Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 07 сарын 05 өдөр

Дугаар 37

 

2017,7,5 37

Л.Баянмөнх, Т.Цэцэгмаа нарт холбогдох 

эрүүгийн хэргийн талаар

226/2017/0022/Э

Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дэнсмаа даргалж, шүүгч О.Баатарсүх, Б.Сүхгомбо нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдааны “А” танхимд, 

Нарийн бичгийн дарга: Н.Болор-Уянга, 

Прокурор: П.Эрдэнэбаатар /онлайнаар/, 

Ялтны өмгөөлөгч: Ж.Батбаатар, Г.Бадамгэрэл,

Хохирогчийн өмгөөлөгч: С.Нарангэрэл,

Хохирогч: С.Ганцэцэг,

Ялтан: Т.Цэцэгмаа, Л.Баянмөнх  нарыг оролцуулан,

Хэнтий аймгийн Бор-Өндөр сум  дахь Сум дундын шүүхийн шүүгч М.Энхмандах даргалж, шүүгч Р.Батбаяр, Говьсүмбэр аймгийн Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Энхмандах нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2017 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 12 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч, ялтны өмгөөлөгч Ж.Батбаатар, хохирогч С.Ганцэцэг, ялтан Т.Цэцэгмаа, Л.Баянмөнх нарын давж заалдах гомдлоор ялтан Т.Цэцэгмаа, Л.Баянмөнх нарт холбогдох эрүүгийн 201623010034  дугаартай хэргийг 2017 оны 5 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Сүхгомбын илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, Хэнтий аймагт 1973 онд төрсөн, 44 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 6, эхнэр 4 хүүхдийн хамт Хэнтий аймгийн Баянмөнх сумын 2 дугаар багт оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй гэх Боржигон овогт Лувсанцэрэнгийн Баянмөнх. /РД:СГ73070717/

Монгол Улсын иргэн, Хэнтий аймагт 1977 онд төрсөн, 39 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 6, нөхөр 4 хүүхдийн хамт Хэнтий аймгийн Баянмөнх сумын 2 дугаар багт оршин суух, алдарт эхийн 2 дугаар одонтой, ял шийтгэлгүй гэх Зүүн цээжин овогт Туулайхүүгийн Цэцэгмаа /РД:СГ77051706/

Л.Баянмөнх, Т.Цэцэгмаа нар нь урдьчилан үгсэн тохиролцож бүлэглэн 2015 оны 7 дугаар сарын сүүлээр Хэнтий аймгийн Дархан сумын нутаг “Бор мааньт” гэх газраас С.Ганцэцэгийн бэлчээр дээр байсан үхрээс 11 тооны буюу олон тооны үхэр хулгайлж бусдад 5.300.000 төгрөгийн, давтан үйлдлээр 2015 оны 9 дүгээр сарын 29-ний шөнө 10 тооны буюу олон тооны үхэр хулгайлж бусдад 6.900.000 төгрөгийн, 2015 оны 10 дугаар сарын 30-ны шөнө 9 тооны буюу олон тооны үхэр хулгайлж бусдад 5.000.000 төгрөгийн, 2016 оны 4 дүгээр сарын 16-ны шөнө 9 тооны буюу олон тооны үхэр хулгайлж бусдад 4.750.000 төгрөгийн, 2016 оны 5 дугаар сарын 26-ны шөнө 7 тооны үхэр хулгайлж 4.030.000 төгрөгийн нийт 5 удаагийн давтан үйлдлээр хохирогч С.Ганцэцэгийн 46 тооны үхэр буюу олон тооны бод малыг хулгайлж, зарж борлуулан нийт 25.980.000 төгрөгийн их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Хэнтий аймгийн Бор-Өндөр дэх сум, Сум дундын прокурорын газраас Л.Баянмөнх, Т.Цэцэгмаа нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.3-т зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлжээ. 

Хэнтий аймгийн Бор-Өндөр сум  дахь Сум дундын шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 12 дугаар шийтгэх тогтоолоор: Шүүгдэгч Боржигон овогт Лувсанцэрэнгийн Баянмөнх, Зүүнцээжин овогт Туулайхүүгийн Цэцэгмаа нарыг урьдчилан үгсэн тохиролцож, давтан үйлдлээр олон тооны мал хулгайлж бусдад их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд  тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.3-т зааснаар шүүгдэгч Л.Баянмөнхөөс 500.000 /таван зуун мянга/ төгрөгийн эд хөрөнгө хурааж, 6 /зургаан/ жилийн хорих ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.6 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.3-т зааснаар шүүгдэгч Т.Цэцэгмаагаас 500.000 /таван зуун мянга/ төгрөгийн эд хөрөнгө хурааж, 5 /тав/ жил 6 /зургаан/ сарын хорих ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6-т зааснаар шүүгдэгч Л.Баянмөнхөд оногдуулсан 6 жилийн хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид,  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-т зааснаар шүүгдэгч Т.Цэцэгмаад оногдуулсан 5 жил 6 сарын хорих ялыг жирийн дэглэмтэй эмэгтэйчүүдийн хорих ангид тус тус эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2-т зааснаар ялтан Л.Баянмөнхийн цагдан хоригдсон 201 хоног, ялтан Т.Цэцэгмаагийн цагдан хоригдсон 14 хоногийг  ял эдэлсэн хугацаанд тус тус оруулан тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 49 дүгээр зүйлийн 49.2 дахь хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэхэд хэрэглэсэн ялтан Л.Баянмөнх, Т.Цэцэгмаа нарын өмчлөлийн 300.000 төгрөгийн үнэ бүхий хээр зүсмийн амаа харсан саран тамгатай, хязаалан насны морийг хурааж улсын орлого болгож,  Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10 дахь хэсэгт зааснаар ялтан Л.Баянмөнхийн өмчлөлийн 45-07 ХЭҮ улсын дугаартай, цагаан өнгийн Киа Бонго Пронтер маркийн авто машиныг битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан мал, мах түүхий эдийн гарал үүслийн гэрчилгээ, 2013, 2014, 2015 оны жилийн эцсийн малын А дансны хуулга зэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7 дахь хэсэгт зааснаар хэргийг хадгалах хугацаа дуустал үлдээж, битүүмжлэгдсэн эд хөрөнгө болох ялтан Л.Баянмөнх, Т.Цэцэгмаа нарын өмчлөлийн адуу 27, үхэр 35, хонь 300, ямаа 100 нийт 462 толгой малыг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн тогтоолыг  Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдтал хэвээр үлдээж, шүүгдэгч нарын бичиг баримт шүүхэд ирээгүйг тус тус дурдаж, Иргэний  хуулийн  497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар ялтан Л.Баянмөнх, Т.Цэцэгмаа нараас тус бүр 8.647.500 /найман сая зургаан зуун дөчин долоон мянга таван зуун/ төгрөгийг гаргуулж Хэнтий аймгийн Дархан сумын 3 дугаар багт оршин суух хохирогч С.Ганцэцэгт олгож, ялтан Л.Баянмөнхөд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэжлүүлж, ялтан Т.Цэцэгмаад авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч тус тус  дурдаж шийдвэрлэжээ.

Хохирогч С.Ганцэцэг нь давж заалдах гомдолдоо: ... Мөрдөн байцаагч Шинэбат хэргийг хуулийн хүрээнд шалгасан. Шүүгдэгч нарын хулгай хийгээгүй гэж бүх зүйлийг үгүйсгэж байгаа нь ойлгомжгүй байна. Тэдний хулгай хийж байсан нь гэрчийн мэдүүлгээр бүрэн нотлогдсон. Мөн шүүх хуралдаанд гэрч оролцоогүй явдалд намайг буруутгаж байна. Гэрчүүд өөрсдөө ирэх боломжгүй гэж хүсэлт гаргасан. ... Анхан шатны шүүхийн тогтоол нь үнэн, зөв гарсан гэж үзэж байгаа тул тогтоолыг хэвээр үлдээж, намайг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

Ялтны өмгөөлөгч Ж.Батбаатар нь давж заалдах гомдолдоо: ...  Энэ хэрэгт мөрдөн байцаагч Шинэбатыг татгалзан гаргах хүсэлт гаргаж байсан боловч хангаж байгаагүй. Гэрч Ү.Балгандорж малын нас, зүсийг огт мэддэггүй гэж мэдүүлэг өгсөөр байтал мөрдөн байцаагч нь тулгаж, хөтөлж байцаалт авч, Балгандоржоор малын им, зүс, тамгыг нэг бүрчлэн хэлсэн мэтээр байцаалт авсан. Мөн гэрч Энх-Өлзий, Төмөрсүх нар нь гэрчээр шүүх хуралд оролцохдоо хохирогч Ганцэцэгтэй буудлын нэг өрөөнд байрлаж байсан бөгөөд тэдний шүүх хуралдаан дээр өгсөн мэдүүлгүүд нь яг адилхан байсан. Энэ  нь эдгээр гэрчид Ганцэцэг нөлөөлж хэлэх үгийг нь  зааж өгсөн гэж үзэж байна. Л.Мөнххэрлэнг гэрчээр асуулгах тухай хүсэлтийг  хангаагүй. Гэрч нарын зөрүүтэй мэдүүлгээр шүүгдэгч нарт ял халдааж байгаа нь хууль бус ажиллагаа юм. ... Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг нэмэлт мөрдөн байцаалтанд буцааж өгнө үү гэжээ.

Ялтан Л.Баянмөнх нь  давж заалдах гомдолдоо: ... Би 2016 оны 5 сарын 25-нд 7 тооны үхэр хулгайлсан үйлдлээ зөвшөөрч байна. Гэтэл намайг эхнэртэй минь хамт 5 удаагийн үйлдлээр 46 тооны үхэр хулгайлсан гэж ямар ч үндэслэлгүйгээр зөвхөн гэрчүүдийн мэдүүлгээр яллаж байгаад гомдолтой байна. ... Гэрч О.Эрдэнэбатын өгч байгаа мэдүүлгүүд нь худлаа гэдэг нь хэргийн материалаас тодорхой харагдаж байгаа. Бид 3 хүүхэдтэй ба тэдний цаашдын амьдрал хүнд, хэцүү байдалд байна. Хэргийг шалгах явцад мөрдөн байцаагч Шинэбатыг хувийн сонирхолтой гэх үндэслэлээр татгалзах хүсэлтийг гаргахад огт хүлээж аваагүй. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, эхнэр Цэцэгмаад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгон, зүйлчлэлийг хөнгөрүүлж өгнө үү гэжээ.

Ялтан Т.Цэцэгмаа нь давж заалдах гомдолдоо: ... Би бага насны 5 хүүхдээ асран хамгаалдаг эх хүн. Намайг хууль бусаар яллахдаа анхан шатны шүүхийн тогтоолд тэднийг минь асран хамгаалах хүнгүйгээр үлдээсэнд  маш их гомдолтой байна. Би хүүхдүүдээ хараад л гэртээ байдаг байсан. Нутгийн иргэд ч мэдэж байгаа. Гэрч Баянмөнхийн худал мэдүүлгээр яллаж байгаа нь мөрдөн байцаагч хэт яллах талыг барьсан гэдэг нь тодорхой харагдаж байгаа юм. 2016 оны 4 сарын 18-нд өөрийн 5 үхрээ ажиллаад хот явсан байтал гарал үүслийн бичиггүй гэх шалтгаанаар хулгайн мал гэж үзсэн. Тухайн үед малын цэцэг өвчин гарсан учраас бичиг аваагүй. Шүүх хуралд гэрчүүдийг оролцуулах хүсэлт гаргаж байсан хэдий ч хохирогч түүний өмгөөлөгч нарын оролцуулахгүй гэх эсэргүүцэл маш их байсан бөгөөд Бор-Өндөр сумын цагдаагийн газар албадан ирүүлэх шүүгчийн захирамж гарчихаад байхад огт хуралд авчраагүйд гомдолтой байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг нэмэлт мөрдөн байцаалтанд буцааж өгнө үү гэжээ.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв. 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Л.Баянмөнх, Т.Цэцэгмаа нар нь 2015 оны 7 дугаар сарын сүүлээр Хэнтий аймгийн Дархан сумын нутаг “Бор мааньт” гэх газраас С.Ганцэцэгийн бэлчээр дээр байсан үхрээс 11 тооны буюу олон тооны үхэр хулгайлж бусдад 5.300.000 төгрөгийн, 2015 оны 9 дүгээр сарын 29-ний шөнө 10 тооны буюу олон тооны үхэр хулгайлж бусдад 6.900.000 төгрөгийн, 2015 оны 10 дугаар сарын 30-ны шөнө 9 тооны буюу олон тооны үхэр хулгайлж бусдад 5.000.000 төгрөгийн, 2016 оны 4 дүгээр сарын 16-ны шөнө 9 тооны буюу олон тооны үхэр хулгайлж бусдад 4.750.000 төгрөгийн, 2016 оны 5 дугаар сарын 26-ны шөнө 7 тооны үхэр хулгайлж 4.030.000 төгрөгийн нийт 5 удаагийн давтан үйлдлээр хохирогч С.Ганцэцэгийн 46 тооны үхэр буюу олон тооны бод малыг хулгайлж, зарж борлуулан нийт 25.980.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

Хохирогч С.Ганцэцэгийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: ... Би 2014 оноос 2016 оны хооронд маш олон тооны үхрээ хулгайд алдсан. Хамгийн сүүлд 2016 оны 5 сарын 25-ны шөнө 7 тооны үхэр алдсан. Баянмөнх, Цэцэгмаа нар нь  манай үхрээс нийт 46 тооны үхрийг олон удаагийн үйлдлээр хулгайлж авсан байгаа нь хавтаст хэрэгт байгаа нотлох баримтуудаар нотлогддог. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогч намайг хохиролгүй болгож өгнө үү ... гэх 

Гэрч Ү.Балгандоржийн мөрдөн байцаалтанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: ... Би Цэцэгмаа, Баянмөнх хоёрт нэг удаа буюу 2016 оны 4 сард мал ажиллаж өгсөн. Би малын зүс мэдэхгүй. 5 тооны үхэр байсан. Тэр хоёр одоо цагдаа ирнэ сэвсийг нь бул гэхээр нь булсан ... гэх,

Гэрч Г.Энх-Амгалангийн мөрдөн байцаалтанд өгсөн: ... Тухайн үхрүүд бидэртэй хүрэн халзан гуна, хар тарлан шүдлэн, улаан халзан шүдлэн, хар халзан үнээ гэсэн 4 тооны үхэр байсан. Миний мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг үнэн зөв ... гэх,

Гэрч Б.Энх-Өлзийн мөрдөн байцаалтанд өгсөн: ... Намайг Энх-Амгалангийн малыг харж байхад Баянмөнх сарман хүрэн халзан бидэртэй гуныг манай үхэр гэж хэлээд аваад явсан. Тэгээд ийм имтэй 4 тооны үхэр урд явж байхад тэр үхрүүдийг асууж байсан. Тэгэхээр нь би урд байсан түүнээс хойш харагдаагүй гэж хэлсэн. Тэгээд Баянмөнх нөгөө үхрээ аваад явсан. Баянмөнх надад хүнээс авсан үхэр гэж хэлж байсан. Надаас тарлан үхэр, улаан халзан үхэр, бидэртэй ухаа хүрэн үхэр асууж байсан ... гэх,

Гэрч О.Эрдэнэбатын мөрдөн байцаалтанд өгсөн: ... 2015 оны 7 сарын сүүлээр Баянмөнх сумаас баруун тийш “Улаан эрэг” гэх газар нэлээн орой загасчлаад байж байтал мал тууж байгаа чимээ гараад байхаар нь урагшаа харсан чинь голоос хэдэн үхэр туусан хүн гарч ирсэн. Тэгээд миний уурга дээр орох нь уу гэтэл уургын дээгүүр хэдэн үхэр голоор гаргасан. Тэгтэл ард нь хоёр тугалтай үнээ үлдсэн. Би Баянмөнхийг хараад таньсан. Тэгээд би Баянмөнхийг өөрийнхөө үхрийг тууж явна гэж бодоод хоёр үлдсэн үхрийг холдуулах гээд очсон чинь өрөөсөн эвэртэй хүрэн үнээ, хар тугалтай, сартай улаан үнээ улаан халзан тугалтай байсан. Би 2015 оны 9 сарын сүүлээр манай хадам Бор-Өндөр явах гээд төв аймгийн Баянжаргалан суманд ирсэн байна гэж утсаар ярихаар нь хүлээгээд ирэхгүй болохоор нь амдаж тосдог юм уу гээд Дэлгэрхаан сумын Хөмүүлтийн гүүрний хавьд машин нь эвдэрсэн  байна гэж хүн хэлэхээр нь очоод эргэж машины сэлбэг сумаас аваад эргээд машинд өгчихөөд буцаж ирж явахад машины гэрлийн үзүүрт Баянмөнх таарсан. Хар бараан зүсмийн морьтой 10 орчим үхэр хөөгөөд явж байсан. Хөөж явсан үхрүүдийн зүс нь машины гэрэлд 2-3 хар тарлан үхрүүд, 2-3 цайруу зүстэй үхэр байсан ер нь үхрүүд нь голцуу бүдүүн үхэр байсан.Тухайн үед Баянмөнхийг үхрээ аваад явж байна гэж бодсон ... гэх,

Гэрч Ү.Анхбаярын мөрдөн байцаалтанд өгсөн: ... Баянмөнхийн эхнэр Цэцэгмаа над руу 2016 оны 4 дүгээр сарын 17-ноос 18-нд шилжих шөнө 01 цагийн үед над руу утсаар яриад “танай бойн дээр нөхөртэйгөө ирээд байна. Чи ирж мах авах уу” гэхэд би “юуны мах байгаа вэ”  гэхэд “6 үхрийн махтай ирсэн”  гэхэд нь би надад одоогоор мөнгө байхгүй байна гэсэн. Бид хэд хот руу орж болохгүй байна. Баянмөнх суманд малын өвчин гарсан гээд малын гарал үүслийн бичиг өгөхгүй байгаа учраас бичиггүй орж болохгүй байна гэж ярьж байсан. Тэгэхээр нь би бичиггүй мах бол бүр авах боломжгүй гэж хэлээд утсаа салгасан юм. Тэгээд өглөө 6 цагийн үед Баянмөнх надруу 3 удаа залгахаар нь би утсаа аваагүй юм. Тэгсэн надруу 98820989 гэсэн дугаараас миний 99235647 дугаарын утас руу бичиггүй махтай гээд Чингэлтэй дүүргийн цагдаад баригдаад байж байна. Чамайг бичгийг нь авчихсан гэж хэлчихсэн шүү гэсэн мессеж ирүүлсэн /1-хх-н 98 х/

Гэрч Ц.Баярмагнайгийн мөрдөн байцаалтанд өгсөн: ... 2016 оны 5 дугаар сарын 28-ны өдөр Баянмөнх, Цэцэгмаа хоёроос мухар хар зүсмийн үхэр, улаан халзан зүсмийн үхэр гээд 2 тооны үхэр, 2 тооны хонины махыг арьс шир гэдэстэй нь хамт авсан. Энэ хоёрын авчирч өгсөн махыг би нийт 1.670.000 төгрөгөөр худалдаж авсан. ...Өмнө нь 2015 оны 7 дугаар сард байх би Улаанбаатар хотын Чингэлтэй дүүрэгт байх “Хүчит шонхор" захад өөрийн худалдаж авсан махаа зарж борлуулж байх үед Цэцэгмаа миний утас руу өөрийнхөө 98920989 дугаарын утсаар залгаж “би нөхөртэйгөө Улаанбаатар хотод 7 үхэртэй ирлээ, наагуураа зарж борлуулах нүх хайж байгаарай” гэж хэлчихээд удалгүй цагийн дараахан ирсэн. Тэгэхээр нь би “Хүчит шонхор” зах дээр үхрийн шахаа мах худалдаж авч байсан ченж Далай гэх ченжтэй уулзуулж өгсөн. Далай Цэцэгмаа, Баянмөнх хоёрын авчирсан 7 тооны үхрийг худалдаж авсан. 2015 оны 9 дүгээр сарын сүүл 10 дугаар сарын эхээр байх намайг “Хүчит шонхор” зах дээр явж байтал Цэцэгмаа, Баянмөнх хоёртой таарсан юм. Тэр  хоёр надад 3 тооны үхэртэй ирсэн гэж ярьсан. Арьс, толгой, гэдэсгүй цулгай үхрийн мах байсан. 2016 оны 4 дүгээр сарын 16-нд намайг Говьсүмбэр аймгийн Баянтал суманд байхад мөн л Цэцэгмаа над руу ярьж “5 тооны үхэртэй очно, махны ханш ямар байна, Налайх дүүргийн махны бой хэд хүртэл мах авдаг вэ” гэж асуухаар нь би шөнийн 4 цагаас өмнө авчирхад болно гэж хэлсэн. Тэгээд маргааш нь буюу 2016 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр 21 цаг 26 минутанд миний утсанд мессеж ирэхээр нь унштал Цэцэгмаагийн 98920989 дугаарын утаснаас үхрийн арьс, гэдэс хэдтэй байгаа юм бид хэд өнөө гараад явж байна гэсэн мессеж ирсэн. ...  2016 оны 6 сарын 10-ны орой 23 цаг өнгөрөөгөөд Цэцэгмаа буюу Диматай утсаар ярихад Цэцэгмаа надад хэлэхдээ 2015 оны 7-р сарын сүүлээр “Хүчит шонхор” зах дээр Далайбаяр ченжид зарсан 7 тооны үхрийн талаар янз бүрийн хүн асуувал мэдэхгүй гэж хэлээрэй мөн Далайбаярт бас энэ талаар хэлж түүнээс хүн асуувал мэдэхгүй гэж хэлээрэй гэж байсан.  /1- хх-н 101-102, 104 х/

Гэрч С.Отгонжаргалын мөрдөн байцаалтанд өгсөн: ... 2015 оны 7 сарын 26-ны өглөө зах дээр  байхад ченж Далайбаяр гэдэг залуу өглөө 08 цагийн үед “7 тооны үхрийн мах өгөх гэсэн юм” гэж хэлсэн. Би Далайбаярыг дагуулж яваа хүмүүсийн 7 тооны үхрийн махыг худалдан авахаар болоод хагас мөнгийг нь бэлнээр хагасыг нь дансаар мобайл банкаар явуулсан. Би мобайл банкаар 2.800.000 төгрөг, бэлэн 2.500.000 орчим төгрөг өгсөн. Бэлэн мөнгөө яг нарийн сайн санахгүй байна. Би Цэцэгмаа, Баянмөнх гээд эхнэр нөхөр хоёрын данс руу мөнгөө хийсэн. Надтай эхнэр Цэцэгмаа нь малын тооцоо хийсэн ... гэх /1-хх-н 106 х/

Гэрч Д.Ганцэцэгийн мөрдөн байцаалтанд өгсөн: ... Баянмөнх, Цэцэгмаа нарын малыг сүүлийн 3 тоолоход нь би ажлын хэсэгт орсон.  2015 оны хувьд тэр хоёр гэртээ байсан бөгөөд өөрсдөө малынхаа тоог өгсөн. Үүний дараа багийн дарга малын А дансанд бүртгэж, тэр хоёрын хэлснээр орлого, зарлагын хөдөлгөөнийг хийж дуусгасан. 2016 оны хувьд тэднийх гэртээ байгаагүй. Тэгээд суман дээр малын тоог нь авсан ... гэх /3-хх-н 53 х/

Гэрч Д.Төмөрсүхийн мөрдөн байцаалтанд өгсөн: ... 2015 оны 11 сарын эхээр манай хүргэн Энх-Өлзий малаа харж байхдаа Энх-Амгалан ахын үхэр адууг хэдэн өдөр харсан. Баянмөнх Энх-Амгалан ахын үхэр дотроос эрээн нүүртэй бидэртэй хүрэн эр үхэр хөөж явсан. Уг үхрээ хөөж явахдаа хүргэн Энх-Өлзийгөөс энэ үхэртэй им ижил хэдэн үхэр харсан уу гэж асуухаар нь манай хүргэн 3-4 хоногийн өмнө надтай цуг хонь усалж байхдаа дэрсэн дотор харсан 4 тооны уг эр үхэртэй им ижил шүдлэн насны хар тарлан, улаан халзан зэрэг үхэр байснаа харсан гэж хэлсэн байсан. Уг үхрүүдийн ижил имтэй, эрээн нүүртэй, бидэртэй хүрэн эр үхрийг Баянмөнх манай үхэр гэж хэлээд хөөгөөд гэр рүүгээ авч явсан ... гэх /1-хх-н 113 х/

Гэрч Г.Энх-Амгалангийн мөрдөн байцаалтанд өгсөн:  ... 2015 оны 11 сарын 1-ээс 2-ны үед байх би хөдөө гэрээсээ Баярмагнайгийн машинтай түүний эхнэрийн хамт сум руу явж байхад манай гэрээс 3-4 км , сумаас 6-7 км газарт хойд зүгээс урагшаа чигтэй 6-7 тооны үхэр цуваад явж байгаатай таараад ажиглаж харвал энэ хавьд үзэгдээгүй үхрүүд байсан бөгөөд бүгд зүүн чих урдаасаа догол имтэй үхрүүд байсан бөгөөд зүсийг нь ажиглахад эрээн нүүртэй бидэртэй хүрэн эр үхэр, хар тарлан шүдлэн, улаан халзан шүдлэн, хар халзан үнээ зэрэг харагдаж байсан.  манай үхэртэй нийлсэн эрээн нүүртэй бидэртэй хүрэн эр үхрийг 2-3 хоногийн дараа намайг эхнэртэйгээ Улаанбаатар явсан үеэр Баянмөнх морьтой ирээд хөөгөөд явсан байсан ... гэх /1-хх-н 147 х/

Гэрч Ж.Энхтөрийн  мөрдөн байцаалтанд өгсөн: ...2015 оны 11 сарын эхээр би хөдөө очиж хэдэн малыг нь хотоос иртэл нь харж байсан юм. Тэгэхэд тэдний үхэрт эрээн нүүртэй бидэртэй хүрэн эр үхэр байсан бөгөөд ах явахдаа энэ үхэр манайд ирээд удаагүй байгаа юм. Хэний үхэр гэдгийг мэдэхгүй гэж байсан. Тэгсэн ахыг явснаас хойш 2 хоногийн дараа ахын гэрийн ойролцоо нутаглах Баянмөнх хээр морьтой ирээд ахын үхэр дотроос уг үхрийг хөөхөөр нь би түүнд яах гэж байгаа юм бэ гэхэд би хүнээс авсан үхэр алдчихаад эдний үхэрт хэд хонуулсан юм гэж хэлээд хөөгөөд аваад явсан ... гэх /1- хх-н 149-150 х/

Гэрч Б.Энх-Өлзийгийн мөрдөн байцаалтанд өгсөн: ... Энх-Амгалан ахын үхрээс эрээн нүүртэй бидэртэй хүрэн зүстэй зүүн чих догол имтэй үхрийг хөөж явах үедээ надад манай үхэр дэрсээр тарчихаад хайж явна гээд ийм ижил имтэй хар тарлан, улаан халзан, хар халзан үхрүүд харсан уу гэх асуухаар нь би Баянмөнхийн үхэр хөөж явснаас урагш 4-5 км газар таны асууж байгаатай адил 4-5 тооны үхэр байсан гэж хэлсэн... гэх /1хх-н 152 х/

Гэрч С.Алтан-Эрдэнийн мөрдөн байцаалтанд өгсөн: ... 2016 оны 4 сарын 18-ны өглөө үүрээр Баянбүрдийн тойрог дээр машин зогсоож шалгаж байхад 45-07 ХЭҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг Баянмөнх гэдэг жолооч унаад орж ирсэн. Түүнийг зогсоож шалгахад кабиндаа эхнэртэйгээ явж байсан.  Тэвшин дээрээ үхрийн мах ачсан, гарал үүслийн бичиггүй байсан гэх  /1-хх-н 167 х/ мэдүүлгүүд зэрэг хэрэгт хамааралтай, хуульд заасан арга хэрэгслээр авагдаж шүүх хуралдаанаар хэлэлцэгдэн шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон бөгөөд мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг зөрчөөгүй, эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байна.

 

Л.Баянмөнх, Т.Цэцэгмаа нарт 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1-д заасан эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэх үндэслэлтэй бөгөөд Л.Баянмөнх, Т.Цэцэгмаа нар нь энэ хуулийн 17.12 дугаар зүйлийн 2-т заасан бусдын олон тооны мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн болох нь нотлогдож тогтоогдсон, 2002 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн Эрүүгийн хуулийн “үгсэн тохиролцож, давтан үйлдлээр, их хэмжээний хохирол учруулсан” гэх хүндрүүлэх нөхцлүүд байхгүй тул энэ талаарх анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоос хасч, ялыг хөнгөрүүлэн өөрчлөх боломжтой гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 2, 37.8 дугаар зүйлийн 1-д  заасныг удирдлага болгон 

 

ТОГТООХ нь:

Нэг. Хэнтий аймгийн Бор-Өндөр сум  дахь Сум дундын шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 12 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан 1 дэх заалтаас “үгсэн тохиролцож, давтан үйлдлээр, их хэмжээний” гэснийг хасч, 2 дахь заалтыг “Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 2-т зааснаар Л.Баянмөнхийг 3 жил 02 сар 13 хоног,  Эрүүгийн хуулийн 3.5 дугаар зүйлийн 2-т заасныг журамлан мөн хуулийн 17.12 дугаар зүйлийн 2-т зааснаар Т.Цэцэгмааг 2 жил 7 сар 09 хоног хорих ялаар тус тус шийтгэсүгэй” гэж, 3 дахь заалтыг “Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 3, 4-т зааснаар Л.Баянмөнхөд оногдуулсан 3 жил 02 сар 13 хоногийн, Т.Цэцэгмаад оногдуулсан 2 жил 7 сар 09 хоногийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлсүгэй” гэж, 5 дахь заалтыг “Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 4-т зааснаар гэмт хэрэг үйлдэхэд хэрэглэсэн Л.Баянмөнх, Т.Цэцэгмаа нарын өмчлөлийн 300000 төгрөгийн үнэ бүхий хээр зүсмийн хязаалан насны морийг хурааж,  хохирол нөхөн төлөхөд зарцуулсугай” гэж тус тус өөрчлөн шийтгэх тогтоолын бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.

 

Хоёр. 2017 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн шинэчлэн найруулсан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3-т зааснаар Л.Баянмөнх, Т.Цэцэгмаа нар нь 70 хоног тус тус цагдан хоригдсоныг эдлэх ялд нь оруулан тооцсугай.

 

Давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэсэн үндэслэлээр магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс  хойш 30 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, өмгөөлөгч нар хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол  гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

                                 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Б.ДЭНСМАА

                                 ШҮҮГЧИД                                            О.БААТАРСҮХ

                                                                                                    Б.СҮХГОМБО