Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 04 сарын 09 өдөр

Дугаар 407

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Мөнхбаатар даргалж,

нарийн бичгийн дарга Б.Төгөлдөр,

улсын яллагч Ц.Гансүлд,

шүүгдэгч Б.У нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Ц.Гансүлдээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.У-д холбогдох эрүүгийн .........................   дугаартай хэргийг 2019 оны 03 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, бага боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, Хархорин зах дээр хүнсний ногооны худалдагч ажилтай, ам бүл 5, эцэг, эх, дүү нарын хамт .......................... тоотод оршин суух хаягтай, урьд нь 3 удаагийн ял шийтгэлтэй, Б.У /РД:................./,

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд дурдсанаар/

Шүүгдэгч Б.У нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хэрлэн” баарны гадна талд иргэн Ч.Б-г хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан зодож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Ч.Б-ын мэдүүлэг /хх31-32, 33-34/, гэрч Ц.У-ын мэдүүлэг /хх37-38/, гэрч Ц.Ө-н мэдүүлэг /хх39/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн №11151 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх43/, Б.У-ын яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх53-54/, Б.У-ын шийтгэх тогтоолын хуулбар /хх62-67/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх72/, гэрлэлт бүртгэлгүй тухай лавлагаа /хх72/ тээврийн хэрэгслийн лавлагаа /хх74/, хохирогч Ч.Б-ын “... ямар нэгэн гомдол санал  байхгүй би Сүхбаатар аймгийн Асгат суманд ажилтай байгаа тул шүүх хуралдаан болон прокуророос дуудсан цагт ирэх боломжгүй байгаа...” гэх хүсэлт /хх78/ зэрэг шүүгдэгчийн хувийн байдлыг тодруулсан холбогдох нотлох баримтуудыг шинжлэн судлуулсан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүйг дурдаж, шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Мөн шүүгдэгчийг яллагдагчаар, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

 

Нэг. Шүүгдэгч Б.У-г гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтуудын агуулга:

 

1. Хохирогч Ч.Б-ын “...2018 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр манай хүргэн ах М намайг дуудсан. Би Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хороонд байрлах “Хэрлэн” бааранд ороход У гэх залуу түүний дүү У манай хүргэн ах М нар байсан. Бид нар нийлээд 1 шил архи хувааж уусан. М бид 2 явъя гээд баарнаас гарсан. Араас У, түүний дүү У нар гарч ирээд согтуурхаад хүмүүстэй маргалдаад байхаар нь чи одоо болио гэж хэлэхэд чамд ямар хамаатай юм бэ гэж хэлээд над руу дайрч давшлаад байхаар нь зугтаах гэхэд намайг У бариад авсан. Би У-г тонгороод унагасан. Гэтэл тонгорч унагасны дараа У намайг унагаагаад дээрээс нүүрэн тус газар 2-3 удаа цохисон юм. Миний дээрээс мордоод суусан, цагдаа ирээд салгаад У, У нарыг саатуулсан....” гэх мэдүүлэг /хх31-32, 33-34/,

2. Гэрч Ц.У-ын “...2018 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр... У ах дуудаад “миний дүү хүрээд ир ах нь согтуу байна” гээд би Хэрлэн гэх бааранд ороход У ах М, үл таних залуугийн хамт сууж байсан... У ахыг гэрлүү нь хүргэж өгөхөөр барнаас гарсан. У ах Б гэх залуутай юунаас болж муудалцсан талаар мэдэхгүй байна, нэг мэдэхэд тэр 2 хоорондоо зодолдсон. Б эхлээд У ахыг унагаагаад У ах босож ирээд Б-г унагаагаад 2 удаа нүүрэнд нь цохьсон байх. Би салгах гэж байхад цагдаа ирсэн...” гэх мэдүүлэг /хх37-38/,

3. Гэрч Ц.Ө-ын “...Би 9 дүгээр сарын эхээр манай эхнэрийн дүү Б-тэй Хэрлэн бааранд орсон. Надтай хамт Хархорин зах дээр ногооны наймаа хийдэг У гэх залуу хамт явж байсан. Хамт архи ууж байгаад би Б-тэй баарнаас гарсан. Араас У гарч ирээд Б-тэй муудалцсан. Тэгээд зодоон болох шинжтэй болохоор нь дэмий юм болох нь гэж бодоод яваад өгсөн...” гэх мэдүүлэг /хх39/,

 

4. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн №11151 дугаартай шинжээчийн “...Ч.Б-ын биед хамрын нуруу, зулайн хуйх, нурууны зөөлөн эдийн няцрал, зулгаралт, цээжний цус хуралт, зулгаралт бүхий гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайн хэргийн хугацаанд үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заагдсанаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /хх43/,

5. Б.У-ын яллагдагчаар “...2018 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр би дүү У, мах ачдаг Ө нартай Хэрлэн бааранд ороод архи хувааж уусан. Өтай хамт Б гэх залуу хамт явж байсан. У намайг гэрт хүргэж өгөх гээд баарнаас гарахад Ө-тэй хамт явж байсан Б-тэй маргалдсан. Анхнаасаа бааранд шорон орон яриад байсан. Б барилддаг шинжтэй намайг тонгороод унагаасан. Би босож ирээд уур хүрээд давхар хамах буюу 2 гуянаас нь татаад биеэрээ түрээд түлхээд унагаасан. Унахаар нь нүүрэнд нь хамранд нь 1-2 удаа цохьсон. Тэгээд эргүүлийн цагдаа ирээд аваад явсан...” гэх мэдүүлэг /хх53-54/,

 

Шүүгдэгч шүүх хуралдааны хэлэлцүүлэгт “... мэдүүлэг өгөхгүй, мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн байгаа ...” гэсэн болно.

 

Гэм буруугийн дүгнэлт шүүгдэгч Б.У:

2018 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хэрлэн” бааранд Б.У, Ч.Б- нар нь хамтдаа согтууруулах ундааны зүйл уусан, улмаар баарнаас гарахдаа “шорон орон ярьлаа” гэх зүйлээс болж маргалдан, зодолдсон болох нь хохирогчийн “...би У-г тонгороод унагасан... унагасаны дараа У намайг унагаагаад дээрээс нүүрэн тус газар 2-3 удаа цохьсон...” гэсэн мэдүүлэг болон гэрч Ц.У-ын “...Б эхлээд У ахыг унагаагаад У ах босож ирээд Б унагаагаад 2 удаа нүүрэнд нь цохьсон байх. Би салгах гэж байхад цагдаа ирсэн...”, шүүгдэгчийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлгээр тус тус тогтоогдож байна. Энэхүү зодооны улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан нь Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн №11151 дугаар дүгнэлтээр тогтоогдож байна.

 

Иймд шүүгдэгч Б.У нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

 

Хохирол, хор уршиг-хохирол төлөгдсөн байдал.  

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Ч.Б-д хохирол төлөгдсөн, гомдол саналгүй, нэхэмжилсэн зүйлгүй байх тул шүүгдэгч Б.У-г хохирогчид энэ тогтоолоор төлөх төлбөргүй гэж шүүх үзэв.

 

Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

 

Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд хохирогч Ч.Б нь эхлээд шүүгдэгч Б.У-тай муудалцан баарны гадаа тонгорч унагаасан, дараа нь шүүгдэгч Б.У түүнийг нүүрэн тус газар цохьсон байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т “хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн” байх тул энэ заалтаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамааруулж дүгнэлээ, харин  шүүгдэгчийн үйлдэлд мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийг 900 нэгж буюу 900.000 төгрөгөөр торгох, ялыг 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх санал гаргасан бөгөөд шүүгдэгч Б.У-ын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирогчид төлөх төлбөргүй, гэм буруугийн талаар маргаагүй, ажил хөдөлмөр эрхэлж байгаа зэрэг хувийн байдлыг харгалзан, гэмт хэрэг үйлдэхэд хохирогчийн хууль бус үйлдэл нөлөөлсөн гэж дүгнэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх буюу 700.000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэлээ.

 

Шийдвэрлэвэл зохих бусад зүйлийн талаар:

Эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б.У-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.У-г 700 (долоон зуун) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 (долоон зуун мянган) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан /90 хоног/-н хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.У нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.

5. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, шүүгдэгчийн иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, тэрээр энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

7. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

8. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      М.МӨНХБААТАР