Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 09 сарын 06 өдөр

Дугаар 771

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Мөнхбаатар даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сосорбарам,

улсын яллагч Ц.Гансүлд /томилолтоор/,

шүүгдэгч Э.А нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор М.Сансарсайханаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э.А-д холбогдох эрүүгийн ................... дугаартай хэргийг 2019 оны 7 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, эх, эгч нарын хамт ............... тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Э.А/РД:................../

Холбогдсон гэмт хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

Шүүгдэгч Э.А нь 2019 оны 5 дугаар сарын 22-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Аавын” нэртэй авто угаалгын газраар үйлчлүүлж байх үедээ тус авто угаалгын газрын ажилтан Ц.А-гийн автомашинд нь мартаж, орхисон “Самсунг Эс-7 /Samsung S-7/ маркийн гар утсыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшиж, бусдад 384.200 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас: Хохирогч Ц.А-гийн мэдүүлэг /хх9-10/, Аавын авто угаалгын газрын хяналтын камерын бичлэг, түүнд үзлэг хийсэн тэмдэглэл /хх19-20/, эд зүйлийн үнэлгээ /хх22-24/, Э.А-гийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх28/, Э.А-гийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх58-59/ болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой холбогдох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзсэн болно.

Нэг. Шүүгдэгч Э.А-г гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтуудын агуулга:

1. Хохирогч Ц.А-гийн “...2019 оны 5 дугаар сарын 22-ны өдөр 14 цагийн үед миний ажилладаг “Аавын” авто угаалганд байнгын машинаа угаалгадаг А гэх залуу өөрийнхөө гаранд марк 2 гэх цагаан өнгийн машинтай орж ирээд машинаа угаалгасан ба би тухайн машиныг нь угаасан, угааж байх үедээ өөрийнхөө Самсунг эс-7 маркийн шаргал өнгийн, улаан өнгийн гэртэй гар утсаа салон доторх хянах самбар дээр нь тавьсан байсан ба угааж байх үед гэнэт би шалаа өөрөө угаачихъя гээд гараад явсан. Тухайн үед би гар утсаа үлдээснээ мартаад явуулсан байсан. Тэгээд би шууд гар утсаа санаад өөрийнхөө дугаар руу залгатал холбогдох боломжгүй болсон болохоор нь А-г байнга үйлчлүүлдэг юм чинь аваад ирэх байх гээд хоёр хоног хүлээсэн юм. Тэгээд миний утсыг авч ирэхгүй болохоор нь цагдаад өргөдөл гаргаж өгсөн. Мөн Аын гэрийнх нь хаягийг таньдаг хүнээс нь авч байгаад гэрээс нь олж авсан. А надтай ............ дугаараас залгаад би чамд яг адилхан гар утас аваад өгье гэж хэлэхээр нь би яг өөрийнхөө гар утсыг авна гэж хэлсэн. Би тухайн харуулсан гар утсыг нь авч чадахгүй. Хэрвээ авахаар бол яг адилхан шаргал өнгийн эс-7 гар утас авна гэж хэлсэн. 2019 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр Тэди төвөөс 350.000 төгрөгөөр худалдаж авсан. Одоо 350.000 төгрөгөөр үнэлж байна...” гэсэн мэдүүлэг /хх9-10/,

2. “Аавын” авто угаалгын газрын хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлд “...хохирогч Ц.А-гийн гар утас нь машины урд талд байгааг харуулав. ...машин гарч ...гар утас сэжигтэний машины урд байгааг харуулав...” гэжээ /хх19-20/,

3. “Тэнцвэр эстимэйт” ХХК-ийн 2019 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн “... Самсунг С-7 маркийн гар утас 350.000 төгрөг, утасны хавтсан гэр 15.000 төгрөг...” гэх хөрөнгийн үнэлгээний тайлан /хх22-24/,

4. Э.А-гийн яллагдагчаар өгсөн “..би Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Аавын авто угаалга” нэртэй газарт 2019 оны 5 дугаар сарын 22-ны өдөр өөрийн эзэмшлийн ............ ДАХ машиныхаа дотор талыг угаалгаж дуусаад гараад явж байтал миний машины жолоочийн эсрэг талын доод шалавчийн хажууд шар өнгийн “Самсунг Эс-7” загварын гар утас байхаар нь би тэр өдрөө байлгаж байгаад 2019 оны 5 дугаар сарын 23-ны өдөр фэйсбүүкээр 140.000 төгрөгөөр зарчихсан юм. Тэгээд 2019 оны 5 дугаар сарын 24-ний өдөр манай гэрийн гадаа Аавын авто угаалгын угаагч хүүхэн ирээд би машинд чинь гар утсаа мартсан гэж хэлэхээр нь би тэр угаагч хүүхэд би тэр утсыг чинь аваагүй мэдэхгүй гэж хэлээд явуулсан юм. Намайг гар утас авсан гэдгийг мэдээгүй байх гэж бодоод би гар утсыг чинь аваагүй гэж хэлсэн юм...” гэсэн мэдүүлэг /хх58-59/,

Гэм буруугийн дүгнэлт: Шүүгдэгч Э.А.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримт, талуудын тайлбараас дүгнэн үзэхэд шүүгдэгч Э.А нь 2019 оны 5 дугаар сарын 22-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Аавын” авто угаалга гэсэн газраар үйлчлүүлжээ.

Шүүгдэгчийн автомашиныг тус авто угаалгын газрын ажилтан Ц.А угааж, цэвэрлэсэн байх бөгөөд машиныг угааж байхдаа машины дотор, урд талын салон дээр өөрийн гар утсаа тавиад орхисон үйл баримт тогтоогдож байна.

Улмаар шүүгдэгч Э.А нь “Самсунг эс-7 /Samsung S7/ маркийн гар утсыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшиж, бусдад 365.000 төгрөгийн хохирол учруулсан гэм буруутай болох нь хохирогчийн “...Тухайн үед би гар утсаа үлдээснээ мартаад явуулсан байсан. Тэгээд би шууд гар утсаа санаад өөрийнхөө дугаар руу залгатал холбогдох боломжгүй болсон болохоор нь Аыг байнга үйлчлүүлдэг юм чинь аваад ирэх байх гээд хоёр хоног хүлээсэн юм. Тэгээд миний утсыг авч ирэхгүй болохоор нь цагдаад өргөдөл гаргаж өгсөн...” мэдүүлэг, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн камерын бичлэг, түүнд үзлэг хийсэн тэмдэглэл, шүүгдэгчийн “...2019 оны 5 дугаар сарын 23-ны өдөр фэйсбүүкээр 140.000 төгрөгөөр зарчихсан юм. Тэгээд 2019 оны 5 дугаар сарын 24-ний өдөр манай гэрийн гадаа Аавын авто угаалгын угаагч хүүхэн ирээд би машинд чинь гар утсаа мартсан гэж хэлэхээр нь би тэр угаагч хүүхэд би тэр утсыг чинь аваагүй мэдэхгүй гэж хэлээд явуулсан юм...” гэх мэдүүлгээр тус тус нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч Э.А нь тухайн гар утсыг бусдын буюу хохирогчийн гар утас гэдгийг мэдсэн атлаа авч яван, худалдан борлуулж ашиг олсон болох нь /захиран зарцуулсан/ хавтаст хэрэгт авагдсан баримт болон шүүгдэгчийн мэдүүлгээр тус тус тогтоогдож байна.

Шүүгдэгч Э.А-гийн үйлдлийн улмаас хохирогчид 365.000 төгрөгний хохирол учирсан буюу “Тэнцвэр эстимэйт” ХХК-ийн 2019 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн эд зүйлийн үнэлгээгээр хохирлыг дүнг тогтоох нь зүйтэй гэж дүгнэлээ. Учир нь хэрэгт үнэлгээний тайланд дурдсан үнийн дүнгээс өөр хохирлын баримт байхгүй байхад улсын яллагчаас хохирлын дүнг 384.200 төгрөг гэж тогтоосон нь үндэслэлгүй байна. 

Шүүгдэгч Э.А нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр, шунахайн сэдэлтээр бусдын эзэмшлийн гар утас гэдгийг мэдсээр байж авч завшсанаар үйлдэл төгсжээ. 

Иймд түүний үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “гээгдэл эд хөрөнгийг бусдын эзэмшилд байгааг мэдсээр байж завшсан”-ны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, тус зүйл хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

Хохирол, хор уршиг-хохирол төлөгдсөн байдал. 

Шүүгдэгч Э.А нь хохирогчид Самсунг эс-7 маркийн гар утсыг хүлээглэн өгсөн нь хавтаст хэрэгт авагдсан хохирогчийн хүсэлтээр /хх62/ нотлогдож байна.

Гэхдээ хохирогч Ц.А-гийн хувьд шүүгдэгчээс хүлээн авсан утас нь тогтоосон үнэлгээнд хүрэхгүй гэж үнийн зөрүү болох 144.000 төгрөг нэхэмжилсэн байх бөгөөд мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчид хүлээлгэн өгсөн утас болон үнэлгээгээр тогтоосон хохирол хоёрын зөрүүг нарийвчлан тогтоогоогүй байна.

Иймд шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэн, харин хохирогч нь холбогдох баримтыг бүрдүүлэн зөрүүг нэхэмжлэх боломжтой байх тул энэ асуудлыг хэлэлцээгүй орхиж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Иргэний хэргийн шүүхийн журмаар нэхэмжлэх эрх хохирогчид нээлттэй болохыг тайлбарлан үлдээв.

Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Улсын яллагчаас шүүгдэгч Э.А-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 нэгж буюу 700.000 төгрөгөөр торгох  ялын дүгнэлт, санал гаргасан болно.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг тус тус харгалзан үзлээ.

Шүүгдэгч Э.А нь гэмт хэрэг үйлдэхдээ гэм буруугийн санаатай хэлбэрээр шунахайн сэдэлтээр “гээгдэл эд хөрөнгийг бусдын эзэмшилд байгааг мэдсээр байж завшсан” нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх боломжгүй буюу гэмт санаа бодол урьдаас буй болж, түүнийгээ хэрэгжүүлсэн гэж үзнэ.

Түүнчлэн шүүгдэгч Э.А нь хохирогч Ц.А-тай гар утасны үнийн зөрүү дээр маргаантай байх тул шүүгдэгчийг хохирлыг бүрэн төлсөн гэж үзэх үндэслэлгүй байна. 

Иймд түүний үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Э.А-гийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувиараа хөдөлмөр эрхэлж байгаа гэх зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 900 нэгж буюу 900.000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шийдвэрлэвэл зохих бусад зүйлийн талаар:

Эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг камерын бичлэг бүхий сиди-г хэрэгт хавсаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Э.А-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гээгдэл эд хөрөнгийг бусдын эзэмшилд байгааг мэдсээр байж завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.А-д 900 /есөн зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900.000 /есөн зуун мянган/  төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.А нь торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан /90 хоног/-н хугацаанд биелүүлэх, биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Шүүгдэгч Э.А нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.

5. Хохирогч Ц.А-гийн гар утасны зөрүү нэхэмжилсэнг хэлэлцээгүй орхиж, холбогдох баримтыг бүрдүүлэн Иргэний хэргийн шүүхийн журмаар нэхэмжлэх эрх нээлттэй болохыг дурдсугай. 

6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн камерын бичлэг бүхий 1 ширхэг Сиди-г хэргийн хадгалах хугацаанд хэрэгт хавсаргасугай.

7. Хэрэгт битүүмжлэгдсэн, зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, тэрээр цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдсугай.

8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

9. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

10. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      М.МӨНХБААТАР