| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Мижиддоржийн Мөнхбаатар |
| Хэргийн индекс | 188/2019/0369/Э |
| Дугаар | 406 |
| Огноо | 2019-04-09 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Р.Энх-Оюун |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 04 сарын 09 өдөр
Дугаар 406
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Мөнхбаатар даргалж,
нарийн бичгийн дарга Б.Сосорбарам,
улсын яллагч Р.Энх-Оюун,
шүүгдэгч Э.Ц нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Р.Энх-Оюунаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э.Ц-д холбогдох эрүүгийн ...................... дугаартай хэргийг 2019 оны 3 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, охины хамт, ....................... тоотод оршин суудаг, урьд Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 909 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлсэн, Э.Ц, /РД:..................../,
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд дурдсанаар/
Шүүгдэгч Э.Ц нь 2019 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 19 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хороо, Бага наран 37 дугаар гудамжны 08 тоотод иргэн А.М-ийг зодож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас хохирогч А.М-ийн мэдүүлэг /хх7-8/, гэрч Б.М-ын мэдүүлэг /хх9-10/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн №1583 дугаартай дүгнэлт /хх16/, Э.Цын яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх29-30/, Э.Ц-ын иргэний үнэмлэхний лавлагаа /хх33/, эрүүгийн хурицлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх35/, Нийслэлийн Шийдвэр гүйцэтгэх газрын 2019.04.05-ны өдрийн 68 дугаар Эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дууссан тухай тогтоол, эд хөрөнгөтэй эсэх хураангүй лавлагаа /хх39/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх40/, депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх41-44/, Цагдаагийн асап сангийн дэлгэрэнгүй лавлагаа /хх45-48/, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын хуулбар /хх50-52/, хохирогч А.М-ийн “...Ц эмчилгээний зардалд 150.000 төгрөг өгсөн. Гомдол санал байхгүй тул энэ хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү. Миний бие шүүх хуралдаанд оролцохгүй...” гэх хүсэлт /хх53/
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүйг дурдаж, Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Мөн шүүгдэгчийг яллагдагчаар, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.
Нэг. Шүүгдэгч Э.Ц-г гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтуудын агуулга:
1. Хохирогч А.М-ийн “...2019 оны 01 дүгээр сарын 19-ний өглөө нөхөр Б-тэй хамт гэртээ байж байтал Б-ын утас руу найз М залгаад уулзая гээд 10 цагийн орчим Сонгинохайрхан дүүрэг дээр уулзацгаасан. Бид 3 уулзаад Н- руу залгаад дуудаад Н- хүүхдийнхээн машинаас ломбард орно гэж үлдээд Н-гийн хүүхэд М, Б- бид 3 машиндаа суугаад гэр рүү нь явцгаасан. Гэрт нь ороод байж байтал гаднаас Ц, Н- хоёр “Хараа” нэртэй 0,75 литрийн хэмжээтэй архи барьчихсан орж ирээд бид 5 архи ууцгаасан. Тэгсэн Ц намайг дуудаад гэрээс гараад чиний зураг фэйсбүүк дээр утасны хулгайч гээд тавьчихсан байсан гэхээр нь би тийм юм хийдэггүй, чи харсан юм бол шэйрэлчихгүй яасан юм гэсэн чинь хэл амаар доромжлоод байсан тэгсэн дотроос Б- гарч ирээд юу болцгоогоод байгаан гэтэл Ц юм яриад гээд Б-ыг дагуулж гэр рүүгээ оронгуутаа гаднаас цоожлоод Ц гарч ирснээ үснээс зулгаагаад 4-5 метр чирээд зодоод байсан. Тэгсэн Н-ийн гэрээс М гарч ирээд салгаад намайг Н-ийн гэр рүү оруулсан чинь Ц араас орж ирээд хэл амаар доромжлоод аяга аваад над руу шидээд намайг онож аяга нь хагарсан. Тэгсэн хагарсан аяга бариад алчихья гээд хоолой зүссэн. Тэгсэн М Ц-г хөөж гаргаад би тэндээ хоносон. 2018 оны хавар Ц надад пүдр, үнэртэй ус зарж байсан юм, би тэрний мөнгийг нь өгөөгүй, тэрнээс болоод өс санасан байх гэж бодож байна. ...миний биед учирсан гэмтлүүдийг Ц үснээс зулгааж чирч мөн маажин аяга шидэж учруулсан...” гэх мэдүүлэг /хх7-8/,
2. Гэрч Б.М-ын “...2019 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр 16 цагийн орчимд Н, Б, Ц, М бид 5 Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хороо Их наранд Н-ийн гэрт 0,75 литрийн хэмжээтэй Соёрхол нэртэй архи 4 шилийг ууцгаасан. Би М, Ц 2-ыг юунаас болж маргалдсаныг мэдэхгүй байна. Би унтчихсан байсан. Орой 20 цагийн орчим юм түчигнээд байхаар нь өндийгөөд хартал М, Ц 2 нэг нэгнийгээ үснээс зулгаачихсан М-ийн хамарнаас цус гарчихсан байж байхаар нь та 2 болиоч гээд салгасан...” гэх мэдүүлэг /хх9-10/
3. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн №1583 дугаартай “М-ийн биед хоёр нүдний дээд доод зовхи, хамрын уг нуруу, дээд доод уруул, эрүүний баруун хэсэгт цус хуралт, хамрын үзүүр, хүзүүний баруун доод хэсэг, ууц, ахар сүүлэнд зулгарал, хүзүүний баруун хажуу доод хэсэгт шарх тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо ба ир үзүүртэй зүйлийн тус бүр нэг удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгджээ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх16/
4. Яллагдагч Э.Ц-ын “..би тухайн үед архи уусан байсан гэхдээ тасраад М-ийг зодчихсон юм уу яг зодсон гэдгээ санахгүй байгаа юм. Тэнд байсан хүмүүсийн хэлж байгаагаар би юм байна лээ...” гэх мэдүүлэг /хх29-30/
Гэм буруугийн дүгнэлт шүүгдэгч Э.Ц:
2019 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 19 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хороо, Бага наран 37 дугаар гудамжны 08 тоотод Э.Ц нь согтууруулах ундааны зүйл уусан үедээ иргэн А.М-тэй маргалдан улмаар түүнийг зодсон нь хохирогч А.М, гэрч Б.М нарын дээр дурдсан мэдүүлгээр тогтоогдож байна. Улмаар хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан нь Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн №1583 дугаар дүгнэлтээр тогтоогдож байна. Хэрэг учрал болсон гэх цаг хугацаа болон гэмтэл учирсан гэх цаг хугацааг шинжээчийн дүгнэлтээр эргэлзээгүй тогтоогдож байх тул шинжээчийн дүгнэлтийг хууль ёсны гэж үзлээ.
Шүүгдэгч Э.Ц нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Хохирол, хор уршиг-төлбөрийн тухайд:
Энэ гэмт хэргийн улмаас хохирогч А.М-д хохирол төлөгдсөн, гомдол саналгүй, нэхэмжилсэн зүйлгүй байх тул шүүгдэгч Э.Ц-ыг хохирогчид энэ тогтоолоор төлөх төлбөргүй гэж шүүх үзэв.
Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч Э.Ц-ын үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 909 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Э.Ц-д оногдуулсан 500 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял нь 2019 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр нийтэд тустай ажлаа хийж дууссан нь Нийслэлийн Шийдвэр гүйцэтгэх газрын 2019.04.05-ны өдрийн 68 дугаар Эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дууссан тухай тогтоолоор тогтоогдож байна. Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлд зааснаар Хэд хэдэн шийтгэх тогтоолоор ял оногдуулах нөхцөл байдал байхгүйг дурдах нь зүйтэй байна.
Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийг 600 цаг нийтэд тустай ажил хийлгэх санал гаргасан бөгөөд шүүгдэгч Э.Ц-ын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирогчийн хохирлыг төлж барагдуулсан байдал, түүний хувийн байдлын хувьд сургуулийн насны нэг хүүхэдтэй, тогтсон ажил хөдөлмөр эрхэлдэггүй, хэдий өмнөх шүүхийн шийтгэх тогтоолоор хүлээлгэсэн ялыг бүрэн биелүүлсэн боловч урьд энэ төрлийн гэмт хэрэг үйлдэн нийтэд тустай ажил хийх ялыг гүйцэтгэж байхдаа дахин гэмт хэрэг үйлдсэн зэргийг харгалзан 500 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэлээ.
Шийдвэрлэвэл зохих бусад зүйлийн талаар:
Эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Э.Ц-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Ц-д 500 /таван зуун/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Ц нь шүүхээс оногдуулсан 500 /таван зуун/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг нэг хоног хорих ялаар тооцож солихыг мэдэгдсүгэй.
4. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, шүүгдэгчийн иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, тэрээр энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдсугай.
5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
6. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
7. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.МӨНХБААТАР