Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 03 сарын 20 өдөр

Дугаар 242

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Сарантуяа,

улсын яллагч Г.Билгүүжин,

шүүгдэгч Б.З нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар:

              

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Б.Зт холбогдох эрүүгийн __ дугаартай хэргийг 2019 оны 03 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ___

Холбогдсон хэргийн талаар

Шүүгдэгч Б.З нь 2019 оны 01 дүгээр сарын 27-ноос 28-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Н.Бтай маргалдан улмаар түүнийг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдснээр/

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.З мэдүүлэхдээ:

“...01 дүгээр сарын 27-ноос 28-нд шилжих шөнө би найз охинтойгоо нохойгоо салхилуулаад байж байхад манай найз охин дэлгүүр орох гээд явсан. Удалгүй манай найз охин над руу залгаад “араас хүн дагаад байна” гэж хэлэхээр нь би найз охиныхоо араас очоод хохирогчийг цохисон...” гэв.

 

            Мөн хавтаст хэргээс мөрдөн байцаалтанд шүүгдэгч болон хохирогч, гэрч нарын мэдүүлсэн мэдүүлэг болон бусад баримтууд болох:

 

Мөрдөн байцаалтад шүүгдэгч Б.Зын өгсөн:

“...Би 2019 оны 01 дүгээр сарын 27-ноос 28-нд шилжих шөнө гэрийн үүдэнд нохойгоо салхилуулангаа Сыг хүлээж байсан. Гэтэл С над руу залгаад “араас хүн хөөгөөд байна, чи урдаас тосоод хүрээд ир” гэхээр нь би урдаас нь очиж явтал бараан куртиктэй намхан залуу Сыг “хөөе охион, зогсож бай” гээд араас нь хөөж байсан. Тэгэхээр нь очоод яагаад найз охин хоргоогоод байгаа юм бэ гээд бариад автал чамд хамаагүй, чи юу вэ гээд агсраад байсан. Бас Сыг янхан гичий гэх мэтээр хэл амаар доромжлоод байсан. Тэгэхээр нь би түүний нүүрэн тус газар нь зүүн талаас нь хоёр цохисон. Тэгээд Сыг дагуулаад байр луугаа гүйтэл араас хүрч ирээд намайг газар унагаад бас нүүрэн тус газар 3-4 удаа цохисон. Тэгээд би босоод автобусны буудал руу зугатсан. Би хохирогчийн эмчилгээний зардал болох 350.000 төгрөгийг бэлнээр түүнд өгөөд уучлалт гуйсан...” гэх мэдүүлэг /хх-н 24-25, 43-44/,  

 

Мөрдөн байцаалтад хохирогч Н.Бын өгсөн:

“...Би 2019 оны 1 дүгээр сарын 27-ны орой ажлаасаа тараад гэртээ ирж хувцасаа солиод гарч ажлынхаа хүмүүстэй Аяз караокед орж сууж байгаад тэндээсээ гарч плаза төвийн баруун талд байрлах нэг караокед ганцаараа ороод хоёр шил пиво уугаад тэндээсээ гараад ахуй үйлчилгээний төвийн автобусны буудлаас урагш эргээд алхаад явахад миний урд талд нэг танихгүй эмэгтэй алхаж явсан. Тэгээд би араас нь алхаж явтал нэг залуу ирээд “чи яагаад найз охин хоргоогоод байгаа юм бэ” гээд цохиод эхэлсэн. Тэгэхээр нь би “ах нь цаана чинь байгаа 41 дүгээр байранд явж байна” гэж хэлсэн. Ингээд намайг 5,6 удаа цохьчихоод цааш зугтаахаар нь араас нь хөөж очоод барьж аваад нүүр лүү нь 3-4 удаа цохисон. Гэтэл миний зүүн шанаанаас шингэн зүйл урсаад иртэл цус гарсан байсан...” гэх мэдүүлэг /хх-н 7-8/,

 

Мөрдөн байцаалтад гэрч Б.Сын өгсөн:

“...Урагшаа гэр лүүгээ алхаж байх үед араас яг дагаад байсан, би гүйж эхэлсэн чинь миний араас бас дагаж гүйж эхэлсэн. Би найз залууруугаа залгаж байрны гадаа үүдэнд гараад ир гэж хэлсэн. Тэгээд яг хашааны урд манай найз залуу гарч тэр залууг зогсоогоод барьж авсан. Тэр залуу чамд ямар хамаатай юм бэ гэж хэлэхэд тэр залуу нэг юм хэлээд байсан, тэрийг нь санахгүй байна. Тэгээд манай найз залуу цохиод авсан...” гэх мэдүүлэг /хх-н 14-15/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн шинжээчийн 2015 тоот: 

1.Н.Бын биед зүүн чамархайн хуйханд шарх, хамарт зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь ирмэгтэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй.

5. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх хугацаанд үүсэх боломжтой гэх дүгнэлт /хх-н 20/,

 

  • Хохирогчийн хүсэлт /хх-н 52/,

 

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд болох:

- иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 26/

- оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-н 27/

- эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-н 54/ зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цугларч, бэхжүүлэгдсэн, нотлох баримтууд нь агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул нотлох баримтаар үнэлж, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж дүгнэсэн болно.

 

            Шүүхээс шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэм буруугийн талаар хийсэн хууль зүйн дүгнэлт:

 

Шүүгдэгч Б.З нь 2019 оны 01 дүгээр сарын 27-ноос 28-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Н.Бтай маргалдан улмаар түүнийг зодож, зүүн чамархайн хуйханд шарх, хамарт зулгаралт бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

 

шүүгдэгч Б.Зын “...2019 оны 01 дүгээр сарын 27-ноос 28-нд шилжих шөнө ...Бт уг гэмтлийг би учруулсан...” гэх мэдүүлэг,

 

хохирогч Н.Бын “...Би 2019 оны 1 дүгээр сарын 27-ны орой ... ахуй үйлчилгээний төвийн автобусны буудлаас урагш эргээд алхаад явахад миний урд талд нэг танихгүй эмэгтэй алхаж явсан. Тэгээд би араас нь алхаж явтал нэг залуу ирээд “чи яагаад найз охин хоргоогоод байгаа юм бэ” гээд цохиод эхэлсэн. ... миний зүүн шанаанаас шингэн зүйл урсаад иртэл цус гарсан байсан...” гэх мэдүүлэг,

 

гэрч Б.Сын “...Урагшаа гэр лүүгээ алхаж байх үед араас яг хүн  дагаад байсан, би гүйж эхэлсэн чинь миний араас бас дагаж гүйж эхэлсэн. Би найз залууруугаа залгаж байрны гадаа үүдэнд гараад ир гэж хэлсэн. Тэгээд яг хашааны урд манай найз залуу гарч тэр залууг зогсоогоод барьж авсан. Тэгээд манай найз залуу цохиод авсан...” гэх мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн шинжээчийн 2015 тоот дүгнэлт зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.

 

Баянгол дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Б.Зт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байх тул шүүгдэгч Б.Зыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Хохирлын талаар

“Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол” гэж, мөн “...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг....” гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд тус тус тодорхойлж хуульчилсан бөгөөд “Хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр бусдын амь нас, эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд уг гэмт хорыг хариуцан арилгах, гэмт хор учруулсантай холбогдон гарсан зайлшгүй бүх зардлыг хохирогчид нөхөн төлөх үүрэгтэй” талаар Иргэний хуулийн 497 дугаар зүйл болон 505 дугаар зүйлд тус тус зааж зохицуулсан.

 

Хэргийн хохирогч Н.Бын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь тухайн гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар буюу гэмт хэргийн хохирол болох бөгөөд учирсан гэмтлийн улмаас эмчилгээ үйлчилгээ хийлгэх зэрэг болон бусад зайлшгүй зардал нь гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн дагавар буюу хор уршигт тооцогдох юм.

 

Хавтаст хэргийн 52 дугаар талд хохирогч Н.Б нь “...хохирлын нөхөн төлбөр болох 350.000 төгрөг бэлнээр авсан, нэхэмжлэх зүйл санал гомдол байхгүй...” гэх хүсэлт гаргасан байх тул шүүгдэгч Б.Зыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Эрүүгийн хариуцлага оногдуулах талаарх шүүхийн дүгнэлт:

Шүүгдэгч Б.Зт холбогдох хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх хэрэгт хамаарч байгаа, мөн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг бүрэн хангасан, прокуророос Б.Зт 465 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 465.000 төгрөгөөр торгох ялын саналаа танилцуулж, гарын үсэг зуруулсан нь шүүгдэгч эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсгүүдэд заасан шаардлагад нийцсэн байх тул шүүх хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж дээрх торгуулийн ялыг оногдуулж шийдвэрлэлээ.

 

Шүүхээс шүүгдэгч Б.Зт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөлд тооцсон ба ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

            Хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдав. 

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31.3 дугаар зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 17.5 дугаар зүйлийн 8, 9, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Б.Зыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Зыг 465 /дөрвөн зуун жаран тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 465.000 /дөрвөн зуун жаран таван мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

   3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Зын торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс хойш хуульд заасан хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, энэ хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

4. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Зт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Ц.МӨНХ-ЭРДЭНЭ