Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 10 сарын 10 өдөр

Дугаар 5352

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны  шүүхийн шүүгч Ж.Кульдана даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 4 дүгээр хороо, Нарны зам 8-1, ТМ төвийн 6 давхар, 602 тоотод байрлах, “Траст Мед” ХХК /РД:2877546/

     Эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд “Гэрэлт Хөхийн Тэнцвэр Аудит” ХХК, захирал Д.Баатарсайханыг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Батцэцэг, нарийн бичгийн дарга Ц.Нэргүй нар оролцов.                             

                                                              

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Хүсэлт гаргагч “Траст Мед” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл, итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Батцэцэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Гэрэлт Хөхийн Тэнцвэр Аудит” ХХК, захирал Д.Баатарсайхан нь тус компанийн 30 м.кв өрөөг  түрээсээр ашиглаж байгаад 2015 оны 09 дүгээр сараас түрээсийн төлбөрийг бүрэн төлж барагдуулалгүй, 2016 оны 05 дугаар сард түрээсийн гэрээгээ цуцлах хүсэлт гаргасан болно. 2016 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн байдлаар түрээсийн төлбөрийн нийт 6.923.260 төгрөгийн үлдэгдэлтэй байна. Одоогоор “Гэрэлт Хөхийн Тэнцвэр Аудит” ХХК, захирал Д.Баатарсайханы хаана байгаа хаяг нь тодорхойгүй, бид өөрсдөө түүний хаягийг олж тогтоох боломжгүй байна. Хамтран ажиллаж байсан Д.Баатарсайханы төрсөн дүү Д.Мөнхжаргал нь Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо, Хайрхан 9 гудамж, 97 тоот хаягт оршин суудаг бүртгэлтэй, 99447108 утастай. Иймд эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд “Гэрэлт Хөхийн Тэнцвэр Аудит” ХХК, захирал Д.Баатарсайханыг эрэн сурвалжилж өгнө үү гэв.

 

            Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Хүсэлт гаргагч “Траст Мед” ХХК нь эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд “Гэрэлт Хөхийн Тэнцвэр Аудит” ХХК, захирал Д.Баатарсайханыг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлийг гаргажээ.

Хэрэгт нэхэмжлэгч “Траст Мед” ХХК болон “Гэрэлт Хөхийн Тэнцвэр Аудит” ХХК хооронд байгуулсан 2016 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 05 тоот Түрээсийн гэрээ авагдсан байх бөгөөд үүгээр “Гэрэлт Хөхийн Тэнцвэр Аудит” ХХК-ийг эрх зүйн харилцаанд оролцсон гэж дүгнэх үндэслэл тогтоогдож байна.

Түүнчлэн хэрэгт Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 102/ШШ2016/22746 дугаартай “Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай” Шүүгчийн захирамж авагдсан байх ба уг захирамжаар “Траст Мед” ХХК-ийн нэхэмжлэлтэй “Гэрэлт Хөхийн Тэнцвэр Аудит” ХХК-д холбогдох 6.756.940 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг “хариуцагчийн хаяг тодорхойгүй” гэх үндэслэлээр хүлээн авахаас татгалзсан байна.

Иймд шүүх оршин байрлах хаяг тодорхойгүй, эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд “Гэрэлт Хөхийн Тэнцвэр Аудит” ХХК, захирал Д.Баатарсайханыг эрэн сурвалжлах үндэслэлтэй гэж дүгнэв.

            Хүсэлт гаргагч “Траст Мед” ХХК нь хариуцагчаар оролцвол зохих этгээд “Гэрэлт Хөхийн Тэнцвэр Аудит” ХХК, захирал Д.Баатарсайханыг олж болох эх сурвалжийг нэрлэн заах боломжгүй гэснийг дурдаж,, уг ажиллагааг Баянгол дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтсээр гүйцэтгүүлэх нь зүйтэй.  

            Хүсэлт гаргагч “Траст Мед” ХХК-тай холбоо барих утас: 70110016, 99090667, 88066500 болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг удирдлага болгон                                                                                                                                 

 

ТОГТООХ нь:

 

            1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-д зааснаар хүсэлт гаргагч “Траст Мед” ХХК-ийн  хүсэлтээр эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд “Гэрэлт Хөхийн Тэнцвэр Аудит” ХХК, захирал Д.Баатарсайханыг эрэн сурвалжилж, түүний хаягийг олж тогтоох ажиллагааг Баянгол дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэст үүрэг болгосугай.

 

2. Хүсэлт гаргагч “Траст Мед” ХХК нь улсын тэмдэгтийн хураамжид 70200 төгрөг төлснийг дурдаж, Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2. дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2., 120 дугаар зүйлийн 120.2. дахь хэсэгт зааснаар уг шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигчид эс зөвшөөрвөл шийдвэрийн хувийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

                        Хүсэлт гаргагч “Траст Мед” ХХК-тай холбоо

барих утас: 70110016, 99090667, 88066500 болно.

                           

 

 

 

 

                     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Ж.КУЛЬДАНА