Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 04 сарын 08 өдөр

Дугаар 291

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж,

нарийн бичгийн дарга Ж.Лхамсүрэн,

улсын яллагч Д.Пүрэвдагва,

шүүгдэгч М.Х, түүний өмгөөлөгч Н.Дашдулам,

шүүгдэгч С.Т, түүний өмгөөлөгч А.Очбадрал,

хохирогч Ц.Г-, түүний өмгөөлөгч Т.Баасанжаргал нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн прокурорын газраас М.Х, С.Т нарт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн эрүүгийн ___ тоот хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, _ дугаарын регистртэй, М.Х.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, _ дугаарын регистртэй, С.Т.

 

Холбогдсон хэргийн талаар

Шүүгдэгч С.Т, М.Х нар нь бүлэглэн 2018 оны 11 дүгээр сарын 09-нөөс 10-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 6-р хорооны нутагт байрлах “Айзам” караоке дотор Ц.Г-ыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд дурдсанаар/

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.Х мэдүүлэхдээ:

“...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.Т мэдүүлэхдээ:

“...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Ц.Г- мэдүүлэхдээ:

“...Би караокед орчихоод тооцоогоо хийчихээд гарч явахад намайг цохисон. Би “чи намайг камертай газар зодож байна” гэж хэлэхэд тоохгүй байсан. Тухайн үед гаднаас 2 хүүхэн, 2 залуу орж ирэхээр нь би цагдаа дуудаад өгөөч гэсэн. Тэгээд хамт явж байсан эмэгтэй нь цагдаа дуудсан. Цагдаагийн газар очоод надруу дайраад байсан.  Тэндээсээ би эмэгтэй дүүгээ дуудаад Гэмтлийн эмнэлэг орсон. Эмнэлэгээсээ шууд гэр лүүгээ явсан. Би 2 хоногийн дараа цагдаад өргөдөл өгсөн...” гэв.

 

            Мөн хавтаст хэргээс мөрдөн байцаалтанд шүүгдэгч болон хохирогч, гэрч нарын мэдүүлсэн мэдүүлэг болон бусад баримтууд болох:

 

Мөрдөн байцаалтад шүүгдэгч С.Тын өгсөн:

“...2018 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр 21 цаг өнгөрч байхад эгч А-гийн ажиллуулдаг Баянгол дүүргийн 6-р хорооны нутаг дэвсгэрт байрлах Айзам караокед найз С болон Сгийн нэг найзтай 3-лаа очиж хүний 3, 3 шил Боргио пиво уусан. Эгчийн караокед очихоос өмнө 3-лаа нийлээд 10 шил пиво уусан байсан. Би нилээд согтоод тасарсан байсан. Манай найз хэзээ явсныг ч мэдэхгүй байна. Нэг мэдсэн би цагдаагийн газар ирчихсэн байсан. Маргааш өглөө нь би эгчийнхээ гэрт унтаж байсан. Цагдаагаас дуудсаны дараа эгчийн караокед очиж камерын бичлэг шүүж үзэхэд би нэг өрөөнөөс гарч ирээд текэн дээр зогсож байгаад 2 залуутай маргалдаж гарахдаа үүдний хэсэгт хэнийг нь мэдэхгүй нэг нь намайг түлхэхэд би хойшо ухраад хохирогч гэх залуутай заамдалцаж байхад зөөгч Х хажуунаас хохирогч гэх залууг цохиод цамцнаас нь татаад бид 2 газар унагаад дээрээс нь өшиглөж цохиж байгаа бичлэг байсан...” гэх мэдүүлэг /хх-н 34, 83-84/,

 

Мөрдөн байцаалтад шүүгдэгч М.Х-ийн өгсөн:

“...2018 оны 11 дүгээр сарын 09-нөөс 10-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 6-р хорооны нутаг дэвсгэрт байрлах Айзам караокед бармен зөөгчөөр ажиллаж байхад 01 цаг өнгөрч байхад гаднаас архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай 1 эрэгтэй, 2 эмэгтэй орж ирэн 2 номерын ширээнд сууж эхлээд 3 шил пиво захиалсныг аваачиж өгөөд байж байтал захирал А-гийн дүү Т тухайн үед караоке дотор согтуу хүмүүс рүү агсрах гээд байсан учир А- эгч намайг хойд талын өрөө рүү оруулаад унтуулчих гэхээр нь би Тыг дагуулаад хойд талын өрөө рүү оруулаад унт гээд байж байтал А- эгчийн охин Э араас орж ирээд хүмүүс тооцоогоо хийхгүй текэн дээр маргалдаад байна гэхээр нь гараад очтол 2 номерын ширээний үйлчлүүлэгч нар байхаар нь тооцоогоо зүгээр хийчих гэтэл хөх эрээн хүрэмтэй залуу буюу одоо хохирогч гэх эрэгтэй намайг чи хэн юм гэхээр нь би зөөгч нь байна гэтэл чам шиг юм надтай харьцдаггүй юм гээд надтай маргаад байхаар нь би хаяад гадаа гарч тамхи татаад эргээд ороод иртэл Т 2 номерын ширээнд сууж байсан 1 залуутай үүдэнд маргалдаад хэнтэй нь гэдгийг санахгүй байна нэгнийг нь заамдчихсан цохисон уу эсхүл цохих гэж байсан уу гараа далайсан байхаар нь хажуугаар нь ороод хохирогч гэх залуугийн нүүрлүү нь гараараа цохиод чирч газар унагаад Т бид 2 дээрээс нь хэд хэдэн удаа цохисон. Энэ үед А-, Э 2 ирж салгасан. Хохирогч гэх залуу зодуулж байхдаа миний зүүн хөлнөөс зуурчихаад тавихгүй чи миний хүрэмийг харж байна уу чиний өмсөж чадахгүй хүрэм шүү пизда минь гээд орилоод байсан. Тыг Э, А- 2 салгаад аваад явсан. Хохирогч гэх залуу миний хөлнөөс зуураад тавихгүй байсан учир би толгойруу нь гараараа хэд хэдэн удаа цохисон. Тэгтэл хамт явж байсан эмэгтэй нь орж ирээд цагдаа дуудчихсан байгаа гэхээр нь цагдаа дуудсан гэж байна тавь гээд хөлөө тавиулаад босоод зогсож байтал цагдаа ирсэн. Т нилээн согтуу агсраад байсан учир цагдаа Тыг гавлаад хохирогч гэх залуутай хамт аваад явсан...” гэх мэдүүлэг /хх-н 35-36, 81-82/,

 

Мөрдөн байцаалтад хохирогч Ц.Г-ын өгсөн:

“...2018 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр 23 цагийн үед ажил тараад Баянгол дүүргийн 6-р хорооны нутаг дэвсгэрт байрлах Айзам караокены хажуу талын пабд хамт ажилладаг Б Э болон нэг найз хүүхэнтэй нь 4-лээ орж хүний 1, 1 шил пиво авч уугаад 00 цагийн үед тэндээсээ гараад Айзам караокеруу ороод удаагүй байхад Эгийн найз хүүхэн явлаа гээд түрүүлээд явсан. Б Э бид 3 хүний 1, 1 шил пиво захиалж уусан. Дахиад 3 шил пиво захиалаад тооцоог нь хийсэн боловч Э одоо болсон явцгаая гээд уухгүй буцаасан. Э гарах гэж байхдаа текэн дээр нь очоод НӨАТ-ын баримтаа авъя гэтэл зөөгч гэх залуу болон текний ард зогсож байсан 2 хүүхэн та нар баарнаас хэзээ НӨАТ-ын баримт авч байсан юм гээд Этай маргалдаад байхаар нь хая хая явъя гээд Эг аваад үүдрүү нь гарах гэтэл урдаас согтуу саарал өнгийн цамцтай намхан залуу биеэрээ тулж ирээд цээжээрээ намайг түлхээд яагаад байгаа юм гэхээр нь би цааш нь түлхээд өөрөөсөө холдуултал зөөгч гэх хар өнгийн цамцтай залуу болон текний ард байсан 2 хүүхэн гүйж гарч ирж байх шиг байсан. Миний толгойны араас хэнийг нь мэдэхгүй нэг хүн цохисон. Нэг мэдсэн би газар уначихсан миний энд тэндээс хүмүүс зулгаагаад цохиж зодоод байсан. Би хар өнгийн цамцтай зөөгч залуугийн хөлнөөс нь тэврээд цагдаа иртэл чамайг тавихгүй та нар яасан их хүн зоддог юм гээд хэвтэж байтал хажуугаар 1 хүүхэн 2 залуу орчихоод буцаад гарсан. Би өөрөө босоод та нар яасан гэж хүн зоддог юм гэтэл намайг дотогшоо ороод ир наад хувцсыг чинь төлөөд өгье гээд маргаад зогсож байтал гаднаас цагдаа Этай хамт ороод ирсэн. Хуулийн дагуу шийдвэрлүүлэх саналтай байна...” гэх мэдүүлэг /хх-н 19-20/,   

 

Мөрдөн байцаалтад гэрч Б.Эгийн өгсөн:

“...Би эгч Пгийн хамт явж байхад танил Гтай утсаар яриад тэгээд БГД-н 5-р хороо 3 эмнэлгийн орчимд тааралдаад Айзам караокед 00 цагийн үед орсон. Манай эгч П удалгүй гараад явчихсан юм. Тэгээд караокед нэг их удалгүй бид тэнд 5 пиво авч уугаад Гын хамт гарахаар болсон зөөгч нь 3 пиво нэмж аваад ирэхэд авахгүй гэж хэлээд 3 пивоо буцаасан. Тэгтэл зөөгч 3 пиво өгөх гээд байхаар нь би уурлаад тооцоо хийчихээд И-баримт авна гэхэд өгөөгүй, баримт байхгүй гэсэн тэгээд би Гтай гарах гэхэд үүдээр согтуу залуу орж ирээд би Гын араар ороход тэр согтуу залуу Гыг зодсон. Тэгээд би зөрж гүйж гараад цагдаа дуудсан. Би караокед байгаагүй согтуу залуу орж ирэхэд Гын араар ороод Гыг согтуу хүн цохиод авахад нь хажуугаар нь гараад караокены гадаа зогсож байсан...” гэх мэдүүлэг /хх-н 21/,

 

Мөрдөн байцаалтад гэрч С.А-гийн өгсөн:

“...2018 оны 11-р сарын 09-нөөс 10-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 6-р хорооны нутаг дэвсгэрт байрлах Айзам караокены текэн дээр зогсож байхад 01 цагийн үед 2 эрэгтэй, 2 эмэгтэй орж ирж үйлчлүүлсэн. Нэг эмэгтэй нь нэг залуутайгаа маргаж байгаад түрүүлээд явсан. 4 шил пиво авсан. Сүүлд нь зөөгч Х биллэн дээр бичүүлэлгүй нэг шил пиво аваачиж өгсөн байсан. Тухайн үед төрсөн дүү Т манай караокед найзуудтайгаа сууж байгаад нилээн согтсон байсан учир би Хд Тыг 2 номерын өрөөнд оруулаад унтуулчих гээд явуулсан. Энэ үед охин Э сүүлд нэмж авсан нэг шил пивоны мөнгийг авахаар очтол маргаан үүсгээд байх шиг байсан. Э гүйгээд Х-ийг дуудаж ирээд тооцоогоо хийчих гэтэл маргалдаад Х-ийг ширээний хойд талаас цохьчих гээд байхаар нь би зохицуулах гээд очтол хохирогч гэх хөх эрээн өнгийн хүрэмтэй залуу Х-ийг мэлхий минь гээд янз бүрээр хэлээд доромжлоод маргаад байхаар нь би Х-ийг гар гээд гаргасан. Буцаад текэн дээрээ иртэл 2 номерын ширээний үйлчлүүлэгч нар тооцоогоо хийхээр текэн дээр ирээд хамт явж байсан залуу нь 20.000 төгрөг гаргаж өгөөд 16.000 төгрөгийн тооцоо хийсэн. Тэгтэл хамт явж байсан эмэгтэй нь надруу дайраад бас л хэл амаар доромжилж байгаад текэн дээр байсан дууны ном болон паднусыг түлхэж унагачихаад гараад явсан. Үүдэнд охин Э нөгөө хүмүүстэй таараад яагаад байгаа юм гэтэл бас хэрэлдээд байсан. Энэ үед Т хойно нь явж байгаад та нар яагаад байгаа юм гээд өмөөрсөн маягтай дундуур нь ортол хохирогч гэх залуу Тыг түлхээд хоорондоо маргалдаад заамдалцаад байж байхад Х гаднаас орж ирээд салгах гэж байгаа бололтой зууралдаж байгаад хоорондоо зодолдоод эхэлсэн. Тэгтэл Т согтуудаа дундуур гүйж ороод ганц нэг өшиглөж цохисон. Хохирогч гэх залуу Х-ийн хөлнөөс зуурчихаад тавихгүй хоорондоо хэрэлдээд байсан. Тыг Э бид 2 салгаж аваад аль болох ойртуулахгүй байсан. Хохирогч гэх залуугийн хамраас нь цус гарчихсан байхаар нь Х-ийг боль гэхээр Х цохихоо больчихоор хохирогч гэх залуу нь зуурчихаад тавихгүй өдөж байгаад цохиулаад байсан. Хамт явж байсан эрэгтэй, эмэгтэй 2 нь зодоон эхлэх үед гарч зугтаад эмэгтэй нь цагдаа дагуулаад ирсэн...” гэх мэдүүлэг /хх-н 22-23/,

 

Мөрдөн байцаалтад гэрч М.Бы өгсөн:

“...2018 оны 11 дүгээр сарын 09-нөөс 10-нд шилжих шөнө эргүүлийн цагдаа, цагдаагийн дэд ахлагч Мгийн хамт Баянгол дүүргийн 4,5,6-р хороонд Бугат 66-р чиглэлд 24 цагаар явган эргүүлийн үүрэг гүйцэтгэж байхад шөнийн 01 цаг 40 минутын үед Баянгол дүүргийн 6-р хорооны нутаг дэвсгэрт байрлах Айзам караокед зодуулаад байна гэх дуудлагын дагуу ганцаараа очиж шалгахад Айзам караокены гадна 35-40 орчим насны эмэгтэй хүлээгээд зогсож байсан. Та нар яасан их уддаг юм бэ манай найзыг дотор зодоод алах гэж байна гэхээр нь дагуулаад караоке руу ортол хохирогч гэх залуу цээж нүцгэн нүүр ам нь цус болчихсон коридорт зогсож байсан. Хажууд нь караокены зөөгч гэх залуу, караокены захирал гэх эмэгтэй болон улбар шар өнгийн хүрэмтэй согтуу залуу хохирогч руу дайраад байгаа бололтой агсам тавиад зогсож байхаар нь одоо наад хэрүүл маргаанаа болиод болсон асуудлын талаар яриад өг гэтэл улбар шар өнгийн хүрэмтэй залуу чи муу төлбөрөө төлөхөд яадаг пизда вэ гэтэл хохирогч гэх залуу би мөнгөө өгөө биз дээ та нар яасан гэж намайг зодож байгаа юм гээд урдаас нь маргалдаад байсан чинь улбар шар өнгийн хүрэмтэй согтуу залуу хохирогчийг барьж авч зодчих гээд дайраад байхаар нь улбар шар өнгийн хүрэмтэй залууг хохирогчоос холдуулж гарыг нь нурууных нь ард гавлаад хохирогч залуугаас чамайг зодсон хүн аль нь вэ гэж асуухад улбар шар өнгийн хүрэмтэй залууг заагаад энэ ямар ч байсан намайг зодсон хүн мөн 3-4-лээ нийлж намайг зодсон бусдыг нь мэдэхгүй гэхдээ энд байгаа гэхээр нь улбар шар өнгийн хүрэмтэй залууг хохирогчтой хамт аваад 10-р хорооллын цагдаагийн хэсэг рүү явж байхад улбар шар өнгийн хүрэмтэй залуу замд агсам тавиад хохирогч руу дайраад чам шиг юмыг би зодчихоод мөнгийг нь төлөөд явах чадалтай шүү гээд огт зүгээр байхгүй явсаар байгаад ирсэн. Цагдаагийн хэсэг дээр орж ирээд хохирогч нилээн согтуу байсан учир төрсөн дүүг нь утсаар дуудаж хүлээлгэж өгсөн. Хохирогчийг зодсон гэх согтуу залууг сангаас шүүж үзэхэд Сгийн Т /РД: / гэгч байсан ба Бугат-116 чиглэлийн автомашинтай Баянгол дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн саатуулах байранд хүргэж өгөхөд эрүүлжүүлэх байр дүүрсэн авах боломжгүй гэхээр нь жижүүрийн туслахтай холбогдон энэ талаараа мэдэгдээд дүү Эд нь хүлээлгэж өгсөн...” гэх мэдүүлэг /хх-н 25-26/,

 

Мөрдөн байцаалтад гэрч Э.Эгийн өгсөн:

“...2018 оны 11-р сарын 09-ний өдөр үеэл ах Т 2-3 найзтайгаа Баянгол дүүргийн 6-р хорооны нутаг дэвсгэрт байрлах Айзам караокед ирж архи пиво авч уусан. Найз нь 00 цаг өнгөрч байхад явцгаасан. Т ах нилээн согтсон байсан учир ээж А- зөөгч Х-ийг Т ахыг 2 номерын өрөөнд оруулаад унтуулчих гээд тэр 2-г явуулсан. Энэ хооронд 2 эрэгтэй, 2 эмэгтэй орж ирээд голын 3-р ширээн дээр суугаад 4 шил захиалсныг нь би аваачиж өгтөл хоорондоо маргаж байгаад нэг хүүхэн нь гараад явчихсан. Тэгтэл нэг залуу нь текэн дээр очоод 4 шил пиво нэмж захиалсан чинь ээж нэмж пиво авсан уу үгүй юу гэж асуухаар зөөгч Х-ийг дуудаад ир гэхээр нь би очиж дуудсан. Х ирээд тооцооны талаар ярьтал 2 залуу нь Х-ийг мэлхий шиг нүдтэй пизда гээд хараагаад байсан. Ээж ширээн дээр нь ирээд Х-ийг гарч бай бид нар учраа олъё гээд гаргасан. Тэгтэл сүүлд 4 пиво захиалсан залуу нь пивоо авчъя гэтэл хамт явж байсан хүүхэн нь одоо пиво уухгүй тооцоогоо хийгээд гарна гээд текэн дээр очоод сүүлд авна гэж бичүүлсэн пивийг илүү бичсэн байна гээд маргаж байхад Т ах гаднаас орж ирээд текэн дээр зогсож байхад хүүхэн нь гарахдаа паднус болон дууны номыг гараараа түлхэж унагаад хаалганы хажууд зогсож байсан надруу нэг үг хэлтэл Т ах тэрийг нь сонсоод та нар ер нь яах гээд байгаа юм аятайхан үйлчлүүлээч гэтэл хамт явж байсан 2 залуу нь чи муу юу гээд байгаа юм гээд Т ахтай маргаж байгаад үүдрүү гарахдаа Т ахыг хохирогч ахтай хамт явж байсан залуу нь түлхтэл Т ах уурлаад гаднах цамцаа тайлтал зөөгч Х гаднаас орж ирээд хохирогч гэх ахыг цохиод Т ах араас нь очиж зуураад газар унагаад тэр 2 дээрээс нь цохиод байхаар нь би Т ахыг салгаад холдуулсан. Xaмт явж байсан ах, эгч 2 гараад зугтчихсан. Хохирогч гэх ах Х-ийн хөлнөөс нь зуураад тавихгүй байсан чинь Х тавь гээд толгой биерүү нь гараараа цохиод байсан. Энэ үед Т ах согтуу хохирогч ах руу байн байн гүйж очоод байсан. Би аль болох ойртуулахгүй гээд түлхэж холдуулж байсан. Хохирогч гэх ах Х-ийн хөлнөөс зуураад тавихгүй нилээн зууралдаж байхад 1 номерын өрөөнд байсан хүмүүс гарч таараад одоо салаад жаахан тайвшир гэтэл Х-ийн хөлийг тавиад салсан. Х ах тамхи татахаар гартал хохирогч ахтай хамт явж байсан эмэгтэй гаднаас цагдаа дагуулаад ороод ирсэн. Цагдаа Т ахыг согтуу байсан учир аваад явсан. Би араас нь очиж Т ахыг авсан...” гэх мэдүүлэг /хх-н 85/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн шинжээчийн 13483 тоот: 

1. Г- биед тархи доргилт, зүүн нүдний дотор булан, зүүн хацар эрүүнд цус хуралт, зүүн хацрын дотор салстад шарх, хамар ясны хугарал, хамрын таславч мурийлт, баруун дал, нуруу, тохойд цус хуралт зулгарал, цээжний зөөлөн эдийн гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн тус бүр нэг удаагийн үйлчлээр тухайн хэрэг болсон цаг хугацаанд үүсгэгджээ.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид эрүүл мэнд өнгийн хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй гэх дүгнэлт /хх-н

 

- хохирлын баримтууд /хх-н 40/,

- хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-н 12-16/,

 

Шүүгдэгч нарын хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд болох:

- эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-н 47, 54/

- иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 48, 55/

- оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-н 51, 56/ зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цугларч, бэхжүүлэгдсэн, нотлох баримтууд нь агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул нотлох баримтаар үнэлж, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж дүгнэсэн болно.

 

            Шүүхээс шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэрэг, гэм буруугийн талаар хийсэн хууль зүйн дүгнэлт:

 

- Шүүгдэгч С.Т нь М.Хтэй бүлэглэн 2018 оны 11 дүгээр сарын 09-нөөс 10-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 6-р хорооны нутагт байрлах “Айзам” караокед архидан согтуурсан үедээ Ц.Г-ыг зодож биед тархи доргилт, зүүн нүдний дотор булан, зүүн хацар эрүүнд цус хуралт, зүүн хацрын дотор салстад шарх, хамар ясны хугарал, хамрын таславч мурийлт, баруун дал, нуруу, тохойд цус хуралт зулгарал, цээжний зөөлөн эдийн гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

 

шүүгдэгч С.Тын “...Цагдаагаас дуудсаны дараа эгчийн караокед очиж камерын бичлэг шүүж үзэхэд би нэг өрөөнөөс гарч ирээд текэн дээр зогсож байгаад 2 залуутай маргалдаж гарахдаа үүдний хэсэгт хэнийг нь мэдэхгүй нэг нь намайг түлхэхэд би хойшоо ухраад хохирогч гэх залуутай заамдалцаж байхад зөөгч Х хажуунаас хохирогч гэх залууг цохиод цамцнаас нь татаад бид 2 газар унагаад дээрээс нь өшиглөж цохиж байгаа бичлэг байсан...” гэх мэдүүлэг,

 

шүүгдэгч М.Х-ийн “...2018 оны 11 дүгээр сарын 09-нөөс 10-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 6-р хорооны нутаг дэвсгэрт байрлах Айзам караокед бармен зөөгчөөр ажиллаж байхад ... Т 2 номерын ширээнд сууж байсан 1 залуутай үүдэнд маргалдаад хэнтэй нь гэдгийг санахгүй байна нэгнийг нь заамдчихсан цохисон уу эсхүл цохих гэж байсан уу гараа далайсан байхаар нь хажуугаар нь ороод хохирогч гэх залуугийн нүүрлүү нь гараараа цохиод чирч газар унагаад Т бид 2 дээрээс нь хэд хэдэн удаа цохисон. ...Хохирогч гэх залуу миний хөлнөөс зуураад тавихгүй байсан учир би толгойруу нь гараараа хэд хэдэн удаа цохисон...” гэх мэдүүлэг,

 

хохирогч Ц.Г-ын “...2018 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр ...Айзам караокеруу ороод ... Б Э бид 3 хүний 1, 1 шил пиво захиалж уусан. ... Эг аваад үүдрүү нь гарах гэтэл урдаас согтуу саарал өнгийн цамцтай намхан залуу биеэрээ тулж ирээд цээжээрээ намайг түлхээд яагаад байгаа юм гэхээр нь би цааш нь түлхээд өөрөөсөө холдуултал зөөгч гэх хар өнгийн цамцтай залуу болон текний ард байсан 2 хүүхэн гүйж гарч ирж байх шиг байсан. Миний толгойны араас хэнийг нь мэдэхгүй нэг хүн цохисон. Нэг мэдсэн би газар уначихсан миний энд тэндээс хүмүүс зулгаагаад цохиж зодоод байсан. Би хар өнгийн цамцтай зөөгч залуугийн хөлнөөс нь тэврээд цагдаа иртэл чамайг тавихгүй та нар яасан их хүн зоддог юм гээд хэвтэж байтал хажуугаар 1 хүүхэн 2 залуу орчихоод буцаад гарсан...” гэх мэдүүлэг,  

 

гэрч С.А-гийн “...2018 оны 11-р сарын 09-нөөс 10-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 6-р хорооны нутаг дэвсгэрт байрлах Айзам караокены текэн дээр зогсож байхад 01 цагийн үед 2 эрэгтэй, 2 эмэгтэй орж ирж үйлчлүүлсэн. …Т хойно нь явж байгаад та нар яагаад байгаа юм гээд өмөөрсөн маягтай дундуур нь ортол хохирогч гэх залуу Тыг түлхээд хоорондоо маргалдаад заамдалцаад байж байхад Х гаднаас орж ирээд салгах гэж байгаа бололтой зууралдаж байгаад хоорондоо зодолдоод эхэлсэн. Тэгтэл Т согтуудаа дундуур гүйж ороод ганц нэг өшиглөж цохисон. ...Х цохихоо больчихоор хохирогч гэх залуу нь зуурчихаад тавихгүй өдөж байгаад цохиулаад байсан...” гэх мэдүүлэг,

 

гэрч М.Бы “...2018 оны 11 дүгээр сарын 09-нөөс 10-нд шилжих шөнө ... Айзам караокенд зодуулаад байна гэх дуудлагын дагуу ганцаараа очиж шалгахад ...хохирогч гэх залуу цээж нүцгэн нүүр ам нь цус болчихсон коридорт зогсож байсан...” гэх мэдүүлэг,

 

гэрч Э.Эгийн “...2018 оны 11-р сарын 09-ний өдөр ...Т ахтай маргаж байгаад үүдрүү гарахдаа Т ахыг хохирогч ахтай хамт явж байсан залуу нь түлхтэл Т ах уурлаад гаднах цамцаа тайлтал зөөгч Х гаднаас орж ирээд хохирогч гэх ахыг цохиод Т ах араас нь очиж зуураад газар унагаад тэр 2 дээрээс нь цохиод байхаар нь би Т ахыг салгаад холдуулсан...” гэх мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн шинжээчийн 13483 тоот дүгнэлт, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.

 

- Шүүгдэгч М.Х нь С.Ттай бүлэглэн 2018 оны 11 дүгээр сарын 09-нөөс 10-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 6-р хорооны нутагт байрлах “Айзам” караокед зөөгчийн ажлыг хийж байхдаа маргалдаж улмаар Ц.Г-ыг зодож биед тархи доргилт, зүүн нүдний дотор булан, зүүн хацар эрүүнд цус хуралт, зүүн хацрын дотор салстад шарх, хамар ясны хугарал, хамрын таславч мурийлт, баруун дал, нуруу, тохойд цус хуралт зулгарал, цээжний зөөлөн эдийн гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

 

шүүгдэгч С.Тын “...хохирогч гэх залууг цохиод цамцнаас нь татаад бид 2 газар унагаад дээрээс нь өшиглөж цохиж байгаа бичлэг байсан...” гэх мэдүүлэг,

 

шүүгдэгч М.Х-ийн “...2018 оны 11 дүгээр сарын 09-нөөс 10-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 6-р хорооны нутаг дэвсгэрт байрлах Айзам караокед бармен зөөгчөөр ажиллаж байхад ... Т 2 номерын ширээнд сууж байсан 1 залуутай үүдэнд маргалдаад хэнтэй нь гэдгийг санахгүй байна нэгнийг нь заамдчихсан цохисон уу эсхүл цохих гэж байсан уу гараа далайсан байхаар нь хажуугаар нь ороод хохирогч гэх залуугийн нүүрлүү нь гараараа цохиод чирч газар унагаад Т бид 2 дээрээс нь хэд хэдэн удаа цохисон...” гэх мэдүүлэг,

хохирогч Ц.Г-ын “...2018 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр ...Айзам караокеруу ороод ... Б Э бид 3 хүний 1, 1 шил пиво захиалж уусан. ... Эг аваад үүдрүү нь гарах гэтэл урдаас согтуу саарал өнгийн цамцтай намхан залуу биеэрээ тулж ирээд цээжээрээ намайг түлхээд яагаад байгаа юм гэхээр нь би цааш нь түлхээд өөрөөсөө холдуултал зөөгч гэх хар өнгийн цамцтай залуу болон текний ард байсан 2 хүүхэн гүйж гарч ирж байх шиг байсан. Миний толгойны араас хэнийг нь мэдэхгүй нэг хүн цохисон. Нэг мэдсэн би газар уначихсан миний энд тэндээс хүмүүс зулгаагаад цохиж зодоод байсан. Би хар өнгийн цамцтай зөөгч залуугийн хөлнөөс нь тэврээд цагдаа иртэл чамайг тавихгүй та нар яасан их хүн зоддог юм гээд хэвтэж байтал хажуугаар 1 хүүхэн 2 залуу орчихоод буцаад гарсан...” гэх мэдүүлэг,  

 

гэрч Б.Эгийн “...Би эгч Пгийн хамт явж байхад танил Г-той ... БГД-н 5-р хороо 3 эмнэлгийн орчимд тааралдаад Айзам караокед 00 цагийн үед орсон. ... би Г-той гарах гэхэд үүдээр согтуу залуу орж ирээд би Г-ын араар ороход тэр согтуу залуу Г-ыг зодсон...” гэх мэдүүлэг,

 

гэрч С.А-гийн “...2018 оны 11-р сарын 09-нөөс 10-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 6-р хорооны нутаг дэвсгэрт байрлах Айзам караокены текэн дээр зогсож байхад 01 цагийн үед 2 эрэгтэй, 2 эмэгтэй орж ирж үйлчлүүлсэн. …Т хойно нь явж байгаад та нар яагаад байгаа юм гээд өмөөрсөн маягтай дундуур нь ортол хохирогч гэх залуу Тыг түлхээд хоорондоо маргалдаад заамдалцаад байж байхад Х гаднаас орж ирээд салгах гэж байгаа бололтой зууралдаж байгаад хоорондоо зодолдоод эхэлсэн. Тэгтэл Т согтуудаа дундуур гүйж ороод ганц нэг өшиглөж цохисон. ...Х цохихоо больчихоор хохирогч гэх залуу нь зуурчихаад тавихгүй өдөж байгаад цохиулаад байсан...” гэх мэдүүлэг,

 

гэрч М.Бы “...2018 оны 11 дүгээр сарын 09-нөөс 10-нд шилжих шөнө ... Айзам караокенд зодуулаад байна гэх дуудлагын дагуу ганцаараа очиж шалгахад ...хохирогч гэх залуу цээж нүцгэн нүүр ам нь цус болчихсон коридорт зогсож байсан...” гэх мэдүүлэг,

 

гэрч Э.Эгийн “...2018 оны 11-р сарын 09-ний өдөр ...Т ахтай маргаж байгаад үүдрүү гарахдаа Т ахыг хохирогч ахтай хамт явж байсан залуу нь түлхтэл Т ах уурлаад гаднах цамцаа тайлтал зөөгч Х гаднаас орж ирээд хохирогч гэх ахыг цохиод Т ах араас нь очиж зуураад газар унагаад тэр 2 дээрээс нь цохиод байхаар нь би Т ахыг салгаад холдуулсан...” гэх мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн шинжээчийн 13483 тоот дүгнэлт, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.

 

Баянгол дүүргийн прокурорын газраас шүүгдэгч М.Х, С.Т нарт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байх тул шүүгдэгч М.Х, С.Т нарыг бүлэглэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Хохирогч Ц.Г-ын өмгөөлөгч Т.Баасанжаргал гэмт хэргийн зүйлчлэл тохироогүй шүүгдэгч М.Х, С.Т нарын үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлд заасан Олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулах гэмт хэргийн шинжтэй талаар санал гаргасан хэдий ч хэргийн үйл баримт, хавтаст хэрэгт авагдсан гэрч, хохирогчийн мэдүүлэг зэргээс үзэхэд 2018 оны 11-р сарын 09-нөөс 10-нд шилжих шөнө шүүгдэгч М.Х нь Айзам караокед зөөгчийн ажил үүргийг гүйцэтгэж байснаас бус нийтийн хэв журмыг зөрчих зорилгогүйгээр хохирогч Ц.Г-той маргалдсан харин шүүгдэгч С.Т архидан согтуурсан үедээ хохирогч Ц.Г-той хэрэлдэж маргалдан улмаар шүүгдэгч нар нь үйлдлээрээ нэгдэж бүлэглэн хохирогчийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулжээ. Үүнээс дүгнэхэд шүүгдэгч нарын үйлдэл нь бүлэглэж нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчих гэсэн гол шинжийг хангахгүй байх тул өмгөөлөгчийн саналыг хүлээж авах хууль зүйн үндэслэлгүй байна гэж үзлээ.

 

Хохирлын талаар

“Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол” гэж, мөн “...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг....” гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд тус тус тодорхойлж хуульчилсан бөгөөд “Хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр бусдын амь нас, эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, гэм хор учруулсантай холбогдон гарсан зайлшгүй бүх зардлыг хохирогчид нөхөн төлөх үүрэгтэй” талаар Иргэний хуулийн 497 дугаар зүйл болон 505 дугаар зүйлд тус тус зааж зохицуулсан.

 

Хэргийн хохирогч Ц.Г-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь тухайн гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар буюу гэмт хэргийн хохирол болох бөгөөд учирсан гэмтлийн улмаас эмчилгээ үйлчилгээ хийлгэх зэрэг болон бусад зайлшгүй зардал нь гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн дагавар буюу хор уршигт тооцогдох юм.

 

Хавтаст хэрэгт хохирогч нь 139.500 төгрөгийн хохирлын баримт гаргаж өгсөн байх ба шүүх хуралдаанд шүүгдэгч нарын талаас 1.110.250 төгрөгийн хохирол төлсөн баримт өгсөн байх тул энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгч М.Х, С.Т нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэж, хохирогч нь шүүх хуралдаанд цаашид гарах хохирлоо нэхэмжилнэ гэж мэдүүлж байх тул хохирогч Ц.Г-ын гэмт хэргийн улмаас учирсан бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хариуцлага оногдуулах талаарх шүүхийн дүгнэлт:

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх шүүх хуралдаанд улсын яллагч шүүгдэгч М.Х, С.Т нарт тус бүр 500 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах санал гаргасан ба гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгч нарын үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа, шүүгдэгч нар нь ажил хөдөлмөр эрхэлдэг, учруулсан хохирлыг төлсөн, анх удаа гэмт хэрэг үйлдсэн зэрэг нөхцөл байдлыг харгалзан шүүгдэгч М.Х, С.Т нарт тус бүр 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэлээ.

 

Шүүхээс шүүгдэгч М.Х, С.Т нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөлд тооцсон ба ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

            Хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдав. 

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31.3 дугаар зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч М.Х, С.Т нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан бүлэглэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Х-ийг 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ял,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Тыг 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ял тус тус шийтгэсүгэй.

 

   3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Х, С.Т нарын торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс хойш хуульд заасан хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, энэ хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

 

4.  Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан флаш дискийг хэрэгт хадгалан үлдээж, шүүгдэгч нар цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч Ц.Г-ын гэмт хэргийн улмаас учирсан бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол М.Х, С.Т нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Ц.МӨНХ-ЭРДЭНЭ