Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 04 сарын 19 өдөр

Дугаар 452

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Мөнхбаатар даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Энх-Учрал,

улсын яллагч: Ц.Ариунтуяа,

хохирогч  Б.Ц, түүний өмгөөлөгч Ч.Даваасүрэн /ШТЭД-1476/

шүүгдэгч  Д.Б, түүний өмгөөлөгч Ж.Гантулга /ШТЭД-1163/, Ж.Хандсүрэн /ШТЭД-0440/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Ц.Ариутуяагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, эрүүгийн ........................ дугаартай Д.Б-д холбогдох хэргийг 2019 оны 3 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 Д.Б, Монгол улсын иргэн, бүрэн дунд боловсролтой, эксковаторын оператор мэргэжилтэй, “Ландтек” ХХК-д ковшын операторчин ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт .............тоотод оршин суух бүртгэлтэй, урьд  ял шийтгэлгүй /РД:.................../,

 

Холбогдсон гэмт хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

Шүүгдэгч  Д.Б нь 2017 оны 12 дугаар сарын 26-наас 27-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэр, Мандал овоогийн 28-11 тоотод согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ иргэн  Б.Ц руу архины шил шидэж улмаар түүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас: хохирогч  Б.Ц-ын мэдүүлэг /хх9-11/, гэрч Ч.Б-ын /хх12-13/, гэрч М.Б-ийн мэдүүлэг /хх19-20/,  гэрч Б.С-ын мэдүүлэг /хх21-23/, гэрч Д.Г-ын мэдүүлэг  /хх25-27/, гэрч С.Н-ийн мэдүүлэг /хх29-31/, гэрч Б.М-ын мэдүүлэг  /хх33-35/, гэрч Б.Б-ийн мэдүүлэг /хх37-38/, гэрч Б.Б-ийн мэдүүлэг /хх39-40/, гэрч Б.Б-ийн мэдүүлэг /хх41-42/, гэрч Ө.Э-ийн мэдүүлэг /хх45/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2018 оны 01 дугаар сарын 02-ны өдрийн 904 дугаартай дүгнэлт /хх47-48/, хохирлын баримт /хх79-84/,  шүүгдэгчийн хөдөлмөр эрхлэлт, ял шалгах хуудас, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар /хх101,112-115/, 2019.04.18-ны өдрийн шүүх хуралдаанд гаргаж өгсөн хохирогчид хохиролд 10.000.000 төгрөг төлсөн болон Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга зэрэг баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүй болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзсэн болно.

 

Нэг. Шүүгдэгч  Д.Б-г гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтуудын агуулга:

            1.Хохирогч  Б.Ц-ын “...2017 оны 12 дугаар сарын 26-ны 19 цагийн үед найзуудын шинэ жил тэмдэглэнэ гээд манай найзууд болох Г, Б, Б, Г, Д нар манай гэрт цуглараад тэгээд манайхаас гараад “Болор тааз” гээд караоке руу орсон. Тэндээ 2-3 цаг болж дуулж, бүжиглээд 2-3 шил 0.75 литрийн архи болон пиво, ундаа зэрэг захиалж уугаад дууссан. Тэгээд тэндээсээ гараад буцаад манай гэрт ирээд манай нөхөр Э тасраад уначихаар нь гэртээ үлдээчихээд тэгээд орой 23 цагийн үед Б-ын гэр ............................. тоотод байх Монгол гэрт нь очсон. Тэгэхэд Г, Б, Б нар түрүүлээд явсан бөгөөд би нөхрөө унтуулчихаад араас нь гэрт нь очсон юм. Намайг очих үед тэд нар 0.75 литрийн 1 шил архи хувааж уугаад дуус ч байсан ба би 1 шил 0.75 литрийн Голд Чингис архи, 2 том пиво авч очсон юм. Тэгээд нэг бууз энэ тэр жигнээд гаргачихсан байсан тэгээд дахиад нэг бууз жигнээд миний авчирсан архийг дөнгөж задлаад уугаад сууж байхад Б-ийн эхнэр Д нь С муудалцаад тэгээд Б эхнэрээ өмөөрөөд С муудалцаж байхад нь Б манай гэрт ирчихээд манайхыг хүндэлсэнгүй гээд уурлаж эхэлсэн ба тэгээд хэрэлдэж маргалдаж байгаад С-ыг Г 2-3 удаа цохиод авсан. Тэгтэл М Г-г хориод боль гээд аваад гарсан ба С бид 2 С-ыг хориод байж байтал Б С руу дайраад тэгээд М /бүтэн нэрийг нь мэдэхгүй/ ороод салгаж байтал Б С- луу дайраад ор луу түлхэж унагаагаад тэгээд эргээд хартал л Б ширээн дээр байсан архитай шил шидээд миний духан дээр шил нь хагарсан. Тэгээд архи нь С-ийн нүүрэн дээр асгараад бид 2 хамт гараад гүйчихсэн...Тэгээд л гадна гараад зодооноо болиоч ээ надад  түргэн дуудаад өгөөч миний нүд юм харахгүй байна гэхэд М түргэн дуудаж өгөөд цагдаа дуудаад түргэн ирээд намайг гэмтлийн эмнэлэг рүү авч явсан. ...Би тухайн үед бол яг харж байсан. Тэгэхэд бол ширээн дээр байсан архитай шилийг аваад уг нь С руу шидэх гэж байсан байх тэгж байгаад л намайг оночихсон юм...” гэсэн мэдүүлэг /хх9-10/, дахин мэдүүлэхдээ “...Би 4 удаа хагалгаанд орсон дахиад бас хагалгаанд орно. Одоогоор их зовиуртай баруун нүд маань юм харахгүй байгаа эмч хагалгаа хийгээд хараа орох 30%-ийн боломжтой гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг, /хх11/,

            2. Гэрч Ч.Б-ын “...Намайг Б-гийн гэрээс гарахад гэрийн дотор үүдэнд Цэрэннадмид уйлаад сууж байх шиг харагдсан. Доошоо тонгойгоод гараараа  нүүрээ дарчихсан байсан. Тэгээд үүрээр Э, Г ирээд хэлэхэд нь би мэдсэн. ...Орой 18 цагийн үед нөхрийгөө ирэхээр нь би асуухад Ц-ын нүдийг Б архины шил шидээд сохолсон байна гэж сонссон...” гэсэн мэдүүлэг /хх12-13/,

            3. Гэрч М.Б-ий “...намайг гарах үед Ц гэрийн гадаа доошоо харсан гараараа нүүрээ дарчихсан уйлаад сууж байсан.  Би эхнэр, хүүхдээ аваад ээжийнх рүү толгойт ороод байж байхад үүрээр Э, Г-тэй хамт ирээд Ц-ын нүдийг сохолсон байна хагалгаанд орж байна гэхээр нь би хамт явсан юм...” гэсэн мэдүүлэг /хх19-20/,

            4. Гэрч Б.С-ын “......Тэгээд би босох гээд өндийхөд Ц намайг дараад суулгачихсан ба тэгэхэд л тас гээд л аймар чанга дугараад архины шил энд тэндгүй цацраад архи асгараад шалаар урсаж байсан. Тэгэхэд л юу болохын завдалгүй манай эхнэр С, Ц 2 гүйгээд гараад явчихсан. Тэгээд Б бид хоёр тэндээ ноцолдоод, барилцаж аваад зуухны тэнд өнхөрөлдөөд л ноцолдож байхад М орж ирээд наана чинь Ц-н толгойноос цус гараад хагарчихсан юм шиг байна. Болиоч та нар гээд С, Ц 2-н араас ороод ирсэн. Тэгээд харахад Ц-ын нүүр нь нилэнхүйдээ цус болчихсон, цус нь тогтохгүй урсаад байсан...”гэсэн мэдүүлэг /хх22-23/,

            5. Гэрч Д.Г-ын “...М намайг гэрээс авч гараад бид 2 гадна юм яриад зогсож байхад түс тас хийх чимээ гараад л орилолдоод тэгээд гэрт орохын хооронд Ц цус нөжтэйгээ холилдчихсон гэрээс гарч ирсэн. Араас нь Б.Б гарч ирсэн. Тэгээд юу болов яав ийв гэхэд Ц  Б-оо  архины шил шидээд нүд ингээл хаячихлаа гээд бүр аймар болчихсон уйлаад Мт хэлж байхыг нь би хажууд нь зогсож байгаад сонсчихсон юм...” гэсэн мэдүүлэг /хх26-27/,

         6. Гэрч С.Н-ийн “...би ганцаараа гарч яваад нойл руу ороод ирэх хооронд бөөн юм болчихсон, Ц эгч нүдээ гараараа дарчихсан байдалтай бөөн цус нөж болчихсон гарч ирсэн...Ц эгч цус нөжтэйгээ холилдчихсон байхдаа гарч ирээд яасан юм бэ гэхэд цохиулчихлаа гэж хэлсэн ба хэнд цохиулж байгаа юм бэ гэхэд Б-оо цохичихлоо гэж хэлсэн. ” гэсэн мэдүүлэг /хх-29-31/,

            7. Гэрч Б.М-ын “...би эхнэртээ Ц эгчийг аваад гараад ир гэж хэлээд дөнгөж амбаар луу ороход л өөдөөс нь Ц эгч нүүрээ дарчихсан, нилэнхийдээ цус нөж болчихсон байдалтай уйлаад гараад ирэхээр нь би яасан бэ гэхэд Б-оо архины шил аваад шидчихлээ гэхээр нь би гэр лүү ороод та нар чинь яаж байгаа юм гээд орилоход тоосон шинжгүй хоорондоо зодолдоод байсан. Тэгэхэд Б-оогийн эхнэр Г нь Б-оо чи яаж байгаа юм бэ хүний нүд сохлоод хаячихлаа гээд уйлаад нөхрийгөө тэврээд байсан...” гэсэн мэдүүлэг /хх33-35/,

         8. Гэрч Б.Б-ийн “...Гэрийн хоймроос архины шил шидэгдээд манай нөхрийн хажууд байсан Ц-г оноод дотор нь байсан архи нь надруу цацарсан. Ц бид 2 орилоод гэрээс нь гүйгээд гараад цасаар нүүрээ угаагаад байж байхад Ц түргэн дуудаачээ гээд орилоод газар сууж байсан. Би яасан бэ гээд очтол нүдээ гараараа дарчихсан их хэмжээгээр цус гоожсон байсан......” гэсэн мэдүүлэг / хх37-38/

            9. Гэрч Б.Б-ийн “...М.Б- гаднаас Б-оо чи Ц-г яаж байгаа юм бэ гээд орилоод ороод ирсэн...” гэсэн мэдүүлэг /хх39-40/,

            10. Гэрч Б.Б-ийн “...Би Б-г архины шил шидсэн гэж бодож байна. Яагаад тэгж бодох болсон бэ гэхээр архины шил болон ширээнд ойрхон байсан нь Б-оо байгаа юм. ...Ц-г архины шилэнд оногдох үед С-ын эхнэр С /Б.Б-/ хажууд нь байсан...” гэсэн мэдүүлэг /хх41-42/,

            11. Гэрч Ө.Э “...би 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдөр цагдаагийн хэлтэст өргөдөл өгөхөөр болоод цагдаа дээр иртэл Б-гийн эхнэр уйлаад битгий өргөдөл гаргаж өгөөч гэж уйлаад гуйгаад байсан. ...Б архины шил бариад далайгаад шидсэн. Гэнэт миний нүүрэн дээр архитай шил нүүрэн дээр ирээд онож хагараад гэмтээсэн гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг /хх45/,

            12. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2018 оны 01 дугаар сарын 02-ны өдрийн 904 дугаартай “..1. Б.Ц-ын биед баруун нүдний хараа алдагдсан нэвт гэмтэл, доторх агууламжийн гоожилт, нүдний эвэрлэг, уураг, солонго, судсан бүрхүүлийн урагдал, хавчуулагдалт, шилэнцэрийн гоожилт, цусан хураа, өмнөд ба хойд арын камерын цусан хураа, торлог бүрхүүлийн хуурал, болорын цайлт эхэлж буй байдал, баруун нүдний хараа хуруу тоолох төдий, дух, баруун дээд, доод зовхинд цус хуралт, шарх гэмтэл тогтоогдлоо. 2. 3. Дээрх гэмтэл нь ирмэгтэй зүйлийн үйлчлэлээр, хэрэг болсон цаг хугацаанд үүсэх боломжтой шинэ гэмтэл байна. 4.5. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээг тогтох хүснэгтийн 4.7.34.1-т зааснаар хөдөлмөрийн ерөнхий чадварыг тогтонги 35%-р алдагдуулах тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлт, /хх47-48/,

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч  Д.Б мэдүүлэхдээ: “...Мэдүүлэг өгөхгүй, гэм буруугаа хүлээж байгаа, хохирогч болсон үйл явдлыг үнэн зөв мэдүүлсэн...” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч  Б.Ц мэдүүлэхдээ: “...Өмнө өгсөн мэдүүлэгт нэмж мэдүүлэх зүйл байхгүй. Одоо гомдол санал, нэхэмжлэх байхгүй. Шүүгдэгч  Д.Б-г хориулах санал хүсэлтгүй байна. Торгуулийн ялаар шийтгэж өгнө...” гэв.

 

Гэм буруугийн дүгнэлт: Шүүгдэгч  Д.Б

Шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч  Д.Б-д  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдсон гэж үзэж, гэм буруутайд тооцуулах тухай дүгнэлтийг гаргажээ.

 

Шүүгдэгч, түүний өмгөөлөгч нар нь гэм буруугийн тал дээр маргаагүй, хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч оролцсон болно. 

 

2017 оны 12 дугаар сарын 26-наас 27-нд шилжих шөнө ..................................... тоотод байрлах  шүүгдэгч  Д.Б-ийн гэрт түүний найзууд болох М.Б- түүний эхнэр Ч.Б, Б.С түүнийг эхнэр Б.Б, Б.М түүний эхнэр С.Н, Б.Б- түүний эхнэр Б.Б, Д.Г, хохирогч Б.Ц нар очиж шинэ жилийн баяр тэмдэглэж согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хоорондоо маргалдан, барилцаж авч ноцолдсон, үүнд нь гэрт нь ирээд хэрүүл маргаан үүсгэсэн гэж шүүгдэгч  Д.Б уурлан, улмаар архины шил авч шидсэн болох нь хохирогч  Б.Ц-ын “... Б-ийн эхнэр Д нь С муудалцаад тэгээд Б эхнэрээ өмөөрөөд С муудалцаж байхад нь Б манай гэрт ирчихээд манайхыг хүндэлсэнгүй гээд уурлаж эхэлсэн ба тэгээд хэрэлдэж маргалдаж байгаад С-ыг Г 2-3 удаа цохиод авсан. Тэгтэл М Г-г хориод боль гээд аваад гарсан ба С бид 2 С-ыг хориод байж байтал Б С руу дайраад тэгээд М /бүтэн нэрийг нь мэдэхгүй/ ороод салгаж байтал Б С- луу дайраад ор луу түлхэж унагаагаад тэгээд эргээд хартал л Б ширээн дээр архины архитай шил шидээд миний духан дээр шил нь хагарсан... ширээн дээр байсан архитай шилийг аваад уг нь С-луу шидэх гэж байсан байх тэгж байгаад л намайг оночихсон юм...” гэх мэдүүлэг, гэрч Б.С-ын “...Тэгээд Б бид хоёр тэндээ ноцолдоод, барилцаж аваад зуухны тэнд өнхөрөлдөөд л ноцолдож байхад М орж ирээд наана чинь Ц-ын толгойноос цус гараад хагарчихсан юм шиг байна...” гэх мэдүүлэг, гэрч Б.Мын “...Тэгэхэд Б-ийн эхнэр Г нь Б чи яаж байгаа юм бэ хүний нүд сохлоод хаячихлаа гээд уйлаад нөхрийгөө тэврээд байсан...” гэх мэдүүлэг, бусад гэрчүүдийн мэдүүлэг болон шүүгдэгч  Д.Б-ийн гэм буруугаа хүлээж байна, хохирогч үнэн ярьж байна гэх мэдүүлгүүдээр шүүгдэгчийн хууль бус үйлдлийн улмаас хохирогчид хохирол учирсан болох нь тогтоогдож байна.

 

Шинжлэн судлагдсан гэрчүүдийн мэдүүлгээс шүүгдэгч  Д.Б нь тухайн үед хохирогч  Б.Ц-ыг гэмтээх зорилгоор архины шил шидээгүй, түүнтэй маргалдаж муудалцсан зүйл байхгүй байх боловч, гэрт ирээд муудалцлаа гэх шалтгаанаар архины шил шидсэн үйлдэл нь хүний эрүүл мэндэд хохирол учрахыг боломжтойг мэдэж, хүс ч үйлдсэн гэж үзнэ. Учир нь Б.С, М.Б, Д.Г нар маргалдан, муудалцаж хоорондоо барьцалдаад авсан болон тэднийг салгаж байсан хохирогч  Б.Ц зэрэг олон хүний дундуур толгойн тус газрыг чиглүүлэн архины шилийг шидсэн болох нь холбогдох гэрч, хохирогчийн мэдүүлгээр тогтоогдож байх тул гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдлээ хэрэгжүүлсэн байна гэж үзлээ.

 

Шүүгдэгчийн энэхүү үйлдлийн улмаас хохирогч  Б.Ц шидсэн архины шилэнд оногдон эрүүл мэндэд нь “баруун нүдний хараа алдагдсан нэвт гэмтэл, доторх агууламжийн гоожилт, нүдний эвэрлэг, уураг, солонго, судсан бүрхүүлийн урагдал, хавчуулагдалт, шилэнцэрийн гоожилт, цусан хураа, өмнөд ба хойд арын камерын цусан хураа, торлог бүрхүүлийн хуурал, болорын цайлт эхэлж буй байдал, баруун нүдний хараа хуруу тоолох төдий, дух, баруун дээд, доод зовхинд цус хуралт, шарх гэмтэл” бүхий хүнд зэргийн гэмтэл учирсан болох нь шүүх эмнэлэгийн шинжээч эмчийн 2018 оны 01 дугаар сарын 02-ны өдрийн 904 дугаартай дүгнэлтээр тогтоогдож байна.

 

Иймд шүүгдэгчийн үйлдэл нь хүний эрүүл мэндэд хүнд гэмтэл санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Гэмт хэргээс учирсан хохирол, хор уршиг-хохирол төлсөн байдал:   

Хохирогч  Б.Ц нь шүүгдэгч  Д.Б-оос 2019 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр хохиролд 10.000.000 төгрөгийг шилжүүлсэн, өмнө нь 1.630.000 төгрөг эмчилгээний зардалд өгч байсан нийтдээ 11.630.000 төгрөг хохиролд төлөгдсөн одоо нэхэмжлэх хохирол байхгүй, гомдол саналгүй гэсэн тайлбар гаргасан болно.  Иймд шүүхийн энэхүү тогтоолоор шүүгдэгч  Д.Б-г бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Харин энэ гэмт хэргийн улмаас хохирогч  Б.Ц-ын харах эрхтэн гэмтсэн, 4 удаа мэс засалд орсон, баруун нүдний хараа одоогоор 40 хувьтай байгаа зэрэг тайлбараас хор уршиг гүйцэд арилаагүй байх тул Иргэний хуулийн 228, 497, 505 дугаар зүйлд заасны дагуу цаашид гарах эмчилгээний зардлыг нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь хохирогчийн зөрчигдсөн эрх ашиг, сонирхлыг хамгаалах Эрүүгийн хуулийн зорилтод нийцнэ гэж дүгнэлээ.

 

Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүнийг гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан дараах байдлаар эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэлээ.

 

Улсын яллагчаас шүүгдэгч  Д.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих  ял оногдуулах дүгнэлтийг гаргаж, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналыг гаргасан бол, хохирогч өмгөөлөгч Ч.Даваасүрэн эрүүгийн хариуцлагын тал дээр тодорхой саналгүй, хохирогч  Б.Ц хохирол төлбөр төлөгдсөн, гомдол саналгүй тул заавал хорихгүйгээр шийдвэрлэж өгнө үү гэсэн санал гаргасан.

 

Шүүгдэгч  Д.Б-ийн өмгөөлөгч Ж.Гантулга, Ж.Хандсүрэн нарын зүгээс шүүгдэгчийн анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг нөхөн төлсөн, гэм буруугааа хүлээн зөвшөөрч байгаа, бага насны 2 хүүхэдтэй, “Ланд Тек” ХХК-д 2014 оноос хойш ажиллаж байгаа нөхцөл байдлыг харгалзан үзэж, торгох ял оногдуулж шийдвэрлэж өгнө үү, мөн торгуулийн ялыг биелүүлэх боломжтой тухай холбогдох баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн гэсэн тайлбарыг гаргасан. 

  

Шүүгдэгч  Д.Б-ийн хувьд гэрт нь ирсэн зочид хоорондоо муудалцан зодолдсонд уурлан архины шил авч шидсэн байх бөгөөд гэмт хэргийн санаа зорилго анхнаасаа байгаагүй тул тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, мөн учруулсан хохирлыг нөхөн төлсөн, хохирогч гомдол саналгүй  байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн авч үзэх нөхцөл байдалтай харин 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. 

 

Иймд шүүгдэгч  Д.Б нь анх удаа хүнд гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгч үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, хохирлын нөхөн төлсөн, ажил хөдөлмөр эрхэлдэг, эхнэр, бага насны 2 хүүхдийн хамт амьдардаг зэрэг нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, ...хохирлыг нөхөн төлүүлэх,... гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино...” гэсэн байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр 1 дэх хэсэгт зааснаар 10.000 нэгжтэй тэнцэх хэмцээний буюу 10.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.

 

Мөн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийн хөдөлмөр эрхлэл, цалин хөлсийг харгалзан торгох ялыг 2 жилийн хугацаанд хэсэгчлэн төлөх боломжтойгоор тогтоолоо.

 

Шүүх шийдвэрлэвэл зохих бусад асуудлын талаар:

Эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.12, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Д.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч  Д.Б-д 10.000 /арван мянган/ нэгж буюу 10.000.000 /арван сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч  Д.Б нь оногдуулсан торгох ялыг 2 /хоёр/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлөх боломжтойгоор тогтоосугай.

4. Шүүгдэгч нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.

5. Энэ хэрэгт хураагдсан, битүүмжлэгдсэн, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, мөн шүүгдэгч нь цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдсугай.

6. Шүүгдэгч  Д.Б-с хохирогч  Б.Ц-ын эрүүл мэндэд учирсан хохиролд 11.630.000 /арван нэгэн сая, зургаан зуун гучин мянган/ төгрөг төлсөн, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.

7. Хохирогч  Б.Ц нь энэ хэргийн улмаас эрүүл мэндэд учирсан хохирол, хор уршгийн асуудлаар цаашид иргэний хэргийн шүүхийн журмаар нэхэмжлэх эрх нээлттэй болохыг дурдсугай. 

8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

9. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

10. Шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч  Д.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэвээр үргэжлүүлсүгэй.    

                        

 

 

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 М.МӨНХБААТАР