Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 04 сарын 17 өдөр

Дугаар 001/ХТ2018/00626

 

П.Бы нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

    Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Б.Ундрах, Г.Цагаанцоож, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

          Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

          2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 634 дүгээр шийдвэр,

          Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 

          2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 02 дугаар магадлалтай,

          Нэхэмжлэгч: П.Б

          Хариуцагч: Б.Нт холбогдох                   

          Үндсэн нэхэмжлэл: Гэм хорын хохиролд 1.367.500 төгрөг гаргуулах тухай,

          Сөрөг нэхэмжлэл: Адууны үнэ 800.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг

          Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Б хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

          Шүүгч Б.Ундрахын илтгэснээр хянан хэлэлцэв.

          Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Г, нарийн бичгийн дарга Э.Боролдой нар оролцов.

         Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: П.Б миний бие хувиараа хөдөлмөр эрхэлдэг бөгөөд ОХУ-аас Улаанбаатар хот руу бараа бүтээгдэхүүн тээврийн хэрэгслээр хүргэдэг. 2017-04- 13-ны шөнө Сэлэнгээс Улаанбаатар хот руу ачаа  хүргэх гэж өөрийн Хино маркийн 55-53 СЭҮ улсын дугаартай ачааны автомашиныг жолоодож Сэлэнгэ аймгийн Жавхлант сумын нутаг дэвсгэр Жавхлантын Энгэр гэх газар явж байхад гэнэт зүүн гар талаас  хариулгагүй 2 адуу давхиад ороод ирсэн. Би зам тээврийн осол гаргахгүй байх ямар л бололцоотой арга хэмжээ авах ёстой тэр болгоныг авсан боловч сүүлд нь явж байсан адуу мөргөгдөж миний тээврийн хэрэгсэлд эвдрэл гэмтэл учирсан. Тухайн үед тэр 2 адуу ямар ч хариулгагүй, малчин нь байхгүй явж байсан. Хэрэв энэ малын эзэн нь адуу малаа маллаж хариулж байсан бол ийм осол гарахгүй, миний тээврийн хэрэгсэлд хохирол учрахгүй байсан. Энэ 2 адуу нь Сэлэнгэ аймгийн Жавхлант сумын 1 дүгээр багийн иргэн Б.Нын адуу гэдэг нь тогтоогдсон. Иймд Б.Наас гэм хорын хохирол 1.367.500 төгрөг  гаргуулж өгнө үү гэжээ.

         Хариуцагч гаргасан хариу тайлбартаа: П.Б 2017-04-13-ны өдөр Сэлэнгэ аймгаас Улаанбаатар хот руу явж байхдаа зам тээврийн осол гаргаж, миний адууг дайрсан байна. П.Б нь 1.367.000 төгрөгийг гэм хорын хохиролд нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй.Үүнээс бол би  хохирсон тул П.Бы нэхэмжилсэн 1.367.500 төгрөгийг төлөхөөс татгалзаж байна гэжээ.

         Хариуцагч сөрөг нэхэмжлэлдээ: Би Сэлэнгэ аймгийн Жавхлант суманд мал маллаж амьдардаг. 2017-04-13-нд сумын хэсгийн төлөөлөгчөөс адуугаа дайруулсныг мэдсэн. Тухайн үед би ямар машин тэрэг дайрч осол гаргасныг мэдээгүй. Миний адуу дайрагдсан газар нь айлын зуслан, хаваржаа, сумын байгал орчны хяналтын пост зэрэг хөл хөдөлгөөн ихтэй газар байгаа юм. Миний адуу унагалах дөхсөн байдас гүү байсан тул үнэлгээний комиссоор үнэлгээ тогтоолгож, иргэн П.Баас 800.000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.   

        Нэхэмжлэгч хариу тайлбарт: Тухайн зам тээврийн осол миний буруутай үйл ажиллагаа болон надаас шалтгаалж гарсан зүйл байхгүй. Харин хариуцагчаас болсон гэдэг нь тогтоогдно. Иймд сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

       Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 634 дүгээр шийдвэрээр Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар Б.Наас 1.367.500 төгрөг гаргуулан П.Бд олгож, сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжинд П.Бы  төлсөн 36.860 төгрөг, Б.Нын төлсөн 23.750 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 36.860 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн байна.

        Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 02 дугаар магадлалаар Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 634 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гомдлыг хангахгүй орхижээ.

        Хариуцагчийн төлөөлөгч хяналтын гомдолдоо: П.Б нэхэмжлэлдээ уг зам тээврийн осол шөнийн 01 цагаас 02 цагийн хооронд болсон талаараа бичсэн бөгөөд тухайн үед малчдыг малаа хариулаад явж байх ёстой гэж цагдаагийн байгууллага болон шүүхээс дүгнэснийг ойлгохгүй байна. Хөдөлмөрийн хуулийн зохицуулалтаар шөнийн цаг амралтын цаг байх ёстой гэж бодож байна. Шүүхээс Б.Ныг малаа хариулаагүй эс үйлдэхүйгээр бусдад гэм хор учруулсан гэж буруутгаж байна. Олон жил мал маллаж байгаагийн хувьд малчдыг шөнийн цагаар малаа хариулах ёстой гэж үзсэн энэ тохиолдлын үнэн зөвийг нь ялгаж өгнө үү. Монголчууд эрт дээр үеэсээ мал маллах арга барилд өдөр шөнөгүй малаа маллах ёстой гэсэн зүйл байхгүй, одоогийн хууль дүрэм нь зан заншлын хэм хэмжээтэйгээ зөрчилдөж байна. Ер нь уг зам тээврийн осол гарсан тэр хэсэгт айлууд хавар, зун, намартаа нүүдэллэн амьдардагийг мэдэхээс хойш засаг захиргааны байгууллагаас цагдаагийн байгууллагатай хамтран Замын хөдөлгөөний дүрмийн 1 дүгээр хавсралтаар батлагдсан “Замын тэмдэг, тэмдэглэл”-ийн 1.21 “Мал тууж гарах газар”, 1.22 “Ан амьтан”-мал, ан амьтан гарч ирж болзошгүй замын хэсэг байгааг тэмдэглэсэн тэмдэглэгээг уг хавсралтын 2-т заасан зохицуулалтын дагуу /...1.5-1.27 тэмдгийг хөдөлгөөнд аюул учруулж болзошгүй замын хэсэг эхлэх газраас суурин газрын доторх замд 50-100 метр, суурин газрын гаднах замд 150-300 метрийн өмнө байрлуулна/ байрлуулах үүрэгтэй байсан. Төрийн байгууллага үүргээ биелүүлээгүйн улмаас жирийн малчин иргэн хохирох учиргүй. Тээврийн хэрэгсэл жолоодож байгаа жолооч хүн бүрэн хариуцлага хүлээж яваагийнхаа хувьд сонор сэрэмжтэй байх ёстой, ялангуяа шөнийн цагаар илүү анхааралтай явах ёстой байсан. П.Б нь зогсоох арга хэмжээ авсан гэж байгаа боловч тухайн үеийн хурдыг тогтоох ямар ч боломжгүй, гэхдээ хурдтай явж байсан учраас л дайрагдсан адуу газар дээрээ үхсэн байх гэж бодож байна. П.Б машинаа зогсоох арга хэмжээ аваад бараг зогсохын даваан дээр нэг адуу ирээд мөргөөд үхсэн мэтээр ярьж бичдэг, үнэхээр зогсох үед мөргөсөн бол адуу үхэх байсан уу, нэхэмжлэгчийг үнэн зөв ярьж байгаад эргэлзэж байна. Хариуцагчийн зүгээс шүүхэд хүсэлт гаргаж дахин шинжээч томилсон бөгөөд уг шинжээчийн дүгнэлт нь өмнөх захиргааны арга хэмжээний материалын хүрээнд гаргасан гэж бичсэн, мөн П.Быг зогсоох арга хэмжээ авсан гэж үзэж дүгнэлт гаргав гэсэн байдаг. Хариуцагчийн талаас ер нь бол уг захиргааны арга хэмжээний материалд дурдаагүй, хөндөгдөөгүй зарим асуудлуудыг тодорхой болгохын тулд дахин шинжээч томилуулсан хэдий ч хязгаарлагдмал байдлаар дүгнэлт гаргасан. Уг 2017-11-06-ны өдрийн 108 дугаар дүгнэлтийг сайн уншвал Цагдаагийн байгууллага хэт нөгөө талд үйлчилсэн гэдэг нь харагдаж байгаа. Уг зам тээврийн осол болсон газрын зорчих хэсэгт замын хөдөлгөөний дүрэмд заагдсан ямар замын тэмдэг тэмдэглэгээ үйлчилж байсан эсэхийг тодруулахаар хүсэлтээ гаргасан хэдий ч төдийлөн анхаарч авч үзээгүй, дүгнэлтэд “Захиргааны арга хэмжээний материалд замын тэмдэг тэмдэглэгээний талаар баримт авагдаагүй" гэх байдлаар дүгнэлт гаргасан байсан. Тухайн зам тээврийн осол болсон газрын орчимд хавар, зуны цагт малтай айлууд хаваржиж зусдаг. Сэлэнгээс Улаанбаатарын чиглэлд ачаа тээвэрлэдэг гэх жолооч П.Б нь энэ талаар мэдэхгүй байх учиргүй. Өөрөөс нь асууж тодруулах зүйлүүд байсан хэдий ч нэг ч удаа уулзаагүй. Сөрөг нэхэмжлэлийн хувьд уг зам тээврийн ослын улмаас Б.Нын адуу үхэж 750.000 төгрөгийн хохирол учирсан байхад жолоочоор уг хохирлыг төлүүлэхгүй байгаад гомдолтой байна. Цаашид ийм байдлаар асуудалд хандвал их буруу жишиг тогтох өндөр магадлалтай. Айлын мал дайрчхаад машинд учирсан хохирлоо нэхэх хандлагатай. Тухайн зам тээврийн осол гаргасан жолооч ямар хариуцлага хүлээсэн юм гомдолтой байна. Иймд шийдвэр, магадлал үндэслэлгүй гарсан гэж үзэж гомдол гаргаж байна. П.Бы нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

ХЯНАВАЛ:

         П.Б 2017 оны 05 дугаар сарын 09-ны өдөр Б.Нд холбогдуулан   нэхэмжлэл гаргаж, ХИНО маркийн СЭҮ 55-53 улсын дугаартай автомашины урд буфер засварлах үнэ 36.000 төгрөг, кабины зүүн багана засварлах үнэ 121.000 төгрөг, зүүн хажуу тал засварлах үнэ 75.000 төгрөг, урд нүүр /каркас/ засварлах үнэ 50.000 төгрөг, зүүн урд их гэрэл дохионы үнэ 320.000 төгрөг, нүүр /сеткон/ 120.000 төгрөг, зүүн урд крыло 90.000 төгрөг, зүүн урд нэмэлт гэрэл дохио 60.000 төгрөг, капотны нугас 2 ширхэг 80.000 төгрөг, зүүн урд булан 35.000 төгрөг, капотны засварын үнэ 58.000 төгрөг, гэрлийн хүрээ 20.000 төгрөг, эд анги солих зардал 100.000 төгрөг, будах зардал 142.500 төгрөг, будагны үнэ 60.000 төгрөг нийт 1.367.500 төгрөг шаарджээ.

      Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч маргахдаа, П.Баас нэг адууны үнэ 800.000 төгрөг шаардаж, 2017 оны 06 дугаар сарын 19-ний өдөр сөрөг нэхэмжлэл гаргасан байна. /хх 18, 21/

 Анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүрэн хангаж, сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх хэвээр үлдээжээ.

       Хяналтын шатны шүүхэд гаргасан хариуцагчийн гомдлыг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

       1. Зохигч талууд шаардлага болон татгалзлаа нотлох баримт болгож, автомашины техникийн эвдрэл, хохирлын үнэлгээний тайлангийн хавсралт /хх 3/, Хөрөнгө эстимейт ХХК-н 2017-04-15-ны өдрийн 3061 дугаар тайлан /хх 4/, шинжээчийн 2017-04-15-ны өдрийн 24 дугаар дүгнэлт /хх 5, 80/, Сэлэнгэ аймгийн Жавхлант сумын үнийн комиссын 2017-06-15-ны өдрийн 06 дугаар үнэлгээ /хх 19/, Ашид билгүүн ХХК-ийн үнэлгээ /хх 76-77/, 2017-04-25-ны өдрийн 0634174 дугаартай шийтгэвэр /хх 78, 79, 81/, цагдаагийн мэдээлэл судалгааны ахлах мэргэжилтэн Д.Отгонбаатарын тодорхойлолт /хх 82/, захиргааны шийтгэл ногдуулах тухай 2017-04-18-ны өдрийн шийтгэвэр /хх 83/, захиргааны зөрчлийг хянан шалгасан материал /хх 96-134/-г гаргаж, шүүх шийдвэр гаргасан тул эдгээр баримтын хэмжээнд хариуцагчийн гомдлын талаар дүгнэлт хийх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.3-р зүйлд нийцэх юм.

       2. П.Б Сэлэнгэ аймгаас Улаанбаатар хотын  чиглэлд, ХИНО маркийн СЭҮ 55-53 маркийн автомашин жолоодон явахдаа 2017 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн шөнө 01.50 цагийн орчим Сэлэнгэ аймгийн Жавхлант сумын 1-р багийн нутаг дэвсгэрт  Б.Нын нэг адууг дайрч зам тээврийн осол гарчээ.

       Зам тээврийн ослын үзлэгийн тэмдэглэл, зөрчлийн материалыг үндэслэн 2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр гаргасан шинжээчийн 108 дугаар дүгнэлтэд /хх 134/  “...тухайн орчны замын тэмдгийн үйлчлэх хүрээ тусгагдаагүй, П.Бы жолоодож явсан тээврийн хэрэгслийн хурдыг тогтоох боломжгүй...” гэж тэмдэглэгдсэн бөгөөд шинжээч нь “...жолооч зогсоох арга хэмжээ авсан гэж үзэж...” дүгнэлт гаргасан байна. Жолооч тээврийн хэрэгслийг зогсоох арга хэмжээ авсан эсэх болон тээврийн хэрэгслийн явж байсан хурдыг тодорхойлох боломжгүй нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байхад шүүх уг баримтаар нэхэмжлэгч зам тээврийн осолд буруугүй гэж үзсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-40.3-т нийцээгүй байна.

       Сэлэнгэ аймгаас Улаанбаатар хотын  чиглэлд, Сэлэнгэ аймгийн  Жавхлант сумын  1-р багийн нутаг дэвсгэрт  2017 оны 04 дүгээр сарын 13-ны шөнө 01.50 цагийн орчим гарсан зам тээврийн осолд ХИНО маркийн СЭҮ 55-53 маркийн  автомашины жолооч буруугүй нь тогтоогдоогүй байхад шүүх нэхэмжлэлийг хангасан нь Иргэний хуулийн  510 дугаар  зүйлийн зохицуулалтад  нийцээгүй  тул энэ үндэслэлээр хариуцагчийн гомдлыг хангав.

       3. Б.Н нь Замын хөдөлгөөний дүрмийн “...засмал замд 50 метрээс дотогш хариуллагагүй мал байлгахыг хориглоно...” гэснийг зөрчсөний улмаас зам тээврийн осол гарах нөхцөлийг бүрдүүлсэн нь тогтоогдсон тул шүүх сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь зөв байна. Харин шүүх хэргийг шийдвэрлэхдээ Иргэний хуулийн хэрэглэвэл зохих зүйлийг хэрэглээгүй байна.

      Дээр дурдсан үндэслэлээр шийдвэр болон магадлалыг хүчингүй болгож, үндсэн болон сөрөг нэхэмжлэлийг тус тус бүхэлд нь хэрэгсэхгүй болгов.

        Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.4 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

        1. Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 634 дүгээр шийдвэр, Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 02 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, Иргэний хуулийн 497-р зүйлийн 497.1, 501 дүгээр зүйлийн 501.2, 510 дугаар зүйлд заасныг баримтлан Б.Наас 1.367.500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл, П.Баас 800.000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг тус тус бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

        2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т заасныг баримтлан хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр төлсөн 36.860 төгрөгийг Б.Нд захирамжаар буцааж олгосугай.

 

                                 ТАНХИМЫН ТЭРГҮҮН                           Х.СОНИНБАЯР

                                  ШҮҮГЧ                                                     Б.УНДРАХ