| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Мижиддоржийн Мөнхбаатар |
| Хэргийн индекс | 188/2019/0744/Э |
| Дугаар | 784 |
| Огноо | 2019-08-08 |
| Зүйл хэсэг | 17.4.1., |
| Улсын яллагч | Б.Ундрах |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 08 сарын 08 өдөр
Дугаар 784
2019 07 10 2019/ШЦТ/784
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Мөнхбаатар даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сосорбарам,
улсын яллагч Б.Ундрах /томилолтоор/,
шүүгдэгч Р.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Х.Анхцэцэгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Таван хонхор овогт Р.Б-д холбогдох эрүүгийн ............ дугаартай хэргийг 2019 оны 7 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “Их Зам” ХХК-ийн механик ажилтай, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт .............. тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, урьд ял шийтгэлгүй, Р.Б /РД:............./
Холбогдсон гэмт хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/
Шүүгдэгч Р.Б нь 2018 оны 10 сараас 12 сарын хооронд иргэн Д.Г-гийн эзэмшлийн Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэр, ............ тоот аж ахуйн нэгжийн хашаанд харуулаар ажиллаж амьдарч байхдаа хашаанд байсан түүний итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө болох Асфальт үйлдвэрлэх зориулалттай халаагуурын төхөөрөмж болох хуйлруулагчийн 380 вольтын том, жижиг 2 ширхэг цахилгаан моторыг завшиж бусдад 2.200.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас: Хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх6/, хохирогч Д.Г-гийн /хх10, 12-15/ мэдүүлэг, гэрч Б.Э-гийн /хх19/ мэдүүлэг, “Тэнцвэр Эстимэйт” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх 27/, Р.Б-гийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх69/ болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой холбогдох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүй болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзсэн болно.
Нэг. Шүүгдэгч Р.Б-г гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтуудын агуулга:
1. Хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн “Хэрэг учрал болсон гэх газар нь Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэр ............ тоот дугаартай хашаа байх ба ... асфальт үйлдвэрлэхэд галаар үлээж халааж оруулдаг зориулалттай халаагуурын төхөөрөмжийн хуйлруулагч дээр очиж үзлэг хийхэд цагаан өнгийн гялгар уутаар бүтээсэн байдалтай 380 вольтын 2 ширхэг цахилгаан мотор хийх зориулалттай суурь байх ба уг суурин дээр байсан 380 вольтын цахилгаан мотор 2 ширхэг алдагдсаныг гэрэл зургаар бэхжүүлэв ...” гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх6/
2. Хохирогч Д.Г-гийн “...2019 оны зун үйлдвэрээ ажиллуулъя гэж бодоод 2019 оны 3 сарын эхээр очиход тоног төхөөрөмжүүдийн сэлбэг нь алга болчихсон байсан юм. Тэгээд Б рүү ярьсан чинь утсаа авахгүй байхаар нь эхнэр Э гэдэг хүн рүү яриад манай сэлбэгүүд алга болчихсон байсан ямар учиртай юм бэ гэсэн чинь манай нөхөр ачаад аваад явчихсан гэж надад хэлсэн. Тэгээд би Б-г авсан гэж мэдсэн. Эдгээр тоног төхөөрөмжүүд нилээн мэргэжлийн хэмжээнд тусгай бахь, түлхүүр салгаж авдаг. Би Б-тэй холбогдох гэж хичээж байгаа боловч миний утсыг авахгүй байгаа. Манайхаас асфальт үйлдвэрлэхэд галаар үлээн халаах зориулалттай халаагуурын төхөөрөмж болох хуйлруулагчийн 380в цахилгаан том, жижиг 2 ширхэг цахилгаан мотор алдагдсан. Р.Б нь манай байгууллагад механик кобшийн оператор ажил хийдэг байсан. Энэ өвөл өвөлжих газар байхгүй байна гэхээр нь манай Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэр, ........... тоот аж ахуйн хашаанд гэр бүлээр нь сахиулаар амьдруулахаар болоод 2018 оны 11 сарын эхээр Б-гийн гэрийг хашаанд буулгасан. Энэ хугацаанд манай эд хөрөнгийг сайн дураараа харж, цалин авахгүй, хашаанд амьдарсан түрээс төлөхгүйгээр хашааны харуулын ажлыг хийж амьдрахаар амаар тохиролцсон байсан. Би Б-г хашаанд буухад нь өөрийг нь дагуулж хашаанд байгаа эд зүйлсийг харуулж хүлээлгэн өгсөн. Хүлээлгэж өгөхдөө бичиг баримт, тэмдэглэл үйлдэж хүлээлгэсэн зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх10, 12-15/,
3. Гэрч Б.Э-гийн “...манай нөхөр Р.Б нь Г гэх хүнтэй хамт ажилладаг байж байгаад таньдаг болсон юм. Тэгээд нөхөр хүүхдийн хамт Г-ын үйлдвэрийн хашаа буюу Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах хашаанд 2018 оны 10 сараас 2018 оны 12 сарын сүүл хүртэл амьдарсан юм. Р.Б 2018 оны 12 сарын эхээр үйлдвэрийн хашааны зүүн талд байдаг тоног төхөөрөмжөөс 2 ширхэг цахилгаан моторыг аваад бусдад зарсан юм. Би хаана хэнд зарсныг нь мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /хх19/
4. 2019 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн “Тэнцвэр Эстимэйт” ХХК-ний алдагдсан гэх эд зүйлсийг 2.200.000 төгрөгөөр үнэлсэн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх 27/
5. Р.Б-гийн яллагдагчаар өгсөн “...Би Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Их Зам Хишиг” ХХК-ийн захирал Г-ын хашаанд нь гэр бүлийн хамтаар манаачаар 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдөр орсон. Тэгээд би бас механикийн ажил давхар хийдэг байсан... Би Д.Г-гийн хоёр ширхэг цахилгаан моторыг 2018 оны 12 дугаар сарын 20-ны үеэр өөрийн гэрт байсан 19-22, 19-17-н түлхүүр, багаж ашиглан тайлж авсан. Би хоёр ширхэг цахилгааны моторыг тайлж авахдаа ганцаараа байсан... танихгүй эмэгтэй хүнд 150 000 төгрөгөөр зарсан ...” гэх мэдүүлэг /хх81/
Гэм буруугийн дүгнэлт: Шүүгдэгч Р.Б.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримт, талуудын хуралдаанд гаргасан тайлбар зэргээс дүгнэн үзэхэд шүүгдэгч Р.Б нь 2018 оны 10 сараас 12 сарын хооронд иргэн Д.Г-гийн эзэмшлийн Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэр, ........... тоот аж ахуйн нэгжийн хашаанд харуулаар ажиллаж амьдрах, ийнхүү амьдарч байхдаа хашаанд байсан эд зүйлүүдийг харж хандаж байх үүрэг хүлээсэн нөхцөл байдал тогтоогдож байна.
Гэтэл өөрийн харж хандаж байх итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө болох Асфальт үйлдвэрлэх зориулалттай халаагуурын төхөөрөмж болох хуйлруулагчийн 380 вольтын том, жижиг 2 ширхэг цахилгаан моторыг бусдад худалдан завшсан болох нь хохирогч Д.Г-гийн “...2019 оны 3 сарын эхээр очиход тоног төхөөрөмжүүдийн сэлбэг нь алга болчихсон байсан Б рүү ярьсан чинь утсаа авахгүй байхаар нь эхнэр Э гэдэг хүн рүү яриад манай сэлбэгүүд алга болчихсон байсан ямар учиртай юм бэ гэсэн чинь манай нөхөр ачаад аваад явчихсан гэж надад хэлсэн. Тэгээд би Б-г авсан гэж мэдсэн....” гэх мэдүүлэг, гэрч Б.Э-гийн “...Р.Б 2018 оны 12 сарын эхээр үйлдвэрийн хашааны зүүн талд байдаг тоног төхөөрөмжөөс 2 ширхэг цахилгаан моторыг аваад бусдад зарсан...” гэх мэдүүлэг, Р.Б-гийн яллагдагчаар “...Би Д.Г-гийн хоёр ширхэг цахилгаан моторыг 2018 оны 12 дугаар сарын 20-ны үеэр өөрийн гэрт байсан 19-22, 19-17-н түлхүүр, багаж ашиглан тайлж авсан... танихгүй эмэгтэй хүнд 150 000 төгрөгөөр зарсан...” гэх мэдүүлгээр тус тус тогтоогдож байна.
Энэхүү гэмт хэргийн улмаас хохирогчид 2.200.000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан болох нь 2019 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн “Тэнцвэр Эстимэйт” ХХК-ний эд хөрөнгийн үнэлгээний тайлангаар тогтоогдож байна.
Шүүгдэгч Р.Б-гийн үйлдэл нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, шунахайн сэдэлттэйгээр үйлдэгдсэн бөгөөд бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг хууль бусаар, худалдан борлуулсан гэм буруутай байна.
Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, тус зүйл хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
Хохирол, хор уршиг-хохирол төлөгдсөн байдал.
Хохирогч Д.Г-гээс Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэст “...Р.Б нь манай байгууллагад үргэлжлүүлэн ажиллаж хохирлыг барагдуулах болсон тул надад санал гомдол байхгүй...” гэсэн агуулга бүхий хүсэлт гаргажээ.
Иймд шүүгдэгч Р.Б-г хохирогчтой хохирол төлбөрийн талаар тохиролцсон, хохирол нөхөн төлөхөө илэрхийлсэн гэж үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар гэмт хэргийн хор уршгийг хохирогчтой тохиролцсоны дагуу төлбөрийг төлж гүйцэтгэх үүргийг нэмж хүлээлгэхээр шийдвэрлэв.
Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Улсын яллагчаас шүүгдэгч Р.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2700 нэгж буюу 2.700.000 төгрөгөөр ял оногдуулах дүгнэлт, санал гаргасан болно.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан үзлээ.
Шүүгдэгч Р.Б нь хэдийгээр анх удаа гэмт хэрэг үйлдэж байгаа боловч гэмт хэрэг үйлдэхдээ гэм буруугийн санаатай хэлбэрээр шунахайн сэдэлтээр бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг хувьдаа завшсан нь гэмт санаа бодол урьдаас төрсөн гэж үзэх тул тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн үзэх боломжгүй гэж шүүх дүгнэв.
Иймд шүүгдэгч Р.Б-гийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Р.Б нь хохирогч Д.Г-гийн “Их замын хишиг” ХХК-д ажиллаж, хохирлыг нөхөн төлөхөөр тохиролцсоны дагуу хөдөлмөр эрхэлж байгаа, гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрч, ухамсарлан ойлгож байгаа, гэр бүлийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар торгох ялын доод хэмжээ болох 2700 нэгж буюу 2.700.000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэлээ.
Шийдвэрлэвэл зохих бусад зүйлийн талаар:
Эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Р.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Р.Б-д 2700 /хоёр мянга долоон зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 /хоёр сая долоон зуун мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Р.Б нь торгох ялыг 6 /зургаан/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөх боломжтойгоор биелүүлэх, тогтоосон биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтыг журамлан шүүгдэгч Р.Б-д хохирогч Д.Г-тэй тохиролцсоны дагуу гэмт хэргийн учруулсан хохирлыг нөхөн төлөх үүрэг хүлээлгэсүгэй.
5. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
7. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
8. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.МӨНХБААТАР