Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 04 сарын 02 өдөр

Дугаар 277

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Баярмаа,

улсын яллагч Н.Ням-Очир,

шүүгдэгч Ц.Г нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар:

              

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Ц.Гэд холбогдох эрүүгийн ____тоот дугаартай, 1 хавтас хэргийг 2019 оны 3 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ___ дугаарын регистртэй, Ц.Г.

 

Холбогдсон хэргийн талаар

Шүүгдэгч Ц.Г нь 2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр Баянгол дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Бичил үйлчилгээний төвийн Бөс барааны дэлгүүрийн гадна иргэн Г.Мыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдснээр/

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.Г мэдүүлэхдээ:

“...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

 

            Мөн хавтаст хэргээс мөрдөн байцаалтанд шүүгдэгч болон хохирогч, гэрч нарын мэдүүлсэн мэдүүлэг болон бусад баримтууд болох:

 

Мөрдөн байцаалтад шүүгдэгч Ц.Гийн өгсөн:

“...2019 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн 12 цагийн үед БГД-ийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах хорооллын бөс барааны дэлгүүрийн өмнө машинаа зогсооход зай байхгүй байсан. Ингээд машины урд машинаа зогсоогоод бөс барааны дэлгүүрт байрлах лангууруугаа орсон. Миний утасны цэнэг дууссан байсан болохоор ороод утсаа цэнэглээд дүү Э-гийн утас руу эхнэр залгаж байсан машинаа холдуул зогсоолоос машин гарах гэж байна гэж хэлсэн. Би нэг боодол даавуу бариад гарсан, гэтэл 40 орчим насны туранхай шар эрэгтэй зогсож байсан. Шууд хөдөөний мангар гэх мэтээр хэл амаар доромжилон өөдөөс дайрсан. Машин дээр утасны дугаар байна би чамайг залгахаар гараад ирлээ чи юундаа уурлаад байгаа юм бэ гэж хэлэхэд хажууд ирээд хэрүүл хийгээд мөн хэл амаар доромжилоод байсан. Би машиндаа суугаад явах гэсэн чинь өөдөөс чичрээд дайраад чи намайг цохьчих л доо гээд байхаар нь би машинаас буугаад чи одоо ямар хаашаа юм бэ гэж хэлэн бид хоёр дахиж муудалцсан. Энэ үед манай худалдагч Ц гарч ирээд бид хоёрыг болиоч гээд бид хоёрын голоор орж ирээд та одоо хүн явах гэж байхад наад хүнээ явуулаач гээд голоор орж ирэх үед, түлхсэн гараараа салавч гаргаж ирээд миний нүүр лүү гараараа нэг удаа цохисон. Би энэ үед мөн зөрүүлээд нүүр лүү нь гараараа нэг удаа цохисон. Энэ үед хажууд явж байсан танихгүй эрэгтэй ирээд бид хоёрыг салгаад хоёр тийш нь явуулсан. Үүнээс хойш утсаар залгаад хэл амаар доромжилоод би чиний түрээслэж байгаа байрны босс нь байна гэж хэлсэн. Үүнээс хойш зодоон болоогүй. Гэтэл 3-4 хоногийн дараа цагдаад өргөдөл өгсөн байсан...” гэх мэдүүлэг /хх-н 33-34, 53-54/,  

 

Мөрдөн байцаалтад хохирогч Г.Мын өгсөн:

“...Би   БГД 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах бичил үйлчилгээний төвийн 3-н давхарт үйл ажиллагаа явуулдаг. 2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 13 цагийн үед би ажлын байрнаас гараад машин дээр иртэл улаан хүрэн өнгийн машин миний болон зогсоолд байсан бусад машиныг хаагаад хөндлөн зогссон байсан. Ганц миний машины биш хэд хэдэн хүний машин байсан би уг машины салхины шилэн дээр байсан 2 дугаарын нэг дугаар луу залгахад холбогдох боломжгүй гэж хэлсэн, нөгөө дугаар луу залгахад нэг эмэгтэй хүн аваад хаана байна, би хэлье гэж 10-15 миниут алга болсон, дахиад залгасан, юу болсон гэж асуухад хэлсэндээ гэж хэлсэн. Нилээд удсаны дараа Г гэх хүн гартаа даавуу барьсан гарч ирсэн. Нилээн дургүй байгаа бололтой, машиныхаа багажинд даавуугаа хийгээд хөдөлж ядаад байсан. Би машинаа хурдан холдуул, яагаад зам хаагаад хүний ажилд саад болж байгаа юм бэ гэхэд ямар сүртэй пизда вэ, миний газар би мэдэж байна гэж хэлсэн. Машинаа холдуулахгүй байхаар нь холдуул гэж дахиж шаардлага тавихад ална шүү гэж өөдөөс орилоод байсан. Ер нь чамайг ална шүү гээд дайраад байсан. Энэ үед мөн нэг эмэгтэй гарч ирээд чи ямар сүртэй юм гээд орилоод байсан. Ингээд маргаж байгаад Г ер нь чамайг ална гэж дайрахад нөгөө эмэгтэй миний өмсөж байсан куртикны малгайнаас зуурч арагшаа татсан. Энэ уед Г үсэрч ирээд толгойн зүүн талд 2-3 удаа цохисон...” гэх мэдүүлэг /хх-н 21-22/,

 

Мөрдөн байцаалтад гэрч М.М-ын өгсөн:

“...2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 13 цагийн үед БГД-ийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах бичил үйлчилгээний төвийн 1 давхарт байрлах лангуун дээр ажлаа хийж байхад захирал Г гаднаас орж ирсэн. Утасны цэнэг дуусчихлаа гээд утсаа цэнэглээд, даавуу авчирч өгсөн. Ингээд удаагүй байж байтал Г захирлын эхнэр Энхээ рүү гадаа хүний машин таглаад тавьсан гээд хүн уурлаад залгаад байна гэж хэлсэн. Г ах шууд гарсан. Ингээд би цонхоор харсан чинь Г ах нэг эрэгтэй хүнтэй маргалдаад хэрэлдээд Г ах явах гээд 2, 3 удаа машиндаа суусан чинь нөгөө эрэгтэй ирээд хэрэлдээд байсан. Г ах нэг их удаагүй шүү дээ гэж хэлсэн чинь урдаас нь ирээд арагшина түрээд, өөдөөс нь салаавч өгөөд байсан. Би зодолдох гээд байна гэж бодоод гарч очоод болиоч гээд хоёуланг нь түлхсэн чинь Г ах машиндаа суух гээд явсан, нөгөө эрэгтэй мөн Г ахын араас очсон. Би уг эрэгтэйн өмсөж байсан куртикны малгайнаас нь татсан чинь Г ах нүүр лүү нь гараараа 1 удаа цохисон...” гэх мэдүүлэг /хх-н 10-11/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн шинжээчийн 1511 тоот: 

1. Г.Мын биед тархи доргилт, зүүн чамархай, дух, зүүн нүд орчмын зөөлөн эдийн няцрал, цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн ХӨНГӨН зэрэгт хамаарна.

3. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр багадаа 1-2 удаагийн үйлдлээр үүсэх боломжтой.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй.

5. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой гэх дүгнэлт /хх-н 28/,

 

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд болох:

- иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 42/

- оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-н 43/

- эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-н 47/ зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цугларч, бэхжүүлэгдсэн, нотлох баримтууд нь агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул нотлох баримтаар үнэлж, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж дүгнэсэн болно.

 

            Шүүхээс шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэм буруугийн талаар хийсэн хууль зүйн дүгнэлт:

 

Шүүгдэгч Ц.Г нь 2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр Баянгол дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Бичил үйлчилгээний төвийн Бөс барааны дэлгүүрийн гадна иргэн Г.Мыг зодож биед тархи доргилт, зүүн чамархай, дух, зүүн нүд орчмын зөөлөн эдийн няцрал, цус хуралт гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

 

шүүгдэгч Ц.Гийн “...2019 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн 12 цагийн үед ... эхнэр залгаж байсан машинаа холдуул зогсоолоос машин гарах гэж байна гэж хэлсэн. Би нэг боодол даавуу бариад гарсан, гэтэл 40 орчим насны туранхай шар эрэгтэй зогсож байсан. Шууд хөдөөний мангар гэх мэтээр хэл амаар доромжилон өөдөөс дайрсан. ... Ц гарч ирээд бид хоёрыг болиоч гээд бид хоёрын голоор орж ирээд та одоо хүн явах гэж байхад наад хүнээ явуулаач гээд голоор орж ирэх үед, түлхсэн гараараа салавч гаргаж ирээд миний нүүр лүү гараараа нэг удаа цохисон. Би энэ үед мөн зөрүүлээд нүүр лүү нь гараараа нэг удаа цохисон...” гэх мэдүүлэг, 

 

хохирогч Г.Мын “...2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 13 цагийн үед би ажлын байрнаас гараад машин дээр иртэл улаан хүрэн өнгийн машин миний болон зогсоолд байсан бусад машиныг хаагаад хөндлөн зогссон байсан. ... Би машинаа хурдан холдуул, яагаад зам хаагаад хүний ажилд саад болж байгаа юм бэ гэхэд ямар сүртэй пизда вэ, миний газар би мэдэж байна гэж хэлсэн. Машинаа холдуулахгүй байхаар нь холдуул гэж дахиж шаардлага тавихад ална шүү гэж өөдөөс орилоод байсан. ... Г үсэрч ирээд толгойн зүүн талд 2-3 удаа цохисон...” гэх мэдүүлэг,

 

гэрч М.М-ын “...2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдриин 13 цагийн үед ... Г ах машиндаа суух гээд явсан, нөгөө эрэгтэй мөн Г ахын араас очсон. Би уг эрэгтэйн өмсөж байсан куртикны малгайнаас нь татсан чинь Г ах нүүр лүү нь гараараа 1 удаа цохисон...” гэх мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн шинжээчийн 1511 тоот дүгнэлт зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.

 

Баянгол дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Ц.Гэд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байх тул шүүгдэгч Ц.Гийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Хохирлын талаар

“Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол” гэж, мөн “...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг....” гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд тус тус тодорхойлж хуульчилсан бөгөөд “Хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр бусдын амь нас, эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд уг гэмт хорыг хариуцан арилгах, гэмт хор учруулсантай холбогдон гарсан зайлшгүй бүх зардлыг хохирогчид нөхөн төлөх үүрэгтэй” талаар Иргэний хуулийн 497 дугаар зүйл болон 505 дугаар зүйлд тус тус зааж зохицуулсан.

 

Хэргийн хохирогч Г.Мын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь тухайн гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар буюу гэмт хэргийн хохирол болох бөгөөд учирсан гэмтлийн улмаас эмчилгээ үйлчилгээ хийлгэх зэрэг болон бусад зайлшгүй зардал нь гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн дагавар буюу хор уршигт тооцогдох юм.

 

Хавтаст хэргийн 65 дугаар талд хохирогч Г.М нь “...цаашид нэхэмжлэх зүйлгүй, гомдол санал байхгүй...” гэх хүсэлт гаргасан байх тул шүүгдэгч Ц.Гийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Эрүүгийн хариуцлага оногдуулах талаарх шүүхийн дүгнэлт:

Шүүгдэгч Ц.Гэд холбогдох хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх хэрэгт хамаарч байгаа, мөн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг бүрэн хангасан, прокуророос Ц.Гэд 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялын саналаа танилцуулж, гарын үсэг зуруулсан нь шүүгдэгч эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсгүүдэд заасан шаардлагад нийцсэн байх тул шүүх хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж дээрх торгуулийн ялыг оногдуулж шийдвэрлэлээ.

 

Шүүхээс шүүгдэгч Ц.Гэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөлд тооцсон ба ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

            Хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдав. 

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31.3 дугаар зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 17.5 дугаар зүйлийн 8, 9, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Ц.Гийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Гэд 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

   3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Гийн торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс хойш хуульд заасан хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, энэ хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

 

4. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Ц.Гэд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Ц.МӨНХ-ЭРДЭНЭ