| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Мижиддоржийн Мөнхбаатар |
| Хэргийн индекс | 188/2019/0683/Э |
| Дугаар | 785 |
| Огноо | 2019-07-30 |
| Зүйл хэсэг | 11.6.1., 17.2.2., |
| Улсын яллагч | Д.Гансүлд |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 07 сарын 30 өдөр
Дугаар 785
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Мөнхбаатар даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Төгөлдөр,
улсын яллагч Ц.Гансүлд /томилолтоор/,
шүүгдэгч Б.Ү, түүний өмгөөлөгч Т.Баярцэцэг /ШТЭД-1298/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор М.Сансарсайханаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1, 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Ү-д холбогдох эрүүгийн ................... дугаартай хэргийг 2019 оны 6 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эх, ах, дүү, хүүхдийн хамт, ................ тоотод оршин суугаа, урьд:
Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2005 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн 309 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, уг ялыг 1 жилийн хугацаагаар тэнссэн,
Б.Ү /РД:............./.
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд дурдсанаар/
Шүүгдэгч Б.Ү нь 2018 оны 6 дугаар сарын 26-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 4 хороо Их нарангийн автобусны буудал дээр иргэн О.Г руу хүч хэрэглэн довтолж, зодон эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулан түүний “Нокиа /Nokia/” маркийн 70.000 /далан мянга/ төгрөгийн үнэ бүхий гар утсыг нь хууль бусаар авсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт: Хохирогч О.Г-гийн мэдүүлэг /хх23-28/, гэрч Б.Ц-гийн мэдүүлэг /хх41/, гэрч Б.Ц-гийн мэдүүлэг /хх49/, гэрч Л.Х-гийн мэдүүлэг /хх52/, Б.Ү-гийн яллагдагчаар өсгөн мэдүүлэг /хх97-101/, таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл /хх64-67/, “тэнцэвэр эстимэйт” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх59-61/, төлбөрийн баримтууд /хх53,78/, шүүхийн үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 8333 дугаартай дүгнэлт /хх55/, Б.Ү-гийн зурагт лавлагаа /хх71/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлуулсан болно.
Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүй.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзсэн болно.
Нэг. Шүүгдэгч Б.Ү-г гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтуудын агуулга:
1. Хохирогч О.Г-гийн “...2018 оны 6 дугаар сарын 26-ны өдөр би гэртээ найз Ц-гийн хамт 0.33 граммын 1 шил архи хувааж ууж дуусаад гэрээс гараад Сонгинохайрхан дүүргийн 4 хороо Их нарангийн автобусны буудал дээр зогсож байсан чинь нэг залуу ирээд намайг гараараа миний нүүр рүү цохиод намайг унасан байхад хавирга, нуруу руу хөлөөрөө өшиглөөд миний халааснаас гар утас аваад цаашаа яваад өгсөн. Би урд өмнө харж байгаагүй танихгүй намхан шар царайтай сахалтай 35 гаруй насны залуу байсан. Хүрч ирээд шууд намайг цохисон бид нарын дунд ямар нэг маргаан болоогүй. Тэр залуу эхлээд намайг ирж зодоход хүүхэдгүй байсан ба хэрэг болсны дараа би газар хэвтэж байхад цагдаа ирээд нөгөө залууг барихад уг залуу хүүхэд тэвэрсэн байсан. Миний хавирга нуруу, хамар зэрэг гэмтсэн. Надад Нокиа маркийн гар утас байсан хэрэг болохоос өмнө 1 сарын өмнө 70.000 төгрөгөөр авсан. Энэ хэргээс болоод би эмнэлгээр явахад надад 600 гаруй мянган төгрөгийн хохирол учирсан. Гомдолтой байна учирсан хохирлоо нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг /хх23-28/
2. Гэрч Б.Ц-гийн “...би 2018 оны 6 дугаар сарын 26-ны өдөр найз О.Г-гийн хамт танил Н-ын гэрт 1 шил архи хувааж уучхаад гэрээс нь орой 19 цагийн үед гарсан юм. Бид хоёр Сонгинохайрхан дүүргийн 04 дүгээр хороо Их нарангийн дунд буудлаас автобусанд суух гээд О.Г надаас түрүүлээд 20 орчим метрийн зайд Их нарангийн дунд буудлын автобусны буудал дээр зогсож байгаа харагдсан. Тэгээд намхан шар царайтай залуу ямар ч шалтгаангүй шууд О.Г-г цохиж унагаагаад газарт унасны дараа нь нүүр рүү нь өшиглөсөн. Тэгэхээр нь би О.Г-г зодсон хүнийг чи яаж байгаан боль гэж орилоод автобусны буудал дээр ирэхэд О.Г-гийн баруун энгэрийн халаасыг ухаж байгаа харагдсан. Тэгээд замын хажуугаар явж байсан цагдаагийн хар алга машин ирэхээр нь би тайвшраад О.Г-с юу болсон бэ? Яасан бэ? гэж асуусан чинь хамраас нь цус гараад тогтохгүй байна гэхээр нь би замын эсрэг талын дэлгүүрээс нойлын цаас авчирч ирээд хамрыг нь харсан чинь О.Г-гийн хамрын үзүүр хэсгээр сэтэрч цус гараад тогтохгүй байхаар нь би цагдаагийн хүмүүс дээр очоод би найзыгаа авч яваад эмнэлэгт үзүүллээ гэж хэлээд аваад явсан юм. Тухайн үед О.Г-г зодсон хүн цагдаагийн машин дотор бага насны хүүхэд тэвэрсэн сууж байсан юм. Дараа нь би О.Г-г аваад эмнэлэг явах гэсэн чинь О.Г-д миний бие өвдөөд байна гэртээ харимаар байна гэхээр нь би шууд Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо ................тоот гэрлүү нь хүргэж өгөөд би дараа гэр рүүгээ явах гэсэн чинь миний гар утас байхгүй байна. Гэхээр нь чиний утас хаана байсан юм бэ? Гэж асуусан чинь миний баруун талын энгэрийн халаасанд байсан гэж хэлэхээр нь би чамайг зодсон хүн залуу чиний баруун энгэрийг ухаж байгаа харагдсан. Гар утсыг чинь авсан юм байна даа гэж хэлээд цагдаа нар тэр хүнийг барьсан юм чинь утас олдох байх гэж хэлээд О.Г-г гэрт нь үлдээгээд би явсан юм...” гэсэн мэдүүлэг /хх49-50/,
3. Гэрч С.Ү-гийн /эргүүлийн цагдаа дэслэгч/ “...намайг Сэлбэ-113 чиглэлийн авто эргүүлд үүрэг гүйцэтгэж 2018 оны 06 дугаар сарын 26-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 04 дүгээр хороо Их нарангийн дунд буудлын зүүн талын буудал дээр 2 эрэгтэй хүн маргалдсан зууралдсан байдалтай байж байхаар нь ... машинаас бууж шалгахад Сонгинохайрхан дүүргийн 04 дүгээр хорооны манаач жижүүр гэх ажилтай Ц.С нь манай найз О.Г-г тэр залуу зодсон гэж хэлэхээр ... зодсон гэх залуугийн бичиг баримт шалгах зорилгоор овог нэрийг асуухад өөрийгөө Б.Ү Сонгинохайрхан дүүргийн 04 дүгээр хороо 09 дүгээр гудамжны ....... тоотод оршин суудаг гэж хэлж байсан. Тэгээд би зодуулсан гэх хүн нь өөрийгөө Г.Г гэсэн юу болсон талаар асуухад намайг наад хүн чинь зодсон гэж хэлж байсан. Тэгээд тэр зодуулсан хүний хамраас цус гараад байхаар нь 103 дугаар руу дуудлага өгөөд ...” гэсэн мэдүүлэг /хх47/,
4. Гэрч Л.Х-гийн /эргүүлийн цагдаа/ “...би дэслэгч С.Ү-гийн хамт Сонгинохайрхан дүүргийн 04 дүгээр хороо Их нарангийн дунд буудлын зүүн талын автобусны буудал дээр 2018 оны 06 дугаар сарын 26-ны өдөр нэг хүн хэвтчихсэн 3 хүн хажууд нь зогсож байгаа харагдсан... Ц гэх хүн нь манай найзыг тэр хүн зодсон гэж хэлэхээр нь би тэр зодсон хүний араас нь очиж бичиг баримтыг шалгах гэтэл тэр хүн нь саравчны сандал дээрээс 1 ой гарантай эмэгтэй хүүхэд тэврээд миний охин байгаа юм гэхээр нь би тэр хүнийг хаана юу хийдэг гэрийн хаяа регистрийн дугаарын нь бичиж аваад байж байсан...” гэсэн мэдүүлэг /хх52/,
5. Б.Ү-гийн яллагдагчаар өгсөн “...Их Нарангийн Дунд буудал дээр явж байсан чинь Түцний хажууд үл таних эрэгтэй хэвтэж байсан тэгэхээр нь би хажууд нь очоод харсан чинь тэр хүний хар өнгийн нокиа маркийн утас байхаар нь аваад явчихсан..., ...нокиа маркийн гар утсаа Их нарангийн дунд буудал дээр байдаг түцнээс үл таних хүн юм аваад зогсож байхаар нь 5000 төгрөгөөр зарчихсан юм...” гэсэн мэдүүлэг /хх97-101/,
6. Шүүхийн үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 8333 дугаартай “...О.Г-гийн биед хамрын нурууны цус хуралт, язарсан шарх, цээж, нурууны зөөлөн эдийн няцрал цус хуралт бүхий гэмтэл учирсан байна. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалдант нөлөөлөхгүй...” гэсэн дүгнэлт /хх55/,
7. Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургын үзүүлэлтэд “... хохирогч О.Г-д намайг зодож, миний гар утсыг чинь авсан хүнийг №1 дугаараар дугаарласан байна гэж Б.Ү-г заасан... хүнийг царай төрх болон сахлаар нь сайн таньж байна...” гэж тусгагджээ. /хх64-67/,
Гэм буруугийн дүгнэлт шүүгдэгч Б.Ү:
Шүүгдэгч Б.Ү, түүний өмгөөлөгч нарын зүгээс гэм буруугийн талаар маргаагүй, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх байр сууринаас оролцсон болохыг тэмдэглэх нь зүйтэй.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаас дүгнэн үзэхэд Шүүгдэгч Б.Ү нь 2018 оны 6 дугаар сарын 26-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 4 хороо Их нарангийн автобусны буудал дээр иргэн О.Г-д руу хүч хэрэглэн довтолж, түүний “Нокиа /Nokia/” маркийн гар утсыг нь авсан болох нь:
хохирогч О.Г-гийн “...автобусны буудал дээр зогсож байсан чинь нэг залуу ирээд намайг гараараа миний нүүр рүү цохиод намайг унасан байхад хавирга, нуруу руу хөлөөрөө өшиглөөд миний халааснаас гар утас аваад цаашаа яваад өгсөн...” гэх мэдүүлэг,
гэрч Б.Ц-гийн “...Тэгээд намхан шар царайтай залуу ямар ч шалтгаангүй шууд О.Г-г цохиж унагаагаад газарт унасны дараа нь нүүр рүү нь өшиглөсөн. Тэгэхээр нь би О.Г-г зодсон хүнийг чи яаж байгаан боль гэж орилоод автобусны буудал дээр ирэхэд О.Г-гийн баруун энгэрийн халаасыг ухаж байгаа харагдсан...” гэх мэдүүлэг, гэрч С.Үүрийнсолонго, Л.Хосбаяр /үүрэг гүйцэтгэж явсан эргүүлийн цагдаа/ нарын мэдүүлгээр тус тус тогтоогдож байна.
Шүүгдэгчийн хүч хэрэглэн довтолсон үйлдлийн улмаас хохирогч О.Г-гийн эрүүл мэндэд “...хамрын нурууны цус хуралт, язарсан шарх, цээж, нурууны зөөлөн эдийн няцрал цус хуралт...” бүхий хөнгөн хохирол учирсан нь 2018 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн №8333 дугаар шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож тогтоогдож байна.
Шүүгдэгч Б.Ү нь шунахайн сэдэлттэйгээр, гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, авахаар довтолж” эд зүйлийг /гар утас/ нь авсан нь тогтоогдож байх тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирч байна.
Мөн шүүгдэгч Б.Ү нь дээрэмдэх гэмт хэрэг үйлдэх явцдаа хохирогч О.Г-гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан байх тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах давхар зүйлчлсэн зөв байна.
Иймд улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлтийг хүлээн авч дээрх, зүйл хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ү-г дээрэмдэх болон хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцов.
Хохирол, хор уршиг-хохирол төлөгдсөн байдал.
Хохирогч О.Г-д нь баримтаар 596.500 төгрөг нэхэмжилсэн бөгөөд шүүгдэгч Б.Ү нь 2019 оны 7 дугаар сарын 09-нд 600.000 төгрөгийг хохирогчид төлсөн нь тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч Б.Ү нь бусдад энэ тогтоолоор төлөх төлбөртэй гэж дүгнэв.
Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Улсын яллагчаас шүүгдэгч Б.Ү-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 320 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялын дүгнэлт, санал гаргасан.
Шүүгдэгчийн өмгөөлөгч эрүүгийн хариуцлагын хуралдаанд “...шүүгдэгч Б.Ү-гийн хувьд гэмт хэргийн улмаас учруулсан хохирлын нөхөн төлсөн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан тул хэрэгсэхгүй болгож өгнө үү. Харин дээрэмдэх гэмт хэргийн хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг хэрэглэн 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж өгнө үү...” гэв.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан үзлээ.
Шүүгдэгч Б.Ү нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан “учруулсан хохирлыг төлсөн” гэж эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн авч үзлээ. Мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж дүгнэлээ.
Шүүгдэгч Б.Ү-гийн холбогдсон гэмт хэрэг нь хэрэгт авагдсан нотлох баримт болон яллах дүгнэлтэд дурдсанаар 2018 оны 6 дугаар сарын 26-ны өдөр үйлдэгдсэн байх бөгөөд гэмт хэрэг үйлдэгдсэнээс хойш 1 жил 14 хоногийн хугацаа өнгөрчээ.
Шүүгдэгч Б.Ү-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэгт гэм буруутайд тооцсон бөгөөд тус зүйл, хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын хувьд “...нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ” гэж заасан. Мөн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1.1 дэх заалтад “...эсхүл зорчих эрхийг хязгаарлах ялын дээд хэмжээг нэг жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэнээс хойш нэг жил өнгөрсөн” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл тоолно” гэж тус тус хуульчилсан тул шүүгдэгч Б.Ү-д холбогдсон хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусгавар болжээ.
Өөрөөр хэлбэл шүүгдэгч Б.Ү нь хэд хэдэн гэмт хэргийг нэг удаагийн үйлдлээр үйлдсэн байх тул гэмт хэрэг тус бүрт нь гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг тоолох нь зүйтэй юм.
Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг 1.2 дахь заасан “гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан” үндэслэлээр шүүгдэгчид холбогдох “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна”, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан” гэж тус тус заажээ.
Шүүгдэгч Б.Ү нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэм буруугаа ухамсарлаж байгаа, хуульд заасан хөнгөрүүлэн нөхцлийг хэрэглэх боломжтой гэсэн өмгөөлөгчийн дүгнэлтийг хүлээн авах үндэслэлтэй байна.
Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг журамлан хорих ялыг хөнгөрүүлж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ү-д 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулахаар шийдвэрлэж, мөн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ.
Шийдвэрлэвэл зохих бусад зүйлийн талаар:
Эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж шүүгдэгч Б.Ү-гийн цагдан хоригдсон 14 хоногийг түүний эдлэх хорих ялд оруулан тооцож, шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалт, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б.Ү-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж авахаар довтолж дээрэмдэх хэрэг үйлдсэн гэм буруутайд,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалт, 2 дахь хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ү-д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ү-д 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ү-д оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ү-гийн цагдан хоригдсон 14 /арван дөрөв/ хоногийг түүний эдлэх хорих ялд оруулан тооцсугай.
5. Энэ хэрэгт хураагдсан, битүүмжлэгдсэн, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, тэрээр энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
7. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
8. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.МӨНХБААТАР