Улсын дээд шүүхийн Тогтоол

2026 оны 07 сарын 01 өдөр

Дугаар 2026/ХШТ/80

 

 

                                            Г.Л, Д.С нарт холбогдох

                                            эрүүгийн хэргийн тухай

 

Монгол Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын шүүгч М.Пүрэвсүрэн даргалж, шүүгч Б.Батцэрэн, Ц.Оч, Т.Өсөхбаяр, С.Соёмбо-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Ц.Сүхбат, шүүгдэгч Д.Сийн өмгөөлөгч Х.Ургаа, нарийн бичгийн дарга Б.Энхжаргал нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 2026/ШЦТ/23 дугаар шийтгэх тогтоол, Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2026 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 2026/ДШМ/12 дугаар магадлалтай, Г.Л, Д.С нарт холбогдох 2416000300270 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч Д.Сийн өмгөөлөгч Х.Ургаа, шүүгдэгч Г.Лын өмгөөлөгч О.Аюурзана нарын гаргасан гомдлоор 2026 оны 06 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Соёмбо-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

1. Г.Л, 1969 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр **** аймгийн **** суманд төрсөн, эрэгтэй, дээд боловсролтой, хүний их эмч мэргэжилтэй, **** аймгийн ****т **** эмч ажилтай, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт **** аймгийн **** сумын **** багийн **** тоотод оршин суудаг, /РД: ****/,

2. Д.С, 1975 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр **** аймгийн **** суманд төрсөн, эмэгтэй, дээд боловсролтой, хүний их эмч мэргэжилтэй, **** эмнэлэгт **** ажилтай, ам бүл 4, нөхөр, 2 хүүхдийн хамт **** хот, **** дүүрэг, **** дугаар хороо, **** хотхон **** байрны **** тоотод оршин суудаг, /РД: ****/,

Шүүгдэгч Г.Л нь **** аймгийн ****-ийн даргаар ажиллаж байсан Д.С-тэй бүлэглэн албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж Говь-Алтай аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2023 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 25 дугаартай тогтоолоор батлагдсан “Эрүүл мэндийн салбарт ажиллаж байгаа төрийн албан хаагчдыг орон сууц авахад нэг удаагийн буцалтгүй дэмжлэг үзүүлэх журам”-ын 3.1.2 дахь хэсэг “тухайн салбарт 5-аас доошгүй жил үр бүтээлтэй ажиллаж байгаа цаашид тогтвор суурьшилтай ажиллах нь давуу тал болно”, 3.1.3 дахь хэсэг “байгууллагын 70-аас дээш хувийн ирцтэй хамт олны хурлаас ажилтанд дэмжлэг олгох асуудлыг дэмжсэн байх”, 3.1.4 дэх хэсэг “Орон сууц худалдан авахыг хүссэн эрүүл мэндийн ажилтан нь урьд өмнө нь орон байрны ямар нэг мөнгөн дэмжлэг аваагүй байх” гэсэн заалтуудыг тус тус зөрчиж, Говь-Алтай аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2023 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 25 дугаартай тогтоолоор батлагдсан “Эрүүл мэндийн салбарт ажиллаж байгаа төрийн албан хаагчдыг орон сууц авахад нэг удаагийн буцалтгүй дэмжлэг үзүүлэх журам”-ын дагуу шалгарсан нэр бүхий 49 ажилтны нэрсийг нэгдсэн эмнэлгээс 2023 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 267 дугаартай албан бичгээр аймгийн Эрүүл мэндийн газарт ирүүлсэн байхад 2023 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр тус аймгийн эрүүл мэндийн газарт хурал зохион байгуулж, Нэгдсэн эмнэлгийн гэмтлийн их эмч Ш.Д-ыг төрийн алба хаагчийг орон сууц худалдан авах, орон байрны нөхцөл сайжруулахад нэг удаагийн буцалтгүй дэмжлэг үзүүлэх журмын дагуу шалгарсан нэр бүхий 49 ажилтнуудын нэрсийн жагсаалтад багтаагүй, байгууллагын хамт олны хурлаар хэлэлцүүлээгүй, дэмжээгүй байхад тус аймгийн эрүүл мэндийн салбарын удирдлагуудын түвшинд хуралдан хэлэлцэж “Нээлттэй Алтай” арга хэмжээний нэг эрхийн хүрээнд нэрсийн жагсаалтад нэмж оруулахаар шийдвэрлэсэн,

тус аймгийн нэгдсэн эмнэлгийн их эмч Т.Т-ыг төрийн алба хаагчийг орон сууц худалдан авах, орон байрны нөхцөл сайжруулахад нэг удаагийн буцалтгүй дэмжлэг үзүүлэх журмын дагуу шалгарсан нэр бүхий 49 ажилтнуудын нэрсийн жагсаалтад багтаагүй, байгууллагын хамт олны хурлаар хэлэлцүүлээгүй байхад орон сууц худалдан авах, орон байрны нөхцөл сайжруулахад нэг удаагийн буцалтгүй дэмжлэг үзүүлэх журмын дагуу шалгарсан Ц.С-г өөрийн хүсэлтээр татгалзсан гэж үзэн тус аймгийн эрүүл мэндийн салбарын удирдлагуудын түвшинд хэлэлцэн түүний оронд Т.Т-ыг нэрсийн жагсаалтад нэмж оруулахаар шийдвэрлэн нэг удаагийн буцалтгүй тусламж дэмжлэг 10,000,000 төгрөгийг тус тус олгож бусдад эдийн засгийн давуу байдал бий болгосон,

Шүүгдэгч Д.С нь **** аймгийн ****ийн даргаар ажиллаж байх хугацаандаа тус аймгийн Эрүүл мэндийн газрын дарга Г.Л-тай бүлэглэн албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж Говь-Алтай аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2023 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 25 дугаартай тогтоолоор батлагдсан “Эрүүл мэндийн салбарт ажиллаж байгаа төрийн албан хаагчдыг орон сууц авахад нэг удаагийн буцалтгүй дэмжлэг үзүүлэх журам”-ын 3.1.2 дахь хэсэг “тухайн салбарт 5-аас доошгүй жил үр бүтээлтэй ажиллаж байгаа цаашид тогтвор суурьшилтай ажиллах нь давуу тал болно”, 3.1.3 дахь хэсэг “байгууллагын 70-аас дээш хувийн ирцтэй хамт олны хурлаас ажилтанд дэмжлэг олгох асуудлыг дэмжсэн байх”, 3.1.4 дэх хэсэг “Орон сууц худалдан авахыг хүссэн эрүүл мэндийн ажилтан нь урьд өмнө нь орон байрны ямар нэг мөнгөн дэмжлэг аваагүй байх” гэснийг тус тус зөрчиж Говь-Алтай аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2023 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 25 дугаартай тогтоолоор батлагдсан “Эрүүл мэндийн салбарт ажиллаж байгаа төрийн албан хаагчдыг орон сууц авахад нэг удаагийн буцалтгүй дэмжлэг үзүүлэх журам”- ын дагуу шалгарсан нэр бүхий 49 ажилтны нэрсийг нэгдсэн эмнэлгээс 2023 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 267 дугаартай албан бичгээр аймгийн Эрүүл мэндийн газарт хүргүүлэхдээ тус журмын эрүүл мэндийн ажилтанг сонгоход тавигдах шаардлагыг хангаагүй их эмч Э.Ө-ын нэрийг оруулж хүргүүлсэн,

мөн тус нэрсийн жагсаалтад нэр нь ороогүй, журамд тавигдсан шаардлагуудыг хангаагүй, Нэгдсэн эмнэлгийн байгууллагын хамт олны хурлаар хэлэлцэж шийдвэрлээгүй Нэгдсэн эмнэлгийн гэмтлийн тасгийн их эмч Ш.Д, Халдвартын тасгийн их эмч Т.Т нарын нэрийг аймгийн Эрүүл мэндийн газарт хурал зохион байгуулж “Эрүүл мэндийн байгууллагын удирдлагын түвшинд хэлэлцэж, зөвхөн байгууллагын хамт олны хурлаар хэлэлцэж шийдвэрлэнэ” гэж журамд заасныг зөрчиж тус журмын шаардлага хангасан 49 хүний нэр бүхий нэрсийн жагсаалтад нэмж, орон сууц худалдан авах, орон байрны нөхцөл сайжруулахад нэг удаагийн буцалтгүй дэмжлэг үзүүлэх гэрээ байгуулан нэг удаагийн буцалтгүй дэмжлэг болох 10,000,000 төгрөгийг Э.Ө, Ш.Д, Т.Т нарт тус тус олгуулж бусдад давуу байдал бий болгосон гэх гэмт хэрэгт холбогджээ.

Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх шүүгдэгч Г.Л, Д.С нарыг нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.С, Г.Л нарыг тус бүрийг нийтийн албанд ажиллах эрхийг 2 жил 2 сарын хугацаагаар хасаж, 1 жил 1 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэж, шүүгдэгч Д.С-ийн эдлэх 1 жил 1 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг Улаанбаатар хотын Баянзүрх, Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрээс, шүүгдэгч Г.Л-ын эдлэх 1 жил 1 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг Говь-Алтай аймгийн нутаг дэвсгэрээс гарч явахыг хориглох байдлаар хэрэгжүүлж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт заасныг баримтлан иргэний хариуцагч Э.Ө, Ш.Д, Т.Т нараас тус бүр 10,000,000 төгрөг гаргуулан Говь-Алтай аймгийн орон нутгийн төсөвт оруулахаар шийдвэрлэжээ.

Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 2026/ШЦТ/23 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

Шүүгдэгчийн өмгөөлөгч О.Аюурзана хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо: “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэмт хэргийн үйлдлийн шинжийн “өөртөө, эсхүл бусдад давуу байдал бий болгосон” гэсэн шинжийг тодорхойлсон. Хэргийг хянан хэлэлцсэн анхан болон давж заалдах шатны шүүхүүд Эрүүгийн хуулийн тусгай ангийн энэ заалтыг хэрэглэж, хэргийг эцэслэн шийдвэрлэхдээ хууль хэрэглээний ноцтой алдаа гаргасан гэж үзэж байна. Тухайлбал, аливаа хүний гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхийг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тодорхой гэмт хэргийн үйлдлийн шинжийг тодорхойлохдоо мөн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд заасан гэмт хэрэг болох тодорхойлолтод нийцсэн эсэхэд шүүх эрх зүйн дүгнэлт хийх ёстой. Гэтэл шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд заасан:

- энэ хуулийн тусгай ангид заасан (байх)

- нийгэмд аюултай (байх)

- гэм буруутай (байх)

- үйлдэл, эс үйлдэхүй (байх) гэсэн 4 шалгуураас “нийгэмд аюултай” болон “гэм буруутай” гэсэн шалгуурыг Г.Л-ын үйлдэл ямар утга, ямар шинжээр хэрхэн хангаж байгаад огтхон ч эрх зүйн дүгнэлт хийгээгүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан “...гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэр хэмжээ, шинжийг тогтоосон хэргийн талаарх нөхцөл байдал”-ыг шүүхийн шийдвэрт заавал дүгнэх шалгуурт нийцээгүй байна. Шүүх гэмт хэргийг шинжийг тодорхойлохдоо “Нийгэмд аюултай байх” шинжийг ямар шалгуураар хангаж буй, мөн “гэм буруутай байх” шинжийг ямар шалгуураар хэрхэн хангасанд огт дүгнэлт хийгээгүй буюу “тодорхой гэмт хэрэг”-ийг тодорхойлж шийдвэр гаргаагүй нь цаашдаа хууль хэрэглээний хувьд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасан “...хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой” асуудал мөн гэж үзэж хяналтын шатны шүүхэд гомдол гаргаж байна.

2.Монгол Улсын Үндсэн хуулийн 14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна” гэж хуульчилсан хэдий ч хуулийн өмнө, шүүхийн өмнө эрх тэгш байх нөхцөлийг шүүх өөрөө үгүйсгэдэг, нэг эрх зүйн дүгнэлтийг эсрэг тэсрэгээр тайлбарлан дүгнэдэг байдал бий болж, жишиг тогтож байгаа нь эрх зүйн хувьд хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзэж байна. Г.Л-ыг хүчин төгөлдөр болоогүй эрх зүйн хэм хэмжээний актыг зөрчиж бусдад эдийн засгийн давуу байдал олгосон гэж гэм буруутайд тооцож шийдвэрлэхдээ тухайн эрх зүйн акт хүчин төгөлдөр болсон эсэх нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хамаарахгүй гэх дүгнэлтийг хийж анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн. Гэтэл зөрчсөн гэх захиргааны хэм хэмжээний акт хүчин төгөлдөр бус бол эрүүгийн хариуцлага хүлээлгэхгүй, захиргааны хэм хэмжээний акт нь хүчин төгөлдөр бус байсан ч эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ гэж шат шатны шүүх өөр өөр байдлаар шийдвэрлэж байгаа нь хууль, шүүхийн өмнө эрх тэгш байх зарчимд харшилж байгаа бөгөөд энэхүү байдал нь хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзэж байна.

Монгол Улсын Үндсэн хуульд заасан “...хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна” гэх эрх бодит нөхцөлд хэрэгжихгүй байгаа тул хүчин төгөлдөр захиргааны хэм хэмжээний акт, хүчин төгөлдөр бус захиргааны хэм хэмжээний актын биелэлтээс гарах үр дагавар нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хууль хэрэглээний хувьд ямар ялгаатай талаар зарчмын нэг ойлголтод хүрэх зайлшгүй шаардлагатай бөгөөд миний үйлчлүүлэгч Г.Л-ыг Захиргааны ерөнхий хуульд заасан шаардлага, шалгуурын дагуу хүчин төгөлдөр болоогүй актыг зөрчсөн гэж эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн нь үндэслэлгүй гэж үзэж байна.

3.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т “шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтын агуулга, шүүх тухайн нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны гэж үзсэн улсын яллагчийн дүгнэлт, өмгөөлөгчийн саналын үндэслэл болгосон баримт, иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийг няцаан үгүйсгэсэн үндэслэл”-ийг тодорхой тусгахаар хуульчилсан боловч анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өмгөөлөгчийн саналын үндэслэл болгосон баримт, хууль зүйн дүгнэлтийг хэрхэн үгүйсгэж байгаа талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүй. Давж заалдах шатны шүүхээс дүгнэхдээ: “Говь-Алтай аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2023 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 25 дугаар тогтоолоор батлагдсан ... “Эрүүл мэндийн салбарт ажиллаж байгаа төрийн албан хаагчдыг орон сууц авахад нэг удаагийн буцалтгүй дэмжлэг үзүүлэх журам” нь бүртгэлгүй, хуулийн хүчин төгөлдөр болоогүй байна гэх тайлбар нь Авлигын эсрэг хууль, Төрийн албаны тухай хууль, Авлигын эсрэг олон улсын конвенц, Монгол Улсын Эрүүгийн хуулиар бүрэн няцаагдаж, мөн журмын дагуу эрүүл мэндийн салбарт ажиллаж байгаа төрийн албан хаагчид орон сууц авахад нэг удаагийн буцалтгүй дэмжлэгийг авч зорилтоо ханган хэрэгжсэн үйл баримт тогтоогдож байна...” гэж дүгнэж байгаа нь ойлгомжгүй, нотлох баримтыг үйл баримт, хуулийн зүйл заалтад нийцүүлж үгүйсгэхгүйгээр Авлигын эсрэг хууль, Төрийн албаны тухай хууль, Авлигын эсрэг олон улсын конвенц, Монгол Улсын Эрүүгийн хуулиар няцаагдсан гэх дүгнэлт хийсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлд заасан хууль ёсны байх зарчимд харшилсан гэж үзэж байна.

4.Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын 17-р талд “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд албан тушаалтны зүй зохистой болон зүй бус үйлдлийг заасан нөхцөлт хэсэг буюу диспозицид захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн байх нөхцөлийг заан хуульчлаагүй байх тул захиргааны хэм хэмжээний актын бүртгэлд бүртгэгдсэн хэм хэмжээний актыг зөрчсөн байх нөхцөлийг шаардахгүй” гэж дүгнэж байгаа нь Эрүүгийн хуулийн 1.2 дугаар зүйлд заасан хууль ёсны зарчим, 1.4 дүгээр зүйлд заасан гэм буруугийн зарчимд нийцэхгүй дүгнэлтийг хийсэн байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд заасан диспозицид заагаагүй үйлдэл буюу хүчин төгөлдөр болоогүй хэм хэмжээний акт болох тус журмын 3.1.2, 3.1.3, 3.1.4 дэх хэсгийг тус тус зөрчсөн гэж шүүхээс дүгнэж байгаа нь гэмт хэрэг, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвхөн Эрүүгийн хуулиар тодорхойлох хууль ёсны зарчимд харшилж байна.

Анхан шатны шүүх Эрүүгийн хуульд заан хуульчлаагүй нөхцөлийг үндэслэл болгож дүгнэлт хийж байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасан Эрүүгийн хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн үндэслэлд хамаарч байна. Г.Л-ын үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй бөгөөд Захиргааны ерөнхий хуулийн дагуу хүчин төгөлдөр болоогүй Говь-Алтай аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2023 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 25 дугаар тогтоолын холбогдох заалтуудыг зөрчсөн гэж буруутган ял шийтгэж байгаа нь хууль ёсны зарчимд нийцэхгүй байна. Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалыг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгон Г.Л-ыг цагаатгаж өгнө үү” гэжээ.

Шүүгдэгч Д.С-ийн өмгөөлөгч Х.Ургаа хяналтын шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд танилцуулсан саналдаа: “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 13-т “Шүүх, прокурор, мөрдөгч тухайн хэрэгт хамааралтай, энэ хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтыг хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай эсэхийг бүхэлд нь үнэлнэ” гэж хуульчилсан. Анхан шатны шүүхийн дүгнэлтэд дурдагдсан бусдад давуу байдал үүсгэсэн шийдвэрийг Д.С огт гаргаагүй бөгөөд зөвхөн Аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хуралд хэдэн хүний баримт оруулах эсэх саналыг уламжилсан. Энэ санал Засаг даргын зөвлөлөөр орж, Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн шийдвэр гарч, мөнгө өгөх шийдвэрийг Говь-Алтай аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн шийдвэрээр олгосон. Тухайн хэрэгт зөрчигдсөн гэж буруутгагдаж байгаа Говь-Алтай аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2023 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 25 дугаартай тогтоолоор батлагдсан “Эрүүл мэндийн салбарт ажиллаж байгаа албан хаагчдын орон сууц авахад нэг удаагийн буцалтгүй дэмжлэг үзүүлэх журам” нь Захиргааны ерөнхий хуулийн 59 дүгээр зүйлд захиргааны хэм хэмжээний актын талаар зохицуулсан бөгөөд 59 дүгээр зүйлийн захиргааны хэм хэмжээний акт гэж хуулиар тусгайлан эрх олгогдсон захиргааны байгууллагаас нийтээр заавал дагаж мөрдүүлэхээр гаргасан, гадагш чиглэсэн, үйлчлэл нь байнга давтагдах шинжтэй шийдвэрийг ойлгоно. Гадагш чиглэсэн гэж “иргэн, хуулийн этгээдэд эрх зүйн үр дагавар үүсгэсэн, тухайн байгууллагын дотоод зохион байгуулалт, зохицуулалтын шинжийг агуулаагүй байхыг ойлгоно” гэж хуульчилсан захиргааны хэм хэмжээ гадагш чиглэсэн акт мөн байна. Яагаад гэвэл иргэн, хуулийн этгээдэд эрх зүйн үр дагавар үүсгэсэн шинж угаас илэрхий байх бөгөөд үр дагавар үүсгэсэн гэж миний үйлчлүүлэгчийг буруутгаж байна.

Гэтэл Захиргааны ерөнхий хуулийн 64 дүгээр зүйлд захиргааны хэм хэмжээний актыг баталж, хүргүүлэх гэсэн зохицуулалт орсон бөгөөд 64 дүгээр зүйлийн 64.1-д захиргааны хэм хэмжээний актыг хуулиар тусгайлан эрх олгогдсон захиргааны байгууллага батална. Мөн хуулийн 64 дүгээр зүйлийн 64.6-д “Иргэдийн төлөөлөгчдийн хурлын баталсан захиргааны хэм хэмжээний актыг Засаг даргын хуульд заасан хориг тавих хугацаа дууссанаас хойш ажлын таван өдрийн дотор эрх бүхий байгууллагад хянуулж, бүртгүүлэхээр хүргүүлнэ.”, 65 дугаар зүйлд захиргааны хэм хэмжээний актыг бүртгэх 65 дугаар зүйлийн 65.1-д “Хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага захиргааны хэм хэмжээний актыг бүртгэхдээ энэ хуулийн 60, 61, 62 дугаар зүйлд заасан шаардлагыг хангасан эсэхийг хянаж, улсын нэгдсэн бүртгэлд бүртгэнэ” гэж хуульчилсан бөгөөд Захиргааны ерөнхий хуулийн энэхүү журам хүчин төгөлдөр мөрдөгдөх ажиллагаа хийгдээгүй буюу энэ журам нь хүчин төгөлдөр бус журам болох нь хавтас хэрэгт авагдсан Хууль зүй, дотоод хэргийн яамны 2025 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 6-1/73 дугаартай лавлагааны хуудсаар Говь-Алтай аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2023 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 25 дугаартай тогтоолоор батлагдсан “Эрүүл мэндийн салбарт ажиллаж байгаа албан хаагчдын орон сууц авахад нэг удаагийн буцалтгүй дэмжлэг үзүүлэх журам” нь захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн санд бүртгэлгүй байна гэх албан бичгээр нотлогдож байна.

Гэтэл давж заалдах шатны шүүх магадлалын хууль зүйн дүгнэлт хэсгийнхээ 5.7 дахь заалтад Говь-Алтай аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2023 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 25 дугаартай тогтоолоор батлагдсан “Эрүүл мэндийн салбарт ажиллаж байгаа албан хаагчдын орон сууц авахад нэг удаагийн буцалтгүй дэмжлэг үзүүлэх журам” нь нийтээр дагаж мөрдөхгүй, нэг удаагийн шинжтэй, зөвхөн эрүүл мэндийн салбарт ажиллаж буй төрийн албан хаагчдыг хамруулж хэрэгжүүлэх зорилготой гэж дүгнэсэн ба журам нийтээр дагаж мөрдөх байсан эсэх, нийтээр дагаж мөрдөхгүй байх эсэхийг Захиргааны ерөнхий хуулиар зохицуулсан атал энэ хуулиар ямар ч дүгнэлт хийхгүйгээр хангагдсан гэх дүгнэлт нь яаж уялдаж буй нь ойлгомжгүй, дүгнэлт хийж чадаагүй, яллах, буруутгах гол журам нь хүчин төгөлдөр эсэх нь эргэлзээтэй байхад Эрүүгийн хуульд зааснаар буруутгаж буй нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн.

Миний үйлчлүүлэгчийг буруутгаж байгаа журам нь Захиргааны ерөнхий хуулийн шаардлага хангаагүй, хүчин төгөлдөр бус журмыг зөрчсөн гэж буруутгаж байгаа нь үндэслэлгүй юм. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 16.2.1-д нотолбол зохих байдлыг хуульчилсан бөгөөд хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм бурууг заавал нотлохыг хуулиар үүрэг болгосон заалт атал эрүүгийн гэмт хэргийн улмаас буруутгагдаж байгаа Д.С энэхүү гэмт хэргээс өөртөө ямар давуу тал олж авсан, эдийн болон эдийн бус ашиг хонжоо хайсан, өс хонзонгийн шинжтэй сэдэл байсан уу гэвэл энэ байдал огт тогтоогдохгүй байгаа.

Аливаа хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар мөрдөгч, прокурор, шүүх нь нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй бөгөөд хуульд заасан энэхүү үүргээ хэрэгжүүлсний эцэст хэргийг эцэслэн шийдвэрлэх ёстой. Гэтэл дээрх нөхцөл байдлыг нарийвчлан шалгаж, эрх зүйн ач холбогдол бүхий үнэлэлт, дүгнэлт хийлгүй шийдвэрлэсэн нь буруу болсон. Гэтэл давж заалдах шатны шүүхийн энэ олон хуудас магадлалд яллах дүгнэлтээр буруутгаж буй захиргааны акт буюу Говь-Алтай аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2023 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 25 дугаартай тогтоолоор батлагдсан “Эрүүл мэндийн салбарт ажиллаж байгаа албан хаагчдын орон сууц авахад нэг удаагийн буцалтгүй дэмжлэг үзүүлэх журам”-ын талаар дүгнэхдээ эрх зүйн зөрчилтэй дүгнэлтийг хийсэн. Өөрөөр хэлбэл хүчин төгөлдөр бус журмыг нэг дүгнэлтээрээ дагаж мөрдөх шаардлагагүй гэх боловч нөгөө дүгнэлтээ тухайн журмыг зөрчсөн гэж буруутгаж байгаа нь таамгаар яллах ажиллагаа болж буйн илрэл юм. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж хуульчилсан бөгөөд тухайн сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн хууль бус үйлдэл, эс үйлдэхүйн улмаас Эрүүгийн хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхол зөрчигдсөн байх ойлголтыг агуулна.

Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хуульд тодорхойлсон гэмт хэргийн бүх шинжийг агуулж буй үйлдэл хийсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг бөгөөд эрүүгийн эрх зүйн онол болон эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны практикт гэмт хэргийн шинж гэдэгт тодорхой нийгэмд аюултай үйлдлийг гэмт хэрэг гэж тодорхойлж буй Эрүүгийн хуульд заасан объектив болон субъектив шинжүүдийн нэгдлийг ойлгох ба энэхүү хоёр шинжийн аль аль нь хангагдсан тохиолдолд гэмт хэрэгт тооцох учиртай, харин дан ганц субъектив яллах ажиллагааг Эрүүгийн эрх зүйн онол, хууль ёсны зарчмаар хориглодог. Иймд шийтгэх тогтоол, магадлалыг хүчингүй болгож, Д.С-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

Прокурор Ц.Сүхбат шүүх хуралдаанд танилцуулсан саналдаа: “Хоёр шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд заасан нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосон байхыг шаарддаг. Тухайн албан үүрэг, бүрэн эрх нь хууль тогтоомж, бусад дүрэм, журам, албан тушаалын тодорхойлолт зэргээр тодорхойлогдох ёстой. Анхан болон давж заалдах шатны шүүх эрүүл мэндийн салбарын ажилтнуудад нэг удаагийн орон сууцны дэмжлэг үзүүлэх журмын заалтуудыг зөрчсөн агуулгаар тухайн хэм хэмжээг холбож дүгнэсэн. Тухайн хэм хэмжээ нь хэдийгээр нэг удаагийн зохицуулалттай боловч зорилгоо хэрэгжүүлэх хүртэл нийтийн албан тушаалтан биелүүлэх үүрэгтэй. Журам хүчин төгөлдөр эсэхэд дүгнэлт өгөх шаардлага үүсэж байгаа.

Захиргааны ерөнхий хуулийн 59 дүгээр зүйлд захиргааны хэм хэмжээний актын талаар тодорхойлсон. Эрүүл мэндийн салбарын ажилтнуудад нэг удаагийн орон сууцны дэмжлэг үзүүлэх журам нь захиргааны хэм хэмжээний актын тодорхойлолтод тусгагдсан гадагш чиглэсэн байх үндэслэлд хамаарагдахгүй байна. Захиргааны хэм хэмжээний актад хамаарахгүй тул улсын бүртгэлд бүртгүүлэхгүй. Иймээс улсын бүртгэлд бүртгэгдээгүй учраас хүчин төгөлдөр бус гэсэн өмгөөлөгчийн тайлбар үндэслэлгүй байна. Хууль зүй, дотоод хэргийн яамнаас бүртгэгдээгүй тухай албан бичгийн хариу нь хэргийг шийдвэрлэхэд саад болохгүй. Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй тул гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Өмгөөлөгч Х.Ургаа, О.Аюурзана нарын гаргасан шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах агуулга бүхий гомдлыг хяналтын шатны шүүх хүлээн авч, шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр тогтжээ.

Хяналтын шатны шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд заасан эрх хэмжээний хүрээнд анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

2.Хяналтын шатны шүүх анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг тогтоохдоо хуулийн хэм хэмжээний бүтэц, түүний элементүүд болох гипотез, диспозиц, санкц болон гэмт хэргийн бүрэлдэхүүний объектив, субъектив шинжийг онол, арга зүйн үүднээс задлан шинжилж, үүнд тулгуурлан хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн эсэхийг магадлах замаар хууль хэрэглээний нэгдмэл байдлыг хангах чиг үүргийг хэрэгжүүлдэг.

“Хууль хэрэглээний зөрүү” гэдэгт анхан болон давж заалдах шатны шүүх хуулийн зүйл, хэсэг, заалт, эсхүл эрүүгийн эрх зүйн онол, шүүхийн практикт тогтсон ойлголтыг агуулгын хувьд өөрөөр тайлбарласан, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, эсхүл хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсний улмаас хууль хэрэглээний асуудлаар зарчмын зөрүүтэй шийдвэр гаргасан нөхцөл байдлыг хамааруулан ойлгоно.

3.Энэ хэргийн болж өнгөрсөн үйл баримтад мөрдөн шалгах ажиллагаа бүрэн хийгдсэн, хэргийг шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотолбол зохих байдлуудыг хангалттай шалган тогтоосон, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийхэд хүрэлцэхүйц нотлох баримт хэрэгт авагджээ.

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

4.Анхан шатны шүүх шүүгдэгч Г.Л, Д.С нарыг нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосон гэм буруутайд тооцож, тэдгээрийг нийтийн албанд ажиллах эрхийг 2 жил 2 сараар хасаж, 1 жил 1 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэж, зорчих эрх хязгаарлах ялыг шүүгдэгч Д.С-д Улаанбаатар хотын Баянзүрх, Сүхбаатар дүүргээр, шүүгдэгч Г.Л-д Говь-Алтай аймгийн нутаг дэвсгэрээр тус тус тогтоожээ.

Давж заалдах шатны шүүх шүүгдэгч Д.С-ийн өмгөөлөгч Х.Ургаа, шүүгдэгч Г.Л-ын өмгөөлөгч О.Аюурзана нарын гомдлоор хэргийг хянаад анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

5.Эрүүгийн хуульд тодорхойлсон гэмт хэргийн бүх шинжийг агуулж буй үйлдэл хийсэн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг бөгөөд эрүүгийн эрх зүйн онол болон эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны практикт гэмт хэргийн шинж гэдэгт тодорхой нийгэмд аюултай үйлдлийг тодорхойлж буй Эрүүгийн хуульд заасан объектив болон субъектив шинжүүдийн нэгдлийг ойлгодог.

Тодруулбал, энэхүү хоёр шинжийн аль аль нь хангагдсан тохиолдолд гэмт хэрэгт тооцогдох учиртай. Дан ганц үр дагаварт тулгуурлан объектив яллах ажиллагааг Эрүүгийн эрх зүйн онол, хууль ёсны зарчмаар хориглодог болно.

6.“Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулах” гэмт хэргийн үндсэн шинжийг Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, эсхүл зориуд хэрэгжүүлэхгүй байж өөртөө, эсхүл бусдад давуу байдал бий болгосон...” үйлдэл байхаар хуульчилжээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Энэ хуулийн нэр томьёо, ухагдахууныг тайлбарлахад Монгол Улсын хууль, Монгол Улсын хуулиар соёрхон баталсан, нэгдэн орсон олон улсын гэрээнд заасан тодорхойлолт, хэм хэмжээг баримтална” гэж хууль ёсны зарчим, түүний эх сурвалжийг тодруулан хуульчилсан байна.

Тус заалт нь Эрүүгийн хуулийн нэр томьёо, ухагдахууныг тухайн харилцааг анхдагчаар зохицуулсан бусад салбар хууль болон олон улсын гэрээний албан ёсны тодорхойлолтоос иш татан тайлбарлах шаардлагыг тогтоосноор эрх зүйн тогтолцооны дотоод зөрчлийг арилгахуйц, шүүхийн шийдвэрийг олон улсын жишигт нийцүүлэх төдийгүй, хуулийг өөрийн үзэмжээр дураар тайлбарлах, төсөөтэй хэрэглэх болон бусдыг хилсээр яллах эрсдэлээс хамгаалах замаар хууль ёсны зарчмыг баталгаажуулсан эрх зүйн чухал баталгаа юм.

НҮБ-ын Авлигын эсрэг конвенцийн 15 дугаар зүйлийн (a)-д “төрийн албан тушаалтныг албан үүргээ хэрэгжүүлэх явцад нь аливаа үйлдэл хийлгэх эсхүл хийлгэхгүйн тулд тухайн албан тушаалтанд өөрт нь эсхүл өөр этгээд буюу байгууллагад шууд буюу шууд бусаар хууль бус давуу тал олгохыг амлах, санал болгох эсхүл олгох”-ыг оролцогч улс бүр дотоодын хууль тогтоомжоороо гэмт хэрэгт тооцох үүргийг хүлээлгэсэн байдаг.

Энэхүү олон улсын эрх зүйн шаардлагад нийцүүлэн Монгол Улсын хууль тогтоогчоос Авлигын эсрэг хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-т “албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашиглах” гэх ойлголтыг тодорхойлж хуульчилсан.

Ингэхдээ албан тушаалын эрх мэдлээ хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх буюу өөртөө болон бусдад давуу байдал бий болгох зорилгоор албаны эрх ашгийн эсрэг ашиглаж, “хийх ёстой үйлдлийг хийхгүй байх, хийх ёсгүй үйлдэл хийх”-ийг уг зохицуулалтад бүрэн хамааруулсан байна.

Үндэсний хууль тогтоомжийг конвенцид нийцүүлснээр, албан тушаалтны албаны эрх ашгийн эсрэг ажилласан гэмт санаа, зорилгыг гагцхүү нотлох баримтаар тогтоогдсон хэргийн үйл баримтад эрх зүйн дүгнэлт хийх замаар хөдөлбөргүй тодорхойлох бодит боломж эрх зүйн хувьд бүрдсэн.

7.НҮБ-ын Авлигын эсрэг Конвенцын 28 дугаар зүйлд “гэмт хэргийн зайлшгүй бүрэлдэхүүн болох ухамсар, санаа, зорилгыг бодит үйл баримтын нөхцөл байдлаас дүгнэн гаргаж болно” гэж тусгасан байна.

Гэмт хэргийн объектив шинж нь гэмт үйлдэл, эс үйлдэхүй, түүний улмаас бий болох нийгэмд аюултай хор уршиг, тэдгээрийн хоорондох шалтгаант холбоо, гэмт хэрэг үйлдсэн арга, сэдэл, газар, цаг хугацаа, нөхцөл байдал, зэвсэг, хэрэгсэл зэргийг багтаасан гэмт хэрэгт зайлшгүй байх бүрэлдэхүүн хэсэг юм.

Энэ хүрээнд гэмт үйлдлийн төрөл, аргыг зөв тодорхойлох нь хэргийн бодит байдлыг тогтоох, хэргийн санаа зорилго, зүйлчлэл, гэм буруу, ялын асуудал зэргийг шийдвэрлэхэд чухал ач холбогдолтой.

Өөрөөр хэлбэл, хэн нэг этгээд холбогдох хууль тогтоомжоор хүлээсэн үүргээ зөрчсөн байх нь ухамсарт үйлдэлтэй хамааралтай болох нь энгийн логик бөгөөд үйлдэл ба үр дагаврыг ухамсарласан байдал, тэдгээрийн шалтгаант холбоо буюу объектив хамаарлыг нотолж буй баримтын хүрээ, хязгаарын хэмжээнд дүгнэгдэх учиртай.

8.Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэргийн субъектив тал нь шууд санаатай хэлбэрийг шаарддаг буюу албан тушаалтан нь хууль бус үр дагаврыг урьдчилан мэдэж, хүссэн байх ёстой.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд заасан “Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэмт хэргийн үндсэн шинж нь нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан, эсхүл зориуд хэрэгжүүлээгүй идэвхтэй болон идэвхгүй үйлдлийн улмаас өөртөө болон бусдад хууль бус давуу байдал бий болгож, бодит хохирол, хор уршиг учруулсан байхыг шаарддаг болно.

Нийтийн албан тушаалтны зарим үйлдэл, шийдвэр нь гадаад илрэлээрээ төрийн албаны хууль дээдлэх, шударга ёсыг эрхэмлэх, ил тод, ашиг сонирхлын зөрчлөөс ангид байх ёс зүйн зарчмыг зөрчсөн тохиолдолд гардаг билээ.

Гэвч тухайн үйлдэл нь хувийн ашиг сонирхол, сэдэлтэд хөтлөгдөөгүй, өөрт болон бусдад давуу байдал олгох зорилго агуулаагүй, зөвхөн удирдлага, зохион байгуулалтын алдаа дутагдал, эсхүл судалгаа мэдээлэлд бүрэн үндэслээгүйгээс шалтгаалан нийтийн ашиг сонирхолд нийцнэ гэж төөрөгдөн хийгдсэн, түүнчлэн үүний улмаас бодит хохирол, хор уршиг учраагүй бол гэмт хэргийн шинжгүй гэж үзнэ.

Харин прокуророос шүүгдэгч Г.Л, Д.С нарт холбогдуулан шүүхэд шилжүүлсэн хэргийн тухайд, тэдгээрийн үйлдэл нь дээр дурдсанчлан хувийн ашиг сонирхлоос ангид, зохион байгуулалтын төдий алдаа байсан, эсхүл өөрт болон бусдад давуу байдал бий болгох гэм буруугийн санаа зорилго агуулаагүй, түүнчлэн бодит хохирол учраагүй болохыг үгүйсгэх нотлох баримт хавтаст хэрэгт авагдаагүй байна.

9.Хоёр шатны шүүхийн шийдвэрт шүүгдэгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, гэрч нарын мэдүүлэг, Говь-Алтай аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2023 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 25 дугаартай “Журам батлах тухай” тогтоол, “Эрүүл мэндийн салбарт ажиллаж байгаа төрийн албан хаагчдыг орон сууц авахад нэг удаагийн буцалтгүй дэмжлэг үзүүлэх журам”, орон сууцжуулах хөтөлбөрийн нэг удаагийн буцалтгүй дэмжлэгт хамрагдах ажилтнуудын нэрс зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч Г.Л, Д.С нарыг журам /захиргааны акт/-д заасан шаардлага хангаагүй, хамт олны хурлаар хэлэлцэгдээгүй Э.Ө, Ш.Д, Т.Т нарыг буцалтгүй дэмжлэг авах жагсаалтад оруулж, тус бүр 10,000,000 төгрөгийн буцалтгүй дэмжлэг олгуулах давуу байдал бий болгосныг бусад нотлох баримтуудтай харьцуулан магадлах аргаар шинжлэн судалж, тэдгээрийн нотлогдохуйц байдлын талаар тодорхой тусгажээ.

Гэмт хэргийн субъектийн нийтлэг шинжийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд насыг, 6.3 дугаар зүйлд хэрэг хариуцах чадвартай байдлыг тодорхойлох замаар хуульчилсан бол хуулийн тусгай ангид заасан тодорхой төрлийн гэмт хэргийг үйлдсэн этгээдэд байх онцлог шинжийг субъектийн тусгай шинж гэж үздэг.

 Энэ нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн тодорхой зүйл, хэсгийн диспозицид тухайн гэмт хэргийг тусгай шинж бүхий этгээд үйлдсэн байхыг зааж өгснөөр илрэн гарна.

 Гэмт хэргийн субъектийн тусгай шинжийг дийлэнхдээ Эрүүгийн хуулийн тухайн зүйл, хэсгийн диспозицид үндсэн бүрэлдэхүүн болгон хуульчилдаг бол зарим тохиолдолд хүндрүүлэх бүрэлдэхүүнээр тогтоодог байна.      

Тусгай субъектийн нийтлэг шинжийг харгалзан хууль тогтоогч тэдгээрийн үйлдсэн гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангид бие даасан бүлэг болгон хуульчилдаг бөгөөд үүний тод жишээ нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21, 22, 23, 28 дугаар бүлгүүд юм.

Анхан болон давж заалдах шатны шүүх **** аймгийн ****-ийн дарга Д.С,  тус аймгийн ****-ийн газрын дарга Г.Л нарыг нийтийн албан тушаалтан гэж дүгнэсэн нь үндэслэлтэй.

Учир нь, шүүгдэгч нар нь нийтийн албан тушаалтны хувиар эрх мэдэл, албан тушаалын байдлаа ашиглаж, аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас баталсан “Эрүүл мэндийн салбарт ажиллаж байгаа төрийн албан хаагчдыг орон сууц авахад нэг удаагийн буцалтгүй дэмжлэг үзүүлэх журам”-ын шалгуур, шаардлагыг хангаагүй нэр бүхий 3 ажилтанд тус бүр 10 сая төгрөг олгох нөхцлийг бүрдүүлж, бусдад хууль бус давуу байдал бий болгосон үйл баримтыг шүүх хөдөлбөргүй тогтоожээ.

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон түүнд өгсөн хууль зүйн дүгнэлт нь Эрүүгийн хуулийн хэм хэмжээг зөв тайлбарлан хэрэглэх зарчимд нийцсэн байна.

10.Захиргааны ерөнхий хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт “Захиргааны хэм хэмжээний акт гэж хуулиар тусгайлан эрх олгогдсон захиргааны байгууллагаас нийтээр заавал дагаж мөрдүүлэхээр гаргасан, гадагш чиглэсэн, үйлчлэл нь байнга давтагдах шинжтэй шийдвэрийг ойлгоно” гэж хуульчилсан.

Говь-Алтай аймгийн эрүүл мэндийн салбарт ажиллаж буй нэр бүхий 80 ажилтанд орон сууцны дэмжлэг болгон тус бүр 10,000,000 төгрөгийг олгох зорилготой тухайн аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2023 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 25 дугаартай “Журам батлах тухай” тогтоол, түүгээр батлагдсан “Эрүүл мэндийн салбарт ажиллаж байгаа төрийн албан хаагчдыг орон сууц авахад нэг удаагийн буцалтгүй дэмжлэг үзүүлэх журам” нь нийт хүн амд буюу хязгааргүй тооны этгээдэд чиглэж, байнга давтагдан үйлчлэх шинжийг агуулаагүй байна.

Уг тогтоол, журам нь Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсэгт заасан “Захиргааны акт гэж захиргааны байгууллагаас тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн, эрх зүйн шууд үр дагавар бий болгосон амаар, бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр болон үйл ажиллагааг ойлгоно” гэсэн захиргааны актын шинжийг бүрэн хангажээ.

Өөрөөр хэлбэл, тус шийдвэр нь урьдчилан тодорхойлсон, нэр бүхий тодорхой тооны хүмүүст буюу 80 ажилтанд нэг удаагийн санхүүгийн дэмжлэг олгосноор дуусгавар болох зорилготой бөгөөд тухайн ажилтнуудад хөрөнгө шилжүүлэх эрх зүйн шууд үр дагаврыг бий болгосон тухайлсан акт юм.

11.Захиргааны ерөнхий хуулийн 64 дүгээр зүйлийн 64.6, 65 дугаар зүйлийн 65.1 дэх хэсэгт заасан “Хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хянуулж, улсын нэгдсэн бүртгэлд бүртгүүлэх” шаардлага нь зөвхөн нийтээр дагаж мөрдөх захиргааны хэм хэмжээний актад хамаарна.

Говь-Алтай аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тогтоол, журам нь Хууль зүй, дотоод хэргийн яаманд бүртгүүлэх захиргааны хэм хэмжээний актад хамаарахгүй тул Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлийн 43.1-д зааснаар хаяглагдсан этгээдэд мэдэгдэх үүрэгтэй бөгөөд мөн хуулийн 46 дугаар зүйлийн 46.1-д зааснаар зөвхөн тухайн хаяглагдсан этгээдэд мэдэгдсэнээр уг акт хүчин төгөлдөр болно.

Тухайн тогтоол, журмыг улсын бүртгэлд бүртгүүлээгүй нь тэдгээрийг хүчингүй гэж үзэх хууль зүйн үндэслэл болохгүй учир шүүгдэгч нарыг албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал олгосон үйлдлийг гэмт хэрэгт тооцсон нь Эрүүгийн хуулийг төсөөтэй хэрэглэхгүй байх зарчмыг зөрчөөгүй бөгөөд гэмт хэргийн шинжийг үгүйсгэх нөхцөл болохгүй.

Шүүгдэгч Г.Л, Д.С нар Говь-Алтай аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2023 оны 25 дугаар тогтоол, журмыг зөрчсөн нь эрүүл мэндийн салбарын ажилтнуудын эрх ашгийг зөрчиж, төрд итгэх олон нийтийн итгэлийг сулруулсан гэж хоёр шатны шүүхээс дүгнэсэн нь үндэслэл бүхий болжээ.

Иймээс өмгөөлөгч Х.Ургаа, О.Аюурзана нарын гаргасан “…буруутгаж байгаа журам нь Захиргааны ерөнхий хуулийн шаардлага хангаагүй, хүчин төгөлдөр бус журам…” гэх агуулгатай хяналтын гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй.

12.Шүүхээс гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь тогтоогдсон шүүгдэгчид Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлагын зорилгыг хангахуйц, мөн хуулиар тогтоосон төрөл, хэмжээний ялыг оногдуулах нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан шударга ёсны зарчимд нийцэх юм.

Ийнхүү ял оногдуулахдаа шүүх эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, гэмт үйлдэлдээ хандаж буй хандлага, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор тухайн хэргийн жинхэнэ байдалтай холбон шийдвэртээ бодитой, итгэл төрүүлэхүйц дүгнэх үүрэгтэй.

13.Анхан шатны шүүх шүүгдэгч Г.Л, Д.С нарт зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулахдаа тухайн ялын талаар хуульд тусгайлан заасан ойлголт, хүлээлгэх үндэслэл, журам, зарчмыг үндэслэлтэй тайлбарлан хэрэглэж чадаагүйн улмаас уг ялын хүрээ, хязгаарыг оновчгүй тодорхойлсон байна.

Монгол Улсын Эрүүгийн хуульд зорчих эрхийг хязгаарлах ялыг хуульчлахдаа НҮБ-ын “Хорих ялаас өөр төрлийн ял эдлүүлэхэд баримтлах наад захын стандарт дүрэм” /Токиогийн дүрэм/-ийн суурь зарчимд нийцүүлэн хуульчилсан.

Зорчих эрхийг хязгаарлах ял нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух газраас явахыг хориглох, тодорхой газар очихыг хориглох, шүүхээс тогтоосон чиглэлээр зорчих үүргийг хүлээлгэж, нийгмээс тусгаарлахгүйгээр засарч хүмүүжих боломжийг олгох зорилготой бөгөөд үйлдсэн гэмт хэргийнх нь шинж чанар, хувийн байдлыг нь харгалзан чөлөөтэй зорчих хүрээ хязгаарыг нь хумьж, чиглэлийг тогтоох зэргээр чөлөөтэй зорчих эрхэд нь тодорхой хугацаанд хязгаарлалт тогтоож буй ял шийтгэлийн төрөл юм.

Энэхүү ялын зорилго нь хүний эрхийг дээдлэх зарчимд тулгуурлан, ялтан гэр бүл, хамт олныхоо орчинд хүмүүжих, үр хүүхдээ тэжээн тэтгэх, хохирлоо нөхөн төлөхийн тулд хөдөлмөрлөх, түүнчлэн суралцах, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авах эрхийг нь хязгаарлахгүйгээр, нийгмийн дотор гэм буруугаа ухамсарлах, үйлдлээ залруулах нөхцөлийг бүрдүүлэхэд оршдог.

Зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулахдаа ялтны байнга болон түр оршин суух хаягийг зөв тодорхойлох нь эрх бүхий байгууллагаас хуульд заасан хяналтыг хэрэгжүүлэх анхдагч нөхцөл болдог. Мөн ял шийтгүүлж буй этгээд бусдад аюул учруулах эрсдэлтэй болох нь тогтоогдсон тохиолдолд тодорхой газар очихыг, эсхүл тодорхой хүнтэй харилцахыг давхар хориглох боломжтой.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасан хязгаарлалт, хориглолтын аль нэгийг шүүх заавал сонгож хэрэглэх бөгөөд ингэхдээ зорчих бүс, чиглэл, хориглосон газар, эсхүл харилцахыг хязгаарласан хүний албан ёсны хаяг, нэршлийг шийтгэх тогтоолд нэг бүрчлэн, тодорхой заах үүрэгтэй.

14.Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагын салшгүй нэг хэсэг нь шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт хийсэн хууль зүйн дүгнэлт нь тогтоох хэсгийнхээ шийдэлтэй яв цав нийцсэн, дотоод зөрчилгүй байх явдал юм.

Анхан шатны шүүх шүүгдэгч Г.Л-д оногдуулсан зорчих эрх хязгаарлах ялыг Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын нутаг дэвсгэрээс гарахгүй байдлаар дүгнэсэн хэдий ч тогтоох хэсэгт Говь-Алтай аймгийн нутаг дэвсгэрээс гарахгүй байхаар шийдвэрлэснийг зөвтгөх шаардлагатай гэж хяналтын шатны шүүхээс үзэв.

Түүнчлэн, хэрэгт авагдсан баримтаар шүүгдэгч Д.С нь Баянзүрх дүүрэгт байнга оршин суудаг болох нь тогтоогдсон боловч түүний ажлын байр Сүхбаатар дүүрэгт байрладаг болохыг нотолсон баримт хэрэгт авагдаагүй байна.

Шүүгдэгч Д.С-д оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялын хүрээ, хязгаарыг түүний байнга оршин суух харьяаллын дагуу Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээр тогтоох нь Үндсэн хуульд заасан хөдөлмөрлөх эрхийг үндэслэлгүйгээр хязгаарласан гэж үзэхгүй бөгөөд эрүүгийн хариуцлагын зарчимд нийцнэ.

15.Дээрх үндэслэлүүдийг нэгтгэн дүгнээд, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол болон давж заалдах шатны шүүхийн магадлалд шүүгдэгч Г.Л-ын зорчих эрхийг хязгаарлах ялыг Говь-Алтай аймгийн Есөнбулаг сум, шүүгдэгч Д.С-ийн зорчих эрхийг хязгаарлах ялыг Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээр тус тус тогтоосон өөрчлөлт оруулж, өмгөөлөгч Х.Ургаа, О.Аюурзана нарын гаргасан хяналтын гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгохоор тогтов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 2026/ШЦТ/23 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3 дахь заалтыг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.С-ийн эдлэх 1 жил 1 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээр, шүүгдэгч Г.Л-ын эдлэх 1 жил 1 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын нутаг дэвсгэрээр тус тус тогтоосугай” гэж өөрчилж, шийтгэх тогтоол, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж, өмгөөлөгч Х.Ургаа, О.Аюурзана нарын гаргасан хяналтын гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хяналтын шатны шүүхийн тогтоол эцсийн шийдвэр байх ба уг тогтоолд гомдол гаргахгүй болохыг дурдсугай.

 

 

                 ДАРГАЛАГЧ                                              М.ПҮРЭВСҮРЭН

                 ШҮҮГЧИД                                                  Б.БАТЦЭРЭН

                                                                                        Ц.ОЧ

                                                                                        Т.ӨСӨХБАЯР

                                                                                        С.СОЁМБО-ЭРДЭНЭ