Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 04 сарын 25 өдөр

Дугаар 466

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Мөнхбаатар даргалж,

нарийн бичгийн дарга Б.Сособарам,

улсын яллагч М.Сансарсайхан /томилолтоор/,

шүүгдэгч Д.Б, түүний өмгөөлөгч А.Буяндэлгэр /ШТЭД-1141/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Д.Ганчимэгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Б-д холбогдох эрүүгийн .............................. дугаартай хэргийг 2019 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, ээж, дүү нарын хамт ......................тоотод оршин суух хаягтай, урьд нь ял шийтгэл эдэлж байгаагүй, Д.Б /РД:................../.

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд дурдсанаар/

Шүүгдэгч Д.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 01 дүгээр сарын 11-ний шөнө Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Эрүүл мэндийн 14 дүгээр төвийн урд иргэн С.Э-н нүүрэн тус газар пивоны шилээр цохиж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч С.Э-н мэдүүлэг /хх-5, 24-25/, гэрч Ц.Б-гийн мэдүүлэг /хх28/, гэрч Б.А-гийн мэдүүлэг /хх29-30/, гэрч Л.Б-гийн мэдүүлэг /хх7/, гэрч С.У-н мэдүүлэг /хх8/, гэрч Л.А-н мэдүүлэг /хх34/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн №1253 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх36/, Д.Б-ын яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх44-46/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх55/, тээврийн хэрэгслийн лавлагаа /хх57/, нас тоолсон тухай тэмдэглэл /хх51-52/, “Damno” үнэлгээний газрын үнэлгээний хуудас /хх19-21/ зэрэг шүүгдэгчийн хувийн байдлыг тодруулсан холбогдох нотлох баримтуудыг шинжлэн судлуулсан болно.

 

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзсэн болно.

 

Нэг. Шүүгдэгч Д.Б-г гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтуудын агуулга:

1. Хохирогч С.Э “...2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр Би хамаатан болох үеэл дүү Б.А, А-гийн аав Б, хүргэн ах Б, төрсөн ах У нартай Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хороонд байрлах “Болор” пабад 0,75 гр-мийн архи уугаад тэндээс гараад машиндаа суух гэж байтал үеэл ах С.У согтчихоод орилоод машинд суухгүй байсан би тэр үед машины арын суудалд сууж байгаад, буухад үеэл дүү Б.А- намайг цохичихлоо гэхээр нь тэр дөрвөн залуугийн араас хөөгөөд гүйж байхад хажуугаас нэг залуу пивоны шилээр цохих шиг болсон тэгээд гэмтлийн эмнэлэг дээр ухаан орсон...” гэх мэдүүлэг /хх5, 24-25/,

2. Гэрч Б.А- “...2019 оны 01 дүгээр сарын 11-ний шөнө 03 цагийн орчим “Болор” караокеноос гараад У ах жаахан согтсон байсан тэр хавьд орилоод ... У ахыг тэвэрчихсэн байж байтал хажууд тамхилаад зогсож байсан 4 залуу бид хэдийг У ахыг зодож байна гэж бодоод нар болиоч гэхээр ..манай ах байгаа юм аа гэхэд, тэр залуу намайг нэг удаа цохисон тэрийг С.Э ах мэдээд араас нь хөөгөөд гүйсэн бид нар хойноос нь очиход С.Э- ах газар уначихсан нүүрнээс нь цус гарсан байдалтай байсан...” гэх мэдүүлэг /хх29-30/,

3. Гэрч Ц.Б “...Би 2019 оны 01 дүгээр сарын 11-ний шөнө 00 цагийн орчим би Б ах У хоёрыг дагуулж “Болор” караокед ирэхэд Б.А, С.Э хоёр сууж байсан. Бид хэд архи, пиво ууж байгаад шөнийн 03 цагийн орчим караокеноос гарахад У ах согтуу дуу нь чангараад орилж, хашгирч байхад дөрвөн залуу ирээд та нар юу болоод байна гэхэд, Б.А зүгээрэй та нар яв гэсэн чинь нэг залуу нь Б.А цохиод авсан тэгээд араас нь Б.А, С.Э хоёр гүйгээд явсан би араас нь Б, У нарыг дагуулаад очиход С.Э газар унасан духнаас нь цус гойжсон байдалтай байсан...” гэх мэдүүлэг /хх28/,

4. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн №1253 дугаартай шинжээчийн “...С.Э-ын биед духанд шарх, баруун доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун хацар, хамрын нуруу, эрүүний төвгөр, нуруунд зулгаралт, дээд үүдэн баруун 2-р шүд, дээд үүдэн зүүн 1-р шүдний эрмэг эмтэрсэн, дээд уруулын дотор салстад цус хуралт бүхий гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр, тухайн хэргийн хугацаанд үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заагдсанаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /хх36/,

5. Д.Б-ын яллагдагчаар “...2019 оны 01 дүгээр сарын 11-ний шөнө би найзуудын хамт найзын хүүхэдтэй болсон баярыг тэмдэглэж архи ууж байгаад гэртээ харих санаатай цамба гарав хүртэл такси бариад тэндээ бууж тамхи авчхаад хойшоогоо алхаж байхад манай сургуулийн дээд ангид сурч байсан Э гээд залуу хоёр найзын хамт явж байхаар нь цуг нийлээд явж байтал “Болор” пабын үүдэнд машины хажууд 2-3 залуу нийлээд нэг ахыг дээрэлхээд байх шиг байхаар нь “та нар боль” гэхэд нэг залуу чи яв гээд түлхэхээр нь би гараа атгаж байгаад нэг удаа цохиход намайг зөрүүлээд гараа атгаж байгаад цохисон тэгээд намайг хөл алдаад унах үед тэр залуус намайг зүүн гаран тус газар хоёр удаа өшиглөсөн тэгээд босоод эмнэлгийн урдуур явж байтал нэг залуу миний баруун гар талаар гүйж байхаар нь би зам дээр байсан повины шилийг аваад тэр залуугийн баруун талаас нь толгойн тус газар нь цохисон тэр залуу толгойгоо бариад үлдсэн. Тэгээд цагдаа нар ирж намайг саатуулсан...” гэх мэдүүлэг /хх45-46/,

 

Шүүгдэгч шүүх хуралдааны хэлэлцүүлэгт “... мэдүүлэг өгөхгүй, мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн байгаа ...” гэсэн болно.

 

Гэм буруугийн дүгнэлт шүүгдэгч Д.Б:

Шүүгдэгч Д.Б, түүний өмгөөлөгчийн зүгээс шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруу, хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүйг дурдах нь зүйтэй байна.

 

2019 оны 01 дүгээр сарын 11-ний шөнө Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Эрүүл мэндийн 14 дүгээр төвийн урд та нар олуулаа байж нэг хүн дээрэлхэж байна гэх зүйлээс болж маргалдан, зодолдож хохирогч С.Э-ын толгойн тус газар пивоны шилээр цохисон болох нь хохирогчийн “...намайг гүйж байхад хажуугаас пивоны шилээр цохисон...” гэсэн мэдүүлэг болон гэрч Б.А-гийн “...У ах жаахан согтсон байсан тэр хавьд орилоод ... У ахыг тэвэрчихсэн байж байтал хажууд тамхилаад зогсож байсан 4 залуу бид хэдийг У ахыг зодож байна гэж бодоод та нар болиоч гэхээр ..манай ах байгаа юм аа гэхэд, тэр залуу намайг нэг удаа цохисон тэрийг С.Э ах мэдээд араас нь хөөгөөд гүйсэн, намайг араас нь очиход С.Э ах газар уначихсан нүүрнээс нь цус гарсан байдалтай хэвтэж байсан...”, гэрч Ц.Б-гийн “...дөрвөн залуу ирээд та нар юу болоод байна гэхэд, Б.А зүгээрээ та нар яв гэсэн чинь нэг залуу нь Б.А цохиод авсан тэгээд араас нь Б.А, С.Э хоёр гүйгээд явсан ... С.Э газар унасан духнаас нь цус гойжсон байдалтай байсан...” гэх мэдүүлгээр тус тус нотлогдож байна.

 

Энэхүү зодооны улмаас хохирогч С.Э-ын эрүүл мэндэд “..духанд шарх, баруун доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун хацар, хамрын нуруу, эрүүний төвгөр, нуруунд зулгаралт, дээд үүдэн баруун 2-р шүд, дээд үүдэн зүүн 1-р шүдний эрмэг эмтэрсэн, дээд уруулын дотор салстад цус хуралт..” бүхий хөнгөн хохирол учирсан болох нь Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2019 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн №1253 дугаар дүгнэлтээр тогтоогдож байна.

 

Иймд шүүгдэгч Д.Б нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлтийг хүлээн авч дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

 

Хохирол, хор уршиг-хохирол төлөгдсөн байдал. 

Хохирогч С.Э нь “...би хөдөө малаа маллаж чадахгүй малчин авч 10 хоног ажиллуулсаны зардал 200.000 төгрөг, эмчилгээнд эм тариа 15.000 төгрөг, самсунг маркийн гар утас 80.000 төгрөгний үнэтэй гар утасны дэлгэц хагарсан, эмтэрсэн шүд эмчлүүлэх 200.000 төгрөг, хөдөөнөөс ирж очих унааны зардал 40.000 төгрөг, нийт 465.000 төгрөг нэхэмжилж байна...” /хх25/ гэжээ.

 

Шүүгдэгч Д.Б-аас хохирогч С.Э-д /түүний хаан банк дахь .................. дансаар/ 2019 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр 30.000 төгрөгийг төлжээ.

Гэмт хэргийн улмаас хохирогч С.Э-ын гар утасны дэлгэц хагарсан гэж, 2019 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн мөрдөгчийн тогтоолоор шинжээч томилж хөрөнгийн үнэлгээ хийлгэсэн байх боловч /хх18-20/ авагдсан “Дамно” ХХК-ийн үнэлгээний тайлангаар “Самсунг Эс1” маркийн гар утасны зах зээлийн үнэлгээ 56.000 төгрөг гэж гаргажээ. Тодруулбал, хохирогч гар утасны дэлгэц хагарсан гэж мэдүүлсэн байхад тухайн гар утасны дэлгэцийг солих, эсвэл бүрэн ажиллагаагүй болсон эсэхийг тодруулаагүй, ямар үндэслэлээр гар утасны зах зээлийн үнэлгээгээр тооцон хохирлыг тогтоосон нь эд хөрөнгөнд учирсан хохирлын хэмжээг бодитой тогтоосон гэж үзэх боломжгүй юм.     

 

Мөн хохирогчийн хувьд эмнэлэгт үзүүлсэн, эмчилгээ хийлгэсэн, малчин хөлсөн зэрэг зардлын талаар баримт гаргаж шүүхэд болон мөрдөн байцаалт, прокурорын шатанд ирүүлээгүй тул зөвхөн мэдүүлэгт үндэслэн хохирлын асуудлыг шийдвэрлэх боломжгүй юм. Тиймээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу хохирогч нь холбогдох баримтыг бүрдүүлэн иргэний хэргийн шүүхэд хандан хохирлоо барагдуулах эрхтэй болохыг дурдан хохирол, төлбөртэй холбоотой хэсгийг хэлэлцэхгүй орхих нь зүйтэй гэж үзлээ.

 

Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Улсын яллагчаас эрүүгийн хариуцлагын дүгнэлтдээ шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдэх үедээ насанд хүрээгүй байсан боловч одоо 18 насанд хүрсэн тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 250 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах санал гаргасан.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс: Шүүгдэгчийг тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэхдээ нөхцөл байдлыг буруугаар төсөөлсөн буюу “2-3 залуу нийлээд нэг согтуу хүнийг дээрэлхээд байна” гэж гэмт хэрэг үйлдсэн тул хөнгөрүүлэн үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хамгийн доод хэмжээгээр нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж өгнө үү гэсэн тайлбар гаргасан.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан дараах байдлаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

 

Хэрэг учрал болдог шөнө гудамжинд согтуу хүн орилж, хашхираад 2-3 хүн тойроод зогсож байсан, тухайн нөхцөл байдлыг шүүгдэгч буруугаар төсөөлөн очиж “та нар болиоч” гэж хэлсэн, улмаар маргалдсан болох нь хохирогч, гэрч, шүүгдэгч нарын мэдүүлэгт дурдсанаар тогтоогдсон, мөн шүүгдэгчийн хувьд анх удаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг хөнгөрүүлэх нөхцөлд байдалд хамаарна гэх өмгөөлөгчийн тайлбар хууль зүйн үндэслэлтэй байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, 1.6-д заасан “нөхцөл байдлыг буруугаар төсөөлж андуурсны улмаас гэмт хэрэг үйлдсэн” гэсэн нөхцөлийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.

 

Мөн шүүгдэгч Д.Б нь гэмт хэрэг үйлдэх үедээ 17 нас 9 сар 23 хоногтой байсан нь мөрдөгчийн “нас тоолсон тухай тэмдэглэл” /хх51-52/-ээр тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэх үедээ арван дөрвөн насанд хүрсэн ба арван найман насанд хүрээгүй байсан хүнд энэ бүлэгт заасан үндэслэл, журмын дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэсэн буюу өсвөр насны хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх тусгай журмыг баримтлан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй юм.

 

Иймд дээр дурдсан хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдалтайгаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.3 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б-д 120 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэлээ.

 

Шийдвэрлэвэл зохих бусад зүйлийн талаар:

Хохирогч С.Э-ын хувьд эрүүл мэндэд учирсан хохиролтой баримт гаргаж шүүхэд ирүүлээгүй тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу хохирогч нь холбогдох баримтыг бүрдүүлэн иргэний хэргийн шүүхэд хандан хохирлоо барагдуулах эрхтэй болохыг дурдан хохирол, төлбөртэй холбоотой хэсгийг хэлэлцэхгүй орхих нь зүйтэй гэж үзлээ.

Эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.

 

Хохирогч С.Э-д шүүх хуралдааны товыг мэдэгдэхэд шүүх хуралдаанд оролцохгүй гэсэн бөгөөд хохирогчоос 2019 оны 3 дугаар сарын 20-ны өдөр Иргэний хуулийн 62 дугаар зүйлийг үндэслэн С.У-д итгэмжлэл олгосон /хавтаст хэргийн 63 талд-итгэмжлэлд төлөөлөгч гарын үсэг зураагүй/ байх бөгөөд С.У гэх хүнийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.5 дугаар зүйлд заасны дагуу хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр томилоогүй, энэ хэргийн оролцогч биш байх тул хурлын тов мэдэгдэх шаардлагагүй болохыг дурдах нь зүйтэй байна.  

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Д.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.3 дугаар зүйлийн 1, 2 дах хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б-г 120 /нэг зуун хорин/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б нь шүүхээс оногдуулсан 120 /нэг зуун хорин/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг нэг хоног хорих ялаар тооцож солихыг мэдэгдсүгэй.

4. Шүүгдэгч Д.Б-с хохирогч С.Э-д хохиролд 30.000 /гучин мянган/ төгрөг төлөгдсөн, хохирогч нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирлыг иргэний хэргийн шүүхийн журмаар нэхэмжлэл гаргах эрх нээлттэй болохыг дурдсугай.

5. Энэ хэрэгт хураагдсан, битүүмжлэгдсэн, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгч нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

7. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

8. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      М.МӨНХБААТАР