| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Мижиддоржийн Мөнхбаатар |
| Хэргийн индекс | 188/2019/0352/Э |
| Дугаар | 381 |
| Огноо | 2019-04-04 |
| Зүйл хэсэг | 10.6., |
| Улсын яллагч | Х.Анхцэцэг |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 04 сарын 04 өдөр
Дугаар 381
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Мөнхбаатар даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Баярмаа,
улсын яллагч Х.Анхцэцэг,
хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Д.Гомбо,
шүүгдэгч Х.Н нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Х.Анхцэцэгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, Х.Н-д холбогдох эрүүгийн .................. дугаартай хэргийг 2019 оны 03 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Х.Н, Монгол Улсын иргэн, дээд боловсролтой, хэл судлал мэргэжилтэй, “Оргил зуурмаг” ХХК-ийн захирал, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт .........................тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, /РД:ЧД:................/,
Холбогдсон гэмт хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/
Шүүгдэгч Х.Н хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас 2018 оны 05 дугаар сарын 29-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Тахилтад блокны үйлдвэрийн ажилчин 24 настай, эрэгтэй Н.М зуурмагны машинд хавчуулагдаж амь насыг нь хохироосон гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар талуудаас гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлэээн авсан тэмдэглэл /хх14/, Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх15/, хохирогч Б.Д-н мэдүүлэг /хх35, 188/, гэрч Н.М-н мэдүүлэг /хх37-39/, гэрч Г.Ч-н мэдүүлэг /хх44/, гэрч Г.Э-н мэдүүлэг /хх48/, Цогцост хийсэн Шүүх эмнэлгийн №1209 тоот Дүгнэлт:шинжилгээ /хх66/, гэрч Д.О-н мэдүүлэг /хх62-63/, Шинжээчийн №Н-2018-23 тоот дүгнэлт /хх89-92/, Х.Н-ын яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх182/ мэдүүлэг, бэлэн мөнгөний зарлагын баримт /хх157/, шинжээч Г.Г-н мэдүүлэг /хх190/ болон шүүгдэгчийн хувийн байдал, ажил эрхлэлт, хохирол төлбөртэй холбоотой холбогдох баримтуудыг тэмдэглүүлэн, шинжлэн судалсан болно.
Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүй болно. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзсэн болно.
Нэг. Шүүгдэгч Х.Н-ыг гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтуудын агуулга:
Шүүхийн хэлэлцүүлэгт: ... шүүгдэгч Х.Н нь: “...Мэдүүлэг өгөхгүй, мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв дахин мэдүүлэг өгөхгүй...” гэв.
1. Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан “Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Тахилтад байх блокны үйлдвэрт зуурмагны машинд хүн хавчуулагдчихлаа” тэмдэглэл /хх14/
2. Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт “Хэрэг учрал болсон гэх газар нь Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ... гэр хорооллын айлуудын дунд байрлах зүүн тийшээ харсан цэнхэр цагаан өнгийн будгаар будсан ... дэлгэгдэж онгойдог төмөр хаалгатай ... зуурмаг гарах хэсэгт үзлэгийг үргэлжлүүлэхэд зуурмаг гарах хэсгээс бор эрээн өнгийн хувцастай зүүн талын гар унжиж хавчуулагдсан байдалтай ... байсныг бэхжүүлэв. Уг цогцос нь зуурмагны машины ирэнд хавчуулагдсан байдалтай байна ... ” /хх15/
3. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Д-н“Талийгаач бол отгон хүү маань юм. Манай том хүү Оргил зуурмаг ХХК-д ажиллаад 2-3 жил болсон юм. Тэгээд дүүгээ хамт ажилла гээд Тахилтад блокны үйлдвэрт хамт ажиллах болсон. Тэр блокны машиныг Оргил зуурмаг ХХК-ний захирал Н гэдэг хүн худалдан аваад манай хүүхдүүдийг ажиллуулж байсан юм. Талийгаач эхнэр хүүхэдгүй надтай хамт амьдардаг байсан” /хх35/ , ... Оршуулгын зардалд ойролцоогоор 6 сая төгрөг өгсөн, мөн 5 сая төгрөгийн машин өгсөн. 2018 оны 12 сард талийгаачийн ажиллаж байсан захирал Х.Н өөрөө над дээр ирээд хашаа байшингаа судалж үзээд аваарай гээд 22 сая төгрөгөөр хашаа байшин авч өгсөн. Цаашид нэхэмжлэх зүйлгүй” гэсэн /хх186/ мэдүүлэгүүд.
4. Гэрч Н.М-н“... манай талийгаач дүү М “Оргил зуурмаг” ХХК-ийн Тахилтад байрлах блокны үйлдвэрт 2018 оны 4 сараас эхэлж ажиллаж эхэлсэн. Гэхдээ хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй, цалин мөнгөө бэлнээр авдаг байсан. Уг блок тоосгоны үйлдвэр нь “Памп товер болон “Оргил зуурмаг” ХХК-ийн захирал Х.Нын өмч юм. Хөдөлмөр аюулгүй ажиллагааны зааварчилгаа огт өгөөгүй, өгдөг хүн ч байдаггүй байсан. Ямар ч хувцас хэрэгсэл тавьж олгоогүй, бид өөрсдийнхөө гэрээсээ өмсөж ирсэн хувцастайгаа л ажиллаж байсан. Тэр үйлдвэрийг Х.Н худалдан аваад үйл ажиллагааг нь жигдрүүлэх гээд л биднийг ажиллуулж байсан. Блокны машин шавар зуурмагтаа барьцалдаад гацаад байсан ... Ингээд урьд өдөр нь талийгаач молоток авчирсан юм. Тэр молотокоо цахилгааны утаснаас залгаад ажиллуулж эхлэхэд зуурагч машин цуг ажиллаад ийм асуудал үүссэн. Уг нь зуурагч машин бол ажиллаагүй байсан...” гэсэн /хх37-39/ мэдүүлэг.
5. Гэрч Г.Ч-н “...Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Тахилтад байрлах блок, тоосгоны үйлдвэрт буюу осол болсон үйлдвэрт өргөгч машин буюу по машины жолоочоор ажиллаж сарын 700.000 төгрөгийн цалин авч байсан. 1 удаа л цалин авсан. Бид нарт зааварчилгаа огт өгдөггүй байсан...” гэсэн /хх44/ мэдүүлэг.
6. Гэрч Г.Э-н “2018 оны 05 дугаар сарын 29-ний өдөр Тахилтад байх блокны үйлдвэрт ажилдаа ирсэн. Бид нар өчигдөр шөнийн үйлдвэрлэсэн блокийг талбай дээр хураах гэтэл бээлий байхгүй болохоор нь би дэлгүүр ороод бээлий аваад ирье гээд гарсан. Дэлгүүр ороод иртэл М ах уйлаад зогсож байсан... тэгтэл элс хайрга зуурдаг машин дотор нагац ах М дуугараад байхаар нь ойлгосон. Ажилд ороод удаагүй 2 сар л болох гэж байсан. Аюулгүй ажиллагаа хангасан хувцас хэрэгсэл өмсөж хэрэглэдэггүй. Хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны зааварчилга танилцуулдаггүй, гарын үсэг зуруулдаггүй...” гэсэн /хх48/ мэдүүлэг.
7. 2018.06.22-ны өдрийн Цогцост хийсэн Шүүх эмнэлгийн шинжээчийн №1209 тоот Дүгнэлт: Талийгаачийн цогцост цээж, хэвлий, аарцаг, дээд, доод мөчдийн хөндийн эрхтнүүдийн хавсарсан ил гэмтэл: цээжний хэнхэрцэг доод хэсгээр, хэвлийн хөндийн дээд хэсгээр бүрэн бус тасрал, гол судас, улаан хоолой, ходоод, элэг, дэлүү, баруун, зүүн уушгины урагдал, хоёр уушгины уналт, давсаг урагдал, язрал, нарийн, бүдүүн гэдэс, сэмж чацархай, бүдүүн гэдэсний хөндлөн хэсэг, уруудах хэсгээр, нарийн гэдэсний цутгалан гэдэс их хэмжээтэй урагдаж, задарсан, гэдэсний агуулагдахуун ил гарч, урсан гарсан, цээжний хэнхэрцэг бүрэн бүтэн байдлаа алдаж, баруун, зүүн талын 1-12-р хавирганы шууд бус хугарал, өвчүү ясны ил хугарал, хүзүүний 2, 3-р нугалам их биеэрээ бүрэн салсан хугарал, нугас бүрэн тасарсан, хүзүүний 4-7-р нугалмын баруун хөндлөн сэртэнгүүд ба 7-р нугалмын их бие бяцарч хугарсан, орчны зөөлөн эдэд цус хуралт, сээрний 7, 8, 9-р нугалам их биеэрээ бүрэн бус салсан хугарал, бүсэлхийн, ууцны бүх нугаламаар бүрэн салж, нугас бүрэн тасарсан, аарцаг, ууц ясны баруун, зүүн хажуу хэсэг ба баруун сүүжний дэлбээ үйрч бяцарч хугарал, баруун, зүүн умдаг ба суудал яснууд зөрөөтэй хугарал, бүсэлхий, ууц, аарцаг орчмын булчингууд урагдсан, хугарал орчмын зөөлөн эдийн цус хуралт, зүүн атгаал яс дээд хэсгээр зөрөөтэй ил хугарал, доод мөчдийн яс: баруун, зүүн дунд чөмөгт яс, баруун, зүүн шаант, тахилзуур ясны бяцарсан ил мушгирсан хугарал, шагайн үе бүрэн мултрал, хугарал, хугарал орчмын булчингийн цус хуралт, булчин урагдаж няцарсан, шарх, толгойн хуйх, баруун, зүүн чамархайн цус хуралт бүхий гэмтлүүд тогтоогдлоо. Талийгаач нь дээрх амьдрах боломжгүй хавсарсан гэмтлийн улмаас нас баржээ. Талийгаачид шинжилгээгээр үхэлд хүргэсэн архаг хууч өвчин тогтоогдоогүй. б.Талийгаачийн цус нь В-3 бүлгийн харъяалалтай байна. Талийгаачийн ходоодны амсар болон их бие хэсгээр урагдаж, агуулагдахуун урсан гарсан тул үнэлэх боломжгүй байна. Талийгаачийн цусанд спиртийн агууламж илрээгүй”/хх66/.
8. 2018.08.08-ны өдрийн хөдөлмөрийн хяналтын улсын ахлах байцаагч, шинжээч Г.Г-н №Н-2018-23 тоот дүгнэлтэд “... Ажил олгогч Х.Н нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.2-т ... гэж заасныг зөрчиж машин механизм, тоног төхөөрөмжийг ажиллуулах, засвар үйлчилгээ/цэвэрлэгээ үйлчилгээ хийх үед мөрдөх ашиглалт, аюулгүй ажиллагааны заавар баталж мөрдөөгүй, мөн хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.8-г зөрчиж хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны сургалтанд хамрагдаагүй, шалгалт өгөөгүй ажилтнаар ажил үүрэг гүйцэтгүүлсэн, мөн хуулийн 18 дугаар зүйлийн 18.2.1-т заасан хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлага, стандарт, дүрэм, технологийн горимыг чанд мөрдөх гэж заасны зөрчиж холигч машинд цэвэрлэгээ үйлчилгээний ажил гүйцэтгэхийн өмнө уг тоног төхөөрөмжийн цахилгааны тэжээлийг бүрэн салгасан эсэхийг шалгаагүй, мөн энэ хуулийн 18.1.3-т заасны дагуу тухайн цэвэрлэгээний ажил гүйцэтгэх талаар ажил олгогч болон бусад хамт ажиллаж байгаа ажилчдад мэдэгдээгүй, эргэх механизм дээр ганцаараа ажил гүйцэтгэсэн нь осолд хүргэсэн байна... Мөн “Барилгын материалын үйлдвэрийн хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны үлгэрчилсэн дүрэм” БД-12 103-07-д 2.3-т Суурилагдсан машины ажиллагааны үеийн аюулгүй ажиллагаа 2.3.1-т Опетаторчноос хийж гүйцэтгэхийг хориглох зүйлсийн “ё”-д Машины цахилгаан дамжуулагчийн залгуурыг салгаад “Залгаж болохгүй хүмүүс ажиллаж байна” гэсэн санамж зүүж байрлуулахгүйгээр машинд үйлчилгээ хийх, хөдлөгч эд ангийг цэвэрлэх, бетон зууруулд барьцалдсан зуурмагийг арилгах, ховхлох, хусаж зайлуулахыг хориглоно гэсэн заалтыг зөрчиж, өөр хамааралгүй ажил үүрэг гүйцэтгэсэн байна ... Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай” хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 /Хөдөлмерийн аюулгүй байдлыг хангах, хөдөлмөрийн нөхцөлийг сайжруулах, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, хяналт тавих үүргийг аж ахуйн нэгж, байгууллагын захирал /эзэн/, ажил олгогч шууд хариуцна/ гэж заасны дагуу уг үйлдвэрийн тоног төхөөрөмжийг худалдаж авсан, эзэмшигч /эзэн/ гэх иргэн Х.Н нь хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааг сахин хангуулахаар хууль тогтоомжид заасан үүргээ биелүүлээгүй хяналт тавьж ажиллаагүй байна ...” гэжээ. /хх89-92/,
9. Шүүгдэгч Х.Н нь 2018 оны 04, 05 дугаар сард амь хохирогч Н.М-д цалин олгож байсан тухай бэлэн мөнгөний зарлагын баримт /хх157/ авагджээ.
10. Гэрч Д.О-н “... бид хоёр тохиролцож 2018 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр Худалдах худалдан авах гэрээ хийж тоосгоны машинаа 100.000.000 төгрөгөөр худалдахаар Нтой тохиролцсон ба мөнгөн хэлбэрээр эсхүл тоосго нийлүүлэх байдлаар төлбөрийг барагдуулахаар тохиролцсон юм...” гэсэн мэдүүлэг. /хх62-63/
11. Х.Н-ын яллагдагчаар өгсөн “... би дээрх бетон тоосгоны үйлдвэрийг 2018 оны 4-р сарын сүүлээр худалдаж аваад ... засвар үйлчилгээ хийж технологийн горимыг тогтворжуулахаар 4-6 хүнтэй ажиллаж байсан... тус үйлдвэрт хөдөлмөр аюулгүй ажиллагааны инженер гэж байдаггүй байсан тус үйлдвэрийг худалдаж аваад удаагүй ажиллагаа жигдрээгүй тоног төхөөрөмжүүдийг ажиллуулж үзэж байсан үе тэгээд тэр үеэр тэнд зааварчилгаа зөвлөгөө өгч байсан хүн байхгүй байсан... би хувь хүнээрээ худалдаж авсан байсан, “Оргил зуурмаг” ХХК”-тай хамааралгүй үндсэн хөрөнгөд бүртгэлгүй ... талийгаач Н.М-тэй хөдөлмөрийн гэрээ хийгээгүй аман гэрээ л хийсэн байсан...” гэх мэдүүлэг /хх180-181/,
Гэм буруугийн талаарх дүгнэлт шүүгдэгч Х.Н:
Шүүгдэгч Х.Н нь 2018 оны 4 дүгээр сард иргэн Д.О-с тоосго үйлдвэрлэдэг машин, тоног төхөөрөмж худалдан авч, Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Тахилт нэртэй газарт блок, тоосгоны үйлдвэрлэл эрхлэхээр 4-6 хүний бүрэлдэхүүнтэй үйл ажиллагаа явуулж байсан нь гэрч Н.М, гэрч Д.О, шүүгдэгч Х.Н нарын мэдүүлэг, тоног төхөөрөмж худалдан авсан гэрээгээр тус тус тогтоогдож байна.
Энэхүү блок, тоосгоны үйлдвэрт амь хохирогч Н.М 2018 оны 04 дүгээр сараас эхлэн өөрийн төрсөн ах Н.М-н хамтаар ажиллаж эхэлсэн, ийнхүү ажиллах хугацаандаа хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй, цалин хөлсөө бэлнээр авч ажиллаж байсан болох нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Д, гэрч Н.М, гэрч Г.Э, шүүгдэгч Х.Н-ын мэдүүлгээр тус тус, мөн 2018 оны 04, 05 дугаар саруудад цалин олгож байсан бэлэн мөнгөний зарлагын баримт зэргээр тогтоогдож байна.
Тодруулбал, шүүгдэгч Х.Н нь амь хохирогч Н.М-тэй хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулаагүй боловч ажил гүйцэтгүүлэн, холбогдох цалин хөлсийг олгож байсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1, 3.1.2-т зааснаар нь ажилтан, ажил олгогчийн эрх зүйн харилцаа үүссэн гэж үзэх үндэслэлтэй байна.
Ийнхүү шүүгдэгч Х.Н нь ажил олгогчийн хувиар нэр бүхий хүмүүсийг цалинжуулан тоосго үйлдвэрлүүлэхээр ажиллуулахдаа “...цалинг бэлнээр өгөн хөдөлмөр аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгөөгүй, өгдөг хүн ч байдаггүй байсан, мөн хувцас хэрэгсэл тавьж олгоогүй, бид өөрсдийнхөө гэрээсээ өмсөж ирсэн хувцастайгаа л ажиллаж байсан. Тэр үйлдвэрийг Х.Н худалдан аваад үйл ажиллагааг нь жигдрүүлэх гээд л биднийг ажиллуулж байсан...” гэсэн нь гэрч Н.М-н мэдүүлэг, гэрч Г.Ч, Г.Э нарын мэдүүлэг, шүүгдэгч Х.Н-ын өөрийн өгсөн мэдүүлгээр тус тус тогтоогдож байна.
Улмаар 2018 оны 5 дугаар сарын 29-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Тахилтад байх блок, тоосгоны үйлдвэрийн ажилтай Н.М зуурмагны машинд хавчуулагдаж амь хохирсон болох нь 2018.06.22-ны өдрийн Цогцост хийсэн Шүүх эмнэлгийн шинжээчийн №1209 тоот дүгнэлт, гэрчүүдийн мэдүүлгээр тогтоогдож байна.
Тиймээс шүүгдэгч Х.Н нь блок, тоосгоны үйлдвэрлэл эрхлэн ажиллуулахдаа машин механизм, тоног төхөөрөмжийг хэрхэн ажиллуулах, ажлын байранд хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны байдлыг хэрхэн хангаж ажиллах талаар ажилчиддаа зааварчилгаа өгөх, сургалтанд хамруулах, хөдөлмөрийн аюулгүй байдал хариуцсан мэргэшсэн хүн ажиллуулуулах, холбогдох хяналтыг хэрэгжүүлэх ажилтантай байх зэрэг хууль, түүнд нийцүүлэн гаргасан хэм хэмжээний актад заасан үүргээ гүйцэтгээгүй гэж үзлээ. Тухайлбал, Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн тухай хуулийн 28 дугаар зүйлд ажил олгогчийн үүргийг заасан байх бөгөөд 28.1.8-д “аюулгүй ажиллагааны мэдлэг олгох сургалт явуулах, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаархи мэдлэгийг жил бүр шалгах, аюулгүй ажиллагааны зааварчилга өгөх, сургалтад хамрагдаагүй, зааварчилга аваагүй, шалгалт өгөөгүй ажилтнаар ажил үүрэг гүйцэтгүүлэхгүй байх”, 27 дугаар зүйлийн 27.2-т “Ажил олгогч нь үйлдвэрлэл, үйлчилгээний онцлог, ажлын байрны эрсдэлийн түвшин, ажилтны тоог харгалзан хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал хариуцсан ... ажилтан ... ажиллуулна”, 27.4-т “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал хариуцсан ажилтнаар инженер, техникийн болон эрүүл ахуйн боловсролтой, мэргэшсэн хүнийг ажиллуулна”, 27.1-т “Хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах, хөдөлмөрийн нөхцөлийг сайжруулах, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, хяналт тавих үүргийг аж ахуйн нэгж, байгууллагын захирал /эзэн/, ажил олгогч шууд хариуцна” гэж тус тус заасан шаардлагыг биелүүлээгүй, хяналтыг хэрэгжүүлээгүй гэж үзэх үндэслэлтэй буюу 2018.08.08-ны өдрийн хөдөлмөрийн хяналтын улсын ахлах байцаагч, шинжээч Г.Г-н хөдөлмөрийн аюулгүй байдалтай холбогдох хуулийн шаардлага хангасан байдал, ослын шалтгаан нөхцөлийн талаарх №Н-2018-23 тоот дүгнэлтээр шүүгдэгч Х.Н-ыг хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааг сахин хангуулахаар хууль тогтоомжид заасан үүргээ биелүүлээгүй, хяналт тавьж ажиллаагүйгээс болж осол гарч, хүний амь нас хохирсон гэснийг хууль зүйн үндэслэлтэй гэж үзлээ.
Өөрөөр хэлбэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлд заасан Хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох гэмт хэрэг нь “хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй”-н улмаас хүний амь насыг хохироосон байх шинж бүрдсэн байх шаардлагтай. Шүүгдэгч Х.Н-ын хувьд блок, тоосгоны үйлдвэрлэл эрхлэн явуулахдаа Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан холбогдох стандарт дүрэмд заасан шаардлагыг биелүүлэн ажиллаагүй нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй.
Тодруулбал: Шүүгдэгч нь үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэн, машин тоног төхөөрөмжид хүн ажиллуулж байгаагийн хувьд ажилчиддаа холбогдох зааварчилгаа өгч хяналт тавьж ажиллаагүйн улмаас осол гарах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан буюу хохирол, хор уршиг учрахаас урьдчилан сэргийлэх болгоомжтой байх үүргээ биелүүлээгүйн улмаас хүний амь нас хохирсон байна.
Иймд шүүгдэгчийг гэм буруутайд тооцуулах талаар прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Х.Н-ыг гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй дүгнэв.
Хохирол, төлбөр, хор уршигийн тухайд:
Шүүгдэгч нь шүүх хуралдаанд гэм буруугийн талаар маргаагүй бөгөөд оршуулгын зардалд 6 сая төгрөг, амь хохирогчийн ар гэрт нь 5 сая төгрөгний үнэ бүхий автомашин, 22 сая төгрөгний үнэ бүхий өвлийн хашаа байшин худалдан авч өгсөн байх бөгөөд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэсэн байх тул шүүгдэгч Х.Н нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзэв.
Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Улсын яллагч нь шүүгдэгч Х.Н-д Эрүүгийн хуулийн ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй дэглэмтэй хорих байгууллагад эдлүүлэх саналыг гаргасан бол,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Д.Г эрүүгийн хариулцлага гэм буруугийн дүгнэлтэндээ “...Х.Н нь гэм буруу дээрээ маргадаггүй, хохирол төлбөрийг өөрийн сайн дураар төлж барагдуулсан тул хамгийн боломжтой нөхцөл байдлаар хөнгөрүүлэх тал дээр бидний байр суурийг илэрхийлээрэй гэж хүссэн учраас хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийг баримтлах биечлэн эдлүүлэхгүйгээр оногдуулж өгнө үү гэж хүсэж байна...” гэв.
Шүүхээс шүүгдэгч Х.Н-ыг гэм буруутайд тооцсон нотлох баримт болон хэрэг гарсан нөхцөл байдал, учирсан хохирол, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэх мэдүүлэг мөн хохирол нөхөн төлсөн байдал, улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын дүгнэлт, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгчийн дүгнэлт, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан дараах байдлаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Шүүгдэгчийн үйлдэлд гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохиролоо төлсөн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, 1.2-т заасан “...учруулсан хохирлыг төлсөн” гэсэн нөхцөлийг хөнгөрүүлэх нөхцөл байдал тооцож, эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан...бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно” мөн зүйлийн 3 дахь хэсэгт “...Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан энэ хуулийн 7.3 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт заасан хэд хэдэн үүрэг хүлээлгэж, хязгаарлалт тогтоож болно” мөн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “...энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон, эсхүл ... хөнгөн гэмт хэрэг гэнэ” гэж тус тус хуульчилжээ.
Шүүгдэгч Х.Н-ын холбогдсон гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд багтаж байна.
Хэдийгээр хуульд заасан хор уршиг арилахгүй боловч шүүгдэгч Х.Н-ын болгоомжгүйгээр анх удаа гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, амь хохирогчийн ар гэрт хохирлыг барагдуулсан байдал, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн гомдол саналгүй, шүүгдэгч үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байгаа зэрэг шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-т заасныг тус тус баримтлан шүүгдэгчийг нийгмээс тусгаарлан хорих ял эдлүүлэх шаардлагагүй, мөн өмгөөлөгчийн дүгнэлтийг хүлээн авах үндэслэлтэй байх тул мөн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэж шийдвэрлэлээ.
Шүүх шийдвэрлэвэл зохих бусад асуудлын талаар:
Эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдав.
Шүүгдэгч нь тэнссэн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг анхааруулах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Х.Н-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний амь насыг болгоомжгүйгээр хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 баримтлан мөн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Н-д хорих ял оногдуулахгүйгээр, 01 жилийн хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-т зааснаар “оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүргийг шүүгдэгчид хүлээлгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Н нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн, уг шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдсүгэй.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
7. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
8. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.МӨНХБААТАР