Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 08 сарын 31 өдөр

Дугаар 786

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Мөнхбаатар даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Төгөлдөр,

улсын яллагч Х.Нарангуа,

шүүгдэгч Г.Ц нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Х.Нарангуагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.Ц-д холбогдох эрүүгийн ..................дугаартай хэргийг 2019 оны 7 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “Т” ХХК-д ээлжийн операторчин ажилтай, ам бүл 3, дүү, хүүхдийн хамт, ............... тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Г.Ц /РД:................../.

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд дурдсанаар/

Шүүгдэгч Г.Ц нь 2019 оны 5 дугаар сарын 14-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо, Содон хорооллын .............. тоотод согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэр бүлийн хамаарал бүхий, хамтран амьдрагч Ч.О-г хардалтын улмаас зүүн гуяны дотор талд хутгалж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж учруулсан хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт: хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх4-11/, хохирогч Ч.О-гийн мэдүүлэг /хх25/, гэрч Б.Б-гийн мэдүүлэг /хх27-28/, шүүх шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2019 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 6264 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх36/, Хамтарсан багын хурлын тэмдэглэл /хх14/, гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээ /хх16-20/, яллагдагч Г.Ц-гийн мэдүүлэг /хх61-62/, иргэний үнэмлэхний лавлагаа /64/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх63/, цагдаагийн байгууллагын АСАП сангийн лавлагаа /хх71-74/ шүүгдэгчийн хувийн байдлыг тодруулсан холбогдох нотлох баримтуудыг шинжлэн судлуулсан болно.

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзсэн болно.

Нэг. Шүүгдэгч Г.Ц-гийн гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтуудын агуулга:

1. Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл “...манай гэрт манай найзыг эхнэр нь хутгалчихлаа...” талаарх хүлээн авсан тэмдэглэл /хх2/,

2. Хохирогч Ч.О-гийн “...Би Ц-тэй 10 гаруй жилийн өмнө ... танилцаж байсан. Хууль ёсны гэрлэлтийн баталгаа байхгүй. Дундаасаа хүүхэдгүй. 2008 онд Цайз 16 дугаар хороололд нэг гэрт амьдарч байгаад 2018 онд хамт амьдрахаа больсон. Одоо би өөрийнхөө аав, ээжийн гэр болох .............. тоотод амьдарч байгаа. Ц түрээсийн байранд дүү нартайгаа амьдарч байгаа. Бид 2 хамт амьдарч байх хугацаандаа хэрүүл маргаан болдог байсан, гэхдээ бие, биенээ зодож цагдаагийн байгууллагад шалгагдаж байгаагүй. 2019 оны 05 дугаар сарын 13-ны өдөр Ц над руу залгаж ...Би ээлжийн амралтаа авч байгаа уулзах уу... гэхээр нь би ...Содон хороололд Б ахын гэрт байна, чи хүрээд ир... гэсэн чинь 18 цаг өнгөрч байхад ганцаараа ирсэн. Хоол унд идчихээд унтсан. Маргааш өглөө нь буюу 2019 оны 05 дугаар сарын 14-ний өдөр сэрээд Б, Ц бид гурав 0.75 литрийн 2 шил архи дэлгүүрээс авч уусан. Бид 3 нэлээд согтсон. Тухайн үед миний гар утас руу манай эмэгтэй найз М утсаар ярьсан чинь Ц намайг тэр эмэгтэйтэй хардаж ...чи надаас өөр эмэгтэй хүнтэй яваад байгаа юм уу.. гэж хэлээд уурлаад миний толгой руу хараа архины шилээр нэг удаа цохиод авахаар нь би зөрүүлээд гараараа баруун шанаа руу нь нэг удаа цохьсон чинь Ц газар уначихсан. Ц босч ирээд уйлаад гал тогооны шүүгээн дээр байсан бор модон иштэй хутга бариад авахаар нь би хутгыг нь салгах гээд Ц-тэй зууралдсан чинь нэг мэдсэн чинь миний зүүн гуяны дотор тал руу хатгачихсан. Гуя дагаж халуун оргиод цус гарсан. Нэлээд их цус гарсан.  Тэгсэн чинь Ц ...би чамайг хутгалчихлаа эмнэлэгт үзүүлэх хэрэгтэй цагдаа дуудлаа... гээд утсаа аваад цагдаа дуудсан. Тэгээд цагдаа, эмнэлэг ирээд намайг гэмтлийн эмнэлэг рүү авч явсан. Ц надад алгадуулчихаад уурлаад хутга барьж над руу дайрсан. Би тэр үйлдлийг нь таслан зогсоох гэж байгаад хутгалуулсан. Бид бие биенээ бусадтай хардаж хэрүүл хийдэг тэрнээсээ болоод салчихсан байсан юм. Салснаасаа хойш хааяа уулздаг байсан...” гэх мэдүүлэг /хх25/,

3. Гэрч Б.Б-гийн “...2019 оны 5 дугаар сарын 13-ны өдөр манай найз О найз Ц-г дагуулаад ирсэн. О эхнэртэйгээ манайд хоносон бөгөөд бид нар тэр өдрөөс хойш архи уусан. Тэгээд би унтаж байгаад сэрсэн чинь буйдангийн бүтээлэг нэл цус болчихсон байсан. О-ын аль хэсгийн билээ нэг хэсэгт нь цус болчихсон. Түүний эхнэр Ц манай шар өнгийн иштэй хутгыг барьчихсан зогсож байсан. Тэгээд О-гийн эхнэр Ц цагдаа болон түргэн дуудсан...” гэсэн мэдүүлэг, /хх27-28/,

4. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 6264 дугаартай шинжээчийн дүгнэлтэд “Ч.О-гийн биед зүүн гуяны дотор гадаргууд шарх, цус хуралт хаван зэрэг гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хурц иртэй зүйлийн үйлчлэлээр үүсэх боломжтой. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэг болно. Цаашид эрүүл мэнд хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэжээ. /хх36/,

5. Г.Цгийн яллагдагчаар өгсөн “...2008 онд Ч.О-той Улаанбаатар хотод танилцсан. Хууль ёсны эхнэр нөхөр биш гэрлэлтээ батлуулаагүй. Дундаасаа хүүхэдгүй.  Урьд нь бид 2 Цайз 16 дугаар хороололд байр түрээсэлж 4-5 жил амьдарсан. Одоо би дүүтэйгээ Гандангийн хойно байр түрээсэлж амьдардаг. Ч.О өөрийнхөө ээж, аавтайгаа Хан-уул дүүрэгт яармагт амьдардаг. Бид хааяа нэг уулздаг, эр, эмийн харилцаатай, хамт амьдардаггүй. 2019 оны 5 дугаар сарын 13-ны өдөр би Дүнжингарав дээр бичиг баримт хөөцөлдөөд явж байсан чинь О ...21-р хороололд, Б-гийн гэрт хүрээд ир... гэхээр нь би 17 цагийн үед яваад очсон чинь Б, О хоёр байсан. Тэнд хоол унд идчихээд амарсан. Маргааш өглөө нь О бид гурав намайг ээлжийн амралтаа авсан гээд  О дэлгүүр орж 0.75 граммтай Хараа архи 2 шилийг авч  бид 3 хувааж уусан. Би нэлээн согтчихсон. Нэг мэдсэн чинь О миний шүд рүү гараараа цохисныг санаж байна. Би зөрүүлээд тавиур дээр байсан бор иштэй модон бариултай хутгаар Оыг зогсож байхад нь гуяных нь дотор тал руу нэг удаа хатгасан чинь их  цус гарсан. Би ...цагдаа дуудах уу... гэсэн чинь ...би зүгээр... гээд байсан. Тэгээд би удалгүй 102, 103 руу нөхрөө хутгалчихлаа гэж дуудлага өгсөн. Тухайн үед юунаас болж маргалдсанаа санахгүй байна. ...О битгий цагдаа дууд, зүгээрээ... гээд байсан. Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна.  Миний буруу...” гэх мэдүүлэг /хх61-62/,

Гэм буруугийн дүгнэлт шүүгдэгч Г.Ц:

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримт, талуудын гаргасан тайлбараас дүгнэн үзэхэд хохирогч Ч.О, шүүгдэгч Г.Ц нар нь 2008 оноос хойш хамтран амьдарсан, гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай болох хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлгээр тус тус тогтоогдож байна.

Шүүгдэгч Г.Ц түүний хамтран амьдрагч Ч.О нар нь 2019 оны 5 дугаар сарын 14-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо, Содон хорооллын 115 дугаар байрны 102 тоотод байрлах Б.Б-гийн гэрт архи, согтууруулах ундааны уусан.

Улмаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Г.Ц хамтран амьдрагч Ч.О-той маргалдан, хардалтын улмаас түүний зүүн гуяны дотор талд хутгалсан нь хохирогчийн мэдүүлэг, гэрч Б.Б-гийн мэдүүлэг, шүүгдэгчийн мөрдөн байцаалтын шат болон шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд зэргээр тус тус тогтоогдож байна.

Шүүгдэгчийн энэхүү үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд “...зүүн гуяны дотор гадаргууд шарх, цус хуралт хаван...” бүхий хөнгөн хохирол учирсан болох нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2019 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 6264 дугаартай дүгнэлтээр тогтоогдож байна.

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2-т “Энэ хуулийн зохицуулалтад гэрлэлтээ цуцлуулсан эхнэр, нөхөр, хамтран амьдарч байсан, эсхүл хамтран амьдарч байгаагүй ч гэр бүлийн харилцаатай байсан, дундаасаа хүүхэдтэй этгээд нэгэн адил хамаарна”, 5 дугаар зүйлийн 5.1.1-д зааснаар “гэр бүлийн хүчирхийлэл” гэдэгт эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүд, хамтран амьдрагч ..., тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа зэрэг этгээдүүд нь нэгнийхээ сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг, Мөн зүйлийн 5.1.6-д “хамтран амьдрагч” гэж гэрлэлтээ бүртгүүлээгүй ч харилцан тохиролцсоны үндсэн дээр гэр бүлийн харилцаа үүсгэн хамтран амьдарч байгаа этгээдийг ойлгохоор заажээ.

Шүүгдэгч Г.Ц нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн буюу гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлдлээ хэрэгжүүлжээ.

 

Иймд түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” хүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан хүндрүүлэх бүрэлдэхүүнтэйгээр яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

Хохирол, хор уршиг-хохирол төлөгдсөн байдал. 

Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Ч.О нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж бичгээр хүсэлт гаргаж нотариатараа гэрчлүүлсэн байх тул шүүгдэгч Г.Ц-г хохирогчид энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Улсын яллагчаас шүүгдэгч Г.Ц-д хүний эрүүл мэндэд хөнгөн хохирлыг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар учруулсан тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулах дүгнэлт гаргасан болно.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх  нөхцөл байдал зэргийг харгалзан үзлээ.

Мөн хэрэгт авагдсан нотлох баримт, хохирогчийн тайлбараас үзэхэд хохирол төлбөр төлөгдсөн байх тул шүүгдэгч Г.Ц-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан “..тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн...” 1.2-т “...гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид шууд эмнэлгийн бусад туслалцаа үзүүлсэн, учруулсан хохирлыг төлсөн...” гэсэн нөхцөлийг хөнгөрүүлэх нөхцөл байдал тус тус тооцож, харин  шүүгдэгчийн үйлдэлд мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 Шүүх шүүгдэгч Г.Ц нь ажил хөдөлмөр эрхэлж байгаа, цалин орлоготой, хохирогчийн хохирлыг төлж барагдуулж, хохирогчтой эвлэрсэн, хохирогч гомдол, саналгүй зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 500 нэгж буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шийдвэрлэвэл зохих бусад зүйлийн талаар:

Эрүүгийн хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Г.Ц-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Ц-д 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянган/  төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Ц нь торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан /90 хоног/-н хугацаанд биелүүлэх, биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, тэрээр цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдсугай.

5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

6. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

7. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      М.МӨНХБААТАР