| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Мижиддоржийн Мөнхбаатар |
| Хэргийн индекс | 188/2019/0770/Э |
| Дугаар | 787 |
| Огноо | 2019-08-31 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., |
| Улсын яллагч | А.Ганзориг |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 08 сарын 31 өдөр
Дугаар 787
2019 07 16 2019/ШЦТ/787
Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Мөнхбаатар даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сосорбарам,
улсын яллагч А.Ганзориг,
шүүгдэгч Э.Б, түүний өмгөөлөгч А.Буяндэлгэр /ШТЭД-1141/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэйгээр явуулсан шүүх хуралдаанаар:
Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Ганзоригоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан Э.Б-д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн ............ дугаартай хэргийг 2019 оны 7 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, .................. тоотод оршин суух, урьд
-Сонгинохайрхан дүүргийн шүүхийн Эрүүгийн хэргийн шүүхийн 2007 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн 116 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 /хоёр/ жил, 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 62 дугаар зүйлийн 62.1, 62.2 дахь хэсэгт зааснаар түүнд оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 /нэг/ жил, 6 /зургаа/ сарын хугацаагаар хойшлуулсан,
-Сонгинохайрхан дүүргийн шүүхийн Эрүүгийн хэргийн шүүхийн 2010 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 159 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 3 /гурав/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Сонгинохайрхан дүүргийн шүүхийн Эрүүгийн хэргийн шүүхийн 2007 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн 116 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 /хоёр/ жил, 6 /зургаа/ сарын хорих ялын зарим болох 6 /зургаа/ сарын хорих ялыг нэмж нэгтгэн, биечлэн эдлэх ялыг 3 /гурав/ жил, 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял оногдуулсан,
-Сонгинохайрхан дүүргийн шүүхийн Эрүүгийн хэргийн шүүхийн 2013 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 152 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 /хоёр/ жил, 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ял оногдуулсан,
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 77 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 3 /гурав/ жил, 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ял оногдуулсан,
Э.Б /РД:...................../.
Холбогдсон гэмт хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/
Шүүгдэгч Э.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 03 дугаар сарын 18-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо, ............... тоот хашаанд иргэн Н.Н-ын эзэмшлийн монгол гэрийн хаалганы цүүг эвдэж, хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгө болох 49 инчийн Самсунг маркийн зурагтыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж бусдад 1.984.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас: Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, тэмдэглэлд хавсаргасан гэрэл зургууд /1хх,5-9/, хураан авсан 49 инчийн самсунг маркийн зурагтанд үзлэг хийсэн тэмдэглэл, тэмдэглэлд хавсаргасан гэрэл зургууд, хураан авсан зурагтыг хохирогч Н.Н-нд хүлээлгэн өгсөн тэмдэглэл /1хх, 18-21/, шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тухай мөрдөгчийн тогтоол, “Мастер үнэлгээ” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /1хх,60-63/, хохирогч Н.Н-ын мэдүүлэг /1хх,26-27, 30/, гэрч А.М-ын мэдүүлэг /1хх,47/, гэрч Г.Б-гийн мэдүүлэг /1хх,49/, Э.Б-гийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг /1хх, 83-84/ мөн шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтуудыг шинжлэн судалсан.
Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүй болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.
Нэг. Шүүгдэгч Э.Б-г гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтуудын агуулга:
1. Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, тэмдэглэлд хавсаргасан гэрэл зургууд /1хх, 5-9/,
2. Хураан авсан 49 инчийн “Самсунг” маркийн зурагтанд үзлэг хийсэн тэмдэглэл, тэмдэглэлд хавсаргасан гэрэл зургууд, хураан авсан зурагтыг хохирогч Н.Н-нд хүлээлгэн өгсөн тэмдэглэл /1хх, 18-21/,
3. Шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тухай мөрдөгчийн тогтоол, “Мастер үнэлгээ” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний “...Samsung фирм 49 инч, ЛСД 2018 онд авсан...” гэх тайлан /1хх, 60-63/,
4. Хохирогч Н.Н-ын “...2019 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн 15 цагийн үед аав, ээжийндээ очиж хоносон. Тэгээд маргааш нь 2019 оны 3 дугаар сарын 19-ний өдөр манай ах Э над руу залгаж танай гэрт хулгай орсон байна гэж хэлсэн. Тэгээд гэртээ иртэл хашааны хаалга онгорхой, 5 ханатай монгол гэрийн цүү нь эвдэрсэн байсан, ороод хартал манай 49 инчийн зурагт алга болсон байсан. Тэгээд цагдаагийн байгууллагад хандсан... Би өөрт учирсан 1.984.000 төгрөгийн хохирлоо Э.Б гэж залуугаас бэлэн мөнгөөр хүлээн авсан миний хохирлыг бүрэн барагдуулсан, гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй...” гэх мэдүүлэг /1хх, 26-27, 30/,
5. Гэрч А.М-ын “...Б “намайг Баруун салаанд айлд хүргээд өг, би айлаас нохой очиж авах ёстой” гээд байхаар нь би Б-гийн автомашиныг унаад Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хорооны нутаг дэвсгэр Баруун салаа руу явсан юм. Тэгээд Баруун салааны эцсийн ойролцоо явж байтал Б ингээд зогсчих гээд дээр буугаад үлдсэн юм. Харин би Э, Б нарыг гэрт нь хүргэж өгөх гээд буцаад явсан юм. Тэгээд би Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт ирээд тэр хавиар баахан явж Б, Э нарын гэрийг олоогүй. Б, Э нарыг тасраад унтчихсан байхаар нь сэрээх гээд бараагүй юм. Тэгтэл удалгүй над руу нэг танихгүй дугаараас залгаж “Б байна, та намайг түрүүний буулгасан газраасаа ирээд авчих би нөгөө айлаасаа нохойгоо авчихлаа” гэж хэлэхээр нь яваад очтол, Б том хавтгай дэлгэцтэй зурагт тэвэрчихсэн зогсож байсан. Автомашины хойд хаалга онгойлгоод зурагтаа тавиад “21 дүгээр хороолол явчих” гэж хэлэхээр нь би “Бгаас чи юун зурагт хаанаас авчихсан юм, нохойгоо авчихлаа гэсэн яасан гэж асуутал, Б надад хэлэхдээ нохойныхоо оронд авсан юм” гэж хэлэхээр нь би 21 дүгээр хорооллын автобусны буудлын ойролцоо ирээд зогссон. Тэгээд Б зурагтаа аваад машинаас бууж яваад цагдаад баригдсан юм... Б, Э бид гурав Бг айлаас зурагт хулгай хийсэн талаар нь мэдээгүй...” гэх мэдүүлэг /1хх, 47/,
6. Гэрч Г.Б-гийн /СХД-ийн 1-р хэлтсийн хэв журмын цагдаа/ “...би 2019 оны 3 дугаар сарын 18-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт...явган эргүүлийн үүрэг гүйцэтгэж байтал 21 дүгээр хороолол “Цэлмэг” караокены ойролцоо...автомашинаас хавтгай дэлгэцтэй зурагт тэвэрсэн залуу буугаад алхаж байхаар нь бид хоёр явж очоод шалгахад өөрийгөө Б гэх халамцуу архи уучихсан согтуу залуу “миний зурагт Баянхошуунаас гэрээсээ аваад явж байна” гэж хэлэхээр нь цуг явсан машин дээр нь очиж шалгахад жолооч болон урд, хойд сандал дээр нь 2 эрэгтэй хүн согтуу унтаж байхаар нь бүгдийг нь дагуулаад хэлтэс дээр ирээд зурагт хаанаас авсан бэ гэж асуухад “Б гэх залуу Баруун салаанаас айлаас хулгайлсан” гэж хэлэхээр нь Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтэст харьяаллын дагуу хүлээлгэж өгсөн юм...” гэх мэдүүлэг /1хх, 49/,
7. Э.Б-гийн яллагдагчаар өгсөн “...Тухайн үед би Махыг айлаас нохойгоо авчихлаа гэж худлаа хэлж дуудсан юм. Намайг айлаас зурагт хулгай хийсэн талаар Мөнхжаргал, Э, Б нар мэдээгүй. Учир нь Э, Б хоёр машин дотор тасраад унтчихсан байсан юм. Мах надаас юун зурагт юм гэж тухайн үед асуухаар нь би хүнээс нохойныхоо гөлөгний оронд авсан юм гээд худлаа хэлчихсэн юм...би хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна...” гэх мэдүүлэг /1хх, 83-84/,
Гэм буруугийн дүгнэлт: Шүүгдэгч Э.Б:
Шүүгдэгч Э.Б, түүний өмгөөлөгч А.Буяндэлгэр нарын зүгээс гэм буруугийн талаар маргаагүй, хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч байгаа, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх байр сууринаас оролцсон болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудыг дүгнэн үзэхэд шүүгдэгч Э.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 03 дугаар сарын 18-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо, Шороотын задгай тоот хашаанд иргэн Н.Н-ын эзэмшлийн хүн байнга амьдрах зориулалттай монгол гэрт хүн байхгүй гэдгийг мэдээд, гэрийн цүүг эвдлэн нэвтэрч орж хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар 49 инчийн “Самсунг” маркийн зурагт хулгайлсан болох нь хохирогч Н.Н, гэрч А.М, Г.Б нарын мэдүүлэг, шүүгдэгч Э.Б-гийн өөрийнх нь мэдүүлэг, хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүдээр тус тус тогтоогдож байна.
Тухайн гэмт хэргийн улмаас хохирогч Н.Н-нд “Мастер үнэлгээ” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тодорхойлолтонд зааснаар “... Самсунг 49 инч, ЛСД, 2018 онд авсан гэх зурагтыг 1.984.000 төгрөгийн...” хохирол учиржээ.
Шүүгдэгч Э.Б-гийн шунахайн сэдэлттэй, гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр бусдын өмчлөх эрхэд халдсан эд хөрөнгийг нь хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 1.984.000 төгрөгний хохирол учруулсан нь тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан хүн байнга амьдрах зориулалттай монгол гэрт нэвтрэн үйлдсэн хүндрүүлэх бүрэлдэхүүнтэйгээр хулгайлах гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
Иймд шүүгдчид холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй байна.
Хохирол, хор уршиг-төлбөрийн тухайд:
Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Н.Н-нд хулгайлагдсан эд зүйлийг биет байдлаар хүлээлгэн өгсөн боловч тухайн зурагт эвдэрч, дахин ашиглах боломжгүй болсон байна. Улмаар шүүгдэгч нь хохирлыг мөнгөн хэлбэрээр төлсөн нь хохирогч Н.Н-ын “...Би өөрт учирсан 1.984.000 төгрөгийн хохирлоо Э.Б гэж залуугаас бэлэн мөнгөөр хүлээн авсан миний хохирлыг бүрэн барагдуулсан...” гээд ямар нэгэн гомдол, санал хүсэлт байхгүй гэснээр тогтоогдож байна.
Шүүгдэгч Э.Б-г энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн гэж дүгнэлээ.
Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:
Улсын яллагчаас эрүүгийн хариуцлагын дүгнэлтэд шүүгдэгчид Э.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 2 жил 2 сарын хугацаагаар хорих ял оногдуулах, оногдуулсан ялыг нээлттэй дэглэмтэй хорих байгууллагад эдлүүлэх санал гаргасан.
Шүүгдэгч өмгөөлөгчөөс “...шүүгдэгч Э.Б нь анхнаасаа гэм буруу дээрээ маргадаггүй, хохирогч Н.Н-нд хохирлын нөхөн төлсөн, гэмт хэргийн хор уршиг арилсан байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн, мөн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж өгнө үү гэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага нь “тухайн хүний ... үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна”, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан” гэж тус тус заажээ.
Хэдийгээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээж дуусгавар болсон нь хуулиар хязгаарлалт тогтоосноос бусад тохиолдолд хүний эрх зүйн байдлыг дордуулах үндэслэл болохгүй” гэж заасан боловч эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг зайлшгүй харгалзан үзэх шаардлагатай юм.
Учир нь шүүгдэгч Э.Б-гийн хувийн байдлын хувьд урьд нь 4 удаа өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг үйлдэн ял шийтгэгдэж байсан байх бөгөөд шүүгдэгчийн өмгөөлөгчийн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “анх удаа” гэмт хэрэг үйлдсэн гэсэнд хамаарахгүй байна. Тодруулбал, “анх удаа” гэмт хэрэг үйлдсэн гэдэг нь хуулиар тогтоосон тооны хязгаарлалт хамаарах буюу тухайн эрүүгийн хариуцлага хүлээсэн хүний хувьд Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийг эхний удаа үйлдсэн байх тоон илэрхийлэл юм. Тиймээс шүүгдэгч Э.Б-г анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх боломжгүй юм.
Харин шүүгдэгч Э.Б нь учруулсан хохирлыг нөхөн төлсөн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн авч үзлээ.
Түүнчлэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.
Шүүгдэгч хэдийгээр гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа ч гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, түүний хувийн байдалтай холбоотойгоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад зааснаар хэрэглэн ялын доод хэмжээнээс доош татан ялыг хөнгөрүүлэн оногдуулах шаардлагагүй гэж дүгнэлээ.
Иймд шүүгдэгч Э.Б нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн нөхцөл байдлыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулахаар шийдвэрлэж, мөн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ.
Шийдвэрлэвэл зохих бусад зүйлийн талаар:
Эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчийн цагдан хоригдсон 11 хоногийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар түүний эдлэх ялд оруулан тооцов.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйл 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Э.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай монгол гэрт нэвтэрч хүндрүүлэх бүрэлдэхүүнтэйгээр үйлдсэн, гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Э.Б-д 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Б-д оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Б-гийн цагдан хоригдсон 11 хоногийг түүний эдлэх хорих ялд оруулан тооцсугай.
4. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдсугай.
5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Э.Б-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, оногдуулсан хорих ялыг 2019 оны 7 дугаар сарын 16-ны өдрөөс эхлэн тоолсугай.
6. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
7. Шийтгэх тогтоолд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.МӨНХБААТАР