Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 04 сарын 16 өдөр

Дугаар 437

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Мөнхбаатар даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Энх-Учрал,

улсын яллагч Б.Энхбат,

шүүгдэгч Н.Ч нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Энхбатаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Н.Ч-д, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, эрүүгийн ......................  дугаартай хэргийг 2019 оны 3 дугаар  сарын 29-ний өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Н.Ч, Монгол Улсын иргэн, бүрэн дунд боловсролтой, сантехникч мэргэжилтэй, “Мөнхийн тун эмийн үйлдвэр”-т эсгүүрчин ажилтай, ам бүл 4, эхнэр, хоёр хүүхдийн хамт, .......................... тоотод оршин суудаг, урьд  ял шийтгэлгүй /РД:........................../,

 

Холбогдсон гэмт хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

Шүүгдэгч Н.Ч нь 2018 оны 12 дугаар сарын 27-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, Эмээлт захын орчимд иргэн Ц.Н-н шилжүүлсэн 1.000.000 төгрөгийг төлбөр тооцооны алдаатай гүйлгээ хийгдсэн гэдгийг мэдсээр байж завших гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас: Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх3/, хохирогч Ц.Н-н мэдүүлэг /хх7-8/, хохирогч Ц.Н-н депозит дэлгэрэнгүй дансны хуулга /хх9/,  Н.Ч-ийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх32-33/, шүүгдэгч Н.Ч-ийн цагдаагийн Асап сангийн дэлгэрэнгүй лавлагаа /хх15-17/, гэрч Н.Ж-ын депозит дэлгэрэнгүй дансны хуулга /хх23-26/, гэрч Н.Ж-ын мэдүүлэг /хх37/, гэрлэлтийн гэрчилгээний хуулбар /хх49/, хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар /хх50-51/, хохирол төлсөн баримт /хх54/, бүрэн дунд боловсролын гэрчилгээний хуулбар болон  шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой холбогдох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзсэн болно.

 

Нэг. Шүүгдэгч Н.Ч-г гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтуудын агуулга:

1. Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх3/,

2. Хохирогч Ц.Н-н: “...2018 оны 12 дугаар сарын 27-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Эмээлт зах дээр өөрийн эзэмшлийн махаа буулгуулахаар Ч, Б гэх 4 хүн хөлсөлсөн юм. Тэгээд тухайн хүмүүсийн ажлын хөлс гэж нийт 100.000 төгрөг өгөх болсон бөгөөд тухайн мөнгөө Чийн өгсөн “Хаан” банкны Ж гэсэн эзэмшигчтэй ............. дугаарын данс руу 100.000 төгрөгийг шилжүүлэх гэж байгаад андууран 1.000.000 төгрөг шилжүүлчихээд 2-3 цагийн дараа Ч руу залгаад “Ах нь андууран 1.000.000 төгрөг хийчихсэн байна. Буцаагаад шилжүүлчих үү” гэж хэлсэн чинь мэдээгүй, хараад буцаад залгъя гэж хэлээд гар утсаа унтраагаад алга болсон юм. Түүнээс хойш залгаад гар утсаа авахгүй байсан...Би Ч-тэй гар утсаар холбогдож 2-3 удаа мөнгө нэхэж залгах үед мөнгө байхгүй гэсэн зүйл яриад өнөөдрийг хүртэл нэг ч төгрөг өгсөн зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх5-8/

3. Хохирогч Ц.Н-ийн эзэмшлийн Хаан банкны .......... дугаарын дансны депозит дэлгэрэнгүй хуулга /хх9/,

4. Гэрч Н.Ж-ын: “....Миний дансанд 1 сая төгрөг орсныг 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдөр намайг цагдаагаас залгаад дуудсан, тэгээд ирж уулзаад мэдсэн юм. Би виза картаа нөхөр Н.Ч-тэй хамт дундаа хэрэглэдэг юм. 2018 оны 12 дугаар сарын 27-ны өдөр манай нөхөрт миний виза карт байсан юм....Манай нөхөр Н.Ч надад ямар ч мөнгө өгөөгүй 1.000.000 төгрөгөө яасан гэж асуусан чинь найзуудтайгаа нийлж архи уусан гэж хэлээд өөр юм хэлээгүй...” гэсэн мэдүүлэг /хх37/,

5. Иргэн Н.Ж-ын эзэмшлийн Хаан банкны ........... дугаарын дансны депозит дэлгэрэнгүй хуулга /хх23-26/,

6. Яллагдагч Н.Ч-ийн: “...Би Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэр Эмээлт захын ойролцоо Н гэдэг хүнтэй 2018 оны 12 дугаар сарын 27-ны өдөр танилцаад Чингэлэгээс үхрийн мах зөөж оруулаад ажлын хөлс болох 100.000 төгрөг авахаар болсон юм. Тэгэхээр нь өөрийн эхнэр Э.Ж-ын ........ дугаарын дансыг мах чингэлэг рүү зөөлгөсөн ах Н-д өгсөн. Тэгээд удаагүй Н ах нь 100.000 төгрөгийг нь чиний өгсөн Хаан банкны данс руу хийчихсэн гэж хэлээд утсаа тасалсан, тэгээд удаагүй Н ах над руу залгаад ах нь 100.000 төгрөг өгөх гэж байгаад 1.000.000 төгрөг андуураад чиний данс руу хийчихсэн байна, ахдаа буцаагаад 900.000 төгрөгийг нь өгчих гэхээр би за гэж хэлээд өгөөгүй юм. Тухайн үед шинэ жил болох гээд надад мөнгөний хэрэг болоод байсан юм...” гэсэн мэдүүлэг /хх32-33/.

            Шүүхийн хэлэлцүүлэгт: Шүүгдэгч Н.Ч мэдүүлэхдээ: “...100.000 төгрөг өгөх байсан, андуураад 1.000.000 төгрөг шилжүүлсэн гэж хэлсэн, тухайн үед шинэ жил болох гээд мөнгөний хэрэг байсан учраас буцааж өгөөгүй, гэм буруугаа хүлээж байгаа...” гэв.

              

Гэм буруугийн дүгнэлт: Шүүгдэгч Н.Ч.

Шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч Н.Ч-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “төлбөр тооцооны алдаатай гүйлгээ гэдгийг мэдсээр байж завшсан” гэмт хэрэг үйлдсэн нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдсон гэж үзэж, гэм буруутайд тооцуулах тухай дүгнэлтийг гаргажээ.

2018 оны 12 дугаар сарын 27-ны өдөр шүүгдэгч Н.Ч нь хохирогч Ц.Н-г “төлбөр тооцооны алдаатай гүйлгээ хийсэн гэдгийг мэдсээр байж илүү шилжүүлсэн 900.000 төгрөгийг буцаан шилжүүлэхгүй завшсан” болох нь гэмт хэргийн талаархи гомдол мэдээлэл, хохирогчийн мэдүүлэг, хохирогчийн дансны хуулга, шүүгдэгчийн эхнэр Э.Ж-ын дансны хуулга, яллагдагчаар болон шүүх хуралдаанд гэм буруугаа хүлээн өгсөн мэдүүлэг зэргээр тогтоогдож байна.

Шүүгдэгч Н.Ч нь төлбөр тооцооны алдаатай гүйлгээ гэдгийг мэдсээр байж “шинж жил болох гээд мөнгөний хэрэг байсан учраас буцааж өгөөгүй гэсэн нь” гэм буруугийн шууд санаатай хэлбэртэй, шунахайн сэдэлттэйгээр бусдын эд хөрөнгийг завшин бага хэмжээнээс дээш хохирол учруулсан байх тул “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.

Иймд шүүгдэгч Н.Чийг төлбөр тооцооны алдаатай гүйлгээ гэдгийг мэдсээр байж завшсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулах талаар прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Хохирол төлбөрийн талаар: 

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Ц.Н-н хаан банкны ................. тоот дансанд 2019 оны 3 дугаар сарын 15-ны өдөр 500.000 төгрөг шилжүүлсэн байх тул шүүгдэгч Н.Ч-г хохирогчид 400.000 төгрөг төлөх төлбөртэй гэж үзэв.

 

Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүнийг гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан дараах байдлаар эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэлээ.

Улсын яллагчаас шүүгдэгч Н.Ч-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 850 нэгж буюу 850.000 төгрөгөөр торгох ял оногдуулах, оногдуулсан ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх дүгнэлтийг гаргасан болно.  

Шүүгдэгчийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн” нөхцөлийг хөнгөрүүлэх нөхцөл байдал тооцсон ба шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Иймд шүүгдэгч Н.Ч гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрч байгаа боловч хохирлыг бүрэн төлж барагдуулаагүй, одоогоор ажил хөдөлмөр эрхэлж байгаа нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 750 нэгж буюу 750.000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.

 

Шүүх шийдвэрлэвэл зохих бусад асуудлын талаар:

Эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Н.Ч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан төлбөр тооцооны алдаатай гүйлгээ гэдгийг мэдсээр байж завшсаны улмаас бусдад 900.000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Ч-д 750 (долоон зуун тавин) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 750.000 (долоон зуун тавин мянган) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Ч нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Чоос 400.000 /дөрвөн зуун мянган/ төгрөг гаргуулж хохирогч Ц.Н-д /РД:................./ олгосугай.

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчид цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг тус тус  дурдсугай.

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

7. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

8. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      М.МӨНХБААТАР