Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 04 сарын 04 өдөр

Дугаар 382

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Мөнхбаатар даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Буянхишиг,

улсын яллагч: Д.Ганчимэг,

шүүгдэгч Ж.П нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Ж.П-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, эрүүгийн .......................  дугаартай хэргийг 2019 оны 3 дугаар  сарын 18-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Ж.П, Монгол Улсын иргэн, тусгай дунд боловсролтой, дизайнер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхийн хамт амьдардаг, ................................ тоотод оршин суух бүртгэлтэй, урьд  ял шийтгэлгүй /РД:................./,

 

Холбогдсон гэмт хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

Шүүгдэгч Ж.П нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт Хар хорин захын орчим 2019 оны 02 дугаар сарын 20-ны өдөр насанд хүрээгүй иргэн Г.Г-ий  өмчлөлийн “Самсунг галакси эс-6” маркийн гар утсыг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч бусдад 180,000 төгрөг буюу бага хэмжээний хохирлыг учруулж, дээрэмдэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас: Эд зүйл хураан авсан тэмдэглэл, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх4-5/, насанд хүрээгүй хохирогч Г.Г-ийн мэдүүлэг /хх9-10/, гэрч Т.Ууганбаярын мэдүүлэг /хх22/, хөрөнгийн үнэлгээний тайлан /хх22-23/, Ж.П-ийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх48-49/ болон  шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой холбогдох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзсэн болно.

 

Нэг. Шүүгдэгч Ж.П-г гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтуудын агуулга:

1. 2019 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн Эд зүйл хураан авсан тэмдэглэл: “самсунг эс-6” маркийн утсыг Ж.П-ээс хураан авсан, Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл: “самсунг эс-6” маркийн утсыг Г.Г-д хүлээлгэн өгсөн. /хх4-5-р тал/,

2. Насанд хүрээгүй хохирогч Г.Г-ийн “...Би 2019 оны 02 дугаар сарын 20-ны өдөр 15 цагийн үед гар утсаа засуулахаар Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хороо 19-ийн автобусны буудлын хавьцаа байдаг засварын газарт өгөхөөр тэр ахвийн ченж нараас “энэ гар утсыг хэдэн төгрөгөөр засах бол” гээд асуугаад явж байтал өөрийгөө П гэж танилцуулсан нуруулаг ах ирээд “алив ахдаа гар утсаа өгч бай” гэж авснаа оронд нь ногоон өнгийн сонин гар утас гаргаж ирээд солих уу гэхээр нь Үгүй, би өөрийнхөө гар утсыг буцааж авъя гэсэн чинь нөгөө ах миний гар утсыг буцааж өгөлгүй урагшаагаа зам гараад зугтаахаар нь би ардаас нь хөөж байгаад зогсоосон чинь нөгөө ах хажуудаа байсан шилийг хагалаад ойртвол дүрнэ шүү гээд байхаар нь эргэн тойрноо харсан чинь замын урьд талд цагдаа нар зогсож байсан. Тэгэхээр нь би тэр цагдаа нар дээр гүйж очоод тусламж дуудаж бариулж авсан юм. Миний гар утсыг өгөлгүй зугтаахаар нь би ардаас нь нүд салгалгүй хөөсөн юм...” гэсэн мэдүүлэг /хх9-10/

3. Гэрч Т-н /Нийтийн хэв журам хамгаалах тасгийн цагдаа/ “...Миний буруу, би зүгээр л гар утастай болохыг хүссэн. Айсандаа надад битгий ойрт гээд хажуудаа байсан шилийг авчихсан юм...Бид нарыг ирж байгааг хараад гартаа байсан шилээ газар хаяж, хоёр гараа дээшээ өргөөд гэм буруугаа үг дуугүй хүлээсэн...” гэсэн мэдүүлэг /хх22/,

4. “Дамно” ХХК-ийн 2019 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн СХ3-19-122 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан: “Samsung S6 маркийн утас 180,000 төгрөг”. /хх22-23/,

5. Ж.П-ийн яллагдагчаар “Би өөрөө товчлууртай утас ашигладаг болохоор тэр утас надад тухай үед үнэхээр гоё харагдсан. Тэгээд л өөрийнхөө болгомоор санагдаад юу ч бодолгүй аваад зугтаасан. Би уг нь эрүүлдээ хүний юм авах хүн биш. Тухайн үед согтуу байсан болохоор л өөрийн мэдэлгүй буруу үйлдэл хийчихсэн...” гэсэн мэдүүлэг /хх48-49/.

Шүүхийн хэлэлцүүлэгт: Шүүгдэгч Ж.П мэдүүлэхдээ: “...Мэдүүлэг өгөхгүй, гэм буруугаа хүлээж байгаа, мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв дахин мэдүүлэг өгөхгүй...” гэв.

 

Гэм буруугийн дүгнэлт: Шүүгдэгч Ж.П.

Шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч Ж.Пд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан” гэмт хэрэг үйлдсэн нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдсон гэж үзэж, гэм буруутайд тооцуулах тухай дүгнэлтийг гаргажээ.

Шүүгдэгч Ж.П нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ насанд хүрээгүй хохирогч Г.Г-ийг “Самсунг галакси эс-6” маркийн гар утсыг засуулах гээд явж байхад үзээд өгье гэж авсанаа, буцааж өгөлгүй зам хөндлөн гарч зугтаасан, улмаар хэв журмын цагдаа нарт баригдсан болох нь гэмт хэргийн талаархи гомдол мэдээлэл, хохирогчийн мэдүүлэг, Нийтийн хэв журам хамгаалах тасгийн цагдаа Т.У-н гэрчээр өгсөн мэдүүлэг, эд зүйл хураан авсан тэмдэглэл, гар утсыг хохирогч Г.Г-д хүлээлгэн өгсөн тэмдэглэл, Ж.П-ийн яллагдагчаар болон шүүх хуралдаанд гэм буруугаа хүлээж өгсөн мэдүүлэг зэргээр тогтоогдож байна.

Шүүгдэгчийн үйлдэл нь шунхайн сэдэлтээр, хялбар аргаар утастай болох зорилготой, гэм буруугийн шууд санаатай үйлдлээр үйлдлээ хэрэгжүүлсэн, хохирогчид хүч хэрэглээгүй, утсыг авсан даруйдаа хохирогчоос зугтааснаар гэмт үйлдэл төгссөн гэж үзэх буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.

Иймд шүүгдэгч Ж.П гэм буруутайд тооцуулах талаар прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Хохирол, хор уршигийн талаар: 

Энэ гэмт хэргийн улмаас Г.Г-д “Дамно” ХХК-ийн 2019 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн СХ3-19-122 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлангаар 180,000 төгрөгийн хохирол учруулсан байх бөгөөд  “Самсунг галакси эс-6” маркийн гар утсыг хураан авч, насанд хүрээгүй хохирогч Г.Г-д хүлээлгэн өгсөн байх тул шүүгдэгч Ж.П-г бусдад төлөх төлбөргүй гэж үзэв. Мөн хохирогчийн хувьд гар утсаа буцаан авсан гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурдах нь зүйтэй байна. 

 

Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүнийг гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан дараах байдлаар эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэлээ.

Улсын яллагчаас шүүгдэгч Ж.П-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 2 сарын хугацаагаар хорих  ял оногдуулах дүгнэлтийг гаргаж, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналыг гаргасан болно.  

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан...бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно” мөн зүйлийн 3 дахь хэсэгт “...Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан энэ хуулийн 7.3 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт заасан хэд хэдэн үүрэг хүлээлгэж, хязгаарлалт тогтоож болно” мөн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “...энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон, эсхүл ... хөнгөн гэмт хэрэг гэнэ” гэж тус тус хуульчилжээ.

Шүүгдэгчийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн” нөхцөлийг хөнгөрүүлэх нөхцөл байдал тооцсон ба шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Ж.П нь хуульд зааснаар хөнгөн гэмт хэрэгт холбогдсон бөгөөд шүүгдэгч нь анх удаа гэм хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэн даруйдаа баригдсан, хохирогчийн эд зүйлийг буцаан өгсөн, хохирогч гомдол саналгүй, шүүгдэгч үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, гэмт хэргийн хор аюул “бага” эдгээр нөхцөл байдлыг харгалзан түүнийг нийгмээс тусгаарлахгүйгээр хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, хуульд заасан үүрэг, хязгаарлалт тогтоон шийдвэрлэх нь зөв байна.

Иймд шүүгдэгч Ж.П-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулахгүйгээр 1 жил 6 сарын хугацаагаар тэнсэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан мөн хуулийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан “зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах” үүрэг, мөн зүйлийн 3 дахь хэсгийн 3.3-т зааснаар “согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох” хязгаарлалтыг тус тус хүлээлгэхээр шийдвэрлэлээ. 

 

Шүүх шийдвэрлэвэл зохих бусад асуудлын талаар:

Эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдав.

Шүүгдэгч нь тэнссэн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг анхааруулах нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Ж.П-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсгийг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.П-д хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жил 6 /зургаан/ сарын хугацаагаар тэнссүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар “зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтанд хамруулах” үүрэг, мөн зүйлийн 3 дахь хэсгийн 3.3-т зааснаар “согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох” хязгаарлалтыг тус тус тогтоож, хяналт тогтоосугай. 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.П-д нь шүүхээс тогтоосон үүрэг, хязгаарлалтыг зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн, уг шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдсүгэй.

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

7. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

8. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

       

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 М.МӨНХБААТАР