Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 05 сарын 04 өдөр

Дугаар 001/ХТ2018/00706

 

“Х” ХХК-ийн

 нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

  Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн    

          2017 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 181/ШШ2017/02630 дугаар шийдвэр,

     Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 

          2018 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 113 дугаар магадлалтай,

          Нэхэмжлэгч: “Х” ХХК

          Хариуцагч: “Ж” ХХК-д холбогдох

        Бетон зуурмаг бэлтгэн нийлүүлэх тухай 2014 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн гэрээний үүрэгт 26 582 000 төгрөг, гэрээний үүргээ биелүүлээгүйн улмаас үүссэн алданги 13 291 000 төгрөг, нийт 39 873 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

          Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.М хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

          Шүүгч Б.Ундрахын илтгэснээр хянан хэлэлцэв.

         Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.М, нарийн бичгийн дарга Э.Боролдой нар оролцов.

         Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон тайлбартаа: 2014-09-15-ны өдөр "Бетон зуурмаг бэлтгэн нийлүүлэх тухай" гэрээ байгуулан хамтран ажиллаж эхэлсэн. Гэрээнд заасан бэлтгэн нийлүүлэгчийн үүргийн дагуу 2014 оны 09 дүгээр сард нийт 46,582,000 төгрөгийн үнэ бүхий 304 м3 бетон зуурмагийг Ж ХХК-д бэлтгэн нийлүүлсэн боловч тус компани нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж бетон зуурмагийн үнийг өнөөдөр хүртэл бүрэн төлж барагдуулаагүй байна. Ж ХХК-ийн зүгээс 2014-12-31-ны өдөр 10 сая төгрөг, 2015-10-09-ны өдөр 10 сая төгрөг, нийт 20 сая төгрөг төлж барагдуулсан. Үлдэгдэл 26.582.000 төгрөгийг 2015 оноос төлж барагдуулаагүй байна.  "Бетон зуурмаг бэлтгэн нийлүүлэх" тухай 2014-09-15-ны өдрийн гэрээний 7.2 дахь хэсэгт "Захиалагч нь бетон зуурмагийн төлбөрийг хугацаандаа төлөөгүй тохиолдолд нийлүүлээгүй бетон зуурмагийн үнийн дүнгээс хугацаа хэтэрсэн хоног тутамд 0.1 хувийн алданги тооцож бэлтгэн нийлүүлэгчид өгнө" гэж заасан байгаа. Иргэний хуулийн  232.4-р 13.291.000 төгрөгийн алданги Ж ХХК-иас нэхэмжлэх эрхтэй юм. Иймд хариуцагчаас  бетон зуурмагийн төлбөр 26.582.000 төгрөг, гэрээний үүргээ биелүүлээгүйн улмаас үүссэн алданги 13.291.000 төгрөг, нийт 39.873.000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

       Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч гаргасан хариу тайлбартаа: Бетон зуурмагийг бэлтгэн нийлүүлэгдсэн талаар манай компани маргахгүй. Компанийн хувьд санхүүгийн маш хүндрэлтэй байдалд орсон. Өдий болтол тэр байдлаасаа гараагүй байна. Алдангийг бол хүлээн зөвшөөрөхгүй, анзыг бол шүүх тогтоох байх, одоогийн байдлаар Ж ХХК нь 4-5 байгууллагад өртэй шүүхийн шийдвэртэй байгаа.Иймд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй. Гэрээ хийгдэж бетон зуурмаг авсан боловч чанарын доголдол гарсан тэр талаар сөрөг нэхэмжлэл гаргах гэхээр баримт байхгүй байна. Санхүүгийн байдал хэцүү учраас төлөх боломжгүй. Алданги өндөр бодогдож байгаа учраас хүлээн зөвшөөрөх боломжгүй гэжээ.

       Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 181/ШШ2017/02630 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт заасныг баримтлан Ж ХХК-иас 39 873 000 төгрөг гаргуулан “Х” ХХК-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 44 дүгээр зүйлийн 44.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс төлсөн 357 500 төгрөгөөс 357 315 төгрөгийг улсын орлого болгож, илүү төлсөн 185 төгрөгийг төсвийн орлогоос, хариуцагчаас 357 315 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн байна.

       Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 113 дугаар магадлалаар Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 181/ШШ2017/02630 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт зааснаар гэрээний үлдэгдэл төлбөр 26 582 000 төгрөг, алданги 10 632 800 төгрөг, нийт 37 214 800 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Х” ХХК-д олгосугай” гэж өөрчлөн, шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтын “...357 315 төгрөг...” гэснийг “...344 024 төгрөг...” тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхижээ.

        Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Мөнхдэлгэр хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “...Давж заалдах шатны шүүх Х ХХК-ийн нэхэмжлэлтэй хэргийг шийдвэрлэхдээ хариуцагч Ж ХХК-с алданги 10.632.800 төгрөгийг бүхэлд нь гаргуулахаар шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Давж заалдах шатны шүүх алданги тооцсон тооцооллыг зөвтгөж алдангийг багасгаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй боловч Иргэний хуулийн 232.8-д “Анзын хэмжээ илт их байвал хэргийн нөхцөл байдлыг харгалзан шүүх түүнийг багасгаж болно” гэсэн заалтыг хэрэглээгүй. Нэхэмжлэгч нь гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиар тооцон илт их хэмжээний алданги нэхэмжилсэн бөгөөд хариуцагчийн зүгээс эдийн засгийн энэхүү хүнд нөхцөл байдал, хариуцагчийн төлбөрийн чадваргүй байгаа байдлыг харгалзан түүнийг багасгаж өгөх хүсэлтийг гаргасан. Гэтэл шүүх дээрх хуулийн заалтыг хэрэглээгүй. Иймд  Ж ХХК-с алданги 10.632.800 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн хэсгийг өөрчлөн алдангийн хэмжээг 50 хувиар бууруулан шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.

ХЯНАВАЛ:

       “Х” ХХК нь 2016 оны 06 дугаар сарын 07-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргаж, “Ж” ХХК-с “Бетон зуурмаг бэлтгэн нийлүүлэх” тухай 2014-09-15-ны өдрийн гэрээний үүрэгт бетон зуурмагийн үнэ 26.582.000 төгрөг, алданги 13.291.000 төгрөг нийт 39.873.000 төгрөг шаарджээ. 

       Анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх өөрчлөхдөө “...талуудын хооронд ажил гүйцэтгэх бус, харин худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн байна... “тооцооны үлдэгдлийн баталгаа”-р  2014-01-01-ний өдрөөс 2016-04 -30-ны өдрийг дуустал хугацаанд хариуцагч 26.582.000 төгрөгийн өглөгтэй гарсан талаар маргаагүй тул 2016-05-01-ний өдрөөс нэхэмжлэл гаргах хүртэлх хугацааны алдангид 10 632 800 төгрөг, үлдэгдэл төлбөр 26 582 000 төгрөг нийт 37.214.800 төгрөг гаргуулна...” гэжээ. 

      Хяналтын шатны шүүхэд гаргасан хариуцагчийн гомдлыг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

       1. Зохигч талууд шаардлага ба татгалзлаа нотолж, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хх 4, 20/,  “Х” ХХК-ийн дүрэм /хх 4-7/, зохигчоос олгосон итгэмжлэл /хх 8, 19/, "Бетон зуурмаг бэлтгэн нийлүүлэх" тухай 2014 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн гэрээ /хх 9-10/., харилцагч байгууллагын тооцоо /хх 11/, тооцооны үлдэгдлийн баталгаа /хх 12/, хариуцагчид 2012-07-18-ны өдөр олгосон БУ16-667/12 дугаар тусгай зөвшөөрөл /хх 13/-г шүүхэд гаргаж өгсний дагуу шүүх хэргийг хянан шийдвэрлэсэн байх тул эдгээр баримтын хэмжээнд хяналтын шатны шүүх шийдвэр, магадлалын талаар дүгнэлт хийх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.3-т  нийцнэ. 

      2. “Бетон зуурмаг бэлтгэн нийлүүлэх" тухай 2014 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн гэрээгээр нэхэмжлэгч бетон зуурмаг  нийлүүлэх, хариуцагч уг зуурмагийг хүлээн авч үнийг төлөхөөр тохиролцсон нь тогтоогдож байна.

      Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ.

      Иймд давж заалдах шатны шүүх зохигчийн хооронд худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан талаар дүгнэлт хийхдээ Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн гэж үзлээ.  

      Нэхэмжлэлийн үндэслэл болсон худалдах худалдан авах гэрээ хүчин төгөлдөр байх тул гэрээний үүргийг биелүүлэхийг талуудын хэн аль нь шаардах эрхтэй юм.  

     3. "Бетон зуурмаг бэлтгэн нийлүүлэх" тухай 2014 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн гэрээгээр “Х” ХХК “... М250 маркийн 300 куб.м. бетон зуурмагийг  46.500.000 төгрөгөөр, М350 маркийн 300 куб.м бетон зуурмагийг нийт 52.200.000 төгрөгөөр  худалдах...” үүрэг хүлээсэн боловч 2014-01-01-ний өдрөөс 2016-04-30-ны өдрийн хооронд “...М250 маркийн 72 куб.м /10.800.000 төгрөг/., М350 маркийн 162 куб.м/ 26.892.000 төгрөг/., М 150 маркийн 70 куб.м /8.890.000 төгрөг/ бетон зуурмагийг нийт  46.582.000 төгрөгөөр худалджээ.   

       “Ж” ХХК  нийт 46.582.000 төгрөгийн бетон зуурмаг хүлээн авсан, 20.000.000 төгрөг төлсөн, 26.582.000 төгрөг төлөөгүй үлдсэн нь харилцагч байгууллагын тооцоо болон  тооцооны үлдэгдлийн баталгаа, зохигч талуудын тайлбараар /хх 9-12 / тус тус тогтоогдсон байна.   

       Худалдан авсан бетон зуурмагийн үлдэгдэл үнийг “Ж” ХХК төлөөгүй байх тул  шүүх нэхэмжлэлээс 26.582.000 төгрөгийн шаардлагыг хангасан нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д нийцсэн гэж үзлээ.  

       4. Харин хоёр шатны шүүх хариуцагчаас алданги гаргуулсан нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн зохицуулалтыг зөрчсөн байна.   

       а/.  Нэхэмжлэгч  М250, М350 маркийн  бетон зуурмаг нийлүүлэх үүрэг хүлээсэн боловч  М150 маркийн 70 куб.м бетон зуурмаг хариуцагчид худалдаж, уг барааны үнэ  8.890.000 төгрөгийг 46.582.000 төгрөгт оруулан тооцжээ.

       Нэхэмжлэлийн үндэслэл болсон гэрээнд М150 маркийн бетон зуурмагийн талаар ямар нэг тохиролцоо байхгүй тул нэхэмжлэгч нь М150 маркийн бетон зуурмагийн төлбөрт  алданги шаардах эрхгүй юм.

       Өөрөөр хэлбэл, М150 маркийн бетон зуурмаг худалдах-худалдан авах тухай бичгийн гэрээ хэрэгт байхгүй тул уг зуурмагны үнэ 8.890.000 төгрөгт алданги шаардах нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн  232.3 дахь хэсгийн  “...хуульд өөрөөр заагаагүй бол анзын гэрээг бичгээр хийнэ...” гэсэн заалтад нийцэхгүй  байна. 

       б/. “Бетон зуурмаг бэлтгэн нийлүүлэх” тухай 2014 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн гэрээний  3.3.-т “... гэрээний үнийг урьдчилж төлөх бөгөөд бэлтгэн нийлүүлэгч зөвшөөрвөл гэрээний үнийг хэсэгчлэн төлөх хуваарь гарган хавсралт 2-р баталгаажуулна...” гэж.,  7.2-т  “захиалагч нь бетон зуурмагийн төлбөрийг гэрээт хугацаандаа төлөөгүй тохиолдолд нийлүүлээгүй бетон зуурмагийн үнийн дүнгээс хугацаа хэтэрсэн хоног тутамд 0,1 хувийн алданги тооцож төлнө ...” гэж тус тус заасан байна. /хх 9-12/ 

       Гэрээний эдгээр зохицуулалтаас үзвэл, худалдан авагч худалдан авсан бетон зуурмагийн үнийг урьдчилан төлөх үүрэг хүлээсэн байна. Харин  худалдагч зөвшөөрвөл гэрээний үнийг хэсэгчлэн төлөх боломжтой бөгөөд ийнхүү төлөхдөө хуваарь гарган хавсралт 2-р баталгаажуулахаар тохирчээ. 

      Хэрэгт “... худалдагч-худалдан авагч нар бетон зуурмагийн үнийг хэсэгчлэн төлөх хуваарь гаргасан...”-г нотлох буюу “хавсралт 2” гэх баримт байхгүй, гэрээний үлдэгдэл төлбөрийг шаардаж байсан гэх баримтгүй байх тул “...М250, М350 маркийн бетон зуурмагийг үлдэгдэл төлбөрт хариуцагчаас алданги гаргуулах  үндэслэлгүй байна. 

      Түүнчлэн, гэрээний 7.2-т алдангийг гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс бус, харин  “...нийлүүлээгүй бетон зуурмагийн үнийн дүнгээс...” тооцохоор заасан нь Иргэний хуулийн  232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсгийн агуулгад нийцээгүй байгааг дурдах нь зүйтэй.  

      Дээр дурдсан үндэслэлээр, хариуцагчаас 26.582.000 төгрөг гаргуулж, нэхэмжлэлээс  13.291.000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, магадлалд өөрчлөлт оруулав.  

       Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ :

       1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 113 дугаар магадлалын тогтоох хэсгийн нэг дэх заалтын “...үлдэгдэл төлбөр 26.582.000 төгрөг, алданги 10.632.800 төгрөг нийт 37.214.800 төгрөгийг гаргуулан ...” гэснийг “...26.582.000 төгрөг гаргуулан ...” гэж.,  “...357.315 төгрөг...”  гэснийг  “...357.315 төгрөгийг тус тус...” гэж., “...344.024 төгрөг...” гэснийг “...290.320 төгрөг...” гэж өөрчлөн, магадлалын бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.     

       2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т заасныг баримтлан хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2018 оны 02 дугаар сарын 06-ны өдөр төлсөн 100.100 төгрөгийг “Ж” ХХК-д захирамжаар буцааж олгосугай.

                                 ТАНХИМЫН ТЭРГҮҮН                           Х.СОНИНБАЯР

                                  ШҮҮГЧ                                                     Б.УНДРАХ