Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 10 сарын 12 өдөр

Дугаар 5387

 

Хариуцагч, нэхэмжлэлийн шаардлагыг

                                           хүлээн зөвшөөрснийг батлах тухай

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Кульдана даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, 16 дугаар хороо,  16 хороолол, Дандарбаатар гудамж, 61 байр, 11 тоотод оршин суух, Тайчууд овогт Баяраагийн Амарбат /РД:ЗЮ91040331/

     Хариуцагч: Баянгол дүүрэг, 4 дүгээр хороо,  57 дугаар байр, 8 тоотод оршин суух, Хатагин овогт Дэлгэрбаярын Тамир /РД:УХ93051059/

Зээлийн гэрээний үүрэгт 4.080.000 төгрөгийг гаргуулах тухай хэргийг хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Б.Амарбат, хариуцагч Д.Тамир, түүний өмгөөлөгч Ш.Бат-Эрдэнэ, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Нэргүй нар оролцов.

           

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Амарбат шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Б.Амарбат миний бие 2015 оны 05 дугаар сарын 15-ны өдөр Баянгол дүүрэг, 4 дүгээр хороо, Го-парк, Энхтайваны өргөн чөлөө гудамж, 107 байр, 159 тоот хаягт оршин суух Д.Тамиртай зээлийн гэрээ байгуулан, 2015 оны 07 дугаар сарын 15-ны өдөр хүртэл 2 сарын хугацаатай, 3 хувийн хүүтэй, зээлдүүлэгч нь хугацаа хэтэрсэн хоног тутам 0.5 хувийн алданги тооцохоор харилцан тохиролцож гэрээ байгуулсан болно. Гэвч Д.Тамир нь өдий хүртэл зээлээ төлөөгүй байгаа бөгөөд зээлээ төлөхийг удаа дараа шаардсан боловч хариу өгөөгүй тул шүүхэд хандав. Иймд Д.Тамираас гэрээний үүрэгт 3.180.000 төгрөг үүний алданги 900.000 төгрөг нийт 4.080.000 төгрөгийг гаргуулж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэлрэх тухай хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү гэжээ.     

 

Нэхэмжлэгч Б.Амарбат шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Д.Тамирт гэрээ байгуулахгүйгээр 3.000.000 төгрөгийг бэлнээр өгсөн. 2014 оны 03 дугаар сард 2 өдөр дараалан хоёр хувааж өгсөн. Эхний өдөр 1.125.000 төгрөг, маргааш нь 1.875.000 төгрөг өгсөн. Үүний дараа нөхөж 2015 оны 05 дугаар сарын 15-ны өдөр зээлийн гэрээ байгуулсан. Тухайн үед Д.Тамираад өгсөн мөнгөө эргүүлж авч чадахгүй байсан учир мөнгөө Д.Тамирт өгсөний баримт болгож зээлийн гэрээ байгуулсан. Тиймээс би Д.Тамираас зээлийн гэрээний хүү, алданги нэхэмжлэхгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагаа 1.080.000 төгрөгөөр багасгаж, үндсэн зээл 3.000.000 төгрөгөө гаргуулах хүсэлтэй байна. Хариуцагчид дээрх төлбөрийг төлөх 3 сарын сарын хугацаа олгох боломжтой гэв.

 

Хариуцагч Д.Тамир шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Амарбат надаар юм хийлгүүлэх гэж 2014 онд 3.000.000 төгрөг үнэн. Би тухайн үед гурван хүний ажлыг хийж өгнө гэж байсан боловч ажлыг нь хийж өгч чадаагүй. Б.Амарбат миний машиныг 2015 оны 05 дугаар сарын 14-ний өдөр надаас авсан мөнгөө өг гээд барьцаалаад аваад явсан учир би 2015 оны 05 дугаар сарын 15-ны өдөр 3.000.000 төгрөгний зээлийн гэрээ нөхөж байгуулсан. Тиймээс би Б.Амарбатын 3.000.000 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна. Гэхдээ би одоогоор ажилгүй байгаа тул надад тодорхой хугацаа хэрэгтэй байна. Нэхэмжлэгчээс 3 сарын хугацаа олгож байгаа тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж өгнө үү гэв.

 

Шүүх хуралдаанаар нэхэмжлэлийн шаардлага, зохигчдын тайлбар эвлэрэл, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг хэлэлцээд

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Амарбат нь хариуцагч Д.Тамирт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 4.080.000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргажээ.

 Шүүх хуралдааны явцад нэхэмжлэгч Б.Амарбат нь нэхэмжлэлийн шаардлагаа 1.080.000 төгрөгөөр багасгаж, Д.Тамираас үндсэн зээл 3.000.000 төгрөгөө гаргуулахаар нэхэмжилж, хариуцагч Д.Тамир нь нэхэмжлэлийн шаардлага 3.000.000 төгрөгийг 3 сарын хугацаанд төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч, тайлбар гаргажээ.  

Иймд хариуцагчийн зөвшөөрлийг баталж, Д.Тамирт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5. дахь хэсэгт заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгч Б.Амарбат нь нэхэмжлэлийн шаардлагаа 1.080.000 төгрөгөөр багасгаж, 3.000.000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч Д.Тамир хүлээн зөвшөөрч уг 3.000.000 төгрөгийг 3 сарын хугацаанд төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.5, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 62950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Тамираас 62950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Амарбатад олгосугай.

 

3. Хариуцагч уг захирамжийг сайн дураар эс биелүүлбэл шийдвэрийн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигчид уг захирамжид давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг тайлбарласугай.                                     

                 

 

 

 

                           

                                    ШҮҮГЧ                                       Ж.КУЛЬДАНА