Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 07 сарын 28 өдөр

Дугаар 576

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Өлзийжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 4 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч:  В.Б-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргад холбогдох

“Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргын 2017 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн Б/21 дүгээр тушаалыг хүчингүй болгуулах, албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулж, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх” нэхэмжлэлийн шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв. 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч В.Б, түүний өмгөөлөгч Ш.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.М нар оролцов.

    ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч В.Б, түүний өмгөөлөгч Ш.Э шүүх болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газарт 2010-2013 онд Үйлдвэрлэл үйлчилгээний хэлтсийн дарга, 2013-2017 онд Худалдаа үйлчилгээний хэлтсийн даргаар ажиллаж байгаад тус дүүргийн Тамгын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2017 оны 1 дүгээр сарын 26-ны өдрийн Б/21 тоот тушаалаар мөн өдрөөс эхлэн ажлаасаа халагдсан болно.

Дээрх шийдвэрийг би эс зөвшөөрөн Төрийн албаны зөвлөлд 2017 оны 02 дугаар сарын 20-ны өдөр гомдол гаргасан бөгөөд миний гомдлыг харъяаллын дагуу Нийслэл дэх Төрийн албаны салбар зөвлөлдөө шилжүүлсэн байна.

Нийслэл дэх Төрийн албаны салбар зөвлөл нь 2017 оны 03 сарын 09- ны өдрийн 15/55 тоот албан бичгээр хариу ирүүлэхдээ: “Албан тушаалын орон тоо нь хасагдсан, өөрчлөгдсөнтэй холбогдон гарсан маргаан нь Төрийн албаны зөвлөлийн шийдвэрлэх маргаанд хамаарахгүй учир шүүхийн байгууллагад хандаж асуудлаа шийдвэрлүүлнэ үү” гэсэн хариу өгсөн.

Би 2011 онд төрийн албаны тангараг өргөсөн, төрийн жинхэнэ албан хаагч юм. 

Намайг халсан үндэслэл нь Бүтцийн өөрчлөлтийн дагуу хийж байгаа орон тооны цомхотгол гэж Тамгын газрын дарга тайлбарлаж байгаа юм. 

Манай хэлтэс өмнө нь Худалдаа үйлчилгээний хэлтэс гэж нэрлэгдэж байгаад одоо Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтэс нэртэй болж нэрэнд нь жижиг өөрчлөлт орсон болвч хэлтсийн бүтэц, орон тоо, хэрэгжүүлэх чиг үүрэг, ажлын байрны тодорхойлолтод агуулгын эрс өөрчлөлт орох нөхцөл бүрдээгүй болохыг харьцуулан харж болно. 

2012-2016 онд ажиллаж байсан Худалдаа үйлчилгээний хэлтсийн бүтэц, орон тоо нь дараах бүрэлдэхүүнтэй байсан болно. Үүнд: 

1. Хэлтсийн дарга

2. Хоол үйлдвэрлэл, аялал жуулчлал хариуцсан мэргэжилтэн

3. Худалдаа, ахуй үйлчилгээ хариуцсан мэргэжилтэн

4. Хүнс, ХАА хариуцсан мэргэжилтэн

5. Үйлдвэрлэл, инноваци хариуцсан мэргэжилтэн

6. Авто засвар, үйлчилгээ хариуцсан мэргэжилтэн

Харин 2016-2020 он хүртэл ажиллах Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтсийн бүтэц, орон тоо нь дараах бүрэлдэхүүнтэй байгаа болно. Үүнд: 

1. Хэлтсийн дарга

2. Хоол үйлдвэрлэл, аялал жуулчлал хариуцсан мэргэжилтэн

3. Худалдаа, ахуй үйлчилгээ хариуцсан мэргэжилтэн 

4. Хүнс, ХАА хариуцсан мэргэжилтэн

5. Үйлдвэрлэл, инноваци хариуцсан мэргэжилтэн

6. Авто засвар, үйлчилгээ хариуцсан мэргэжилтэн

Тус хэлтэст зөвхөн авто засвар хариуцсан мэргэжилтэн шинэ бүтцээр нэмэгдэж байгаа бөгөөд нь энэ нь 2010-2013 онд манай хэлтэст харъяалагдаж байсан ажил үүрэг бөгөөд өнгөрсөн 4 жилд ажлын ачааллыг тэнцвэржүүлэх үүднээс Тамгын газар дотооддоо зохицуулалт хийж, Дэд бүтэц, тохижилтын хэлтсийн чиг үүрэгт хамааруулсан болно. Харин зарим дүүргүүдэд энэ чиг үүрэг нь Худалдаа үйпчилгээний хэлтэстээ хэвээрээ байсан.

Дээрх шинэ, хуучин 2 бүтцийг харьцуулж үзэхэд хэлтсийн даргын орон тоо нь хэвээрээ байна. Хэлтсийн бүгэц, орон тооноос харахад хэрэгжүүлэх чиг үүрэг, ажлын байрны тодорхойлолтын үндсэн агуулга хэвээр хадгалагдаж үлдэх нь ойлгомжтой байна.

Иймээс Тамгын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2017 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн Б/21 тоот тушаал нь Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2, 23.4, 24 дүгээр зүйлийн 24.1, 25 дугаар зүйлийн 25.1 зэрэг заалтад дурьдсан нөхцөл байдал үүсээгүй байхад төрийн жинхэнэ албан хаагчийг ажлаас халсан нь мөн хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.1, 27.2.2, 27.2.3, 27.2.4 дэх заалтуудыг тус тус зөрчсөн гэж үзэж байна.

Ер нь орон нутгийн иргэдийн Нийтийн хурлын сонгуулийн үр дүнгээр томилогдсон дүүргийн шинэ удирдлагууд нь Тамгын газар болон дэргэдэх хэлтэс албадын дарга, мэргэжилтнүүдийг ээлж дараалан хоморголон халж байгаа нь төрийн албаны тухай хуулийн холбогдох заалтуудыг ноцтой зөрчиж, төрийн алба нь мэргэшсэн, тогтвортой байх гэсэн төрийн албаны зарчмыг алдагдуулж байна

Иймд төрийн алба болон төрийн албан хаагчдын эрх ашиг, төрийн албаны тухай хуулийн хэрэгжилтийг хангуулах зорилгоор үндэслэлгүйгээр ажлаас халагдсан тухай нэхэмжлэлийг гаргаж байна.

Хариуцагч Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Э шүүхэд бичгээр ирүүлсэн болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Иргэн В.Б-ийн 2017 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр тус шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцаад нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул дараах хариу тайлбарыг гаргаж банйа. 

Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 08 дугаар тогтоол, Дүүргийн Засаг даргын Тамгын газрын бүтэц, ажлын байрны үлгэрчилсэн жагсаалтыг батлах тухай Нийслэлийн Засаг даргын 2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн А/832 дугаар захирамжийг үндэслэн Дүүргийн Засаг даргын Тамгын газрын бүтэц, ажлын байрны  жагсаалт батлах тухай Хан-Уул дүүргийн Засаг даргын 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн А/486 дугаар захирамж батлагдан гарсан. 

Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-т “ заасан зохион байгуулалтын бүтэц өөрчлөгдсөн тул Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын Худалдаа, үйлчилгээний хэлтсийн дарга В.Б-ийг Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргын 2017 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн Б/21 дүгээр бүхий тушаалаар ажлаас чөлөөлсөн болно. 

Өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар Засаг даргын Тамгын газрын бүтэц, орон тоо шинэчлэн батлагдаж өөрчилөгдсөн тул Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4-т заасн ыдагуу 3 сарын цалинтай тэнцэх 2,201,589 /Хоёр сая хоёр зуун нэг мянга таван зуун ная ес/ төгрөгийн тэтгэлэгийг В.Б-ийн цалингийн дансанд 2017 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр шилжүүлсэн. 

Нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул дараах хариу тайлбарыг гаргаж байна. Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4-т  заасан зохион байгуулалтын бүтэц өөрчлөгдсөн тул Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын Худалдаа, үйлчилгээний хэлтсийн дарга В.Б-ийг ажлаас чөлөөлсөн.

Иймд иргэн В.Б-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч В.Б нь “Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргын 2017 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн Б/21 дүгээр тушаалыг хүчингүй болгуулах, албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулж, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх” нэхэмжлэлийн шаардлагыг тус шүүхэд гаргажээ.

Анх Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргын 2011 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 58 дугаар тушаалаар  В.Б-ийг Засаг даргын Тамгын газрын Үйлдвэрлэл, үйлчилгээний хэлтсийн даргаар томилж, мөн 2013 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн Б/14 дүгээр тушаалаар  Худалдаа, үйлчилгээний хэлтсийн даргын албан  тушаалд томилогдон ажиллаж байжээ.

Улмаар Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2017 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн Б/21 дүгээр тушаалаар  тус дүүргийн Засаг даргын Тамгын газрын бүтэц, орон тоо шинэчлэн батлагдаж, орон тоо хасагдсан үндэслэлээр нэхэмжлэгчийг Худалдаа, үйлчилгээний хэлтсийн даргын үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байна. 

Нэхэмжлэгч нь ... Худалдаа, үйлчилгээний хэлтэс нь Хүнс, худалдаа, үйлчилгээний хэлтэс болж нэршилд өөрчлөлт орсон болохоос хэлтсийн бүтэц, орон тоо, албан тушаалын чиг үүрэг хэвээрээ, хэлтсийн даргын орон тоо хасагдаагүй байхад ажлаас чөлөөлсөн нь үндэслэлгүй ... гэж, хариуцагч нь ... өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар Засаг даргын Тамгын газрын бүтэц өөрчлөгдөж,  Худалдаа, үйлчилгээний хэлтэс нь Хүнс, худалдаа, үйлчилгээний хэлтэс болсон. Хүнс, худалдаа, үйлчилгээний хэлтсийн даргын албан тушаалын орон тоо хасагдсан тул түүнийг чөлөөлсөн тушаал хууль зүйн үндэслэлтэй ... гэж маргажээ. 

Дээрх маргаан бүхий 2017 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн Б/21 дүгээр тушаалыг гаргахдаа Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.5, Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.5, Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4 дэх хэд заалт, Нийслэлийн Засаг даргын 2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн А/832 дугаар захирамж, Дүүргийн Засаг даргын 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн А/486 дугаар захирамжуудыг тус тус үндэслэжээ.

Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2 дахь хэсгийн 27.2.4-т “төрийн байгууллага татан буугдсан, өөрчлөн байгуулагдсан, эсхүл өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар албан тушаалын орон тоо нь хасагдсан тохиолдолд цалин хөлсөө бууруулахгүйгээр мэргэжил, мэргэшлийн дагуу өөр ажил, албан тушаалд шилжих буюу төрийн хөрөнгөөр 6 сар хүртэл хугацаагаар дахин мэргэшиж болох бөгөөд энэ хугацаанд урьд нь эрхэлж байсан албан тушаалынхаа цалин хөлсийг авч, хууль тогтоомжид заасан журмын дагуу ажлын байраар хангуулах, эсхүл 3 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэлэг тухайн байгууллагаас олгоно” гэж заажээ.

Хан-Уул дүүргийн Засаг даргын 2013 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн А/10 дугаар захирамжаар  Дүүргийн Засаг даргын Тамгын газрын бүтэц, ажлын байрны жагсаалтыг баталсан бөгөөд Худалдаа, үйлчилгээний хэлтэст Дарга, Хөдөө, аж ахуй, аялал жуулчлал, хариуцсан мэргэжилтэн, Хүнс, нийтийн хоол хариуцсан мэргэжилтэн, Худалдаа, ахуй үйлчилгээ хариуцсан мэргэжилтэн, Жижиг, дунд үйлдвэрлэл хариуцсан мэргэжилтэн зэрэг 5 хүний орон тоотой ажиллуулахаар тогтоож байжээ.

Үүний дараа Нийслэлийн Засаг дарга 2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр А/832 дугаар захирамжаар  Дүүргүүдийн Засаг даргын Тамгын газрын бүтэц, ажлын байрны үлгэрчилсэн жагсаалтыг баталсан байх бөгөөд дээрх захирамжийг үндэслэн Хан-Уул дүүргийн Засаг даргын 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдөр А/486 дугаар захирамжаар  Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын бүтэц, ажлын байрны жагсаалтыг шинэчлэн баталжээ.

Уг захирамжаар дүүргийн Засаг даргын Тамгын газрын бүтцэд ... Хүнс, худалдаа, үйлчилгээний хэлтэс ажиллуулахаар баталж, тус хэлтсийг  Дарга, Хүнс, хөдөө аж ахуй хариуцсан мэргэжилтэн, Худалдаа, ахуйн үйлчилгээ хариуцсан мэргэжилтэн, Хоол үйлдвэрлэл, аялал жуулчлал хариуцсан мэргэжилтэн, Үйлдвэрлэл, инноваци хариуцсан мэргэжилтэн гэх 6 орон тоотой байхаар тогтоожээ.  

Монгол Улсын Дээд Шүүхийн 2010 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 08 дугаар тогтоолын 15 дахь хэсэгт “Төрийн албан хаагчийн албан тушаал /ажлын байр/-ын тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн... гэж өөрчлөн байгуулагдсан бүтцийн нэгжид тухайн албан тушаалтны албан тушаалын нэр өөрчлөгдсөн боловч хэрэгжүүлэх чиг үүрэг нь өөрчлөгдөөгүй, хасагдсан эсхүл нэмэгдсэн, түүнчлэн томъёоллын хувьд өөрчлөгдсөн ч өмнөх агуулга нь хэвээр байхыг хэлнэ” гэж тайлбарласан байх тул “эрүүл ахуй” гэсэн нэршил хасагдсанаар орон тоо хасагдсан гэж үзэхгүй.

Хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзэхэд Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын Худалдаа, үйлчилгээний хэлтэс нь Хүнс, худалдаа, үйлчилгээний хэлтэс гэсэн нэртэй болсон боловч хэлтсийн даргын орон тоо нь хасагдаагүй, ажлын байрны тодорхойлолтуудыг харьцуулан үзэхэд хэрэгжүүлэх чиг үүрэг нь хэвээр  хадгалагдаж байгаа нь тогтоогдож байх тул хариуцагчийн тайлбар үндэслэлгүй байна. 

Тодруулбал, уг байгууллагуудын өмнө болон одоогийн бүтэц, орон тоог баталсан дүүргийн Засаг даргын захирамж болон ажлын байрны тодорхойлолтуудаас үзвэл орон тоо нь хэвээр байх бөгөөд байгууллагын нэрэнд “хүнс” гэсэн нэр нэмж орсноор тухайн байгууллагыг өөрчлөн байгууллагдсан гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.  

Хариуцагч захиргааны байгууллага, албан тушаалтан нь  Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д “төрийн алба мэргэшсэн, тогтвортой байх;”, 4.2.6-д “төрийн албан хаагчаас бүрэн эрхээ хэрэгжүүлэх нөхцөл, баталгааг төр хангах;” гэсэн зарчмуудыг хангаж ажлаагүй бөгөөд Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.1 дэх хэсэгт заасан төрийн жинхэнэ албан хаагчийн баталгааг зөрчиж, түүнийг албан тушаалаас нь чөлөөлсөн нь нэхэмжлэгчийн хөдөлмөрлөх эрхийг зөрчжээ.

Иймд Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргын 2017 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн Б/21 дүгээр тушаалыг хүчингүй болгож, Хүнс, худалдаа, үйлчилгээний хэлтсийн даргын албан тушаалд түүнийг эгүүлэн тогтоох нь үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

Хариуцагч Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга нь нэхэмжлэгч В.Б-ийг үндэслэлгүйгээр чөлөөлсөн болох нь хэрэгт авагдсан цугларсан баримтаар тогтоогдсон тул Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар нэхэмжлэгч В.Бэгзэд ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговрыг 2017 оны 01 дүгээр сарын 26-ны өдрөөс эхлэн шүүхийн шийдвэр гарах хугацаа хүртэл буюу 2017 оны 07 дугаар сарын 28-ны өдөр хүртэл хугацаагаар тооцож, ажилгүй байсан хугацааны нийт дундаж цалин хөлстэй тэнцэх олговор 5,701.255 /таван сая долоон зуун нэг мянга хоёр зуун тавин тав/ төгрөгийг Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газраас гаргуулж, нэхэмжлэгчид олгох зүйтэй байна. 

Ажлаас чөлөөлөгдсөнөөс хойш нийт ажлын 122 өдөр / 1 сард 4 өдөр, 2 сард 18 өдөр, 3 сард 21 өдөр, 4 сард 20 өдөр, 5 сард 23 өдөр, 6 сард 21 өдөр, 7 сард 15 өдөр/ ажилгүй байсан бөгөөд үндсэн цалин 733,863 төгрөгөөс нийт ажлын хоногийг тооцов.  

Нэхэмжлэгч В.Б нь ажилгүйдлийн тэтгэмж гэж Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газраас 2017 оны 02 дугаар сарын 21-ний өдрөөс 2017 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн хооронд нийт 3,215.887 /гурван сая хоёр зуун арван таван мянга найман зуун наян долоон/ төгрөгийг авсан байх бөгөөд уг тэтгэмжтэй холбоотой асуудлаа Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газартай тооцоо хийж дуусгах нь зүйтэй. 

Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт заасны дагуу дээрх дүнгээс В.Б-ийн ажилгүй байсан хугацааны эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хувь хэмжээгээр тооцож, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид даалгах нь үндэслэлтэй юм.

 

           Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.12 дахь заалтад заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, 4.2.6 27 дугаар зүйлийн 27.2.1, 27.2.4, 39 дүгээр зүйлийн 39.7 дахь заалтад заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч В.Б-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргын 2017 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн В.Б-ийг албан тушаалаас чөлөөлөх тухай Б/21 дүгээр тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгч В.Б-ийг Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын Хүнс, худалдаа, үйлчилгээний хэлтсийн даргын албан тушаалд эгүүлэн тогтоосугай.

2. Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан В.Б-ийн ажилгүй байсан хугацааны цалин 5,701.255 /таван сая долоон зуун нэг мянга хоёр зуун тавин тав/ төгрөгийг Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газраас гаргуулж, В.Б-эд олгож, түүний ажилгүй байсан хугацааны эрүүл мэнд болон нийгмийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хувь хэмжээгээр тооцож, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газарт даалгасугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчид олгосон 3 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэлэг 3,215.887 /гурван сая хоёр зуун арван таван мянга найман зуун наян долоон/төгрөгийг нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалингаас хасч тооцож, шүүхийн шийдвэрийг биелүүлсүгэй.  

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газраас 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч В.Б-д олгосугай.

5. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай. 

 

 

ШҮҮГЧ                              Л.ӨЛЗИЙЖАРГАЛ