С-д холбогдуулан яллах дүгнэлт тус тус үйлдэж ирүүлсэн, эрүүгийн .................. дугаартай хэргийг 2019 оны 6 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, өндөр насны тэтгэвэрт, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт, ................ тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Д.Д /РД:............/,

 

Монгол улсын иргэн, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, өндөр насны тэтгэвэрт, ам бүл 1, ................ тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Т.С /РД:................./

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд дурдсанаар/

Шүүгдэгч Д.Д нь 2018 оны 8 дугаар сарын 08-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хороо “Нийтийн халуун ус” гэх газрын ойролцоо Т.С-ын жолоодон явсан машинаар үйлчлүүлээд буухдаа “төлбөрөө төлөхгүй” гэснээс болж маргалдан түүнийг зодож хүндэвтэр хохирол санаатай учруулсан,

шүүгдэгч Т.С нь 2018 оны 8 дугаар сарын 08-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хороо “Нийтийн халуун ус” гэх газрын ойролцоо Т.Д-г “үйлчлүүлсэн машиныхаа мөнгийг төлсөн, өгөх мөнгө байхгүй” гэдгээс үүдэн маргалдаж түүнийг зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт: Иргэн Т.С-ын цагдаагийн байгууллагад гаргасан гомдол /хх15/, гэмтэл согог судлалын үндэсний төвд үзүүлсэн талаарх баримт  /хх17/, хохирогч Т.С-ын мэдүүлэг /хх20-23/, гэрч Ж.О-гийн мэдүүлэг /хх33/, шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 1276 дугаартай материалаар хийгдсэн шүүх эмнэлгийн шинжилгээний дүгнэлт /хх44-46/, шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 1018 дугаартай материалаар хийгдсэн шүүх эмнэлгийн нэмэлт шинжилгээний дүгнэлт /хх49-50/, шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 9739 дугаартай дүгнэлт /хх48/, иргэн Д.Д-гийн цагдаагийн байгууллагад гаргасан гомдол /хх15/, хохирогч Д.Д-гийн мэдүүлэг /хх26-27/, шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 9803 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх37/ зэрэг шүүгдэгч нарын хувийн байдлыг тодруулсан нотлох баримтуудыг шинжлэн судлуулсан болно.

 

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүй болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзсэн болно.

 

Нэг. Шүүгдэгч Т.Д-г гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтуудын агуулга:

1. Иргэн Т.С-ын цагдаагийн байгууллагад гаргасан “хувийн машинаар такси үйлчилгээнд явж байтал замаас 1 хүүхэдтэй, 2 эрэгтэй хүн суусан. Замд нэг эрэгтэй нь хүүхдийн хамт буугаад, нөгөөдөх нь уруудаж яваад халуун ус гэх зам дагуу үйлчилгээний төв өнгөрөөд мөнгөө өгөлгүй шууд бууна гэж машины түлхүүр сугалж аваад явсан. Би араас нь очиж машины түлхүүрээ авах гэтэл намайг зодсон. Одоогоор миний биеийн байдал нуруу, толгой бусад цохиулсан газар хавдар болон маш их өвдөлт өгч сэтгэл санааны хувьд цочролд орж айсан байдалтай байна. Миний гомдлыг барагдуулж өгнө үү” гэх гомдол  /хх16/,

 

2. Гэмтэл согог судлалын үндэсний төвд үзүүлсэн талаарх баримт  /хх17/,

 

3. Хохирогч Т.С-ын “би өөрийн ......... УБЭ аксент машинтай явж байтал жаахан хүүхэдтэй 2 эрэгтэй хүн таксинд суусан..., 25 дугаар хорооны харалдаа хүүхэдтэй хүн нь буусан. Нөгөө хүн халуун усны орчимд ирснээ би эндээ үлдлээ гэсэн. Мөнгөө өг, миний хүү гэтэл би юу гэж мөнгө өгч байх юм гэж хэлээд миний асаалттай машиныг унтраагаад түлхүүрийг мушгиж хугалаад булааж авсан. Би машинаас буугаад нөгөө талд нь гартал машины бариул эвдсэн..., би хаалга онгойлгоод машинаас татаад гаргасан.., намайг өвдөглөсөн, машин руу шахсан..., машин руу мөргүүлсэн. Миний нуруу л их хөндүүрлэж байсан, нурууны сэртэн яс хугарсан байна гэж байсан. Толгой түрүү, нүүр, хөмсөгийг шалбалсан...” гэх мэдүүлэг /хх20-23/,

 

4. Гэрч Ж.О-гийн “ 2018 оны 8 дугаар сарын 08-ны өдөр зүүн салааны улаан худгийн буудал дээр зээ хүүгээ дагуулаад явж байсан чинь өмнө урьд сургуульд ажиллаж байсан Д согтуу явж байхаар нь мэнд усаа мэдчихээд зээ хүү минь даараад байхаар нь зам дээрээс такси барьтал цагаан өнгийн аксент маркийн машин зогссон. Тэгэхэд Д хамт суучихъя гэхээр нь хамт суугаад цааш явсан. Буухдаа жолоочид 2000 төгрөг өгсөн, Д цаашаа суугаад явсан” гэх мэдүүлэг /хх33/,

 

5. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 1276 дугаартай материалаар хийгдсэн шүүх эмнэлгийн шинжилгээний дүгнэлтээр “...Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 9739 дугаартай дүгнэлт тухайн үедээ үндэслэлтэй. 2018 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 1018 дугаартай нэмэлт шинжээчийн дүгнэлт үндэслэлтэй. 2018 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 1124 дугаартай шинжээчийн дүгнэлтийн бүсэохий нугаламын зүүн хөндлөн сэртэн ясны хугарал нь хуучин гэдэгтэй санал нийлэхгүй байна. Учир нь 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр 2018 оны 08 дугаар сарын 09-нд авахуулсан нурууны КТГ-ын зургийг дахин уншуулахад бүсэлхийн 3 дугаар нугаламын зүүн хажуугийн сэртэн ташуу бороололт үүсээгүй хугаралтай гэсэн нь шинэ гэмтэл байна” гэх / хх44-46/,

 

6. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн 1018 дугаартай материалаар хийгдсэн шүүх эмнэлгийн нэмэлт шинжилгээний дүгнэлтээр “...Т.С-ын биед бүсэлхийн 3-р нугалмын зүүн хажуу сэртэнгийн хугарал...” гэмтэл тогтоогдлоо. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаа сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх49-50/,

 

7. Шүүгдэгч Д.Д-гийн “С намайг машинаас буу гэж хэлээд миний энгэрээс заамдаж аваад татаж буулгаад машин руу шахаад миний баруун нүд гараараа цохиод, дахиад зүүн шанаа руу цохиод авахаар нь би зөрүүлээд чи намайг цохиж байгаа бол би яахаараа цохиж болдоггүй юм гээд баруун өвдөгөөрөө С-ын салтаа руу өвдөглөчихсөн. Тэгээд бид хоёр барилцаж аваад эргэх хооронд машины зүүн талыг толийг нуруу хэсгээрээ шүргээд хугалчихсан. Тэгээд бие биенээ тавьсан. Би өөрийн хийсэн гэм буруугаа ойлгож байна” гэх мэдүүлэг /хх100-101/,

 

Хоёр. Шүүгдэгч Т.С-г гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтуудын агуулга:

1. Иргэн Д.Д-гийн цагдаагийн байгууллагад гаргасан “ тус дүүргийн 25 дугаар хороо улаан худгийн буудлаас зүүн салааны хуучин эцэс орох хооронд аксент маркийн машины жолоочоор таскидаж явах замдаа унааны мөнгийг нь манай найз 2000 төгрөг өгсөн байхад надаас дахин мөнгө өг гэж намайг хоолой шахаж зүүн нүд рүү цохиж нүд хөхрүүлсэнд гомдолтой байна” гэх гомдол /хх15/,

 

2. Хохирогч Д.Д-гийн “...О замдаа ач охиноо аваад буусан. Буухдаа таксины мөнгө өгсөн. Би цаашаа явж байгаад Зүүн салааны нэгдүгээр буудал хүрээгүй халуун усны тэнд явж байтал таксины жолооч надаас мөнгө нэхсэн. Тэгэхээр нь би мөнгө байхгүй, сая буудаг хүн мөнгө өгчихсөн ш дээ гэж хэлтэл миний очих газарт хүрээгүй байхдаа зогссон. Жолооч хөгшин миний цамцнаас замдаад хойш нь машин руу шахаж гэдийлгээд түлхсэн. Тэгээд “мөнгө өг, та нар дандаа ингэж луйвардаж байдаг” гэж хэлээд миний талын нүд рүү, толгой руу нэг удаа цохисон” гэх мэдүүлэг /хх26-27/,

 

3. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 9803 дугаартай шинжээчийн дүгнэлтээр “...Д.Д-гийн биед тархи доргилт, зүүн нүдний дээд, доод зовхи, зүүн хацарын цус хуралт, зөөлөн эдийн няцралт, зүүн нүдний алимны салстын цус хуралт гэмтэл учирсан нь тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдагдуулахгүй...” гэх /хх37/

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Д: “...хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна...” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Т.С: “...хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна...” гэв.

 

  1. Гэм буруугийн дүгнэлт шүүгдэгч Д.Д:

Шүүгдэгч Д.Д нь 2018 оны 8 дугаар сарын 08-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хороо “Нийтийн халуун ус” гэх газрын ойролцоо Т.С-ын жолоодон явсан машинаар үйлчлүүлээд буухдаа “төлбөрийг найз төлцөн” гэж маргалдан зодолдож, эрүүл мэндэд нь хохирол учруулсан болох нь хохирогч Т.С болон шүүгдэгчийн мэдүүлэг, тайлбараар тус тус тогтоогдож байна.

 

Шүүгдэгч Д.Д-гийн үйлдлийн улмаас хохирогч Т.С-ын эрүүл мэндэд “...бүсэлхийн 3-р нугалмын зүүн хажуу сэртэнгийн хугарал...” бүхий хүндэвтэр хохирол учирсан болох нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн 1018 дугаартай материалаар хийгдсэн шүүх эмнэлгийн нэмэлт шинжилгээний дүгнэлтээр тогтоогдож байна.

 

Шүүгдэгч Д.Д нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирорч байна.

 

Иймд улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлтийг хүлээн авч дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж дүгнэв. 

 

  1. Гэм буруугийн дүгнэлт шүүгдэгч Т.С:

Шүүгдэгч Т.С нь 2018 оны 8 дугаар сарын 08-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хороо “Нийтийн халуун ус” гэх газрын ойролцоо Т.Д-г “үйлчлүүлсэн машиныхаа мөнгийг төлсөн, өгөх мөнгө байхгүй” гэдгээс үүдэн маргалдан зодолдож эрүүл мэндэд хохирол учруулсан болох нь хохирогч Д.Д болон шүүгдэгчийн мэдүүлэг, тайлбараар ээр тус тус тогтоогдож байна.

 

Шүүгдэгчийн Т.С-ын үйлдлийн улмаас хохирогч Д.Д-гийн эрүүл мэндэд “...биед тархи доргилт, зүүн нүдний дээд, доод зовхи, зүүн хацарын цус хуралт, зөөлөн эдийн няцралт, зүүн нүдний алимны салстын цус хуралт...” бүхий хөнгөн хохирол учирсан болох нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн 9803 дугаартай шинжээч эмчийн дүгнэлтээр тогтоогдож байна.

 

Шүүгдэгч Т.С нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирч байна.

 

Иймд улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлтийг хүлээн авч дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

 

Хохирол, хор уршиг-хохирол төлөгдсөн байдал.

Шүүгдэгч Д.Д, Т.С нар нь шүүхийн хэлэлцүүлэгт, нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй, нэгнийхээ эрүүл мэндэд учруулсан хохирлыг нөхөн төлсөн гэж мэдүүлсэн. Иймд шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв. 

 

Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Улсын яллагчаас шүүгдэгч Д.Д-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 нэгж буюу 700.000 төгрөгөөр торгох, шүүгдэгч Т.С-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгж буюу 600.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэх дүгнэлт, санал гаргасан.

 

Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн, тэдний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан үзлээ.

 

Шүүгдэгч Д.Д, Т.С нар нь хохирогчид учирсан хохирлыг төлж барагдуулсан, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэС-ын 1.1-д зааснаар “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, 1.2 дахь заалтад заасан “...учруулсан хохирлыг төлсөн...” гэсэн нөхцөлийг хөнгөрүүлэх нөхцөл байдал тооцож, шүүгдэгч нарын үйлдэлд мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй дурдав.  

 

Шүүгдэгч Д.Д, Т.С нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрч байгаа, өндөр настаны тэтгэвэрт байдаг зэрэг нөхцөл байдлыг харгалзан шүүгдэгч Д.Д-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгж буюу 500.000 төгрөгөөр торгох, шүүгдэгч Т.С-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох нь зүйтэй гэж дүгнэлээ.

 

Шийдвэрлэвэл зохих бусад зүйлийн талаар:

Эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нар нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, тэдгээрийн иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Т.Д-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэм хэрэг үйлдсэн гэм буруутайд,

- Шүүгдэгч Т.С-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Дийг 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар,

- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.С-г 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Д, Т.С нар нь торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан /90 хоног/-н хугацаанд биелүүлэх, биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Шүүгдэгч Д.Д, Т.С нар нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.

5. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

7. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

8. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

                        ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ                                          М.МӨНХБААТАР